| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/0069/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/77 |
| Огноо | 2025-09-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******булган,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргал,
шүүгдэгч Ч.Б******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б*******д холбогдох эрүүгийн 2215003500059 дугаартай, 304/2025/0069/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Гүжир овогт Ч*******ын Б*******, Булган аймгийн Г******* суманд 1996 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* тоотод оршин бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхэд, ээж, дүү нарын хамт амьдардаг, 29 настай, эрэгтэй, урьд өмнө ял шийтгэлгүй, Гүжир овогт Ч*******ын Б******* РД:*******.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.Б******* нь Булган аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын цагдаагийн тасгийн ******* сумын цагдаагаар ажиллаж байх хугацаандаа С.О******* //-г 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодсон зөрчил илрүүлж, улмаар буюу 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэн С.О*******г хамран амьдрагч П.Бгийн хамт Булган аймгийн ******* сумын цагдаагийн хэсэг дээр дуудан ирүүлж С.О*******гийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байна гэж ойлгуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж П.Бгаас албан тушаалын байдлаа ашиглан өөрийн Хаан банкны дугаарын дансаар 200,200 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215003500059 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ч.Б******* нь Булган аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын цагдаагийн тасгийн ******* сумын цагдаагаар ажиллаж байх хугацаандаа С.О******* //-г 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодсон зөрчил илрүүлж, улмаар буюу 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэн С.О*******г хамран амьдрагч П.Бгийн хамт Булган аймгийн ******* сумын цагдаагийн хэсэг дээр дуудан ирүүлж С.О*******гийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байна гэж ойлгуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж П.Бгаас албан тушаалын байдлаа ашиглан өөрийн Хаан банкны дугаарын дансаар 200,200 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1.Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Бий өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:
1. Хохирогч П.Бгийн өгсөн: “...Бийг ******* сумын цагдаа байснаар танина. Тухайн үед хамтран амьдрагч С.О******* мотоцикль жолоодож яваад цагдаад баригдсан байсан. Тэгээд маргааш өглөө нь би О*******гийн хамт Б******* цагдаатай очиж уулзсан. Тэгээд торгуулийн мөнгө 200,000 төгрөг тушаа гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө тэтгэврийн мөнгөнөөс 200,000 төгрөгийг Б******* цагдаагийн дансанд шилжүүлсэн. Би тухайн үед О*******гийн хамтран амьдрагч байсан. Одоо бол салсан. Мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүй явж байгаад цагдаад баригдсан юм шиг байна лээ. Би биечлэн очиж уулзан эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон гэж хэлж байсан... Б******* нь өнөөдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр миний Хаан банкны 5282067057 дугаарын данс руу 200,000 төгрөг шилжүүлж миний хохирлыг бүрэн барагдуулсан. Би хохирол мөнгөө бүрэн барагдуулаад авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 201-202, 243-244 дэх тал/,
2. Гэрч С.О*******гийн өгсөн: “…Би Булган аймгийн ******* сумын төвд амьдарч байхдаа *******т хотоос 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шинэ мотоцикл худалдаж аваад хариу буцаад ******* сум руу танил Буянгын Гыг /*******т хотод амьдардаг гэх утас 9/ сундалдаад тус сумын төвөөр дайраад хөдөө гэр лүү явах гэж байхад сумын цагдаа Ч.Б******* намайг зогсоон шалгасан. Тэр намайг мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож байна гэж хэлээд таныг Зөрчлийн тухай хуулиар 200,000 торгон гэж хэлсэн. Би тухайн үед түүнд хандан надад одоо мөнгө байхгүй байна, би маргааш торгуулийн мөнгө хийчхэж болох юм уу гэж хэлэхэд тэр надад хандан та манай нутагт амьдарч байгаа, би таныг таньж байна, мөн хэнийд байгааг мэднэ, та торгуулийн мөнгийг маргааш хийгээрэй гэж хэлээд явуулсан. Би тэр өдрөө хөдөө гэрт очиж хоносон. Маргааш нь гэрт байж байтал хэсгийн цагдаа Ч.Б******* нь миний эхнэр /гэрлэлт батлуулаагүй, хамтран амьдарч байсан/ Бгийн 99 дугаар луу залгасан. Одоо түүний залгасан дугаарыг санахгүй байна. Гэхдээ өөрийнх нь дугаар гэж байсан. Ч.Б******* миний эхнэрийн гар утсаар надтай дамжуулж яриад намайг эхнэр Бгийнхаа хамтаар хэсгийн цагдаагийн байранд хүрээд ир гэсэн... Ч.Б*******тай эхнэр бид хоёр очиж уулзахад тэр та 200,000 төгрөгийг авч ирсэн үү гэж асуусан. Тэгэхээр нь мөнгө бэлэн байна гэж би хэлсэн. Тэгэхэд Ч.Б******* нь энэ данс руу наад торгуулийн 200,000 төгрөгийг хий гэж хэлээд нэг Хаан банкны дансны дугаар бичиж өгсөн. Уг дансны дугаарыг Ч.Б******* нь бичиж өгөхөөр нь эхнэр бид хоёр сумын төвд байх Хялганатын Хаан банканд 200,000 төгрөгийг уг данс руу нь торгууль гэх утгаар тушааж хийсэн. Торгуулийн мөнгийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн ба тус торгуулийг хийсэн данс нь Ч.Б******* гэх нэртэй байсан. Тэгэхээр нь төрийн сангийн данс руу хийх ёстой доо гэж бодож байгаад хийж байсан. Мөнгө хийсний дараа Ч.Б*******тай уулзахгүйгээр хөдөө гэр лүүгээ явсан. Тэр явдлаас хойш бодоод байхад Ч.Б******* нь надад ямар нэгэн байдлаар торгуулийн хуудас өгөөгүй, байцаалт авч гарын үсэг зуруулаагүй, Зөрчлийн хэрэг нээсэн талаарх ямар нэгэн баримтгүйгээр Ч*******ын Б******* гэх данс руу мөнгө хийлгэж авсан болохоор тэр уг мөнгийг өөрөө завшсан байж магадгүй гэж үзсэн. Тэгээд Булган аймгийн төвд явж байхдаа Төрийн сангийн хэлтсийн Г.Г гэх мэргэжилтнээр миний нэрээр ******* сумаас Төрийн сангийн дансанд 2021 оны 09 дүгээр сард торгуулийн 200,000 төгрөг орсон байна уу гэж асууж, шүүлгэж үзэхэд миний нэрээр ямар нэгэн байдлаар торгуулийн мөнгө ороогүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь тус аймгийн Прокурорын газарт энэ асуудлыг шалгуулахаар гомдол гаргаж өгсөн. Энэ асуудлыг сайтар шалгаж, Ч.Б******* надаас авсан 200,000 төгрөгийг торгуульд хийсэн эсэхийг тогтоож өгнө үү. Ч.Б******* нь сумын цагдаа, зөрчил гаргасан хүнийг торгох эрх бүхий албан тушаалтан. Тэр утгаараа намайг торгож байна гэж үзсэний улмаас түүний хэлснээр, бичиж өгсөн дансанд нь 200,000 төгрөгийг хийсэн. Хэрэв тэр зүгээр нэг иргэн байсан бол би юу гэж хэлснээр нь торгууль гэж мөнгө өгөх билээ дээ... Ч.Б******* намайг Зөрчлийн тухай хуулиар торгож байна гэж хэлсэн тул би түүний хэлснээр бичиж өгсөн данс руу нь 200,000 төгрөгийг тушаасан. Түүнээс биш уг мөнгийг түүнд хахууль, шан харамж болгон өгсөн удаа байхгүй... Миний зүгээс ямар нэг хохирол байхгүй, П.Б өөрийн мөнгөнөөс 200.000 төгрөгийг тушаасан тул хохирогч нь П.Б юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
3. Гэрч Г.Ггийн өгсөн: “...миний одоо санаж байгаагаар 2022 оны 09-р сард байх С.О******* гэх хүн ирж уулзаад торгуулийн мөнгийг маань цагдаа өөрийнхөө дансанд хийлгээд авсан юм. Тэр мөнгийг маань торгуулийн дансанд миний нэрээр тушаагдсан байна уу гэж надаас лавлаж асуусан. Тэгээд би 2021 оны 09 сараас 2022 оны 09 сар хүртэл шүүж өгөхөд Сайндайгийн О******* гэж хүний нэрээр тушаагдсан гүйлгээ олдоогүй. Тухайн хүнд гүйлгээ хийгдээгүй талаар хэлж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 115-117 дахь тал/,
4. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Б.Балдандоржийн цахим санд үзлэг хийсэн: “... Прокурорын байгууллагын цахим бүртгэлийн нэгдсэн системд нэвтрэн оров. Уг системээс С.О******* гэх нэр, гэх регистрийн дугаараар хайлт хийхэд уг иргэнтэй холбоотой зөрчил, хэрэг, гомдол бүртгэгдээгүй талаар илэрч гарч байв...” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал,
5. 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Бгаас гэх утгатай 200,200 төгрөг” шилжүүлсэн тухай Ч*******ын Бийн эзэмшлийн Хаан банкин дахь дугаарын дансны хуулга, орлогын мэдүүлгийн баримтын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 8 дахь тал/,
6. Булган аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06/1479 дугаартай Булган аймгийн төрийн санд бүртгэлтэй торгуулийн орлогын , тоот дансны хуулгыг шалгаж үзэхэд Сайндайгийн О******* //-ийн нэр дээр 200,000 төгрөгийн орлого орж ирээгүй байна албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 76 дахь тал
5. Яллагдагч Ч.Бий өгсөн: “... Би Булган аймгийн ******* сум дахь сум дундын цагдаагийн тасгийн ******* сумын цагдаагаар ажиллаж байхдаа эргүүл хийж байхад 2021 онь 09 дүгээр сарын 08-ны манай суманд оршин суудаг О******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодож яваад надад баригдсан уг иргэнийг согтуу байсан учраас О*******г эхнэр Бд нь хүлээлгэж өгч байсан. Тэгсэн маргааш нь эхнэр Б нь манай цагдаагийн кабон дээр ирчхээд манай хүнийг "баривчилгаанд явуулахгүйгээр 200,000 төгрөгөөр нь торгоод явуулчхаач манайх О*******гээс өөр мал маллах хүн байхгүй" гэж гуйгаад байхаар нь 200,000 төгрөгөөр торгоод албаны цагаан өнгийн Приус 11 маркийн машины урд дугуй, болон 5 булыг янзлуулсан. Би энэ торгуулийн 200,000 мянган төгрөгийг өөрийн хаан банкны тоот дансаар авсан. П.Б нь тухайн үед над руу 200.200 төгрөг шилжүүлсэн. Би хохирол мөнгөө бүрэн барагдуулаад мөнгө шилжүүлсэн баримтыг хэрэгт хавсаргуулсан байгаа...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 32-33 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,
Шүүгдэгч Ч.Б******* нь Булган аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын цагдаагийн тасгийн ******* сумын цагдаагаар ажиллаж байх хугацаандаа С.О******* //-г 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодсон зөрчил илрүүлж, улмаар буюу 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэн С.О*******г хамран амьдрагч П.Бгийн хамт Булган аймгийн ******* сумын цагдаагийн хэсэг дээр дуудан ирүүлж С.О*******гийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байна гэж ойлгуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж П.Бгаас албан тушаалын байдлаа ашиглан өөрийн Хаан банкны дугаарын дансаар 200,200 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ч.Б******* нь тухайн үед сумын цагдаагаар ажиллаж байсан нь Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар тогтоогдож байх ба тэр С.О*******г “эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодсон зөрчил илрүүлж, С.О*******гийн хамтран амьдрагч П.Бгаас 200,000 төгрөгийг шилжүүл ” гэж хэлсэн нь албан тушаалын байдлаа ашиглаж бусдад итгэл төрүүлсэн байдал байх бөгөөд мөнгийг авч буцаан төлөхгүйгээр хувьдаа авч өөрийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан прокуророос түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.Б******* өөрийн албан тушаалын байдлаа ашиглан мөнгө олох гэсэн шунахайн сэдэлттэй үйлдэл болно.
Шүүгдэгч Ч.Б******* залилах гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч П.Бгийн мэдүүлэг, гэрч С.О*******, Г.Г нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Б*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Иймд шүүгдэгч Ч.Б******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ч.Б******* нь 200,000 төгрөгийн хохирлыг П.Бд шилжүүлсэн баримт хэрэг авагдсан байна /2 дугаар хавтаст хэргийн 9 дэх тал/
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.Б******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ч.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч Ч.Б******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 131 дүгээр хуудас дахь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” -аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 131-139 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ч.Б******* нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* тоотод оршин суудаг, ам бүл 5, эхнэр, хүүхэд, ээж, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: Шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргалаас: Шүүгдэгч Ч.Б******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 24 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэв.
Шүүхээс: Шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглан, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Бийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялын нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгийг 03 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Б*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гүжир овогт Ч*******ын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Бийг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б*******д оногдуулсан 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Б*******д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ