Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 133/ШШ2022/00333

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: Ц-А-К ХЗХ-нынэхэмжлэлтэй,

 

хариуцагч: 0 тоотод оршин суух, Ж овогт Т-ын Ц,

 

хариуцагч: 0 тоотод оршин суух, Б овогт Д-ийн Бнарт холбогдох,

 

үндсэн зээлийн төлбөр 4,904,202 төгрөг, зээлийн хүү 7,503,428 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 12,437,630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагч Т.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Х.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц-А-К ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц-А-К ХЗХ нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэн Т овогтой Ц-тэй №085 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулж, 5,000,000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай нотариатаар гэрээг батлуулан олгосон. Т.Ц нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 223,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 40,500 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 223,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 223,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 471,473 төгрөг, нийт 1,180,973 төгрөг төлсөн. Зээлийн хугацаа хэтэрсэн өдрөөс хойш удаа дараа шаардсан боловч одоог хүртэл төлөөгүй байна. Зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр 4,904,202 төгрөг, зээлийн хүү 7,5023,428 төгрөг, тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт төлбөр 12,437,630 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 213,952 төгрөг байгаа тул Т.Ц, Д.Б нарын зээлийн гэрээний дагуу барьцаа хөрөнгө болон бусад орлого, бусад хөрөнгийн эх үүсвэрээс гаргуулах хүсэлтэй байна. Иймд бүрдүүлсэн материалыг үндэслэн иргэн Т.Ц-ээс зээлийн үндсэн төлбөр 4,904,202 төгрөг, зээлийн хүү 7,503,428 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт төлбөр 12,437,630 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 213,952 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагаас 2019 оны 02 дугаар сарын 25-нд 5,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, жилийн 60 хувийн хүүтэй авсан. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 28-нд 223,000 төгрөг хүүгээс нь төлөгдсөн. 2019 оны 03 дугаар сарын 29-нд үндсэн зээлээс 40,500 төгрөг  төлөгдсөн. 2019 оны 04 дүгээр сарын 25-нд  223,000 төгрөг төлсөн, 2019 оны 05 дугаар сарын 30-нд 223,000 төгрөгийг төлсөн, 2019 оны 06 дугаар сарын 27-нд 471,473 төгрөгийг төлсөн. Энэ 06 дугаар сарын 27-ны өдрөөс хойш ямар ч зээл төлөгдөөгүй бараг 4 жил болж байна. 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хүүг нэхэмжилсэн. 2022 оны хүү огт ороогүй. Гэрээний дагуу зээлээ төлсөн бол хүү үндсэн зээлээрээ төлөгдөх байсан. Гэрээний дагуу төлж яваагүй хугацаа хэтрэлттэй явж байсан учраас хүү өдөр тутам бодогдоод явж байгаа гэв.

3. Хариуцагч Т.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төрбат овогтой Цоггэрэл нь 2019 оны  02 дугаар сарын 25-нд Ц-А-К ХЗХ-оос 5,000,000 төгрөгийг гэрээ хийн авсан. Гэвч 2019 оны 12 дугаар сард зээлээ төлж дуусган хаахаар очтол нийт төлөх төлбөр 10,200,000 төгрөгөөр хаагдахаар байна гэхээр нь тэгж төлөх боломжгүй гээд өдий хүрсэн. Иргэн Байгалмаа 500,000 төгрөг, үндсэн зээлдэгч миний бие 4,500,000 төгрөгийг тус тус авсан. Иймд үндсэн зээлээс давсан хүүг төлөх боломжгүй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэв.

4. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар:

-2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №085/ЗГ дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №85/БГ дугаартай барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Дансны хуулга зэргийг ирүүлжээ.

 

5. Хариуцагч талаас нотлох баримт гаргаж ирүүлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

6. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Ц-А-К ХЗХ /ХЗХ гэх/-ны нэхэмжлэлийн шаардлагыгн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

7. Ц-А-К ХЗХнь хариуцагч Т.Ц, Д.Б нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 4,904,202 төгрөг, зээлийн хүү 7,503,428 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 12,437,630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

8. Талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр №085/ЗГ дугаартай зээлийн гэрээ байгуулж 5.000.000 /таван сая/ төгрөгийг өгч, авалцсан ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Энэхүү гэрээ нь хэлбэр болон агуулгын хувьд хууль зөрчөөгүй байх тул хүчин төгөлдөр гэрээ байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан зээлийн гэрээнд 3.1.2-т сарын 5 хувиар хүү, 3.1.3-т нэмэгдүүлсэн хүү тооцохоор заажээ. Мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д ...барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй гэж заажээ.

 

9. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг, 452 дугаар зүйлд зааснаар хүү, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

 

10. Зээл, хүүгийн төлбөр 12,437,630 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын өргөдөл гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Ц-А-К ХЗХнь хариуцагч Т.Ц, Д.Б нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 4,904,202 төгрөг, зээлийн хүү 7,503,428 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 12,437,630 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагч Т.Ц нь уг зээлийн гэрээний дагуу 5.000.000 төгрөгийг зээлээр авсан эсэх талаар маргаагүй, мөн үндсэн зээлийн 4,904,801.80 төгрөгийн үлдэгдэл төлбөр дээр маргаагүй бөгөөд харин хариуцагч тал зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргажээ.

 

Ц-А-К ХЗХ-аасТ.Ц, Д.Б нар нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр №085/ЗГ дугаартай зээлийн гэрээгээр ...5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувь, жилийн 60 хувийн хүүтэй авахаар тохиролцсон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Т.Ц нь зээлийн гэрээ байгуулснаас хойш буюу 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 223,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 40,500 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 223,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 223,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 471,473 төгрөг төлсөн нь зээлийн дансны хуулгаар нотлогдож байх бөгөөд уг үйл баримтаар талаар зохигч маргаагүй.

 

Хэдийгээр зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байгаа, зээлдэгч хэтэрсан хугацааны хүүг шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч “Цаст Алтай Капитал” ХЗХ нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Т.Ц, Д.Б нарыг зээлээ төлөхийг шаардсан, гэрээг цуцлах санал гаргасан, мэдэгдсэн, шаардах эрхээ хэрэгжүүлсэн талаарх баримт хэрэгт байхгүй буюу энэ байдал баримтаар тогтоогдохгүй байгаа нь зээлдэгч нарын нөхцөл байдал хүндрэх, хүү нэмэгдэх нөхцөл болсон гэж үзэхээр байна.

 

Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр, зээлийн гэрээний хугацааны хүүг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад төлсөн хураамж 30.000 төгрөг нэхэмжилжээ. Энэхүү шаардлага нь зээлдэгч үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор гарсан нэмэлт зардал байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасны дагуу зардлыг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

12. Иймд зээлдэгчийн сүүлийн төлөлт хийсэн өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тооцож, хариуцагч Т.Ц, Д.Б нараас зээл 4,904,201.80 төгрөг, хүү 1,898,906.9 төгрөг, эвлэрүүлэн зуучлах төвийн өргөдлийн хураамж 30,000 төгрөг, нийт 6,833,108.7 /зургаан сая найман зуун гурван мянга нэг зуун найман төгрөг долоон мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц-А-К ХЗХ-д олгож, нэхэмжлэлээс 5,604,521.3 /таван сая зургаан зуун дөрвөн мянга таван зуун хорин нэг төгрөг гурван мөнгө/төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Харин зээлийн гэрээний дагуу үүргийг барьцаа хөрөнгөөр гаргуулах шаардлагын тухайд

 

Талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №85/БГ дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан байх ба уг барьцааны гэрээний барьцааны зүйл нь 247027 гэрчилгээний дугаартай, 5214 УНХ улсын бүртгэлийн дугаартай Sonata 7 маркийн авто машин, 529904 гэрчилгээний дугаартай, 060711144 улсын бүртгэлийн дугаартай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4-р баг, Харзат нутагт орших орон сууцны газар байна. Уг машин, газар нь хэний өмчлөл, эзэмшлийнх болох, гуравдагч этгээдийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэх, гуравдагч этгээдийн өмчлөлийнх бол батлан даалтын зэрэг гэрээ хийгдсэн эсэх нь гэрээн дээр тодорхойгүй, хэрэгт энэ байдлыг тодорхойлох тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гэрээ зэрэг баримтгүй байна.

 

Тодруулбал Т.Ц болон Д.Б нарын өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдохгүй байна. Гуравдагч этгээдийн хөрөнгийг барьцаалах тохиолдолд тухайн өмчлөгч этгээдтэй болон түүний итгэмжлэгдсэн этгээдтэй барьцааны гэрээ байгуулах бөгөөд хариуцагч Т-ын Ц, Д-ийн Б нар нь 247027 гэрчилгээний дугаартай, 5214 УНХ улсын бүртгэлийн дугаартай Sonata 7 маркийн авто машин, 529904 гэрчилгээний дугаартай, 060711144 улсын бүртгэлийн дугаартай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4-р баг, Харзат нутагт орших орон сууцны газар зэргийг барьцаанд тавих эрхтэй буюу уг барьцааны гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрлөөр хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ болох нь эргэлзээтэй байна.

 

Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

13. Уг хэргийг хянан хэлэлцэх 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутын шүүх хуралдааны товыг хариуцагч Д.Б-д 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүгчийн туслах 88731125 дугаарын утсаар холбогдож мэдэгджээ.

                                                       

Шүүх хуралдаанд оролцох нь хэргийн оролцогчийн эрх тул шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг тэдгээрт мэдэгдэх үүргийг шүүх хүлээх бөгөөд нэхэмжлэгчид зохих журмын дагуу хурлын товыг мэдэгдсэн байх бөгөөд хариуцагч Д.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлээгүй, хүрэлцэн ирээгүй шалтгаан тодорхой бус байх тул шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал болон хариуцагч Т.Ц, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдааныг үргэлжлүүлж, түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаах хүсэлт гаргасан тул хариуцагч Д.Б-г оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213,952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 6,833,108.7 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 124,280 төгрөгийг хариуцагч Ж овогт Т-ын Ц, Б овогт Д-ийн Б нараас гаргуулан нэхэмжлэгч “Ц- А-К” ХЗХ-нд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч Ж овогт Т-ын Ц, Б овогт Д-ийн Б нараас үндсэн зээлийн төлбөрт 4,904,201.80 төгрөг, хүүгийн төлбөрт 1,898,906.9 төгрөг, эвлэрүүлэн зуучлах төвийн өргөдлийн хураамж 30,000 төгрөг, нийт 6,833,108.7 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ц- А-К” ХЗХ-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зээлийн хүүд 5,604,521.3 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213,952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 6,833,108.7 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 124,280 төгрөгийг хариуцагч Ж овогт Т-ын Ц, Б овогт Д-ийн Б нараас гаргуулан нэхэмжлэгч “Ц-А-К” ХЗХ-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                      Ц.ҮЙТҮМЭН