| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэндоржийн Болормаа |
| Хэргийн индекс | 2034000000250 |
| Дугаар | 2021/ДШМ/20 |
| Огноо | 2021-01-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2021/ДШМ/20
Э.Зд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Билгүүн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,
Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж хянан шийдвэрлэсэн, 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/378 дугаар шийтгэх тогтоолтой Э.Зд холбогдох 2034000000250 дугаартай 1 хавтас, 176 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Э.З-,
Шүүгдэгч Э.З нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт байрлах "Агуйтын хөтөл" гэх газарт үйл ажиллагаа явуулдаг "Монгол Хаад" гэх амралтын газрын рестораны цонхоор хууль бусаар нэвтэрч архи, пиво, тамхи зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлж, 655810 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/378 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Энх овгийн Энхжаргалангын Зг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Энх овгийн Энхжаргалангын Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Энх овгийн Энхжаргалангын Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 4 /дөрөв/жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Энх овгийн Энхжаргалангын Згоос нийт 434.120 /дөрвөн зуун гучин дөрвөн мянга нэг зуун хорь/ төгрөгийг гаргуулж, хохирогч ЖИ63102914 дугаарын регистртэй, Адуучны билэг овгийн Жалавын Жамбалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50.400 /тавин мянга дөрвөн зуу/ төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг "Эдэн" архийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.З давж заалдах гомдолдоо: “...Шүүх бүрэлдэхүүн хэт нэг талыг барьж ял өгсөн гэж бодож байна. Миний бие нь гэм буруугаа анх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрсөн. Мөн шүүх хуралд оролцох явцдаа би хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Энэ байдлыг минь харгалзан үзэж, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг авч үзэж авсан ялыг минь багасгаж өгнө үү.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Билгүүн гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа гаргасан саналдаа: Шүүгч Э.З нь шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан хохирлоо давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.З нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний Төв аймгийн Эрдэнэ сум Өгөөмөр 1 дүгээр баг. "Агуйтын хөтөл" гэх газарт үйл ажиллагаа явуулдаг "Монгол Хаад" амралтын газрын рестораны цонхоор нэвтэрч, 655810 төгрөгний эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-10/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-24/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-14/,"Эм Жэй Жэй Эм" ХХК-ийн №07/152 дугаартай үнэлгээний тайлан /хх-27-33/, хохирогч Ж.Жамбалын мэдүүлэг /хх-17-18/, Э.Згийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.
Шүүгдэгч Э.Згийн гаргасан “ял хөнгөрүүлэх”-ийг хүссэн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Учир нь:
Шийтгэх тогтоолд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, түүнд 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм бурууд тохироогүй байна.
Шүүгдэгч өмнө нь 3 удаа ял шийтгүүлсэн боловч шүүхээс оногдуулсан ялыг эдлэж дууссан, гэмт хэргийн улмаас учруулсан 605.410 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх санкцтай ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдал болон хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж, 2 жил 6 сарын хорих ял оногдуулах нь түүний гэм бурууд тохирно гэж үзлээ.
Э.Зд анхан шатны шүүхийн 874 дугаартай шүүгчийн захирамжаар 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс /хх-133/ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдаан хүртэлх хугацаанд үргэлжлүүлсэн 21 хоног нь шийтгэх тогтоолд тусгагдаагүй байх тул зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. . Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/378 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 2 дахь заалтын “Шүүгдэгч Энх овгийн Энхжаргалангын Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч Энх овгийн Энхжаргалангын Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,
- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Энх овгийн Энхжаргалангын Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 4 /дөрөв/жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Зд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,
- 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Энх овгийн Энхжаргалангын Згийн баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Згийн баривчлагдсан 2 /хоёр/ хоног, цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоног, нийт 23 /хорин гурав/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгдэгч Э.З нь шийтгэх тогтоолоор хохирогч Ж.Жамбалд төлөхөөр шийдвэрлэгдсэн 434120 төгрөгийн хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан болохыг дурьдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Г.БОЛОРМАА