| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2021/00298/И |
| Дугаар | 132/ШШ2022/00250 |
| Огноо | 2022-05-03 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 132/ШШ2022/00250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1973 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, Булган аймгийн С сумын * дугаар баг, * дугаар гудамж, * тоотод оршин суух, ажилгүй, Х с овогт Б Ш******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн С сумын Засаг даргад холбогдох,
С сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/74 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 132/2021/00298/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ш*******, түүний өмгөөлөгч М.Г, М.М /цахимаар/, хариуцагч Булган аймгийн С сумын Засаг дарга Б.У*******, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ш******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2011 оноос хойш Хангал сумын сургуулийн захирлаар ажиллаж эхэлсэн. Аймгийн Засаг даргын шийдвэрээр сэлгэн ажиллахаар болж С сумын сургуулийн захирлаар 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр томилогдон ажилласан. Энэ хугацаанд 4 жил тус сургуулийн захирлаар ажилласан. 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Засаг дарга Б.У******* ажлаас чөлөөлөх мэдэгдлийг хүлээж авсан. 6 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн.Энэ хугацаанд миний бие ямар ч сахилгын шийтгэл байхгүй. Намайг буруу үндэслэлээр халсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Намайг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1, 40.2-д заасан үндэслэлээр халсныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад өмнө нь сахилгын шийтгэл оногдуулж байгаагүй. Мөн намайг ажил мэргэжилдээ тэнцэхгүй байгаа гэх мэргэжлийн байгууллагын албан ёсны шийдвэр огт байхгүй. Би гомдолтой байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Булган аймгийн С сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс ажлын нийт 230 хоног, нэг өдрийн цалин 63.279 төгрөг, нийт 14,554,174 төгрөгийг гаргуулна. Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэнэ. Намайг ажлаас чөлөөлсөн С сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/74 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.У******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн С сумын Засаг даргын үүрэгт ажилд томилогдон ажиллаж эхэлсэн. Хамтран ажиллах явцад би гурван зүйл дээр хариуцлага тооцон ажиллахаа мөн хэлсэн. Архидалтын асуудал, ёс зүйгүй үйлдэл, санхүүгийн зөрчил гаргавал хариуцлага тооцож ажиллана шүү гэдгээ хэлсэн. Энэ хугацаанд 5 зөрчил удаа дараа зөрчилтэй гарсан учраас ажлаас чөлөөлсөн. Үүнд 1 дүгээрт: 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Б.Ш******* захирал сургуулийн өмч болох дэд бүтцийн зориулалттай турба, сантехникийн турбаг бусдад худалдаж байна гэсэн мэдээллийн дагуу ажлын хэсэг очсон. Зоригт Уул ХХК гэх нэртэй Батзориг эзэнтэй компанид өгч байсан үйлдэл дээр надад баригдсан. Цагдаагийн байгууллагаас энэ буруу үйлдэл байна гэж надад илтгэх хуудас өгсөн. 2 дугаарт: байгууллагын санхүүгийн дотоод хяналт шалгалтын явцад 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 4 дүгээр сар хүртэл өөрийн хамаарал бүхий бэр М гэдэг хүнийг туслах тогооч нь ажиллаж байхад нэмэлт орон тоо гаргаж энэ хугацаанд цалин нэмэгдэл урамшуулал өгч байсан нь төсвийн захиран зарцуулалтыг зөрчиж байна гэж ойлгож байна. Дараа нь тус сургуулийн дотуур байранд түрээсээр амьдарч байгаа иргэдийн орлогыг өөрийн хувийн дансаар авч байсан нь нотлогдсон. Мөн дараа нь өөрийнх нь хариуцаж байгаа сургуулийн дотуур байранд хүнсний аюулгүй байдал дээр шалгалт хийх явцад тодорхой төрлийн зөрчлүүд илэрсэн. Мөн өөрийн удирдаж байгаа сургуулийн багш ажилтан нар нь ажлын байранд архидан согтуурч байгаа тухай цагдаагийн эргүүлээр удаа дараа нотлогдож тогтоогдсон. Цагдаа нь надад итгэх хуудсыг тухай бүрт өгдөг байсан. 2021 оноос намайг шийдвэр гаргах хүртэл хугацаанд архи согтууруулах ундааны зүйл ажлын байранд архи уудаг нь удаа дараа зөрчил гаргасан. Ийм 5 үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Шат дараалсан арга хэмжээ авах шаардлагагүй үйлдэл нь тодорхой байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотолж дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:
-2019 оны Хөдөлмөрийн гэрээ /1-р хх-3-4/, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/74 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” захирамж /1-р хх-8/, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/32 дугаар “Б.Ш*******ыг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамж /1-р хх-9/, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/30 дугаар “Ажлын хэсэг томилох тухай” захирамж /1-р хх-10/, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/08 дугаар “Б.Ш*******ыг Сэлнэнгэ сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилох тухай” захирамж /1-р хх-11/, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих өгсөн нэмэлт тайлбар /1-р хх-122-126/, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Булган аймгийн С сумын Засаг даргаас нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, түүнийг ажилтан Б.Ш*******т танилцуулсан тухай нотлох баримтыг тус тус эх хувиар, С сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2017, 2018, 2019, 2020 онуудын санхүүгийн баримтууд /1-р хх-158-180/
Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
1. Булган аймгийн С сумын Засаг даргын 2021.01.25-ны өдрийн А/14 тоот хүнсний аюулгүй байдлын орон тооны бус зөвлөл байгуулах тухай захирамжийн хуулбар,
2. Орон нутгийн хоол үйлдвэрлэл.худалдаа. хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт хийх ажлын удирдамжийн хуулбар,
3.Хүнсний аюулгүй байдлын орон тооны бус зөвлөлийн удирдамжийн хуулбар,
4. Хүнсний аюулгүй байдлын орон тооны бус зөвлөлийн дарга Т.Цэрэндоржийн 2021.05.31-ний өдрийн мэдэгдлийн хуулбар,
5. Булган аймгийн С сумын Засаг даргын 2021.03.04-ний өдрийн 2/52 тоот албан бичгийн хуулбар, тайлангийн хуулбар,
6. Булган аймгийн С сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020.11.02-ны өдрийн 5/33 тоот "Мөнхтөр овогтой М’'ыг туслах тогтоочоор түр авч ажиллуулах тухай тушаалын хуулбар,
7. Булган аймгийн С сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021.1.04-ний өдрийн Б/01 тоот “Мөнхтөр овогтой М”-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
8. Булган аймгийн С сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020.12.07-ны өдрийн А/35 тоот “Улирлын урамшуулал олгох тухай тушаалын хуулбар,
9. Ажлын цагийн баланс 2020.12 сарын хуулбар,
10. Ажлын цагийн баланс 2020.11 сарын хуулбар,
11. Гарт олгосон тооцооны хүснэгтийн хуулбар,
12. Ажилчдын цагийн бүртгэл 2020.11 сараас-2020.12 сар хүртэлх хуулбар,
13. С сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч байсан иргэдийн судалгааны хуулбар,
14.Өрөө хөлслүүлэх гэрээний хуулбар
15.Ю.Сарантуяагийн 12,1,2 саруудад төлбөр төлсөн баримт
16.Булган аймгийн С сумын Засаг даргын 2021.05.31-ний өдрийн А/85 тоот “Ажлын хэсэг томилох тухай” захирамжийн хуулбар , хавсралт гэрэл зургийн хуулбар
17.Булган аймгийн С сумын дунд сургуулийн багш ажилчидтай хийсэн хурлын 2021.03.04-ний өдрийн 01 тоот тэмдэглэлийн хуулбар,
18.Булган аймгийн С сумын дунд сургуулийн багш ажилчидтай хийсэн хурлын 2021.05.31-ний өдрийн 03 тоот тэмдэглэлийн хуулбар
19. Булган аймаг дахь Цагдаагийн газрын Хангал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн С сумын хэв журмын цагдаа , цагдаагийн албан хаагчаас Эргүүл шалгалт зохион байгуулсан тухай 2021.01.04-ний өдрийн илтгэх хуудасны хуулбар,
20.Булган аймаг дахь Цагдаагийн газрын Хангал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн С сумын хэв журмын цагдаа , цагдаагийн албан хаагчаас Эргүүл шалгалт зохион байгуулсан тухай 2021.01.06-ны өдрийн илтгэх хуудасны хуулбар,
21.Булган аймаг дахь Цагдаагийн газрын Хангал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн С сумын хэв журмын цагдаа , цагдаагийн албан хаагчаас Эргүүл шалгалт зохион байгуулсан тухай 2021.02.14-ний өдрийн илтгэх хуудасны хуулбар
22.Булган аймаг дахь Цагдаагийн газрын Хангал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн С сумын хэв журмын цагдаа , цагдаагийн албан хаагчаас Эргүүл шалгалт зохион байгуулсан тухай 2021.05.10-ны өдөр илтгэх хуудасны хуулбар,
23.Булган аймаг дахь Цагдаагийн газрын Хангал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн С сумын хэв журмын цагдаа , цагдаагийн албан хаагчаас Эргүүл шалгалт зохион байгуулсан тухай 2021.06.08-ны өдөр илтгэх хуудасны хуулбар,
24.Булган аймгийн С сумын Засаг даргын 2021.07.09-ний өдрийн А/117 тоот ”Ажлын хэсэг томилох тухай” захирамжийн хуулбар,
25.Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгийн дотоод хяналт шалгалтын удирдамжийн хуулбар,
26.Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгийн дотоод хяналт шалгалт хийсэн тайлангийн хуулбар,
27.Булган аймгийн С сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020.12.25-ны өдрийн 55 тоот Хөрөнгө устгах зөвшөөрөл олгох тухай тогтоолын хуулбар,
28.С сумын бүрэн дунд сургуулийн 2020 оны жилийн эцсийн үндсэн хөрөнгийн товчоо хуулбар зэрэг нотлох баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байна. /1-р хх-27-120/
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ш******* нь хариуцагч Булган аймгийн С сумын Засаг даргад холбогдуулан С сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/74 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх Б.Ш*******ыг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “ямар нэг сахилгын зөрчил гаргаагүй, ажлаа зохих журмын дагуу хуульд нийцүүлэн гүйцэтгэж байхад ямарч шалтгаангүй, илт үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн” гэж, түүний өмгөөлөгч нар “ажлаас чөлөөлсөн тушаалд ямар үндэслэлээр чөлөөлсөн болохыг дурдаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй байгаа гэдгийг ажил олгогч өөрөө тогтоож шийдэхгүй, мөн ажилтан ноцтой зөрчил гаргасан болох нь нотлогдоогүй, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, ажлын байрны тодорхойлолтыг ажилтанд танилцуулаагүй, ажил олгогч шийдвэртээ хөдөлмөрийн гэрээнд заасан ямар зөрчил гаргасан гэж ажлаас халж байгаа үндэслэлийг тодорхой тусгаагүй, сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөхдөө Боловсрол соёлын газрын даргатай зөвшилцөөгүй” гэж тайлбарлаж байна.
2. Хариуцагч татгалзалын үндэслэлээ "Б.Ш******* нь санхүүгийн зөрчил гаргасан, байгууллагын эд хөрөнгийг үрэгдүүлсэн, байгууллага хамт олноо манлайлан удирдаж чадаагүй, ашиг сонирхлын зөрчил гаргасан, ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлаас чөлөөлөх талаар аймгийн Боловсрол соёлын газрын даргатай утсаар ярьж зөвшилцсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байна.
3. Нэхэмжлэгч Б.Ш******* нь Булган аймгийн С сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаад тус сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/74 дугаартай захирамжаар чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, Булган аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/32 дугаартай, 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Б/08 дугаартай захирамжууд, Булган аймгийн С сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/74 дугаартай захирамж, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн карт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Б.Ш******* нь Булган аймгийн Засаг даргатай 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээг ирүүлсэн ба дээрх гэрээний хугацаа 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дууссан байх бөгөөд талууд гэрээг цуцлах санал тавиагүй, ажилтан Б.Ш******* нь ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсан гэж үзэхээр байна.
Үүнээс харахад талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Ш******* шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаргасан нь гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтрээгүй байна.
5. Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай. Тушаалд бичигдсэн ажлаас халсан үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирч байх нь хуульд нийцнэ.
Ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримталсан байвал зохино.
С сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/74 дугаар захирамжаар Б.Ш*******ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай /хуучин/ хуулийн 38.1.2, 40.1.2, 40.1.4-д заасныг тус тус үндэслэл болон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн.
Үүний улмаас нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар шаардах эрх үүссэн байна.
“Б.Ш*******ыг байгууллага хамт олноо манлайлан удирдах чадваргүй, байгууллагын ажилчид архидан согтуурч зөрчил гаргасныг таслан зогсоогоогүй, ажил мэргэжилдээ хариуцлагагүй хандсан, ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажлаас чөлөөлсөн” гэжээ.
Ажил олгогч дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болохыг тухайн байгууллагын ур чадварын түвшинг тогтоох комисс, атестатчиллын болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэрийг үндэслэсэн байхыг шаарддаг. Гэтэл ажил олгогч ажилтан Б.Ш*******ын мэргэжил, ур чадварын түвшинг тогтоосон комиссын дүгнэлт шийдвэргүйгээр мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзэж ажлаас чөлөөлсөн байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна.
Мөн Ажил олгогч ажилтныг дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөх бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу энэ талаар ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байхад энэ үүргээ ажил олгогч биелүүлээгүй байна.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлийг ажил олгогчоос тайлбарлахдаа:
“Нэхэмжлэгч Б.Ш******* нь 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр сургуулийн өмч болох 4 метрийн урттай 2 ширхэг турбаан яндан, бетонон 3 ширхэг цагираг зэргийг “Зоригт Тул” ХХК-ийн захирал Д.Батзоригтод хууль бусаар худалдан борлуулсан нь тогтоогдсон, байгууллагын өмчийг дур мэдэн худалдан борлуулж, ажил олгогчоос олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн үйлдэл гаргасан, өөрийн хамаарал бүхий этгээд /бэр/ болох Мөнхтөр овогтой Мыг тус сургуульд туслах тогоочоор ажиллаагүй байхад 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сараас 04-ний өдрийг хүртэл ажиллуулсан гэж тушаал гаргаж, цалин хөлс бусад урамшуулал, нэмэгдлийг олгож, санхүүгийн зөрчил гаргасан” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ш******* нь байгууллагын өмч хөрөнгийг хууль бусаар авч худалдан борлуулсан, тогоочоор ажиллаагүй хүнийг ажилласан мэтээр тушаал гаргаж, цалин хөлс урамшуулал олгож санхүүгийн зөрчил гаргасан болох нь мэргэжлийн байгууллагуудын акт, дүгнэлтээр тогтоогдоогүй байжээ.
Б.Ш*******ыг ажлаас чөлөөлөх захирамж гарснаас хойш дээрх зөрчлийг шалгаж байгаа болох нь Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 06/11839 дугаартай албан бичиг, Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 20-01-03/25 дугаартай акт зэргээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Б.Ш******* нь дээрх зөрчлүүдийг гаргасан гэдэг нь санхүүгийн болон холбогдох байгууллагын акт дүгнэлтээр тогтоогдоогүй байхад ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
9. Мөн сургуулийн дотуур байрыг бусдад түрээслүүлж, түрээсийн орлогыг өөрийн хувийн дансаар авсан ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус үйлдэл гаргасан гэжээ.
Нэхэмжлэгч нь дотуур байрыг хөлслүүлээгүй, тус байранд амьдарч байсан иргэдтэй тохиролцож засвар үйлчилгээ хийх, дотуур байрыг халуун устай болгох зорилгоор тодорхой төлбөр авч байхаар тохирсон бөгөөд намайг Орхон аймагт явж байхад эмч Сарантуяа нь утсаар ярьж гэрэл, чийдэн авахуулахаар захиж, мөнгө шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна.
10. Б.Ш******* нь сургуулийн дотуур байрыг бусдад хөлсөлж, төлбөрийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авсан болох нь өрөө хөлслүүлэх тухай гэрээ, хөлслөгч Ю.Сарантуяагийн хөлсний төлбөр төлсөн тухай мобайл банкны мэдээлэл, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно” гэж заасан.
Нэхэмжлэгч Б.Ш******* нь хуулиар хориглоогүй, хуульд заасан журмын дагуу байгууллагын эд хөрөнгийг бусдад түрээслэж орлого олж болох хэдий ч уг орлогыг өөрийн дансанд шилжүүлэн авч байгаа нь ашиг сонихрлын зөрчил үүсгэсэн, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж мөн Б.Ш******* нь Булган аймгийн С сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б/33 дугаар тушаалаар М.Мыг /гэр бүлийн хамаарал бүхий хүн болох төрсөн хүүгийн хамтран амьдрагч/ туслах тогоочоор түр авч ажиллуулах тухай тушаал гарган, цалинжуулж, улмаар 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөх хүртэлх хугацаанд ажиллаагүй байсан хүнд төсвөөс олгосон 1,154,815 төгрөгийг хувьдаа авч өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэхээр байна.
11. Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ш*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон байна.
12. Хуульд ерөнхий боловсролын сургуулийн захирлыг чөлөөлөхад аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөхөөр заасан хэдий ч ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдож Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлаас халах сахилгын арга хэмжээг авч байгаа тохиолдолд аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг авах үндэслэл болохгүй юм.
Өөрөөр хэлбэл ажилтны гаргасан ноцтой зөрчлийг таслан зогсоож сахилгын арга хэмжээ авч байгаа тул дээд шатны байгууллагын саналыг авах боломжгүй, харин бусад үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа бол дээд байгууллагын саналыг харгалзан үзэх боломжтой юм.
13. Иймд Б.Ш*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
14. Нэхэмжлэгч Б.Ш******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Булган аймгийн С сумын засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/74 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Ш*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ