Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

            нарийн бичгийн дарга                   М.Баярмэнд,                     

            улсын яллагч                                   Ч.Энхжаргал,

            шүүгдэгч                                           Ж...,

            шүүгдэгчийн өмгөөлөгч                     Б... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Завхан аймгийн прокурорын газрын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж... холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.            

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн ... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, одоо өндөр насны тэтгэвэрт байгаа, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ... сумын .... баг .... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ... овогтой ... /регистрийн дугаар: .../

Шүүгдэгч Ж.... нь Завхан аймгийн .... сумын хүүхдийн .... дүгээр цэцэрлэгийн ... ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр, өөртөө эдийн засгийн давуу байдал олгох зорилгоор 2022 оны 06, 07 дугаар сарын цалинг тооцож олгохдоо үйлчлэгч Б..., туслах тогооч Б... нараас 1.000.000 /нэг сая / төгрөг,  2023 оны 06 дугаар сарын цалинг тооцож олгохдоо нь тус сард ажлын 21 хоног ажиллаагүй буюу ажил үүрэг гүйцэтгээгүй туслах тогооч Б..., туслах багш Д..., Б..., С..., үйлчлэгч Б... нараас 2.033.000 /хоёр сая гучин гурван мянга/ төгрөг, нийт 3.033.000 /гурван сая гучин гурван мянга/ төгрөгийг 21 хоног ажилласан мэтээр цагийн бүртгэлийг хөтөлж, цагийн тооцоо гаргаж, нярваар гарын үсэг зуруулан, үндсэн цалинг илүү тооцон олгох нөхцөлийг бүрдүүлж, цалинг тооцуулж, дээрх ажилтнуудаас “илүү цалин бодогдсон, буцаан өг” гэсэн шаардлага тавьж, өөрийн болон төрсөн дүүгийнхээ Хаан банкны дансаар, бэлнээр хүлээн авч, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ж... холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                           

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг  гэм буруутайд тооцсон талаар:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д... шүүх хуралдааны товыг мэдэгдсэн.           

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох талаараа бичгээр хүсэлт гаргаагүй  тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг  оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ... овогтой ... нь Завхан аймгийн ... сумын хүүхдийн ...-р цэцэрлэгийн ... ажиллаж байхдаа буюу  2022 оны 06 дугаар сард үйлчлэгч Б..., тогооч Б... нар тухайн сарын ажлын хоногуудад бүрэн ажиллаагүй байхад ажлын 21 хоног ажилласан гэж цалингийн тооцоог бодож Б... дансанд орсон 6 сарын цалингаас 700,000 төгрөгийг, туслах тогооч Б... 300,000 төгрөгийг тус тус өөртөө буцаан шилжүүлж авсан.

Мөн 2023 оны 06 дугаар сард үйлчлэгч Б..., туслах тогооч Б...,  туслах багш Б..., Д..., С... нарыг тухайн сарын ажлын хоногуудад бүтэн ажиллаагүй байхад  ажлын 21 хоног ажилласан гэж цалин олгож олгогдсон цалингаас буюу Б... 255,000 төгрөгийг, Б... 260,000 төгрөгийг, Б... 500,000 төгрөгийг, Д... 500,000 төгрөгийг, С... 518,000 төгрөгийг буцаан өөрийн дансаар болон Б..., Ж... нарын дансаар, мөн бэлнээр шилжүүлэн авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах баримтуудаар тогтоогдсон байна. Тухайлбал:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д... "...Цэцэрлэгийн багш, ажилчдад олгосон цалинг буцаан авч өөр үйл ажиллагаанд зарцуулж болохгүй. Энэ үйлдэл нь Төсвийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж байгаа явдал юм. Завхан аймгийн ... сумын ... дүгээр цэцэрлэгийн багш ажилчдын цалинг илүү бодож буцаан авсан үйлдэл нь тухайн багш ажилчдын буруутай үйлдэл бол биш бөгөөд ямар нэгэн албан тушаалтны буруутай үйл ажиллагаа юм. Тиймээс ажилчдад олгосон илүү цалингийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар болон үндсэн цалинг нэхэмжлэх шаардлага байхгүй. Харин буруутай албан тушаалтны учруулсан бодит хохирол болох буцаасан мөнгийг нэхэмжлэх болно...” гэсэн мэдүүлгээр,

Ж...  данс руу 2022 оны 6 дугаар сард 700,000 төгрөгийг, 2023 оны 06 дугаар сард 255,000 төгрөгийг шилжүүлсэн тухайгаа шууд тусган мэдүүлсэн гэрч Б... “...Би өөрийн ... Төрийн банкны ... дугаарын данснаас 2022.07.07-ны өдөр 700,000 төгрөгийг Ж... хаан банкны ... дугаарын дансанд шилжүүлсэн. Түүний дараа 2023.06.19-ний өдөр Хас банкны данснаас 255,000 төгрөгийг Ж... данс руу шилжүүлсэн байна. Би 2023 оны 06 дугаар сард нийт ажлын 11 хоног ажилласан. Тэгэхэд ажлын 21 хоног ажилласан гэж цалин бодсон бөгөөд эрхлэгч Ж... нь илүү бодсон мөнгийг миний данс руу хийчих гээд 255,000 төгрөг шилжүүлж авсан. Би бол эрхлэгч Ж... мөнгө зээлж байгаагүй мөн бараа бүтээгдэхүүн авч байгаагүй...” гэсэн мэдүүлгээр,

Ж... хэлснээр Б... гэх хүний данс руу 500000 төгрөг шилжүүлсэн тухайгаа шууд тусган мэдүүлсэн гэрч Б...  “...2023 оны 06 дугаар сард...өөрийн Хас банкны ... дугаарын данснаас Хаан банкны ... гэсэн ... гэсэн данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. Энэ дансыг эрхлэгч Ж... надад өгсний дагуу шилжүүлсэн. Би 2023 оны 06 дугаар сард нийт ажлын 11 хоног ажилласан. Тэгэхэд ажлын 21 хоног ажилласан гэж цалин бодсон бөгөөд эрхлэгч Ж... илүү бодсон мөнгө гээд 500,000 төгрөг шилжүүлж авсан.  Би бол эрхлэгч Ж... мөнгө зээлж байгаагүй мөн бараа бүтээгдэхүүн авч байгаагүй...” гэсэн мэдүүлгээр,

Ж... 500,000 төгрөг буцаан шилжүүлсэн тухайгаа мэдүүлсэн гэрч Д... “...Би Завхан аймгийн ... сумын ... дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан. 2023 оны 06 дугаар сард бүгд адилхан ажлын 6 хоног ажиллаад амарсан санагдаж байна.  2023 оны 06 дугаар сард лав би ажлын 21 хоног ажиллаагүй. Тухайн үед эрхлэгч ... нь цалин дээр илүү цаг бичсэн байгаа цэцэрлэгийн өрөнд өгөх ёстой гээд надаас 500,000 төгрөг бусдын данс руу шилжүүлж авсан. ... Тэгээд амралтын мөнгө орж ирээд ... эрхлэгчийн хэлснээр 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр би Хас банкны данснаас шилжүүлсэн байгаа. Миний санаж байгаагаар 14 хоногийн цалин илүү бичсэн гээд 500.000 төгрөг авсан. Тэгэхээр тухайн 1 өдрийн цалин 37.000 төгрөг байсан санагдаж байна. .. багш надад хэлэхдээ 14 хоногийн цалин 518.000 гэж хэлж байсан. Би болохоор 500.000 төгрөг шилжүүлсэн. Би бол эрхлэгч Ж... мөнгө зээлж байгаагүй...” гэсэн мэдүүлгээр,

Ж... хэлснээр 2022 оны 06 дугаар сард түүний дүү Ж... 300,000 төгрөгийг бэлнээр, 2023 оны 06 дугаар сард Ж...  данс руу 260,000  төгрөг шилжүүлэн   өгсөн тухайгаа мэдүүлсэн гэрч Б... “...Би Завхан аймгийн ... сумын ... дүгээр цэцэрлэгт туслах тогоочоор ажилладаг... 2022 оны 06 дугаар сард миний Төрийн банкны ... дугаарын дансанд амралтын мөнгө орж ирэхэд цалин дээр илүү мөнгө бодсон байгаа гээд 300.000 төгрөгийг би бэлнээр авч, Ж... даргын дүү болох барилгын материалын худалдаа эрхэлдэг ... бэлнээр өгсөн... Тэгээд 2023 оны 06 дугаар сард бүх аж ахуйн ажилчид адилхан 11 хоног ажиллаад амарсан. 2023 оны 06 дугаар сард би лав ажлын 21 хоног ажиллаагүй. Тухайн үед эрхлэгч ... нь цалин дээр илүү цаг бичсэн байгаа цэцэрлэгийн өрөнд өгөх ёстой гээд надаас 9 өдрийн 260,000 төгрөгийг буцааж өг гээд би өөрийн Төрийн банкны данснаас эрхлэгчийн дүү ... Хаан банкны данс руу шилжүүлж байсан. Би бол эрхлэгч Ж... мөнгө зээлж байгаагүй мөн бараа бүтээгдэхүүн авч байгаагүй...” гэсэн мэдүүлгээр,

Ж... данс руу 518,000 төгрөг шилжүүлсэн тухайгаа мэдүүлсэн гэрч С... “...Завхан аймгийн ... сумын ... дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ж... нь над руу утсаар яриад 2023 оны 06 дугаар сарын цалин дээр 14 хоногийн мөнгө илүү бодож хийсэн байгаа. Хоолны мөнгө төлөх учир буцааж миний данс руу хий гээд над руу дансны дугаараа явуулсан учир 518,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлгээр,

2023 оны 06 сарын ажлын цагийн тооцоог эрхлэгч Ж... гаргасан тухай мэдүүлсэн гэрч У... “...Би 2023 оны 05 дугаар сард ... дүгээр цэцэрлэгийн нярвын орон тоон дээр ажилд ороод 2023 оны 06 дугаар сард бүтэн ажилласан. Би нярваар ажиллах хугацаандаа ажилчдын цагийн тооцоог жижүүрийн бүртгэлээс гаргаад эрхлэгч Ж... танилцуулахад эрхлэгч өөрөө хянаж засаад гарын үсэг зурж баталгаажуулдаг байсан. Би ажилд ороод удаагүй учир эрхлэгч Ж... өөрөө цагийн тооцоо, нэмэгдэл урамшууллыг тооцдог байсан. ... сумын ... дүгээр цэцэрлэгийн багш ажиллагсдын 2023 оны 06 дугаар сарын ажлын тооцооны хуулбарыг харлаа. Энэ зурагдсан гарын үсэг бол миний гарын үсэг мөн байна. Цэцэрлэгийн жижүүрүүд бол 21 хоног ажилласан. Би өөрөө бас ажилласан. Бусад баг ажилчид яг хэд хоног ажилласан талаар санахгүй байна. ... сумын ... дүгээр цэцэрлэгийн багш ажиллагсдын 2023 оны 06 дугаар сарын ажлын тооцоог эрхлэгч Ж... өөрөө гаргаад би гарын үсэг зурсан...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Б... “... Би ... дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэдэг бөгөөд тухайн цэцэрлэгийн эрхлэгч, нярваас ирүүлсэн цагийн тооцоогоор багш ажилчдын цагийн тооцоог бодож олгодог. 2022, 2023 онд ... дүгээр цэцэрлэгийн багш ажилчдын ээлжийн амралтын мөнгөнөөс 190,000-518,000 төгрөг өөр хүний данс руу буцаан авсан зүйл байхгүй. Тухайн саруудын цалинг ажлын цагийн тооцооны дагуу олгож гүйлгээг хийсэн. Цэцэрлэгийн багш нарын хичээл үйлдвэрлэлийн зардал нь хүүхдийн тооноос хамаараад янз бүр байдаг. Цэцэрлэгт хичээлийн жилд хичээл үйлдвэрлэлийн зардлыг 2 удаа олгодог. Энэ зардал нь багш бүрд тус тусдаа ордоггүй цэцэрлэгийн дансанд бөөн орж түүгээр нь сургалтын хэрэглэгдэхүүн авдаг. 2023 оны 06 дугаар сарын ажлын цагийн тооцоог баталгаажуулж ирүүлсний дагуу би цалинг бодож олгосон. ... дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ж... нь манай цэцэрлэгийн ажилчид ажилласан гэж хэлсний дагуу цалин бодсон. Тэрнээс С. .., Д...., Т...., Б... Н...., У...., Ж..., У..., Б..., Ч..., Б..., Б..., Д.Б.. нарын хэн нь хэд хоног ажилласан талаар бол мэдэхгүй нүдээр хараагүй...” гэсэн мэдүүлгээр,

2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн арилжааны  банкны дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэлийн “... ... нь  /АЮ ... ны Хаан банкны 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай лавлагааны хариугаар ... гэсэн дугаарын данснууд эзэмшдэг байна. 

...  /АЮ .../-ын Хаан банкны ... дугаарын дансны гүйлгээг шалгаж үзлэг хийхэд ...2023.06.23-ны өдрийн ... /.../-аас шилжүүлсэн 518000 төгрөг...” гэсэн хэсгээр

2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн арилжааны  банкны дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэлийн

 “ ... /... нь ....,

... ... /...., ........ /...., ....

.....тус тус эзэмшдэг байв...

.... /.../-ын ХААН  банкны ....   дугаарын данснаас 2023.06.23-ны өдөр 518,000 төгрөг Ж... Хаан банкны ... дансанд шилжүүлэн авсан байна.

 Төрийн банкны 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн .... дугаартай лавлагааны хариугаар:

Б....нь /ИЮ..../ ..., ...,

С... нь /..../ ..., ...

.... нь /.../...     

........

.... нь /.... тус тус эзэмшдэг байв...

.... /.../ нь Төрийн банкны ... дугаарын данснаас Ж... дүү Ж... ХААН банкны ... дансанд 260,000 төгрөг шилжүүлсэн байна.

Хас банкны лавлагааны хариугаар

.... тус тус эзэмшдэг байв...

..... 500,000 төгрөг тус тус шилжүүлсэн байна.

... .... 700,000 төгрөг шилжүүлсэн байна...” гэсэн хэсгээр, дансны дэлгэрэнгүй хуулгууд зэргээр нотлогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүгдэгч Ж... нь 2022, 2023 онуудад Завхан аймгийн ... сумын хүүхдийн .... дүгээр цэцэрлэгийн ... ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний  эрхэлж байгаа албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.2-д заасан төрийн үйлчилгээний  удирдах албан тушаалтанд хамаарч байна.

Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-д зааснаар нийтийн албан тушаалтан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргийн субьект байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхол болон Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг тул хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь хууль болон эрх зүйн актаар олгогдсон эрхийн хэмжээгээр хязгаарлагддаг ба Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-д албан тушаалын байдлаа ашиглан өөртөө эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглосон байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “давуу байдал гэж” энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заажээ.

Хэрэгт авагдсан Завхан аймгийн … сумын хүүхдийн … дүгээр цэцэрлэгийн 2022 он, 2023 оны цагийн бүртгэлийн баримтаар 2022 оны 06 дугаар сард Б… ажлын цаг бүртгэгдээгүй, 2023 оны 06 дугаар сард Б… ажлын 13 хоног, Б… ажлын 12 хоног, Д… ажлын 12 хоног, С… ажлын 10 хоног ажилласан тус тус болох нь тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн 42.1.3-т зааснаар  дэх хэсэгт зааснаар ажилтан гүйцэтгэсэн ажлын үр дүнд тохирсон цалин хөлс авах эрхтэй гэж,  Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн 43.2.1-д зааснаар ажил олгогч нь гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох үндсэн үүрэгтэй гэж тус тус заасан.

Шүүгдэгч Ж… нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж Завхан аймгийн … дүгээр цэцэрлэгийн дээр дурдсан нэр бүхий ажилтнуудын ажлын цагийн тооцоог 21 хоногоор тооцож илүү цалин олгосон. Тухайн илүү олгосон цалингаас нийт 3033000 төгрөгийг өөрийн дансаар болон дүү Ж… дансаар, болон бэлнээр, Д… дансанд шилжүүлэн авсан үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.” гэснийг, Сургуулийн өмнөх болон бага боловсролын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 17.1.10-т заасан “ Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх…” гэснийг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн 16.5.5-д заасан “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэснийг тус тус ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тайлбарласан тайлбарт “ Энэ хуульд заасан урвуулан ашиглах “ гэж албан үүрэг албан тушаал албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн  ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх  зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж зохицуулсан бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

            Шүүгдэгчийн үйлдлийн улмаас төрд 3,033,000 төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүгдэгч Ж... нь “Шилжүүлэн авсан 3,033,000 төгрөгөөс ... ХХК болон ... барилгын дэлгүүрт  төлөх ... дүгээр цэцэрлэгийн өглөгийг төлсөн тул хохирлоос хасаж өгнө үү“ гэснийг хүлээж авах боломжгүй байна. Учир нь:

Цэцэрлэг нь улсын төсвөөс зайлшгүй шаардлагатай бүх хөрөнгийг авдаг үйлдвэрлэлийн бус хүрээний нийгэм-соёлын төсвийн байгууллага бөгөөд Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын төсвөөс санхүүждэг, уг санхүүжилтээрээ төсвийг зориулалтын дагуу зарцуулах ёстой тул хуваарилагдсан төсвөөс гадуур зарцуулсан гэх үндэслэлээр дээрх байгууллагуудад төлсөн төлбөрийг хохирлоос хасаж тооцох үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч Ж… 3,033,000 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн Боловсрол Соёлын газарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

                         2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:           

Шүүгдэгч Ж... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.             

Шүүгдэгч нь шүүх хуралдаан завсарласан хугацаанд гэм буруугийн шүүх хуралдаанаар тогтоосон хохирлыг нөхөн төлсөн болох нь 3,033,000 төгрөгийг Завхан аймгийн Боловсрол соёлын газрын Төрийн банкны ... дугаарын дансанд төлсөн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж гэмт хэргийн ангиллыг тодорхойлсон.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан ба гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байна.

Иймээс шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг,  харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, түүнийг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэлээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд, мөн Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ... овогтой ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж… төрийн албанд ажиллах эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын  хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж… тэнссэн 01 жил 06 сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж… тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж…. оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар нийтийн албанд ажиллах эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгчид 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.НАНДИНЦЭЦЭГ