Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2022/00305

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2022/00305

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 10 дугаар гудамжны 03 тоотод оршин суух, Боржигон овгийн Цэрэннадмидын Цолмонгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 83 дугаар байрны 43 тоотод оршин суух, Боржигон овгийн Цэндийн Алтантуяад холбогдох 21 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 1,285,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 13-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч : У.Алтантуяа, гэрч А.Алтантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Эрдэнэсувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХнь:

Нэхэмжлэгч Ц.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2022 оны 04 дүгээр сард Байдлагийн 10-3 тоотод байрлах хашаа байшингаа гражтай нь хамт зарсан юм. Тэгээд дотор нь байсан эд зүйлээ дараа нь ирж авахаар тохиролцоод хот руу буцсан. Уг нь би Алтантуяаг таньдаг, тэгээд ч тэр өдөр цас их ороод даваанууд хаагдсан, портер явах боломжгүй байсан учир би хот руу буцаад эмнэлэгт хэвтээд гарсан. Ингээд орхисон юмаа авах гээд ачааны истина машин хөлөглөөд иртэл зарим эд зүйлс байдаггүй. Би хөргөгч, плитка, ширээ, угаалгын машинаа буцааж авсан. Харин

1.    Печь 1 ширхэг-150,000 төгрөг,

2.    Плитка /газан/- 150,000 төгрөг,

3.    Тогоо /хайлш/ том-80,000 төгрөг, жижиг- 30,000 төгрөг,

4.    Мебель ширээ /сунадаг/- 150,000 төгрөг,

5.    Тавиур 1 ширхэг- 30,000 төгрөг,

6.    Хоол амтлагчийн сав /3 хос/- 25,000 төгрөг,

7.    Таваг /жижиг диз/ 6 ширхэг- 60,000 төгрөг,

8.    Хивсэнцэр /1,6*2,5/- 150,000 төгрөг,

9.    Жижиг чихрийн таваг 1 ширхэг- 15,000 төгрөг,

10. Жижиг ширээ 1 ширхэг- 40,000 төгрөг,

11. Хоолны зуйван таваг- 10,000 төгрөг,

12. Гудас /бризентэн ногоон бүрээстэй/- 20,000 төгрөг,

13. Хөлийн гишгүүр 2 ширхэг /ногоон, хар/- 35,000 төгрөг,

14. Усны сав 1 ширхэг /хэмжүүртэй/- 25,000 төгрөг,

15. Резинэн хөлийн гишгүүр 2 ширхэг- 20,000 төгрөг,

16. Гутал 2 ширхэг /нэг нь улбар шар хагас түрийтэй/- 25,000 төгрөг,

17. /нөгөө нь бор саарал өнгөтэй, хавар намрын/- 25,000 төгрөг,

18. Дээл /нэг нь саарал өнгөтэй хавар намрын, хөх өнгөтэй, дотортой, ноосон/- 50,000 төгрөг

19. Дээл /хар тэрлэг/- 50,000 төгрөг,

20. Данх 1 ширхэг- 40,000 төгрөг,

21. Индүү 1 ширхэг- 45,000 төгрөг гэх зэрэг нийт 21 нэр төрлийн үнэ 1,285,000 төгрөгийг иргэн А. Алтантуяагаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Алтантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2021 оны 4 дүгээр сард Ц.Цолмонгоос Багануур дүүргийн 4 дүгээр хороо Байдлагийн 10 дугаар гудамжны 10 тоотод байх хашаа байшинг худалдаж авсан юм. Ц.Цолмон нь тухайн хашаа байшиндаа амьдраагүй 2 жил гаран болсон байсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээ хийхдээ хүүгийн хамт ирсэн. Одоо Ц.Цолмон нь тэнд амьдардаг гэх бүртгэлтэй боловч амьдардаггүй. Хашаа байшинг худалдаж авах гэрээ хийхдээ гэрийн доторх зүйлсийн талаар тусгаагүй, зарим нэг зүйлсээ эргэж ирж авна гээд гарын үсэг зуруулсан зүйл байгаа. Тухайн өдөр цас ороод даваа гүвээ хаагдсан гэсэн зүйл яриад байх юм, тэр өдөр цас орох нь орсон боловч ямар өвөл байгаа биш дээ, машин тэрэг явахгүй, зам хаагдсан зүйл байгаагүй. Тухайн өдрөө юмнуудаа ачаад явах бүрэн боломжтой байсан. Би уг нь шууд юмнуудаа аваад яв гэж хэлсэн. Мөн хүнд юмаа зарж байж та байраа цэвэрлээд өг гэж хэлтэл би бие хаа муутай, чи өөрөө цэвэрлээд авчих, дотор нь байгаа зүйлсийг хаячих, тэртэй тэргүй сүүлийн 2 жил архичид шээж, баагаад муухай болгосон байгаа гэж хэлж байсан. Тэгэхдээ зөвхөн хөргөгч, угаалгын машин, ширээ, плитка дөрвийг эргэж ирж авна, чи хадгалж байгаарай гэхээр нь би тэр зүйлсүүдийг нь хадгалж байсан юм. Тэгээд гэрээ хийснээс хойш нилээд хэд хоногийн дараа Ц.Цолмон нь өөрийн хүүгийн хамт ирээд угаалгын машин, плитка, хөргөгч, усны сав, ширээ болон бусад зүйлсээ аваад Истана маркийн машинд багтахгүй их юм ачаад аваад явсан. Ц.Цолмонг юмаа ирж автал манай хашаанд тэдгээр зүйлс нь байсан бөгөөд манай хүү энэ хүмүүс юмаа ирж авахгүй бол хүнд гаргаад өгчихье, төвөг болоод байх юм гэхээр нь би тэгж болохгүй, хэдий архи уудаг архичин хүн ч гэсэн хүний юмыг тэгж болохгүй, өөрөө ирээд авна гэсэн гэж хэлээд л байлгаж байсан. Дараа нь надаас тогоо нэхээд байсан. Уг нь анх гэрээ хийхдээ тогоогоо надад бэлэглэсэн юм. Бас өөрийнхөө печийг намайг аваарай гэж хэлээд өгсөн. Тэгэхээр нь би хүний хуучин юмаар яах вэ гэж бодоод надад цэвэрлэгээ хийхэд тусалсан гэрч Алтантуяад өгсөн. Гэрээ хийхдээ би Ц.Цолмон эгчид та энэ шүүгээнд байгаа хувцас, эд зүйлсээсээ хэрэгтэй юмаа авахгүй юм уу гэж хэлсэн боловч миний өөдөөс надад наанаас чинь хэрэглээд байх зүйл байхгүй, тэртэй тэргүй баахан архичид ирээд муухай болгочихсон гээд хаячих гэж надад хэлсэн. Нэхэмжлэгч огт байгаагүй индүү гэх мэт зүйлүүдийг нэхэмжилсэн, дээрээс нь миний нэр төрд халдсан, хавь ойрын хүмүүст маань Алтантуяа их хачин хүүхэн байна лээ, миний юмнуудыг надад өгөхгүй, зарчихсан юм шиг байна лээ гэж ярьсан, намайг цагдаад хүртэл өгсөн байсан. Тийм учраас би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би энэ хүнийг архи уусаар байгаад сэтгэцэд нь өөрчлөлт ороод Шар хадны эмнэлэгт хэвтсэн гэж бодож байгаа. Хашаанд байсан гэрээ зарахдаа ч бас тэр гэртээ байсан зүйлсийг худалдаж авсан хүндээ тэрийг нь ч ав, энийг нь ч ав гэж хэлээд өгөөд байсан. Ц.Цолмонд том, жижиг 2 тогоо байсан бөгөөд том тогоог нь манайх аваад, жижиг тогоог нь гэрийг нь худалдаж авсан хүмүүс авсан. Тухайн үедээ бид архи уудаг хүнийх гээд сэжиглэж байсан боловч дээшээ харсан сав юм даа гээд авсан юм. Би Ц.Цолмонгийн хая гэсэн зүйлсийг бүгдийг нь хаясан. Дараа нь ирчихээд надаас хөлийн гишгүүр хүртэл нэхээд байсан, хүн хүний хуучин хөлийн гишгүүрээр яах юм бэ, тийм биз дээ? Монгол хүн чинь нүүхдээ үлдэж буй бууриа цэвэрлэчихээд явдаг байхад, харин ч тэр хүний үлдээсэн хог новшийг би цэвэрлэсэн шүү дээ. Надад баярласан шүү гэж хэлэхийн оронд надаас байх, байхгүй зүйл нэхээд байна. Тэр угаалгын машин, хөргөгч, плитка, ширээ зэргийг нь хадгалаад үлдсэнд баярлах хэрэгтэй шүү дээ. Ц.Цолмон нь нилээн орон гаран болсон, сэтгэц нь эвгүй болсон шинжтэй байсан. Өмнө нь үүнээсээ болоод Шар хаданд хэвтсэн байх гэж бодож байна. Ц.Цолмон нь сүүлийн үед байнга архи ууж байгаа. Шүүхээс энэ хүнийг хайгаад олохгүй байна гэхээр нь би өөрөө хайж очоод намайг таних байх гэж бодоод уулзтал танихгүй, өөдөөс юун байр гээд шал өөр зүйл ярьж байгаад яваад өгсөн. Наад нэхэмжлэл дээрээ намайг өмнө нь таньдаг гэж бичсэн байгаа биз дээ, тийм учраас би таних байх гэж бодсон боловч архи уусаар байгаад сэтгэцэд нь өөрчлөлт ороод танихгүй болсон байна лээ. Иймд нэхэмжилсэн эд зүйлээс печь 7 тавгийг байр цэвэрлэсний хөлсөнд өгсөн, тогоог надад бэлэглэсэн, бусад эд хөрөнгийг хая гэсэн учраас хаясан. Индүү зэрэг зүйл байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, хариуцагчийн зүгээс хариу тайлбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгч шүүхийн хүсэлтээр гэрч А.Алтантуяаг гэрчээр асуусан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Цолмон хариуцагч Ц.Алтантуяад холбогдуулан 21 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 1,285,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Хариуцагчийн зүгээс печь 7 тавгийг байр цэвэрлэсэн хөлсөнд өгсөн, нэг тогоогоо надад, нөгөө тогоогоо гэр худалдаж авсан хүнд бэлэглэсэн, хувцас хунар, хөлийн гишгүүр, гудас, хивсэнцэр зэргийг өөрөө хая гэсэн учраас хаясан бөгөөд ширээ, тавиур болон бусад зүйлээ өөрөө ачаад аваад явсан, индүү байгаагүй гэсэн тайлбарыг өгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчид нь 2022 оны 04 дүгээр сард Багануур дүүргийн 4 дүгээр хороо Байдлагийн 10 дугаар гудамжны 10 тоотод байх хашаа байшинг худалдах худалдан авах гэрээ байгуулсан болох нь тэдний тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ гэрээг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй, дээрх гэрээнд маргаан бүхий эд хөрөнгийн талаар тусгаагүй талаар хариуцагч тайлбартаа дурьджээ.

 

Хариуцагч Ц.Алтантуяа нь бусдаас худалдаж авсан байраа цэвэрлэхдээ тэнд үлдээсэн байсан эд хөрөнгөнөөс печь, 7 тавгийг цэвэрлэгээний хөлсөнд өгсөн, хариуцагч нь ширээ, хөргөгч, плитка, угаалгын машин болон бусад хөрөнгөө өөрөө аваад явсан, бусад эд хөрөнгийг нэхэмжлэгчийн хүсэлтээр гаргаж хаясан болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, түүний тайлбарыг давхар нотолсон гэрч А.Алтантуяагийн шүүх хуралдаанд өгсөн А.Алтантуяа манайд өглөө эрт ирсэн, гэхдээ яг хэдэн сарын хэдэнд гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан ирээд 3-4 хоногийн ажил байгаа, надтай хамт цэвэрлэгээ хийгээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд намайг очиход тэр байшин маш бохир, тэнд үлдсэн зүйлс нь хүн хүрэхийн аргагүй зүйлүүд байсан. Хашааны нэг хэсэг газарт юмнууд овоолсон байсан бөгөөд зарсан хүмүүс нь өөрсдөө ирж авна гэж хэлж байсан. Тэр байшингийн нэг өрөөнд хөргөгч, дуковтой печь, угаалгын машин гэх зүйлсүүд байсан. Би өглөө 8 цагаас 11 цаг хүртэл Байдлагын 10 дугаар гудамжны 03 тоотыг цэвэрлэж байсан. Тэгээд тэр ажлынхаа хөлсөнд печь, 7 ширхэг таваг авсан. А.Алтантуяа надад мөнгө өгөх боломжгүй байна гэхээр нь тэдгээр зүйлсийг авсан. Намайг очих үед гэр ундуй сундуй, хамаг зүйлсийг нь хуулаад хаячихсан байдалтай байсан. Тэр байшинд нэг хивсэнцэр байсан бөгөөд А.Алтантуяа бид 2 тэр хивсэнцэрийг арай гэж цонхоор нь гаргаж хаясан . Мөн дээл, хивсэнцэр, ер нь хүний хуучин зүйлс гээд маш их зүйл гаргаж хаясан. Бас нэг гудас, хөнжил гаргаж хаясан санагдаж байна. Хүний хуучин юмаар яах вэ дээ гэж Алтантуяа надад хэлж байсан. Хэд хоногийн дараа надтай таараад нөгөө хүн хүүхэдтэйгээ ирээд үлдээсэн бусад бүх юмнуудаа аваад явсан гэж хэлсэн гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн бол бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй гэж заасан байх бөгөөд өөрөө байраа бусдад зарахдаа хэрэглэхгүй гэдэг үндэслэлээр эд хөрөнгөө хаях хүсэлт гаргасан, үүний дагуу бусдын үлдээсэн эд зүйлийг гаргаж хаясан, бусад эд хөрөнгөө аваад явсан байх тул нэхэмжлэгч Ц.Цолмон дээрх хөрөнгийг буцаан шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгч нь 2022.06.13-ны өдөр нэхэмжлэлээ гаргаж түүнд эрх үүрэг нөлөөллийн мэдүүлэг танилцуулахаар шүүхээс удаа дараа дуудахад нэхэмжлэлд бичсэн хаягтаа амьдардаггүй, утас нь байнга холбогдохгүй байсан бөгөөд 2022.07.04-нд өөрөө шүүхэд ирснээр эрх үүрэг, нөлөөлөлийн мэдүүлэг, шүүх хуралдааны товтой танилцжээ.

Гэвч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хариуцагчийн зүгээс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн байгаагүй болон ачаад явсан гэх эд хөрөнгөө нотолж чадаагүй, түүний нэхэмжлэл нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35.390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Цэрэннадмидын Цолмонгийн нэхэмжлэлтэй, Боржигон овгийн Цэндийн Алтантуяад холбогдох 21 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 1,285,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ П.ТУЯА