Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2022/01703

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2022/01703

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: * дүүрэг, *дугаар хороо, * таун *байр, * тоотод оршин суух Б* овогт Д.Ц /РД:ХП*/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, * хотхон * тоотод оршин суух Ч* овогт Д.Л /РД:УЗ*/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 100 980 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б, Ц.Б,

хариуцагчийн төлөөлөгч Л.М,

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Д.Ц хариуцагч Д.Лид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 66 000 000 төгрөг, хүү 1 980 000 төгрөг, алданги 33 000 000 төгрөг, нийт 100 980 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч хариуцагч нар нь харилцан тохиролцож 2020 оны 01 сарын 16-ны өдөр 66 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 1 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатчаар баталгаажуулсан байдаг. Гэтэл хариуцагч нь гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй болно. Энэ гэрээгээр мөнгө өгөөгүй боловч хариуцагч Д.Л нь өмнө авсан зээлийн өр төлбөрийг баталгаажуулж, хүлээн зөвшөөрч хийсэн гэрээ юм. Өөрөө ч энэ талаар маргахгүй байх. Д.Л нь бидний хүү шиг итгэл даасан хүн байсан бөгөөд Д.Цийн ажиллуулж байсан А ХХК-ийн барьцаат зээлийн газраас 2012 оноос хойш хэд хэдэн удаа зээл аваад төлөөгүй. Бид энэ зээлийн төлбөрийг баталгаажуулж, уг гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.3-д заасны дагуу 66 000 000 төгрөгөөс 1 хувийн хүү тооцоход сарын 660 000 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг 3 сарын хугацаагаар үржүүлэн тооцоход 1 980 000 төгрөгийн хүү нэхэмжлэх эрхтэй болж байна. Мөн тус гэрээний 2.6-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор тохиролцсоны дагуу 66 000 000 төгрөгөөс 0.1 хувийн алданги тооцоход өдрийн 66 000 төгрөг болж байна. Үүнийг хугацаа хэтэрсэн /2020.05.29-2022.03.24/ 665 хоногоор үржүүлэн тооцвол 43 890 000 төгрөг болж байна. Иргэний хуульд заасны дагуу 33 000 000 төгрөгийн алданги нэхэмжлэх эрхтэй болж байна.Иймд хариуцагчаас үндсэн зээл 66 000 000 төгрөг, хүү 1 980 000 төгрөг, алданги 33 000 000 төгрөг, нийт 100 980 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

2. Хариуцагч  гаргасан тайлбартаа:  Хариуцагч нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргасан зээлийн гэрээг нэхэмжлэгчтэй 2020 оны 1 дүгээр сарын 16 ны өдөр байгуулсан байгаатай танилцахад уг зээлийн гэрээний дагуу хариуцагч ямар нэг мөнгө аваагүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Учир нь: Зээлийн гэрээний гол нөхцөл гэсэн хоёр дахь хэсгийн 2.1-д зээлийн хэмжээ 66 000 000 төгрөг гэсэн байх бөгөөд мөн хэсгийн зээлийн хугацаа гэсэн 2.2-т Зээлийг 2020 оны 2 дугаар сарын 05 ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаагаар олгов. Зээлийн хугацаа нь Зээлдэгч зээлийг бодитойгоор хүлээн авсан үеэс эхлэн тооцогдоно гэсэн байна. мөн Гэрээний 2.3. Зээлийн хүү сарын 1 хувийн хүү төлнө., 2.4. Зээл олгосон хугацаа: Зээлдүүлэгч нь 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Зээлдэгчид энэ гэрээний 2.1-д заасан мөнгийг бэлнээр олгоно гэсэн байна. Үндсэн зээлийг хугацааны эцэст бөөнөөр төлөх (2.5), эс төлбөл 0.1 хувиар тооцон алданги төлөх (2.6) тухай дурьдсан уг Гэрээний "Бусад нөхцөл гэсэн Гурав дах хэсэсгт 3.1-д ... Зээлийг олгосон болон төлбөр төлсөн байдал нь хоёр талын глрын үсэг эсхүл банкны баримтаар нотлогдоно, мөн 3.2-т Гэрээ нь зээлдүү лэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсанаар хүчин төгөлдөр болж талууд хүлээсэн үүргээ биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно. гэсэн байна. Гэсэн хэдий ч хэрэгт авагдсан материалаас үзэхэд нэхэмжлэгч энэ зээлийн гэрээний дагуу хариуцагчид 66 000 000 төгрөг бодитойгоор гардуулсан нь нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч тал нэмэлт нотлох баримт болгож ирүүлсэн, зарим бичиг нь балраад уншигдахгүй болсон санхүүгийн баримтуудыг үзэж таамаглан уншиж үзвэл дараах агуулгатай байна гэж ойлголоо. Тухайлбал, 2012 оны 11 сард буюу одоогоос 10 жил шахам хугацааны өмнө Алтан сор" ХХК-аас Д.Лид 20 сая төгрөг 14 хоногийн хугацаатай зээлсэн, зээлээ дурьдсан хугацаанд төлөхгүй бол барыдааны эд зүйлийг хураан авах талаар дурьдсан баримт, мөн 2012 оны 11 сард 30 сая төгрөг шилжүүлсэн, мөн * гэсэн данснаас * дугаарын данс руу 3 сая төгрөг шилжүүлсэн баримг дээр хэн нэг нь хөх өнгийн балаар Д.Лид 8% гэж бичсэн санхүүгийн баримтууд байна. Баримтууд дээр нэлээд балархай болсон огноог үзвэл энэ баримтууд нь цаг хугацааны хувьд нэхэмжлэлийн үндэслэл болгосон 2020 оны 1 дүгээр сарын 16 ны өдөр Зээлийн гэрээ байгуулахаас даруй 10 орчим жилийн өмнөх үйл баримтыг нотлох баримт бололтой байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримтууд гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан өмнөх хариу тайлбараа дэмжиж байгаа тул нэхэмжлэлийг хангахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс 2020 оны 01 сарын 16-ны өдөр Д.Ц, Д.Л нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, А ХХК Д.Л нарын хооронд байгуулсан 2012.11.27-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, Худалдаа хөгжлийн банкны 2012.11.16-ны өдрийн зарлагын баримтууд, Хаан банкны 2015.10 сарын мөнгөн шилжүүлэгийн баримт, Д.Цийн ХХБанк болон ХААН банкны дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж ирүүлсэн байна./хх-ийн 4,24-32/ ,

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 2020 оны 01 сарын 16-ны өдөр 66 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 1 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатчаар баталгаажуулсан байдаг. Гэтэл хариуцагч нь гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй болно. Хэдийгээр энэ гэрээний дагуу мөнгө өгөөгүй ч гэсэн өмнөх өр төлбөрийг баталгаажуулж, өөрөө зөвшөөрч хийсэн гэрээ гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...уг зээлийн гэрээний дагуу хариуцагч ямар нэг мөнгө аваагүй. ... нэхэмжлэлийн үндэслэл болгосон 2020 оны 1 дүгээр сарын 16 ны өдөр Зээлийн гэрээ байгуулахаас даруй 10 орчим жилийн өмнөх үйл баримтыг нотлох баримт бололтой байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримтууд гэж үзэж маргажээ.

 

4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2020 оны 01 сарын 16-ны өдөр зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх уг гэрээгээр 66 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл 0,1 хувиар алданги тооцохоор тохирсон зээлийн гэрээг байгуулсан байх ба уг гэрээний дагуу мөнгө өгч, аваагүй талаар маргаангүй байна.

Дээрх гэрээг байгуулах болсон шалтгааныг нэхэмжлэгч тал ... Д.Л нь бидний хүү шиг итгэл даасан хүн байсан бөгөөд Д.Цийн ажиллуулж байсан А ХХК-ийн барьцаат зээлийн газраас 2012 оноос хойш хэд хэдэн удаа зээл аваад төлөөгүй. Бид энэ зээлийн төлбөрийг баталгаажуулж, уг гэрээг байгуулсан. гэж тайлбарласныг, хариуцагч тал уг гэрээнд өмнөх зээлийн төлбөр гэж нэг үг үсэг байхгүй бөгөөд гаргаж өгсөн баримтууд нь энэ зээлийн гэрээтэй ямар хамааралтайг дүгнэх боломжгүй, зөвшөөрөхгүй. гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч тал хавтаст хэрэгт А ХХК-ийн үйлчлүүлэгч Д.Лтой байгуулсан №3737, №3733 барьцаат зээлийн гэрээнүүдийг, мөн Д.Цийн дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн хэдий ч энэ нь тухайн зээлийн гэрээтэй хэрхэн хамааралтай нь тогтоогдохгүй байна.

Тодруулбал, талуудын байгуулсан зээлийн гэрээ нь А ХХК-иас 2012 онд Д.Лид олгосон зээлтэй хэрхэн хамааралтай түүнчлэн уг баримтуудаас хэрэгт хамааралтай байдлыг тогтоох боломжгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

6. Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 01-р сарын 16-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгө шилжүүлсэн гэх үндэслэлгүй байх ба талууд дээрх гэрээгээр өмнөх харилцаанаас үүссэн өр төлбөрөө баталгаажуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул зээлийн гэрээний дагуу төлбөрийг шаардсан нь үндэслэлгүй.

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Лоос 100 980 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Д.Цийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 662 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ