| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2022/02203/И |
| Дугаар | 102/ШШ2022/02482 |
| Огноо | 2022-06-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2022/02482
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ................ тоот хаягт бүртгэлтэй, С овогт Э.А /РД:00000000/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, .............. тоот хаягт оршин суух, Х овогт Б.Г /РД:ВМ78091813/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Б.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Б.Г нь 2021 оны 3 сард 8,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай бэлнээр зээлж авсан. Мөнгөө төлөхгүй явсаар 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр нотариатаар орж гэрээ байгуулж, 21 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон. Гэрээ байгуулахын өмнө 300,000 төгрөг бэлнээр өгсөн, Би цалингийн зээл авсан байснаа зээлдүүлсэн учир мөнгөө төлөхгүй намайг нэхэхэд 100,000 төгрөг, 200,000 төгрөгөөр цувуулж, 300,000 төгрөгийг хүү гэж өгсөн. Энэ мөнгө бол 8,000,000 төгрөгөөс хасагдахгүй. 2022 оны 9 сарын 05-нд төлнө гэсэн хугацааг зөвшөөрөхгүй байна. 8,000,000 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Э.А-ын нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийг ямар ч маргаангүйгээр төлөх болно. Төлбөр төлөх хугацаан дээр надад хүндрэлтэй байгаа тул нэхэмжлэгч Э.А-од төлөх 8,000,000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 05 гэхэд бөөнд нь төлж барагдуулах болно гэжээ.
3. Нэхэмжлэгчээс 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхийн санаачлагаар Хаан банк ХХК-иас нэхэмжлэгч Э.А-ын 0000000000 тоот дансны 2021 оны 9 дүгээр сарын 09-нээс 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хуулгыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1 Б.Г-т 2021 оны 3 сард 8,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай бэлнээр зээлдүүлсэн. Хугацаандаа төлөөгүй тул 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 21 хоногийн дотор төлөхөөр бичгээр гэрээ байгуулсан боловч төлбөрийг төлөөгүй тул 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны дотор барагдуулна гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн дансны хуулга, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. 2021 оны 3 дугаар сард нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Б.Г-т 8,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлэхээр амаар тохиролцож, мөнгийг бэлнээр хүлээлгэн өгчээ. Улмаар төлбөрийг төлөөгүй тул 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр дахин хугацаа тогтоож, бичгээр зээлийн гэрээ байгуулжээ.
6. Талууд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн төлөлт дутуу байгаа талаар маргаагүй бөгөөд маргааны зүйл нь зээлийн төлбөрийг төлөх хугацаа байна.
7. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба нэхэмжлэгч нь хариуцагчид 8,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, хариуцагч нь зээлсэн мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй тул талуудын хооронд хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
8. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дууссан байх бөгөөд хариуцагч нь 8,000,000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь 8,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
9. Иймд хариуцагч Б.Г-аас зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Аод олгохоор шийдвэрлэлээ:
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Г-аас зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.А-од олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.А-од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ