Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/151

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521001360139 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг Очиртын говь гэх газраас 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн өмчлөлийн улаан зүсмийн 1 тооны эр үхрийг өөрийн өмчлөлийн хээр зүсмийн шүдлэн мориор тууж шунахай сэдэлтээр, хууль бусаар хулгайлан авч улмаар нядлан малын махыг бусдад өгч хохирогч 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

  Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг Очиртын говь гэх газраас хохирогч өмчлөлийн улаан зүсмийн 1 тооны эр үхрийг өөрийн өмчлөлийн хээр зүсмийн шүдлэн мориор тууж шунахай сэдэлтээр, хууль бусаар хулгайлан авч хохирогч 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Би хохирогч 1 тооны 5 настай улаан зүсмийн эр үхэр өгч хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг, хохирогч “...Би ******* сумын 3 дугаар баг Очиртын говь гэх газарт өөрийн малыг маллаж нутагладаг. Би 2024 оны 12 дугаар сарын 28-ны өглөө үхрээ бүртгэхэд манай улаан зүсмийн 5 настай эр үхэр бэлчээрээс байхгүй болсон байсан. Би ганцаараа салсан байж болзошгүй гээд зөндөө хайсан боловч сураг гараагүй. Малын сэг зэм байхгүй байхаар нь ойр орчмын айл өрхүүдээр хайж сурагласан боловч сураг гарахгүй байсан. Тэгээд би гадна дотны хүн явсан талаар сураглахад манай гэрээс зүүн урд зүгт нутагладаг гэдэг айлд тухайн цаг хугацаанд 1 жижиг машин ирсэн сураг гарсан. ахын хүү гэж дууддаг залуугийн эхнэрийнх нь хамаатан садан ирсэн сураг гарсан тул дээрх хүмүүсийг шалгуулах хүсэлтэй байна. ...ын зааж байгаа улаан хүрэн зүсмийн эр үхрийн толгой бол миний 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хулгайд алдсан гэж бүртгүүлдэг үхрийн толгой мөн байна. Би өөрийн им болон ийм шөвгөр эвэртэй болохоор таньж байна. ...2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1 тооны үхэр бэлчээрээс алдсан ба алдсан үхрээ төлүүлсэн, надад гаргах гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг, гэрч “...Би идшинд хэрэглэх үхэр аас авахдаа дараа нь ажил хийж байгаад цувуулж өгнө гэж хэлсэн. ...тухайн үед надад хулгайн үхэр гэж хэлээгүй. Харин 2025 оны 01 дүгээр сарын 10-ны үед ын ээж нь манайд ирээд манай хүү хулгайн үхэр өгсөн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, “Дамно үнэлгээ” ХХК-ний шинжээчийн РЦ-25-68, РЦ-25-66 дугаартай дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөд 2,300,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогчид шүүх хурлын тов мэдэгдэхэд “хохирол төлбөр төлөгдсөн тул шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэж мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга нь 1,000,000 /хх-ийн 41-44/ төгрөгөөр үнэлэгдсэн ба тухайн уналга нь *******ын эзэмшлийнх болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн шүдлэн насны адууг /уналга/ хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн шүдлэн насны адууг /уналга/ хурааж улсын орлого болгосугай. 

   6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

   7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА