| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/0129/э |
| Дугаар | 2025/ШЦТ/139 |
| Огноо | 2025-05-02 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сартуул овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000156 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, “*******” авто засварын газарт засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Сартуул овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* ******* нь 2025 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотоос “” авто зогсоол хүртэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Сартуул овогт ******* ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт байх ******* хорооллоос тус багт байрлах “” авто зогсоол хүртэл улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ын “...2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 22 цагийн орчимд хамт ажилладаг гэдэг ахтай хамт ажлаасаа буугаад гэрийн гадаа очоод нэг шил 0,5 литрийн Экс нэртэй архи хувааж уусан. Ингээд архиа ууж дуусаад 2025 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 00 цаг өнгөрөөгөөд ах “гэр рүүгээ харина, машин дээр хүргээд өг” гэхээр нь ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотоос өөрийн улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод Станцын зогсоол хүртэл машинаа бариад ахын машин дээр очсон. Тэгтэл станцын хамгаалагч нар гарч ирээд бичиг баримтаа шалгуул гэж хэлсэн чинь ах тэд нартай хэрэлдсэн. Улмаар хамгаалагч нар цагдаа дуудсан. ...Би 2024 оны 06 дугаар сард Дундговь аймгийн шүүхээр орж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч “...Би 2025 оны 03 дугаар сарын 24-ний 00 цагаас 08 цагийн хугацаанд шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 01 цагийн үед жижүүрийн 7058102 дугаарын утаснаас “станц руу яваад очоорой, согтуугаар жолоодсон тээврийн хэрэгсэл саатуулаад байна” гэсэн дуудлага мэдээллийг өгсөн. Дуудлагын дагуу очиход Дотоодын цэргийн харуулын дарга, дэслэгч нь улсын дугаартай тээврийн хэрэгслийг станцын зогсоол дээр ирэх үед нь шалгахад жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тээврийн хэрэгслээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байсан тул жижүүрт мэдэгдсэн байсан. Дуудлагын дагуу очиход улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл байсан бөгөөд тээврийн хэрэгслийн жолоон дээр сууж байсан иргэн *******ыг согтуурал шалгах багажаар шалгахад 1,62 хувьтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хаанаас хаа хүртэл тээврийн хэрэгслээ жолоодсон талаар асуухад ******* сумын 1 дүгээр баг, Улаанхудагаас станцын зогсоол хүртэл тээврийн хэрэгслээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон ба хамт явж байгаа хүнээ буулгах гээд машинаа жолоодчихлоо гэж хэлсэн. Ингээд регистрийн дугаараар нь шүүж үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 7/, *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 20/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******ын амьсгал дахь спиртийн агууламж 1,62 промиль гарсан болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр нотлогдон тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ******* Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 1 жилээр хасуулсан хугацаандаа буюу 2025 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг тус тус хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суудаг, ******* суманд байрлах “*******” авто засварын газарт засварчнаар ажилладаг тул шүүгдэгч *******ыг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА