Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 60

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

 

      Улсын яллагч                                    Д.Нямдэлэг

      Шүүгдэгч Г.Мөнгөний өмгөөлөгч            Р.Атарцэцэг

       Хохирогч                                                 Э.Золгэрэл

      Нарийн бичгийн дарга                            Ш.Энхцэцэг нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хоч гэлд овогт Гэцэлийн Мөнгөнд холбогдох 201718000054 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 26-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, эмэгтэй, 31 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг Цагааннуур сум Оргих 1 дүгээр багт “тамгын хоолой” гэх газарт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Хоч гэлд овогт Гэцэлийн Мөнгөн, /РД:ОМ85052604/,

 

  Шүүгдэгч Г.Мөнгөн нь Сэлэнгэ аймаг, Цагааннуур сумын Оргих 1 дүгээр баг “Тамгын Хоолой” гэх газарт 2017 оны 02 дугаар сарын 14-нөөс 2017 оны 02 дугаар сарын 15-нд шилжих шөнө  төрөөд 17 хонож байсан өөрийн хүү болох З.Итгэлийг болгоомжгүйгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

                                         

Тодорхойлох нь ;

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Г.Мөнгөний 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай нөхөр Золгэрэл бид хоёр ам бүл 5 буюу 2 хүү, 1 охины хамт Сэлэнгэ аймаг Цагааннуур сум Оргих 1 дүгээр багт “тамгын хоолой” гэх газарт амьдардаг. Нөхөр бид 2 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Итгэл гэх хүүтэй болсон. Хүүгээ Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын эмнэлэгт төрүүлсэн. Хүүгээ төрсний дараа бид 2 сумынхаа эмнэлэгт хэвтэж байгаад гарсан юм. Би эмнэлгээс гараад гэртээ харьсны дараа ганц, хоёр хоносны дараа хүүхдийн даавуугаа угаасны улмаас миний үе мөчөөр янгинаж өвдөхийн сацуу давхар ханиад хүрч бие өвдсөн юм. Тэгээд Цагааннуур сумын эрүүл мэндийн төв рүү дуудлага өгсөн бөгөөд эмнэлгээс эмч ирж үзээд талийгаач хүү бид 2-г аваад явсан. Сумын эмнэлэгт ирсний дараа эмч үзээд “миний биеийг хэвийн байна” гэж хэлээд намайг эмнэлэгт хэвтүүлж эмчлээгүй юм. Тэгээд хүү бид хоёр гэр лүүгээ эргэж харих гэтэл унаа байгаагүй тул эмнэлэгт ганц, хоёр хоночихоод унаа олдож гэртээ харьсан. Тухайн үед миний үе мөч, толгой зэргээр өвдөж хэд хоног нойр хоол муутай их ядарсан юм. 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед миний бие тавгүйрхээд ухаан алдах гээд ч байгаа юм шиг нойр хүрээд ч байгаа юм шиг байсан. Золгэрэл надад цай хоол хийж өгчихөөд гадагшаа мал хар гээд гараад явсан. Тухайн үед манай 1 дүгээр ангийн хүү Ивээл орны ар хэсгээр унтаж байсан. Би хүүгээ тэврээд хөхүүлээд байж байтал толгой эргээд байхаар нь хүүгээ Ивээл хүүгийнхээ наагуур тавьж өөрөө орны урд хэсгээр хэвтсэн юм. Тухайн үед бие тавгүйрхсэн байсан учраас би хэсэг унтчихсан байсан. Шөнө дунд 03 цагийн үед гэр хүйтэн оргиод байхаар нь би сэрж хүү рүүгээ хартал миний хүүгийн нүүр ам, хамар нь хөхөрчихсөн байхаар нь айж гайхаад Золгэрэлийг сэрээж “хүүгийн нүүр нь сонин өнгөтэй болчихсон байна, чи босоод гал түлээдхээч” гэж хэлсэн. Золгэрэл гал түлчихээд гэрийн хажуу талын уул руу гарч утсаар ярьж түргэн тусламж дуудахаар явсан. Золгэрэл гэрээс гарсан хойно нь би хүүгийнхээ өлгийг задалж живхийг нь үзэх үед шээсэн байхаар нь сольсон юм. Тэгээд хүүгээ хуурай даавуунд ороогоод байж байхад хамраас нь бага зэрэг цус гарсан. Хүүгийн маань нүүрний хөх улам тодроод үе мөчид нь хөшөөд байсан. Удалгүй Золгэрэл гэрт орж ирсэн. Би хүүгээд тэврээд уйлаад сууж байхад гаднаас Цагааннуур сумын эмнэлгээс эмч ирж хүүг маань үзээд “нас барсан байна” гэж хэлээд хүү бид 2-г машинд суулгаад сумын эмнэлэг рүү явсан. Ивээл хүү маань дүүгээ гараараа болон биенийхээ хэсгээр дарсан зүйл болоогүй. Би хүүгээ хэвтүүлж хүү рүүгээ харж хэвтэж байх үедээ унтчихсан байсан. Тэр үедээ хүүгээ биенийхээ хэсгээр дарсан байх. Би хүүгээд хэвтэж байх үедээ хөхүүлж байгаагүй. Миний хүүгийн биеийн байдал хэвийн байсан. Би өөрийн хүүгээ санаатайгаар алаагүй. Хүүгээ алдсандаа сэтгэл санааны хувьд маш их зовиуртай байхад сэжигтнээр тооцож байгаа явдалд үнэхээр хэцүү байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 42-р ху/,

2. Шүүгдэгч Г.Мөнгөний 2017 оны 04-р сарын 14-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай нөхөр Золгэрэл бид хоёр ам бүл 5 буюу 2 хүү, 1 охины хамт Сэлэнгэ аймаг Цагааннуур сум Оргих 1 дүгээр багт “тамгын хоолой” гэх газарт амьдардаг. Нөхөр бид хоёр 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Итгэл гэх хүүтэй болсон. Хүүгээ Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын эмнэлэгт төрүүлсэн. Хүүгээ төрсний дараа бид 2 сумынхаа эмнэлэгт хэвтэж байгаад гарсан юм. Би эмнэлгээс гараад гэртээ харьсны дараа ганц, хоёр хоносны дараа хүүхдийн даавуугаа угаасны улмаас миний үе мөчөөр янгинаж өвдөхийн сацуу давхар ханиад хүрч бие өвдсөн юм. Тэгээд Цагааннуур сумын эрүүл мэндийн төв рүү дуудлага өгсөн бөгөөд эмнэлгээс эмч ирж үзээд талийгаач хүү бид 2-г аваад явсан. Сумын эмнэлэгт ирсний дараа эмч үзээд “миний биеийг хэвийн байна” гэж хэлээд намайг эмнэлэгт хэвтүүлж эмчлээгүй юм. Тэгээд хүү бид 2 гэр лүүгээ эргэж харих гэтэл унаа байгаагүй тул эмнэлэгт ганц, хоёр хоночихоод унаа олдож гэртээ харьсан. Тухайн үед миний үе мөч, толгой зэргээр өвдөж хэд хоног нойр хоол муутай их ядарсан юм. 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед миний бие тавгүйрхээд ухаан алдах гээд ч байгаа юм шиг нойр хүрээд ч байгаа юм шиг байсан. Золгэрэл надад цай хоол хийж өгчихөөд гадагшаа мал хар гээд гараад явсан. Тухайн үед манай 1 дүгээр ангийн хүү Ивээл орны ар хэсгээр унтаж байсан. Би хүүгээ тэврээд хөхүүлээд байж байтал толгой эргээд байхаар нь хүүгээ Ивээл хүүгийнхээ наагуур тавьж өөрөө орны урд хэсгээр хэвтсэн юм. Тухайн үед бие тавгүйрхсэн байсан учраас би хэсэг унтчихсан байсан. Шөнө дунд 03 цагийн үед гэр хүйтэн оргиод байхаар нь би сэрж хүү рүүгээ хартал миний хүүгийн нүүр ам, хамар нь хөхөрчихсөн байхаар нь айж гайхаад Золгэрэлийг сэрээж “хүүгийн нүүр нь сонин өнгөтэй болчихсон байна, чи босоод гал түлээдхээч” гэж хэлсэн. Золгэрэл гал түлчихээд гэрийн хажуу талын уул руу гарч утсаар ярьж түргэн тусламж дуудахаар явсан. Золгэрэл гэрээс гарсан хойно нь би хүүгийнхээ өлгийг задалж живхийг нь үзэх үед шээсэн байхаар нь сольсон юм. Тэгээд хүүгээ хуурай даавуунд ороогоод байж байхад хамраас нь бага зэрэг цус гарсан. Хүүгийн маань нүүрний хөх улам тодроод үе мөчид нь хөшөөд байсан. Удалгүй Золгэрэл гэрт орж ирсэн. Би хүүгээд тэврээд уйлаад сууж байхад гаднаас Цагааннуур сумын эмнэлгээс эмч ирж хүүг маань үзээд “нас барсан байна” гэж хэлээд хүү бид 2-г машинд суулгаад сумын эмнэлэг рүү явсан. Тухайн үед хүүгээ эгц дээшээ харуулж унтуулсан байсан. Хүүгийн өлгийн дээр нэмж тэмээний ноосон хөнжлөөр хучсан байсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 45-р ху/,

3. Шүүгдэгч Г.Мөнгөний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би төрөх хугацаанаасаа өмнө төрсөн. Төрөх үед ханиадтай байсан болохоор төрсний дараа бие ядруу байсан. Дээр нь бас төрөөд 2 хонож байхдаа хүйтэн усанд хүүхдийн даавуу угааж байгаад ханиад маань үгдрээд гар хөл янгинаж өвдөөд байсан. 2017 оны 02-р сарын 14-ний орой хүүхдийн царай хөхөрч харагдаад байсан. Тэгээд шөнө унтаж байгаад сэрэхэд  гэр хүйтэн болчихсон байсан. Тэгээд хүүгээ харахад  хүүхдийн царай хөхөрчихсөн хачин харагдахаар нь нөхрөө сэрээгээд  хүүхдийн царай хөхөрчихсөн талаар хэлэхэд нөхөр маань босоод гэртээ гал түлээд гарч сүлжээтэй газар очиж эмнэлэг дуудсан. Тэгээд хүүхэд маань шээчихсэн болохоор нь даавууг нь солиод тэврээд сууж байхад эмнэлэг ирсэн. Эмнэлгийнхэн ирээд ххүг маань чагнаж үзээгүй шууд эмнэлэг рүү авч явсанд гомдолтой. Уул нь миний нүдэн дээр цээжийг нь чагнаж үзэх ёстой байсан боловч тэгээгүй. Би хүүхдээ өлгийдөхдөө сул өлгийддөг байсан. Миний хувьд хүүхдээ санаатай алаагүй....гэх мэдүүлэг,

   4. Хохирогч Э.Золгэрэлийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Эхнэр бид 2 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Итгэл гэх хүүтэй болсон. Хүү маань эрүүл чийрэг, ямар нэгэн өвчин согоггүй төрсөн. Би 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг өнгөрөөгөөд эхнэртээ цай, хоол хийж өгсөн юм. Тэгээд гэрийнхээ гадуур мал хараа тэжээх зэрэг ажил хийх гэж гарч явсан. Эхнэр маань тухайн үед хүүгээ хөхүүлээд үлдсэн. Би гадуур хэсэг ажил төрөл хийж яваад гэртээ орж ирэх үед гадна харанхуй болсон байсан. Тухайн үед эхнэр, хүүхдүүд маань унтаж байсан. Эхнэр маань орны урдуур эхнэрийн цаад талд миний талийгаач хүү, хүүгийн маань цаана нь манай 1 дүгээр ангийн Ивээл хүү унтаж байсан. Би удалгүй гэрийнхээ баруун талаар унтахаар хэвтсэн. Шөнө дунд эхнэр “Золгэрэлээ” гээд намайг дуудсан. Эхнэр “хүүгийн маань нүүр хөхөрчихсөн байна” гэхээр нь би очоод хартал нүүр нь хөхөрчихсөн байсан. Тэгээд сумын төв рүү эхнэрийн эгч рүү утасдаад “түргэн тусламж дууд” гэж хэлсэн. Эхнэр маань хүүгээ тэвэрч суугаад уйлаад байсан. Хэсэг байж байгаад сумын төвөөс түргэн тусламжийн эмч ирж хүүг минь үзээд нас барсан талаар эхнэр бид хоёрт хэлсэн. Түргэний машин талийгаачийг, ээжийнх нь хамт аваад Цагааннуур сумын төв рүү явсан. Талийгаач хүү маань төрснөөс хойш миний эхнэрийн бие ядруу байсан бөгөөд сумын төвийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд эмнэлгээс гараад удаагүй байсан юм. Тухайн үед манай эхнэр хүүгээ хөхүүлчихээд унтах гээд хэвтсэн байсан. Би гадуур ажил төрлөө хийчихээд гэртээ орж ирээд хүүгээ харах үед зүгээр хэвийн нүдээ аниад унтаж байсан. Шөнө дунд манай гал зогсоод хүйт орох үед манай эхнэр сэрээд хүүгээ харсан юм билээ. Манай эхнэр төрснийхөө дараа савны халуун болон ханиадны улмаас бие нь өвдөж ядруу байсан. Тэгээд өнгөрсөн шөнө хэсэг бөх гээчийн унтсан юм байна лээ. Хүүгийн маань бие зүгээр хэвийн байх шиг байсан. Уйлаад бие нь тавгүйрхээд байсан зүйл ажиглагдаагүй. Өнгөрсөн шөнөөс бусад өдрүүдэд хүү маань хааяа хааяа даа цочиж уйлаад байснаас өөрөөр зүгээр байсан. Эхнэр бид 2 ханилан суугаад олон жилийг өнгөрөөж байна. Миний эхнэр хүүхэддээ хайр халамж сайтай, үр хүүхдүүд, хань ижилдээ халамж сайтай хүн. Миний эхнэр яахын аргагүй ядруу байсан учраас тэр орой хэсэг унтсан үедээ хүүгээ биеийнхээ хэсгээр дарсан байх гэж бодож байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 8-р ху/,      

5.Хохирогч Э.Золгэрэлийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Хүүхдээ алдсандаа бид хоёр их харамсаж байна. Тэр өдөр эхнэрийн маань бие муухан байсан.  Би гэртээ гал түлж өгөөд гарч гадаа мал ахуйгаа . янзлаад орж ирэхэд энэ хэд маань унтчихсан байсан. Тэгээд шөнө унтаж байхад эхнэр маань дуудаад “хүүхэд маань хөхөрчихсөн байна, эмч дуудаарай” гэхээр нь би гэртээ гал түлчихээд сүлжээнд гарч эмнэлэг дуудсан. Тэгээд эмнэлэг иртэл эхнэр маань хүүхдээ тэврээд уйлаад суусан. Эмнэлэг ирээд хүүхдийг маань нас барсан талаар хэлсэн. Тухайн үед юу болсон талаар мэдээгүй, манцуйн дотроо л ийм юм болчихсон байх гэж бодож байсан. Би эхнэртээ гомдол санал байхгүй, нэхэмжлэх ч зүйл байхгүй. ..гэх мэдүүлэг,

6. Гэрч М.Мөнхзулын 2017 оны 02-р сарын 15-ны  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Г.Мөнгөн гэх эмэгтэйг танина. Тухайн эмэгтэй 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 06 цаг 10 минутанд төрөхөөр өвдсөн бөгөөд тэр өдрийн 09 цаг 45 минутанд 3 кг 230 грамм, 53 см хүү хэвийн төрүүлсэн. Тэр эмэгтэй болон хүүгийн биеийн байдал хэвийн байж байгаад 02 дугаар сарын 03-ны өдөр эмнэлгээс гарсан. Өвчний түүхийг 02 дугаар сарын 01-ний өдөр хаасан бөгөөд эх хүү 2 ар гэртээ харих гэтэл унаагүй байсан учир 02 дугаар сарын 03-ны өдөр түүний ар гэрээс хүмүүс ирж авч гарсан. Түүнээс хойш 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчим Золгэрэл “манай эхнэрийн үе, мөч өвдөөд, дээшээ юм хөөрөөд байна” гэж дуудлага өгсөн байсан, манай эмнэлгээс тухайн үед жижүүрт гарч байсан эмч яваад тэр эмэгтэйг сумын эмнэлэгт авч ирж хэвтүүлсэн. Би 2017 оны 02 дугаар сарын 07-ны үүрээр Мөнгөн гэх эмэгтэйгийн биеийн байдлыг үзэх үед амин үзүүлэлтүүд хэвийн байсан. Өөрөө “хүйтэн усанд даавуугаа угааснаас гараар нь хатгаад өвчин зовиур нь эхэлсэн” гэж байсан. Ер нь бол гам алдсаны улмаас ийм зүйл болчихсон гэсэн. Хүүгийн бие хэвийн ямар нэг эмгэг өөрчлөлт үгүй байсан. Ер нь бол тухайн эмэгтэй их л тогтворгүй зан араншинтай. Нэг харах үед инээсэн, нэг харах үед уйлчихсан байдалтай их олон араншинтай хүн байсан. Гэхдээ төрөөд удаагүй хүүдээ хайр халамж сайн байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 11-р ху/,

7. Гэрч М.Мөнхзулын 2017 оны 04-р сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн өдөр манай эмнэлэгт дуудлага ирсэн бөгөөд дуудлаганд явсан эмч Мөнгөнг авчирсан. Тухайн үед биеийн байдал нь хэвийн байсан учраас хэвтүүлж эмчилгээ хийгээгүй юм. Мөнгөн жирэмсний гам алдсаны улмаас гар үе мөчөөр нь хатгаж өвдсөн байх. Мөнгөн манай эмнэлэг дээр ирж хэвтэж эмчилгээ хийлгэнэ гэсээр байгаад хэвтэж эмчилгээ хийлгээд гарсан. Би эмчлэгч эмч нь байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 12-р ху/,

8.Гэрч А.Энхдэлгэрийн 2017 оны 02-р сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би өөрийн ажил дээрээ жижүүртэй байсан бөгөөд манай эмнэлэг дээр Ариунаа гэх эмэгтэй ирж “манай төрсөн дүүгийн хүүгийнх нь нүүр, ам нь хөхөрчихсөн, сэрэхгүй байна” гэсэн дуудлага өгсөн. Тэр дуудлагын дагуу 04 цаг 30 минутын орчимд тухайн айл руу хөдлөсөн. Тус айл Цагааннуур сумын 1 дүгээр баг “Тамгын хоолой” гэх газар байсан бөгөөд 06 цагийн орчимд тэр айлд очсон. Тэдний гэрт гэрийн эзэн Золгэрэл, түүний эхнэр Мөнгөн, сургуульд суралцдаг 2 хүүхэд нь, нэг нярай хүүхэд байсан. Нярай хүүхдийг гэрийн зүүн талын төмөр орон дээр нь ээж нь өлгийдсөн байдалтай тэврээд уйлаад сууж байсан. Би хүүхдийн биеийн байдлыг үзэх үед тус хүү өнгөрөөд тодорхой хугацаа болчихсон нүүр, ам, хамар хэсэг нь хөхөрчихсөн. Талийгаач хүүгийн цогцсонд хөшилт үүссэн байсан. Тэгээд талийгаач хүүг, ээжийнх нь хамт авч хөдлөөд сумын эмнэлэгт авч ирсэн. Би талийгаачийн өлгийг задалж биеийн хэсгийг харах үед биеийн хэсэгт ямар нэг шарх гэмтэл байгаагүй. Талийгаач хүүгийн нүүр амны гурвалжин хэсэг нилэнхүйдээ хөхөрсөн. Биеийн зарим хэсгээр мөн хөхрөлттэй байсан. Тэр 2 эмнэлгээс гарсны дараа Мөнгөний бие өвдөж 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай эмнэлэгт ирж хэвтсэн. Мөнгөний бие ядруу, тэнхээ муутай, гар хөлөөр нь хатгаж өвдөж байсан. Мөнгөн тогтворгүй зан араншинтай. Уур бухимдал ихтэй хүн юм билээ. Хүүхдүүддээ хайр халамж сайтай юм шиг санагдсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 13-р ху/,

9.Гэрч А.Энхдэлгэрийн 2017 оны 04-р сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... Тухайн өдөр Мөнгөний нөхөр Золгэрэл манай эмнэлэгт дуудлага өгч дуудлаганд би өөрөө явж ирсэн. Түүний биеийн амин үзүүлэлт буюу даралт судасны цохилт, халуун амьсгал зэрэг нь хэвийн байсан учраас эмнэлэгт хэвтүүлж эмчлэлгүй, эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн. Харин тэгсэн Мөнгөн эргээд гэр лүүгээ явах гэхээр унаа тэрэг байхгүй, очих газар байхгүй шалтгаанаар 2 хоноод гэр лүүгээ явсан. Харин хэрэг явдал болсны дараа 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай эмнэлэг дээр ирж надад үзүүлсэн бөгөөд тухайн үед бөөр нь бага өвдсөн, ханиад хүрсэн байдалтай байснаар тэр өдрөөс 5 хоногийн хугацаатай хэвтүүлж эмчилсэн. Эмчлэгч эмчээр би өөрөө оролцсон. Э.Золгэрэл гэх залуу төлөв даруу сайн залуу байх шиг санагдсан. Өөрийн хүүхдүүддээ хайр халамж сайтай хүн байна лээ. Хааяа сэтгэцийн өвчтэй гэмээр зан араншин гаргаад байдаг юм билээ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-р ху/,

10.Гэрч О.Алтанцэцэгийн 2017 оны 04-р сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Мөнгөнийх хөдөө мал малладаг учраас 3 хүүхдээ сургуулийн дотуур байранд түр хугацаанд амьдардаг. Ямартай ч хүүхдүүдээ хайр халамж сайтай юм шиг санагдсан. Хүүхдүүдээ хувцас хунар, хоол хүнсээр дутаагаад байдаггүй. Мөн хүүхдүүдээ дотуур байранд ямархуу байгаа талаар надтай холбогдож ярьдаг. Мөнгөн ямар зан араншинтай хүн талаар надад мэдэх зүйл байхгүй.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р ху/,

11.Гэрч Н.Хүрэлбаатарын 2017 оны 04-р сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай саахалт айлын эхнэр, нөхөр байгаа юм. Золгэрэл, Мөнгөн 2 ханилан суугаад олон жил болж байгаа байх. Тэр хоёр 3 хүүхэдтэй, хүүхдүүд нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг юм. Тэр 2 хоорондоо эв түнжинтэй, хэрүүл маргаангүй, халуун дулаан уур амьсгалтай юм шиг харагддаг. Амьдрал ахуйн хувьд тодорхой хэмжээний малтай, хоол хүнс, хувцас хунар зэрэг зүйлсээр дутагдсан гачигдсан зүйл үгүй айл байгаа юм. Мөнгөн даруу төлөв, хүнтэй маргалдаад байдаггүй эмэгтэй юм шиг санагдсан. Мөн түүний нөхөр Золгэрэл даруу төлөв, дуу шуу багатай хүн байна лээ. Өөрөөр тэр 2-н зан байдлын талаар мэдэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р ху/,

         12.Насанд хүрээгүй гэрч З.Урантуяагийн 2017 оны 04-р сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай гэрт аав, ээж болон миний төрсөн дүү болон талийгаач Итгэл дүү бид нар байсан. Тухайн орой манай аав ээж бид нарт хоол хийж өгсөн бөгөөд бид нар хоолоо идэж дууссаны дараа аав малдаа гараад явсан. Харин ээж, дүү бид нар унтаж амарсан. Би гэрийн баруун талын хэсгээр харин ээж болон талийгаач дүү Итгэл, 1 дүгээр ангийн дүү Ивээл нар гэрийн зүүн талын орон дээр унтсан. Ивээл дүү орны ар хэсгээр ээж маань орны урд хэсгээр талийгаач дүү маань тэр хоёрын дундуур унтсан. Шөнө унтаж байх үед манай ээж талийгаач дүү Итгэлийг тэвэрч аваад уйлаад суугаад байсан. Дүүгийн маань нүүр нь аймаар хөхөрчихсөн байсан. Тэгээд сумаас эмч ирээд дүү, ээж 2-г аваад явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р ху/,

13.Гэрч Г.Мөнхжаргалын 2017 оны 04-р сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Ивээлийн анги даасан багш нь байгаа юм. Г.Мөнгөн гэх хүнийг бол танина. Харин Золгэрэл гэх хүнийг харж байгаагүй. Би Ивээлийн гэрээр очиж байгаагүй болохоор ар гэрийн амьдралын талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Ивээлийн хувьд ар гэрийн анхаарал халамж сайн, хувцас хунар, хичээлийн хэрэгслээр дутагдаж гачигдаад байгаа юм ажиглагдаагүй. Г.Мөнгөн зүгээр энгийн харьцаатай хүн юм шиг санагддаг. Саяхан нэг тааралдахад хүүгээ алдаад сэтгэл санаагаар унасан байдалтай харагдсан. Өөрөөр тэр хүний талаар надад мэдэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р ху/,

   14. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03-р сарын 20-ны өдрийн  актын дүгнэлт хэсэгт:

       1-4. Талийгаачид гэмтэл тогтоогдсонгүй.

       5. Талийгаачид архаг удамшлын өвчин илэрсэнгүй.

      6. Талийгаачид эмнэлгийн анхны тусламж үзүүлж, амь насыг нь аврах нь цаг хугацааны хувьд боломжгүй.

      7. Талийгаач нь механик амьсгал бүтэлтийн улмаас амьсгалын хурц дутагдлаар нас баржээ.

      8. Талийгаачийн цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна. гэх дүгнэлт, /хх-ийн 26-р ху/,

    15.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 02-р сарын 24-ний өдрийн 2262 тоот актын дүгнэлт хэсэгт:

     1.  Шижилгээнд ирүүлсэн З.Итгэлийн гэх цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна. гэх дүгнэлт, /хх-ийн 31-р ху/,

16.Шинжээч С.Бүрэнжаргалын 2017 оны 04-р сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хүний амьсгалын замыг механикаар гаднаас нь ямар нэг зүйлээр дарах буюу хааснаар амьсгал бүтэлтэнд орж, улмаар амьсгалын хурц дутагдлаар нас барах боломжтой байдаг. Тиймээс дээрх хүчин зүйлсийн улмаас талийгаач хүү З.Итгэл нас барсан юм. Талийгаачийн амьсгалын зам чөлөөтэй ямар нэг зүйл орж тагласан зүйл байгаагүй. Талийгаачийн ам, хамрыг дээрх болон бусад биеийн хүрэлцэхүйц хэсгээр дарсаны улмаас амьсгал бүтэлтэнд орж улмаар амьсгалын хурц дутагдлаар нас барах бүрэн боломжтой. Механикаар амьсгалын замыг таглах буюу бүтэлтийн улмаас талийгаачийн ам хамрын гурвалжинд хөхрөлт буюу толбо үүсдэг. Тухайн шинж тэмдэг талийгаач хүү З.Итгэлийн ам хамрын гурвалжинд үүссэн байсан. Ам хамрыг эмэгтэй хүний хөх буюу биеийн бусад хүрэлцэх хэсгээр дарсаны улмаас талийгаач З.Итгэл амьсгал бүтэлтэнд орж улмаар амьсгалын хурц дутагдлаар нас барах боломжтой юм. гэх мэдүүлэг, /хх-ийн 34-р ху/,

 17.Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №32/17 тоот магадлагааны дүгнэлт хэсэгт:

1.2 Сэжигтэн Г.Мөнгөн нь сэтгэцийн хувьд эрүүл учир үйлдсэн хэргийн үйлдлийг зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай болно.

3. Сэжигтэн Г.Мөнгөн нь сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно.

4.5 Сэжигтэн Г.Мөнгөн нь сэтгэцийн хувьд эрүүл учир түүнд албадан эмчилгээ шаардлагагүй болно. гэх дүгнэлт, /хх-ийн 36-р ху/,

 

  18.Шүүгдэгч Г.Мөнгөний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 69-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр тооцох тогтоол /хх 41-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 42-р ху, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 43-44-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 45-р ху/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 33,38–р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 32,37–р ху/, цогцосны гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 27-р ху/, цогцосны дотор үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 28-29-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-р ху/, төрөлтийн түүх /хх 46-49-р ху/, Нярайн түүх /хх 50-57-р ху/, Жирэмсэн эмэгтэйн нярайн хөтөч карт /хх-58-63-р ху/, талийгаачийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 64-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх 67-р ху/, захиргааны шийтгэл хүлээсэн болон саатуулагдсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 68-р ху/, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-ийн 70-71-р ху/, өвчний түүх /хх-ийн 72-80-р ху/, хүүхдүүдийн гэрчилгээний хуулбар, /хх 82-83–р ху/, шүүгдэгчийн гэрлэлтийн гэрчилгээ /хх-ийн 84-р ху/,  зэрэг болно.

 

  Шүүгдэгч Г.Мөнгөн нь Сэлэнгэ аймаг, Цагааннуур сумын Оргих 1 дүгээр баг “Тамгын Хоолой” гэх газарт 2017 оны 02 дугаар сарын 14-нөөс 2017 оны 02 дугаар сарын 15-нд шилжих шөнө  төрөөд 17 хонож байсан өөрийн хүү болох З.Итгэлийг болгоомжгүйгээр алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцосны гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл, цогцосны дотор үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, төрөлтийн түүх, нярайн түүх, жирэмсэн эмэгтэйн нярайн хөтөч карт, талийгаачийн төрсний гэрчилгээний хуулбар, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх ...гэх зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

            Шүүгдэгч Г.Мөнгөнд холбогдох хэргийн  зүйлчлэл зөв, шүүхээс “Бусдыг болгоомжгүй алах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял оногдуулах үндэслэлтэй байгаа ба шүүгдэгч Г.Мөнгөнийн  үйлдэл  нь  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа,  мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа зэргийг харгалзан, хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах  нь зүйтэй.

          Энэ хэрэгт шүүгдэгч  Г.Мөнгөн нь  энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн  зүйлгүй, хохирогч талаас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн  290-р зүйлийн 290.3, 293-р зүйлийн 293.2, 294, 295, 296, 297, 298-р зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь ;

1. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Хоч гэлд овогт Гэцэлийн Мөнгөнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94-р зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан “Бусдыг болгоомжгүй алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94-р зүйлийн 94.1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнгөнийг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнгөнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг  жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.Мөнгөн нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хавтаст хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнгөнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан  Г.Мөнгөнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.  

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг шүүгдэгч Г.Мөнгөнд сануулсугай.

8.Шүүгдэгчид урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоол нь уншин сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч,  хохирогч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

        12. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  306-р зүйлийн 306.1  дэх   хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН