| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/02049/И |
| Дугаар | 183/ШШ2022/02098 |
| Огноо | 2022-06-29 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2022/02098
| 2022 оны 06 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2022/02098 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,* дүгээр хороо, * 2 хороолол, *дугаар байр, * тоотод оршин суух Б.Н /РД:ЧК*/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, * 2 хороолол, * байрны * тоотод оршин суух А.С/РД:ОЗ*/-т холбогдох
Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, шилжүүлсэн 18 411 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмэжлэгч Б.Н, өмгөөлөгч Б.Б,
хариуцагч А.С, өмгөөлөгч Б.Т,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Н хариуцагч А.Ст холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, гэрээгээр шилжүүлсэн 18 411 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: А.С нь 2007 онд миний дүү Д.Гтай гэр бүл болж дундаасаа Г.М, Г.А нар төрсөн. 2015 оны 9 сард А.С байрны урьчилгаанд орох гэсэн цалингийн зээлтэй болохоор болохгүй байна гэсэн. Би 2 300 000 төгрөгийг шилжүүлсэн. Ипотекийн зээлийн урьдчилгаа болох 16 111 000 төгрөг 30 хувийг бэлэглэлийн гэрээгээр өгсөн. Би А.С Б.Г нарыг сайхан амьдарч үр хүүхдээ зөв боловсон хүмүүжүүлж өсгө гэж бодож өгсөн. Гэтэл А.С гэр бүлийн гадуур харилцаатай болж завхайрч намайг маш ихээр гомдоож доромжилсон. Миний дүүг хөдөө ажилтай байх хооронд гэр бүл салалтаа шийдвэрлэж орон байраа шилжүүлж авсан. Үүний би 2022 оны 4 сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас түлхүүр нэхэж авах гээд мэдсэн. Юу болов гээд бэр дүү болох А.Стэй ярих гэтэл утсаа авахгүй хараал хийдэг балай авгай гэх мэтээр доромжилж ирж уулзаагүй. Иймд 18 411 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Би Б.Н эгчид баярлаж явдаг, энэ хүнд гомдох юм байхгүй. Гэхдээ би их хичээсэн, амьдралынхаа төлөө их зүтгэсэн, энэ хүн мэдэж байгаа. Б.Г бид хоёрын хувьд таарч тохирхгүй болоод л гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед байрны урьдчилгаанд гээд бид хоёрт 16 111 000 төгрөгийг бэлэглэлийн гэрээгээр, 2 300 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдэгт маргахгүй. Гэхдээ би цалингийн зээл авч байрны 30 хувийг нэмж хийсэн. * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 06-ны өдрийн * дугаар шийдвэрээр Б.Г бид хоёр гэрлэлтээ цуцлуулж, орон сууцны өмчлөлийг надад үлдээж, үл хөдлөх эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж дуусгасан боловч одоог хүртэл би гэртээ орж чадахгүй, 2 хүүхдийн хамт байр түрээслэж амьдарч байгаа. Тухайн үед бидний амьдралд нэмэр болгож өгсөн мөнгөө одоо ганц надаас авна гэдгийг зөвшөөрөхгүй. Би гомдоосон зүйл байхгүй, Б.Г бид хоёрын хоорондох асуудал энд хамааралгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс 2016.02.22 өдрийн Б.Нийн Д.Г, А.С нартай байгуулсан бэлэглэлийн гэрээ, холбогдох баримтууд, А.Сийн Хаан банкны дансны хуулга зэргийг ирүүлсэн. /хх-ийн 4-8/
4. Хариуцагчаас 2021 оны 10 сарын 06-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн * дугаар шийдвэр, 2016.02.22 өдрийн Б.Нийн Д.Г, А.С нартай байгуулсан бэлэглэлийн гэрээ зэргийг ирүүлсэн байна./хх-ийн 17-20/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Би А.С Б.Г нарыг сайхан амьдарч үр хүүхдээ зөв боловсон хүмүүжүүлж өсгө гэж бодож өгсөн. Гэтэл А.С гэр бүлийн гадуур харилцаатай болж завхайрч намайг маш ихээр гомдоож доромжилсон. ... гэж тайлбарласан.
3. Хариуцагч ...Гэр бүл салсан асуудал нэхэмжлэгчид хамааралгүй бөгөөд уг мөнгийг дан ганц надад өгөөгүй тул зөвшөөрөхгүй. гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Хэрэгт 2016 оны 02 сарын 22-ны өдрийн бэлэглэлийн гэрээг ирүүлсэн байх ба уг гэрээгээр Б.Н нь төрсөн дүү Б.Г болон бэр дүү А.С нарт орон сууц худалдан авахад зориулан орон сууцны төлбөрт 2015.09.10-ны өдөр 5 500 000 төгрөг, 2016.02.02-ны өдөр 10 611 000 төгрөг, нийт 16 111 000 төгрөгийг А.Сийн Хаан банкны ... тоот дансаар өгсөн нь үнэн болно. Дээрхи өгсөн нийт 16 111 000 төгрөгийг тусламж болгон бэлэглэж өгсөн. Хариу төлбөргүй, эргүүлэн буцаан авахгүй болно. гэсэн нөхцлийг зааж, тохиролцжээ./хх-ийн 20/
Талууд дээрх үйл баримтын талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ. гэжээ.
Бэлэг хүлээн авагч Б.Г, А.С нар нь 2007 оны 05 сард гэрлэлтээ бүртгүүлж, 2 хүүхдийн эцэг, эх болцгоон амьдарч байхдаа Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, * 2 хороолол, *байрны * хаягт байрлалтай орон сууцыг уг бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг урьдчилгаанд төлж, худалдаж авсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.
Харин гэрлэгчид нь 2021 оны 10 сарын 06-ны өдрийн * дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, дээрх орон сууцны өмчлөлийг А.С болон охин Г.М, хүү Г.А нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч А.Сээс 4 774 527 төгрөгийг гаргуулж, Б.Гт олгож шийдвэрлэсэн байх ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болсон байна.
Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгчийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн мөнгийн оролцуулж авсан хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд хуваарилсан байх ба гэр бүлийн нэг гишүүнээс уг мөнгийг шаардсан нь үндэслэлгүй байна.
5. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Б.Н нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр, А.Стэй байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар маргасан боловч бэлэг хүлээн авагч, бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үйлдэл хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй, нөгөө талаас бэлгийг эргүүлэн буцаан авахгүй байхаар шилжүүлсэн зэргээс нэхэмжлэл үндэслэлгүй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, 18 411 000 төгрөг гаргуулах хариуцагч А.Ст холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ