Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/19

 

 

 

 

 

 

Ж.Э нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлмаа /онлайнаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Баяраа /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг /онлайнаар/, Д.Гансүх,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шүүгч Ю.Энхмаа, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/392 дугаар шийтгэх тогтоолтой Ж.Э нарт холбогдох 2034000000179 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 11 сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Ж.Э-,

Ц.У-,

Шүүгдэгч Ж.Э нь архи согтууруулах уидааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Утэй бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр баг, Нямгэлэн гэх газарт иргэн Б.Самданг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн Ж.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Утэй бүлэглэн тухайн өдөр тархины гэмтэл бэртэлтэй Б.Самданг зодож, бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүнд гэмтэлтэй байхад нь змнэлэгт дуудлага өгч, эмнэлгийн буюу харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй буюу нам хэмийн цаг агаарт гадаа орхисноос Б.Самдан нь осгож, уг осголтын улмаас нас барсан,

Шүүгдэгч Ц.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Этай бүлэглэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2020 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр баг, Нямгэлэн гэх газарт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн нөхөр Б.Самданг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.             

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Э, Ц.У нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/392  дугаар шийтгэх тогтоолоор:

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүгдэгч Боржигон Цэрэнчимэдийн Уийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйд тооцож, түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Сарбууд Жамъянсүрэнгийн Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч Сарбууд Жамъянсүрэнгийн Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Э, Ц.У нарыг бүлэглэн хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл, гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар, шүүгдэгч Ц.Уийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ж.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2  жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 8 /найм/ жил хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уийн цагдан хоригдсон 56 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 төгрөгөөр дүйцүүлэн тооцож түүнд оногдуулсан 5 400 000 төгрөгийн торгох ялаас 840 000 /найман зуун дөчин мянга/ төгрөгийг хасаж торгох ялын хэмжээг 4 560 000 /дөрвөн сая таван зуун жаран мянга/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлмаа давж заалдах гомдолдоо: “...Шүүх миний ах Б.Самдан нас барсан хэрэгт холбогдсон Ц.У, Ж.Э нарт эрүүгийн хариуцлага оноохдоо үйлдсэн гэмт хэргийн байдал, оролцоо зэрэг зүйлийг харгалзан үнэн зөвөөр шийдвэрлэсэнгүй. Шүүгдэгч Ц.Ут оногдуулсан торгуулийн ял хөнгөдсөн анхнаасаа энэ хүн гэмт хэргийг нуун далдлах, хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж, худал мэдүүлгүүдийг удаа дараа өгч, өөрийн үйлдсэн болон Ж.Этай хамтран үйлдсэн хэргийг, Ж.Эыг дангаар үйлдсэн мэтээр мэдүүлсэн. Шүүх энэ асуудлыг тодорхой үнэлж дүгнээгүй хайнга хандсан. Ц.У нь ахыг минь байнга зодож, цохиж гэр бүлийн дарамт, хүчирхийлэл үйлдэж байсан талаар гэрч нар мэдүүлсээр байтал энэ асуудлыг шүүх шийдвэрлэсэнгүй. Ц.У нь ахтай минь олон жил хамт амьдарч байж асран хамгаалах, халамжлах үүргээ биелүүлээгүйн улмаас ах минь нас барсан, энэ хүн яагаад сэтгэл гаргасангүй вэ? ах дүү нарт нь мэдэгдэх бүрэн боломжтой байсан. Түүний мэдүүлж буй мэдүүлгүүд бодит байдалтай тохирохгүй, зөвхөн өөрийгөө хамгаалсан мэдүүлгүүд өгсөн, энэ хүнд оноосон ял хөнгөдсөн байх тул хянаж үзэж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Баяраа давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлмаагаас гаргаж өгсөн нэхэмжлэл, оршуулгын зардалтай холбоотой баримтуудыг буруу үнэлж дүгнэн, зөвхөн 1.200.000 төгрөгийг Ж.Эаас гаргуулахаар шийдвэрлэн, бусад нэхэмжлэлийг орхин шийдвэрлэсэн нь буруу байна. Орхигдуулсан төлбөрийг Ц.Уээс гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэнэ үү.” гэжээ.

Шүүгдэгч Ж.Эын өмгөөлөгч Г.Тунгалаг давж заалдах гомдолдоо: “...1. Шүүгчдэгч Ж. Эын өмгөөлөгчийн хувьд түүнд ЭХ-ийн 15.2-р зүйлийн 2.2 хэсэгт зааснаар 2 жил хорих ял эдлүүлэхээр шийтгэснийг зөвшөөрөхгүй байна. Энэ асуудлаар шүүх нь ЭХХШТХ-ийн 39.5 дугаар зүйлийн 1.2 хэсэг ба 39.7 дугаар зүйлийн 1.2 хэсгүүдэд заасанчлан ЭХ-ийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь хэрвээ шүүгдэгчийг хохирогчид тархины хүнд гэмтлийг санаатай учруулсан гэж буруутайд тооцож байгаа юм бол хохироосон хүнээ асран халамжлах үүргийг биелүүлээгүй гэж буруутгах нь утга авцалдаа муутай дүгнэлт боллоо. Амь нас нь аюултай байдалд орсон хохирогчийг асран хамгаалах, тусламж үзүүлэх үүргийг хэрэгтнээс өөрөөс нь биш харин бусад этгээдээс шаардах нь зохистой юм. Иймд Э.Х-н 15.2-р зүйлийн 2.2 хэсэгт зааснаар ял шийтгэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. Ж.Эын хувьд ЭХ-ийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял эдлүүлэхээр шийтгэснийг хэтэрхий хүндэдлээ гэж үзэж байна. Түүнд ял оноохдоо ЭХ-ийн 6.7 дугаар зүйлийн 1.3 хэсэгт зааснаар ялаас хасч хөнгөрүүлж өгнө үү. Учир нь шүүгдэгч нь ЭХ-ийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хэрэгт буруутай гэж үзсэнийг хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно. Мөн шүүхийн тогтоосон хэмжээгээр нэг сая хоёр зуун мянган төгрөгний хохирлыг төлж барагдуулсан болно. /6.5-р зүйлийн 1.2-т заасан байдал/ Түүнчлэн ЭХ-ийн 6.5 дугаар зүйлийн 1.1 хэсэгт заасанчлан анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзнэ үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан. Талийгаач нь Эын үйлдлээс болж тархиндаа гэмтэл авсан. Үхлийн шалтгаан нь нам хэмийн үйлчлэлээс болж амь насаа алдсан нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч /Ж.Э/-ийн өмгөөлөгч Г.Тунгалаг гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө гэсэн гомдол гаргасан. Хүнд гэмтлийг дангаараа учруулсан гэж үзэж байгаан бол гэмтээсэн хүнээ өөрөө аврах ёстой байсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч /Д.У/-ийн өмгөөлөгч Д.Гансүх гаргасан саналдаа: Хохирлын талаар нотлох баримтын шаардлага хангасан нэг ч баримт байдаггүй. Зарлагын 3 падаан л байдаг. Зайлшгүй зардлыг л төлүүлэх ёстой. У ч бас 35 жил ханилсан ханиа алдаж хохирсон хүн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангасан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Баяраа гаргасан саналдаа: Эт оногдуулсан ялын талаар хэлэх зүйлгүй. Харин Ут оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байгаа. 6.826.926 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй. Талийгаачийн үхэл Эаас шууд хамааралтай. Талийгаачийг хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг мэдэж байгаа. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгон анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлмаа гаргасан тайлбартаа: Ут оногдуулсан ял хөнгөдсөн. Яагаад ах дүү нарт нь хэлээгүй, тусламж үзүүлээгүй юм. Маш их гомдолтой гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Энхбаатар, Ц.У нарт холбогдох эрүүгийн 2034000000179 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ж.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р баг Нямгэлэн гэх газар иргэн Б.Самданг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

улмаар Ц.Утэй бүлэглэн хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл, гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй гадаа орхисны улмаас хохирогч осгож нас барсан,

Шүүгдэгч Ц.У нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Этай бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р баг Нямгэлэн гэх газар бүлэглэн хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл, гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй гадаа орхисны улмаас хохирогч осгож нас барсан болох нь;

Шүүгдэгч Ж.Э /1хх-ийн 168-169, 210-211/, шүүгдэгч Ц.У /1хх-ийн 165-166, 225-226/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлмаа, гэрч Ц.Жамбалсүрэн /1хх-ийн 53-58/, насанд хүрээгүй гэрч Ж.Лхагварагчаа /1хх-ийн 59-61/, насанд хүрээгүй гэрч Б.Батбаатар /1хх-ийн 62/, насанд хүрээгүй гэрч Г.Ууганбаяр /1хх-ийн 70/, гэрч К.Күлсэн /1хх-ийн 86/, гэрч Ж.Мөнгөн /1хх-ийн 78-80/, гэрч Б.Батхүү /1хх-ийн 83-85/, гэрч Ө.Ганзориг /1хх-ийн 7/, гэрч Б.Бямбасүрэн /1хх-ийн 73-74, 75/, гэрч Ю.Балжирмаа /1хх-ийн 64-66/, шинжээч Э.Эрхэмбаяр /1хх-ийн 98-99, 100-101, 102 хуудас/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан 1974 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 131-132/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан 1975 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 146-147/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 2239 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 133-135/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 2317 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 154-156 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан 1665 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 148-153 хуудас/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан 40 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 92-93 хуудас/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан 29 дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлт /1хх-ийн 95-97 хуудас/,

Цогцосны гадна биед болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 26-40 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүхээс Ж.Э, Ц.У нарт оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Ж.Э нь 2020 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р баг Нямгэлэн гэх газар иргэн Б.Самданг зодож эрүүл мэндэд нь гэмтэл учруулсны улмаас Б.Самданд бусдын туслалцаа шаардлагатай амь нас, эрүүл мэндэд нь аюул учирсан нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Эрүүгийн хуулийн 15.2-р зүйлийн 2.2 хэсэгт зааснаар ял шийтгэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлмаагийн нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийн талаар гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/392 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрэлмаа, түүний өмгөөлөгч О.Баяраа, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын 2020 оны 9 сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 сарын 21-ний өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 120 /нэг зуун хорь// хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

3. Шүүгдэгч Ц.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ж.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.БОЛОРМАА

 

                   ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАА

 

                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭдэнэ