Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2022/02391

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .............. байрлах, А ХХК /РД:0000000/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, .................... тоот хаягт байрлах, С ХХК /РД:0000000/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 37,080,099.90 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч С ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 37,080,099.90 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. С ХХК-ийн У эмнэлэгтэй 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2020 оны 4 дүгээр сараас эм, бараа нийлүүлж байсан бөгөөд төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлөөгүй байсан тул хоёр талаас 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлж, акт үйлдэхэд 24,720,066.60 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс хойш төлбөрийг төлөөгүй. Талуудын байгуулсан гэрээний 4.2-т худалдан авагч худалдан авсан эм, барааны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор харилцан тохиролцсон. 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл төлөгдөөгүй 24,720,066.60 төгрөгөөс 0,5 хувиар алданги тооцоход 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуульд заасны дагуу алдангид 12,360,033.30 төгрөгийг гаргуулахаар байна. Иймд хариуцагч С ХХК-иас гэрээний төлбөрт 24,720,66.60 төгрөг, алдангид 12,360,033.30 төгрөг, нийт 37,080,099.90 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: А ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж заасан байдаг. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь хуульд заасан хүрээ, хязгаарын хүрээнд гэрээг байгуулсан бол шаардах эрх, үүргийг үүсгэж байдаг. Харин хуулийн хэм хэмжээг зөрчсөн хэлцэл нь үр дагавар үүсгэхгүй. 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээ-г нэг талаас А ХХК, түүнийг төлөөлөн менежер Ч.М, нөгөө талаас У эмнэлэг-ийг төлөөлөн Д.Б нар бичгээр хийсэн байдаг. Мөн нэхэмжлэгч А ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн баримтдаа 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл гэх баримтыг гаргаж өгчээ. Уг баримт, хариуцагчаас гаргаж өгсөн улсын бүртгэлийн гэрчилгээнээс харвал С ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Б.Ө байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг гаргах үндэслэл болсон гэрээг зохигчдыг төлөөлөх эрхгүй этгээдүүд байгуулсан байна. С ХХК-аас иргэн Д.Б-ээр С ХХК-ийг төлөөлүүлэх хүсэл зоригийг илэрхийлж байгаагүй, итгэмжлэл олгож байгаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх эрх зүйн үр дагавар үүсгэхгүй байх хэлцлийг заасан. Мөн хуулийн 56.1.8-д ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл-ийг хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж хуульчилсан. 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэлд хамаарч байгаа тул уг гэрээний дагуу шаардах эрх үүсээгүй байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээ, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.03.04-ний өдрийн 101/ШЗ2022/05425 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.01.31-ний өдрийн 101/ШЗ2022/02833 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр С ХХК-ийн У эмнэлэгтэй Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээ байгуулж, эм, бараа нийлүүлсэн. 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлэхэд 24,720,066.60 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан. Төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул гэрээнд заасны дагуу алданги тооцоход 12,360,033.30 төгрөг болж байгаа тул нийт 37,080,099.90 төгрөгийг хариуцагч С ХХК-иас гаргуулна гэв.

3. Хариуцагчаас 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээг зохигчдыг төлөөлөх эрхгүй этгээдүүд байгуулсан. С ХХК-аас иргэн Д.Бээр С ХХК-ийг төлөөлүүлэх хүсэл зоригийг илэрхийлж байгаагүй, итгэмжлэл олгож байгаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх эрх зүйн үр дагавар үүсгэхгүй байх хэлцлийг заасан. Мөн хуулийн 56.1.8-д ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл-ийг хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж хуульчилсан. 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэлд хамаарч байгаа тул уг гэрээний дагуу шаардах эрх үүсээгүй гэж бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээ, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, хариуцагчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагч компанийн дүрэм, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. А ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээг У эмнэлэгтэй байгуулж, уг гэрээнд С ХХК-ийн 0000000 регистрийн дугаартай У эмнэлэг гэсэн тамга дарагдсан байна. 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгааг У эмнэлэгтэй хийжээ.

6. У эмнэлэг нь С ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулдаг хөнгөвчлөх эмнэлгийн үйлчилгээ бөгөөд дээрх гэрээний дагуу эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн хүлээн авсан, тооцооны үлдэгдэл нь 24,720,066.60 мөнгө болох талаар маргаагүй.Талууд гэрээ байгуулах эрхтэй этгээд гэрээг байгуулсан эсэх, тус гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байна.

7. 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээ нь агуулгын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа байна.

8. Худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигдахгүй боловч бичгээр байгуулсан тохиолдолд дараах шаардлагыг хангасан байвал зохино. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно, 63.3-т Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж тус тус заасан.

9. У эмнэлэг нь хуулийн этгээдийн эрхгүй тул хэлцэлд оролцохдоо итгэмжлэлийн үндсэн дээр хэлцэл байгуулах, түүнд олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх шаардлагатай байжээ.

Эрх бүхий этгээд болох С ХХК-ийн захирал Б.Ө нь У эмнэлгийн А ХХК-тай байгуулсан 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээг Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж зааснаар хүлээн зөвшөөрөөгүй байна.

10. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үздэг.

11. Хариуцагч нь 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж маргасан.

12. Хэдийгээр дээрх хэлцэл гуравдагч этгээдээс зөвшөөрөл авах, эсхүл нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай хэлцэл биш боловч хуулийн этгээдийн байгуулж байгаа хэлцэл нь гэрээ байгуулах эрхтэй этгээд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга, тэмдэг дарагдсан байвал зохино.

13. С ХХК-ийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурах эрхийг Д.Б-т олгосон итгэмжлэл байхгүй, тус компанийн тамга, тэмдэг гэрээнд дарагдаагүй, Иргэний хуулийн 56.3-т зааснаар хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлээгүй, хариуцагч энэ талаар маргаж байх тул А ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр У эмнэлэгтэй байгуулсан Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болж байна.

14. Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь байгуулсан цагаасаа хүчин төгөлдөр бус байдаг тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар хэрэглэсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэгтэй байна.

15. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөө заагаагүй бол анзын гэрээг бичгээр байгуулна гэж заасан.

Шүүхээс А ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр У эмнэлэгтэй байгуулсан Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч нь энэхүү хүчин төгөлдөр бус гэрээний дагуу алданги тооцон 12,360,33.30 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй байна.

16. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд буцаан шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч С ХХК-иас тооцооны үлдэгдэл 24,720,066.60 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, алдангид шаардсан 12,033.30 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 281,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дгаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагч С ХХК-иас 24,720,066.60 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,360,033.30 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-ас улсын тэмдэгтийн хураамжид 281,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ