Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 130/ШШ2022/00535

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Бт сумын 4 дүгээр багт оршин суудаг, Ө овогт Р.С;

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бт сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг тус сумын Засаг даргын тамгын газар (дарга Х.Б, утас:95774449);

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны ээлжийн амралтын мөнгө 1829856 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газраас гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Р.С,

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Р.С-ы 2021 оны ээлжийн амралтын мөнгө 1829856 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газраас гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1) Миний бие Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газарт төрийн сангийн төлөөлөгчөөр 33 жил ажиллаад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан билээ. Тэтгэвэрт гарах үед 2021 онд ажилласан хугацааны амралтыг олгож өгөхийг хүсэж ЗДТГ-ын дарга Х.Б-т 2022 оны 01 дүгээр сарын 07-нд өргөдөл бичиж, хүсэлт гаргасан боловч 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хариу өгөөгүй болно. Иймд миний бие дараах үндэслэлээр 2021 оны амралтын мөнгийг нэхэмжилж байгаа болно. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь заалтад “...ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгоно”. Мөн хуулийн 110.3 дахь заалтад “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ноогдох ээлжийн амралтын тооцоо хийж цалин олгоно”.

2) Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж, 2021 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар дустал хугацааны ЗДТГ-ын ажилтнуудын цалингийн хүснэгтэд Р.С-д амралтын мөнгө гэж нэг ч сард тооцож цалин гаргаагүй үүнийг нотлох болно. 

3) Хөдөлмөр эрхлэлтийн хугацаа нь дуусгавар болсон ажилтан ээлжийн амралтыг тооцож олгоно гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй.

4) Р.С-д ЗДТГ-ын дарга Х.Баас ХНХ-ын сайдын 2021 оны А/191 тоот тушаалын журмын дагуу “Ээлжийн амралтын цалингийн тооцоо” хийсэн мэдэгдэл өдийн хүртэл өгөөгүй нь 2021 онд ээлжийн амралтын цалин хөлс олгоогүйг мөн нотлох болно.

5) Мөн хуулийн 99.1 дэх заалтад “Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ....ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээ энэ хуулийн 110.2-т зааснаар олгоно” гэснийг зөрчиж байгаа тул 2021 оны ээлжийн амралтын 1829856 төгрөгийн мөнгөн цалин хөлсийг Бт сумын ЗДТГ-ын дарга Х.Б-аас нэхэмжилж байна.

6) Миний бие 2021 онд ээлжийн амралт тооцсон цалин хөлс аваагүй ба үүнийг Бт сумын ЗДТГ-ын 2021 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал олгосон цалингийн хүснэгт нотлох болно. Мөн би улсад 40 ажилласан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь заалтаар 15 хоног, мөн хуулийн 99.5.6 дахь заалтаар 14 хоног бүгд 29 хоног амралтын цалин хөлс авах ёстой.

7) Миний бие 2021 онд 01 дүгээр сараас 12 сар дуустал нийт 16052256 төгрөг, нэг сард 1337688 төгрөгийн цалин хөлс авч байсан юм. Үүнийг амралтын цалин хөлс тооцоход Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 тоот тушаалын дагуу тооцвол 13373688/21,2=63098 төгрөг нэг өдрийн хөлс; 63098х 29 хоног=1829856 төгрөгийн амралтын мөнгийг Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан надад олгож өгнө үү гэсэн байна.

     2.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

1) Тус сумын иргэн Р.С нь Бт сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн.

2) Р.С нь 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/13 дугаар тушаалын хавсралтаар ээлжийн амралтаа 8 дугаар сарын 9-27-ны өдөр хүртэл 15 хоног, 9 дүгээр сарын 06-24-ний өдөр хүртэл 15 хоног нийт 30 хоног биеэр эдэлсэн байна.

     3) Р.С ээлжийн амралтын цалингаа 100% авсан ба ээлжийн амралтын олговор нь төсөв дээрээс цаг хугацаандаа ирдэггүй учир 8, 9 дүгээр сард ээлжийн амралтын олговрыг 2 хувааж бүрэн олгосон. Мөн 2022 оны 01 дүгээр сард ажилласан 5 хоногийн цалин 273683 төгрөг олгосон.

4) Манай байгууллагад ээлжийн амралтын мөнгө гэж өгдөггүй амралтын мөнгө гэж тухайн сардаа авах цалин хөлсийг өгдөг. Миний бие тус байгууллагад ажиллаад 2 жилийн хугацаа болж байгаа байгаа бөгөөд өмнөх нягтлан бодогч мөн адилхан ээлжийн амралтын мөнгө гэж өгдөггүй байсан. 

5) Р.С-ы шүүхэд гаргасан 1829856 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

3.Нэхэмжлэгчээс Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/21 дугаартай “Р.С-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаал, мөн Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газрын 01-12 дугаар саруудын цалингийн цэс зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.

4.Хариуцагчаас Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газрын 01-12 дугаар саруудын цалин олгох хүснэгт, мөн Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/21 дугаартай “Р.С-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаал, мөн Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/13 дугаартай “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаал уг тушаалын хавсралт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч Р.С-ы 2021 оны ээлжийн амралтын мөнгө 1829856 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газраас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие тэтгэвэрт гарах үед 2021 онд ажилласан хугацааны амралтыг олгож өгөхийг хүсэж ЗДТГ-ын дарга Х.Б-т 2022 оны 01 дүгээр сарын 07-нд өргөдөл бичиж, хүсэлт гаргасан боловч 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хариу өгөөгүй тул 2021 оны амралтын мөнгийг нэхэмжилж байгаа болно. Хөдөлмөр эрхлэлтийн хугацаа нь дуусгавар болсон ажилтан ээлжийн амралтыг тооцож олгоно гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг ажил олгогч хэрэгжүүлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 99.1 дэх заалтад “Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ....ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээ энэ хуулийн 110.2-т зааснаар олгоно” гэснийг зөрчиж байгаа тул 2021 оны ээлжийн амралтын 1829856 төгрөгийн мөнгөн цалин хөлсийг Бт сумын ЗДТГ-ын дарга Х.Б-аас нэхэмжилж байна. Иймд 1829856 төгрөгийн амралтын мөнгийг Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан надад олгож өгнө үү гэсэн байна.

3.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Тус сумын иргэн Р.С нь Бт сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Р.С нь 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/13 дугаар тушаалын хавсралтаар ээлжийн амралтаа 8 дугаар сарын 9-27-ны өдөр хүртэл 15 хоног, 9 дүгээр сарын 06-24-ний өдөр хүртэл 15 хоног нийт 30 хоног биеэр эдэлсэн байна. Р.С ээлжийн амралтын цалингаа 100% авсан ба ээлжийн амралтын олговор нь төсөв дээрээс цаг хугацаандаа ирдэггүй учир 8, 9 дүгээр сард ээлжийн амралтын олговрыг 2 хувааж бүрэн олгосон. Мөн 2022 оны 01 дүгээр сард ажилласан 5 хоногийн цалин 273683 төгрөг олгосон.Манай байгууллагад ээлжийн амралтын мөнгө гэж өгдөггүй амралтын мөнгө гэж тухайн сардаа авах цалин хөлсийг өгдөг. Миний бие тус байгууллагад ажиллаад 2 жилийн хугацаа болж байгаа байгаа бөгөөд өмнөх нягтлан бодогч мөн адилхан ээлжийн амралтын мөнгө гэж өгдөггүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1) Нэхэмжлэгч Р.С нь Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн мэргэжилтнээр 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж, 01-12 дугаар сарын цалин хөлсөө бүрэн авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газрын 01-12 дугаар саруудын цалин олгох хүснэгтээр нотлогдож байна.

2) Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн мэргэжилтэн Р.С нь төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрч өөрөө хүсэлт гаргасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь  мөн Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/21 дугаартай “Р.С-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалаар тогтоогдож байна.

3)  Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/13 дугаартай “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаалаар тус сумын Засаг даргын тамгын газрын даргын шийдвэрээр ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнуудын 2021 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралтаар баталсан ба хавсралтын нэрсийн жагсаалтын 1-д овог нэр: Р.С, албан тушаал: төрийн сангийн төлөөлөгч, улсад ажилласан жил: 38, амрах хоног 33, санал: IX/20, баталсан хуваарь: IX/20 гэж баталсан байна.   

4)  Нэхэмжлэгч Р.С 2021 оны ээлжийн амралтын мөнгө нэхэмжилж байгаа тул тухайн үед буюу Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/13 дугаартай “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаал гарсан үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг болон Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ээлжийн амралт олгох заавар”-ыг  тус тус удирдлага болгон ээлжийн амралт олгогдох ёстой байсан.

5) 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д  “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлэх. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна” гэж заасан байна.

Нэхэмжлэгч Р.С нь ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй гэдэг нь хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

6) Хариуцагч Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газар нь Р.С нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/13 дугаар тушаалын хавсралтаар ээлжийн амралтаа 08 дугаар сарын 9-27-ны өдөр хүртэл 15 хоног, 09 дүгээр сарын 06-24-ний өдөр хүртэл 15 хоног нийт 30 хоног биеэр эдэлсэн гэсэн тайлбар нь дээрх Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/13 дугаартай “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаалын хавсралттай тохирохгүй байна.

7) Мөн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын 3-д зааснаар хариуцагч (ажил олгогч) Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газар нь ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг тэдний саналыг үндэслэн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж, календарийн жилийн эхний улиралд багтаан гаргах ба хуваарийн дагуу энэ зааврын 1 дүгээр хавсралтаар баталсан ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүү болон ажилтанд олгоно” гэж заасан байхад хариуцагч Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газар нь “Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл” болон “Ээлжийн амралтын тооцоо”-г тус тус нэхэмжлэгч Р.С-д олгоогүй нь холбогдох заалтыг зөрчсөн байна.

8) Гэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...манай байгууллагад ээлжийн амралтын мөнгө гэж амралтын хоногоор тустаа тооцохгүйгээр амралтын мөнгө гэж тухайн сардаа авах цалин хөлсийг бүтэн гаргаж өгдөг. Миний бие тус байгууллагад ажиллаад 2 жилийн хугацаа болж байгаа байгаа бусад тамгын газрын ажилтнуудын амралтын мөнгийг цалин хэлбэрээр гаргаж өгч байна. Нэхэмжлэгч Р.Сы хувьд 8, 9 дүгээр саруудад амралтаа 2 хувааж эдэлсэн бөгөөд ээлжийн амралтын мөнгийг нь цалин хэлбэрээр 8,9 сарын цалинг бүрэн олгосон...” гэсэн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газрын 01-12 дугаар саруудын цалин олгох хүснэгтээр нотлогдож байна.

9) 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана, 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдлоо гаргах эрхтэй гэж хуульчилжээ.

Энэхүү хуулийн зүйл, заалтуудаас дүгнэхэд нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан маргааны шүүхэд хандах эрхийн хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан ба уг хугацаа 3 сар байна.

Нэхэмжлэгч Р.С нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар 2021 оны ээлжийн амралтын мөнгийг нэхэмжилж 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болохоор байгаа боловч энэ талаарх бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй тул хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэж шүүхээс үзэх боломжгүй байна.

10) Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/191 дүгээр тушаал нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа тул нэхэмжлэгийн энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

5.Иймд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.11, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны ээлжийн амралт 29 хоногийн мөнгө 1829856 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газраас гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Р.С-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44230 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хууль (1999 оны)-ийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Бт сумын Засаг даргын тамгын газраас 2021 оны ээлжийн амралтын хөлс 1829856 (нэг сая найман зуун хорин есөн мянга найман зуун тавин зургаан) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ө овогт Р.С-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44230 (дөчин дөрвөн мянга хоёр зуун гучин) төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Р.С-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МАНГИЛИК