| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/02183/И |
| Дугаар | 183/ШШ2022/02050 |
| Огноо | 2022-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2022/02050
| 2022 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2022/02050 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, *, *-45 байрлах УЦТС ТӨХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *дугаар хороо, * нийтийн эзэмшил байрлах ЯШ СӨХ-нд холбогдох
Цахилгаан эрчим хүч ашигласны төлбарт 10 568 187 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д
Нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
/Хариуцагч ЯШ СӨХ-ний гүйцэтгэх захирал Д.Б шүүх хуралдааны товыг 2022 оны 06 сарын 16-ны өдөр түүний гар утасаар залгаж мэдэгдсэн ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
Нэхэмжлэлийг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч УЦТС ТӨХК хариуцагч ЯШ СӨХ-д холбогдуулан цахилгаан эрчим хүч ашигласны төлбөрт 10 568 187 төгрөг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 1067401 кодтой хэрэглэгч ЯШ СӨХ нь цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 2019 оны 10 дугаар сарын 25-наас 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 10 568 187 төгрөгийг төлөлгүй Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 заалт, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 2.2.11-т заасны зөрчиж Хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй байгууллагыг хохироож байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө төлөхийг хэрэглэгчийн бүртгэлтэй утасны дугаарт мессежээр илгээж Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх заалтыг үндэслэн хэрэглээг түдгэлзүүлж шат дараалласан арга хэмжээнүүдийг авсан боловч одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул хэрэглэгчтэй байгуулсан.Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 3.1.13 дах зүйлд заасан эрхийн дагуу шүүхэд шилжүүлж байна. Иймд 10 568 187 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
3. Нэхэмжлэгчээс УЦТС ТӨХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ЯШ СӨХ-ны дансны дэлгэрэнгүй тайлан, Талуудын хооронд байгуулагдсан 2019.10.31-ний өдрөөс 5 жилийн хугацаатай байгуулагдсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ зэргийг ирүүлсэн./хх-ийн 5-18/
4. Хариуцагч ЯШ СӨХ-ны 18/162 дугаар гэрчилгээ, ЯШ СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2018.11.20-ны өдрийн №01 Гүйцэтгэх захирал томилох тухай тогтоол зэргийг ирүүлсэн./хх-ийн 21, 22/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 1067401 кодтой хэрэглэгч ЯШ СӨХ нь цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 2019 оны 10 дугаар сарын 25-наас 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 10 568 187 төгрөгийг төлөлгүй Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 заалт, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 2.2.11-т заасны зөрчиж Хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй байгууллагыг хохироож байна. гэж тайлбарласан.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч ЯШ СӨХ нь Хан-уул дүүргийн 5-р хороон 1 дүгээр байруудыг хамруулан үйл ажиллагаа явуулахаар 2018 оны 12 сарын 20-ны өдөр бүртгүүлж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 15/162 дугаар гэрчилгээг авсан байх ба ЯШ СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2018.11.20-ны өдрийн №01 Гүйцэтгэх захирал томилох тухай тогтоолоор Д.Бг гүйцэтгэх захирлаар ажиллуулж эхэлсэн байна.
Нэхэмжлэгч УБЦТСүлжээ ТӨХК, хариуцагч ЯШ СӨХ нарын хооронд 2019 оны 10 сарын 31-ний өдөр 5 жилийн хугацаатай Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан байх ба эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, тамга тэмдэгээр баталгаажуулсан байна./хх-ийн 12-18/
Хавтаст хэрэгт авагдсан ЯШ СӨХ-ны дансны дэлгэрэнгүй тайлангаас хариуцагч СӨХ нь цахилгаа эрчим хүчний төлбөрөө 2019.01.01-ний өдрөөс сар бүр тодорхой хэмжээнд төлж байсан байх ба 2021.01.01-ний өдрөөс төлбөрийг төлөхгүй байснаас өрийн хуримтлал үүсч, улмаар цахилгааныг хэсэгчилэн тасалсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т Хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй гэснээр хариуцагч ЯШ СӨХ-ноос цахилгааны төлбөрийг шаардах эрхтэй байна.
4. Харин нэхэмжлэгч нь 2022 онд хариуцагч СӨХ нь нэг ч төгрөгийн төлбөр хийгээгүй гэж тайлбарласан хэдий ч хавтаст хэргийн 11-р талд авагдсан Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан 2022.01.01-2022.04.20 гэсэн баримтаар алдангид нийт 7 847 644 төгрөгийн алданги тооцож, уг дүнгээр орлого мөнгөн дүн хэсэгт бичилтийн залруулга гэж тооцсон байна.
Дээрхээс үзэхэд хариуцагч СӨХ-ний төлсөн 7 847 644 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасалгүйгээр, алдангид тооцож авсан нь хуульд нийцээгүй байх тул нийт төлбөрийн 10 545 845 төгрөгөөс алдангид тооцсон 7 847 644 төгрөгийг хасаж, 2 698 201 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
5. Түүнчлэн талуудын байгуулсан гэрээний 4.9, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна. гэж зааснаар төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрөөс 50 хувиар алданги тооцож, 1 349 100 төгрөгийг гаргуулж, нийт 4 047 302 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
6. улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЯШ СӨХ-өөс цахилгаан эрчим хүчний төлбөрт 4 047 302 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч УЦТС ТӨХК-д олгоэ, илүү нэхэмжилсэн 7 847 644 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч УБЦТС ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 184 041 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЯШ СӨХ-өөс улсын тэмдэгтийн хураамжинд 79 707 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч УБЦТС ТӨХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ