Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0396

 

 

                          

                                             

           

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Х***** ХХК /РД:*******/                          

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Х*******, С.Б******* нарын хооронд үүссэн улсын байцаагч нарын актыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.З*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н******, хариуцагч Ц.Х*******, С.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Алтантуяа нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Х** Т** ХХК нь тус шүүхэд хандан “Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Б*******, Ц.Х******* нарын 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 24/0012059 дугаартай Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Х** Т** ХХК-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Б*******, Ц.Х******* нар Татварын хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 24140200091 тоот томилолтын[1] дагуу татварын хяналт шалгалт хийсэн.

2.2. Татварын хяналт шалгалтаар Х** Т** ХХК-д холбогдуулан 24/0012059 дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай “Татварын улсын байцаагчийн акт” гаргасан.[2]

2.3. Маргаж буй татварын улсын байцаагчийн 24/0012059 тоот актын хавсралтаар нэхэмжлэгч Х** Т** ХХК-ийг:

2.3.1. 2010-2013 онуудад 1,083,931,303.40 төгрөгийн борлуулалтын орлого дутуу тооцсон зөрчил илэрсэн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод татвар ногдуулна:”, 8.1.1 дэх заалтад “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого” гэж заасныг зөрчсөн;

2.3.2. 2009 онд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг 344,065,600.00 төгрөгөөр бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурьдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.1.4 дэх заалтад “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ” гэж заасныг зөрчсөн;

2.3.3. 2009-2013 онуудад 5,156,389,346.00 төгрөгийн хайлуур жонш, хүдэр экспортолж борлуулсан орлогод ашигт малтмалын нөөцийн төлбөрийг ногдуулан төлөөгүй зөрчил нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.2 дахь заалтад “энэ хуулийн 47.3.1-д зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5 хувьтай тэнцүү”, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт “Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна.”, 47 дугаар зүйлийн 47.12 дахь хэсэгт “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж заасныг зөрчсөн;

2.3.4. 2009-2013 онуудад 53,714,000.40 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласныг төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна.” Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 48.7.3-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор татварын албанд тушаана” гэж заасныг зөрчсөн гэж буруутгасан.

2.4. Маргаж буй 24/0012059 дугаартай татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Х** Т** ХХК-иас Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гомдол гаргасан.[3]

2.5. Тус гомдлыг Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөл 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 93 дугаартай тогтоолоор шийдвэрлэсэн.[4]

2.6. Дээрх тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Х** Т** ХХК-ийн эрх бүхий албан тушаалтанд гардуулсан.[5]

2.7. Улмаар нэхэмжлэгч Х** Т** ХХК-иас 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2.8. Нэхэмжлэгчийн зүгээс “... Татварын улсын байцаагчийн актын зөрчлийн жагсаалтын 2-т 2009 онд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг 344,065,600,0 төгрөгийн бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй, зүй нь мөн хуулийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь заалтад “экспортод гаргасан уул уурхайн болон ноос, ноолуур, арьс шийрээр хийсэн эцсийн бүтээгдэхүүн”, 13 дугаар зүйлийн 13.1.16 дахь заалтад “энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүн” гэсэн заалтыг хэрэглэх ёстой байсан, манай компани нь зөвхөн жонш экспортлох үйл ажиллагаа явуулсан бөгөөд маргаан таслах зөвлөлд бүх шаардлагатай материалыг гаргаж өгсөн. Тус компани нь жонш экспортлох үйл ажиллагаа явуулж байсныг Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын тамгын газрын тодорхойлолтоор, татварын улсын байцаагчийн 240012059 дугаар тэмдэглэх хэсэгт 2009-2013 онд 161 ширхэг 5,790,556.6 мянган төгрөгийн хайлуур жонш хүдэр экспортолсон гаалийн мэдээлэлтэй гэж тэмдэглэсэн байхад шалгасан байцаагчаас энэ компани нь шалгалтад хамрагдсан хугацаанд ямар үйл ажиллагаа явуулсныг асууж тодруулах, гаалийн мэдээ, дансны хуулга зэрэг материалаас тус компанийг жонш экспортлох үйл ажиллагаа явуулж байсныг нотлох бүрэн боломжтой байхад өөрийн бүрэн эрхийн хэмжээнд шалгалтыг хийлгүйгээр дүгнэлт гаргаж шалгалтыг дутуу хийсэн. Маргаан таслах зөвлөлийн тогтоолын 3-т 2009-2013 онд хайлуур жонш экспортолсон 5,156,389,346.0 төгрөгийн орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан бөгөөд энэ орлогоо нотлогдохгүй гэж дүгнэсэн нь логикийн хувьд, утга агуулгын хувьд алдаатай байна. Нөөц ашигласны төлбөрийг ногдуулахдаа эскпортын орлого мөн гэж тооцож, харин нэмэгдсэн өртгийн албан албан татвараас чөлөөлөгдөх орлого болох нь батлагдахгүй байна гэж дүгнэсэн нь буруу шийдвэр гаргах үндэслэл болсон, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэсэн заалтыг үндэслэж акт тогтоосон. Ашигт малтмалын тухай хуульд уул уурхайн эдэлбэр газраас олборлосон, уг олборлосон ашигт малтмалаа худалдсан эсхүл бусдад худалдахгүйгээр өөрөө ашигласан бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр хуульчилсан бөгөөд Х** Т** ХХК нь өөрийн эзэмшлийн Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт байрлах 8469А, 8468А лицензийн талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болохыг Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын тамгын газрын тодорхойлолтоор нотлогдож байна. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар уурхайн олборлолт хийгээгүй тул ашигт малтмалын нөөцийн татвар төлөх үүрэг үүсээгүй байна. Иймд ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг зөрчөөгүй. Манай компанийг иргэдээс жонш цуглуулдаг эсэх, уурхайд олборлолт хийсэн эсэх талаар Дорноговь аймгийн татварын улсын байцаагчаас лавлагаа аваад тодруулахад хангалттай байсан. Энэ үйл ажиллагааг явуулаагүй тодруулалгүй өрөөсгөл нэг талыг барьсан, татвар төлөгчийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан. Дорноговь аймгийн Татварын хэлтэст ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөгчөөр бүртгүүлсэн бөгөөд 2009-2013 онуудад 98,826,033.0 төгрөгийн нөөц ашигласны төлбөрийг улсад төвлөрүүлсэн байна. Манай компани нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх хуульд заасан үндэслэл байхгүй байхад Дорноговь аймгийн Татварын хэлтсээс манай компанийн иргэдээс худалдан авсан жоншинд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан төсөвт төвлөрүүлдэг байсан бөгөөд энэ тухай Маргаан таслах зөвлөлд өгсөн гомдолдоо тайлбарлаж бичсэн боловч энэхүү гомдолд ямар үнэлэлт дүгнэлт хийгээгүй ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.9. Хариуцагч нарын зүгээс “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа ажил үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1 дэх заалтад “Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа ажил үйлчилгээнд албан татвар ногдуулна” гэж заасныг зөрчсөн Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй тул нөхөн ногдуусан болно. Татварын ерөнхий газрын даргын баталсан Татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагааны журмын дагуу хөндлөнгийн мэдээлэл, хил гаалийн мэдээнд үндэслэн шалгахад тус компани нь 2009 онд гаалийн мэдээгээр экспортод гаргасан бүтээгдэхүүний хөндлөнгийн мэдээлэл байхгүй, экспортод гаргасан нь нотлогдохгүй байсан учир дотоодод борлуулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Х** Т** ХХК нь өөрийн эзэмшлийн Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт байрлах 8469А, 8468А лиценз эзэмшдэг жонш олборлож, экспортод гаргадаг үйл ажиллагаа явуулдаг нь татвар төлөгчийн ярилцлага болон санхүүгийн тайлан, татварын тайлангууд, Дорноговь аймгийн татварын хэлтэст Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тайланг 2009-2013 онуудад тушааж, төлбөрийг нь төлж байсан баримт, орон нутагт дэмжлэг үзүүлж байсан хандив, тоног төхөөрөмж машин механизмын зээл, банкны үйл ажиллагаагааны зээлээр нотлогдож байсан. 2014 онд шалгалтын явцад 2014 онд албан тоотоор Дорноговь аймгийн Татварын хэлтсээс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2009-2013 оны тайлангуудыг шалгаж байсан. Иймд 2009-2013 онуудад 5,156,389,346.00 төгрөгийн хайлуур жонш, хүдэр экспортлон борлуулсан орлогод Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулан төлөөгүй зөрчил нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж заасны дагуу төлөх ёстой байсан. Шалгалтын явцад Татвар төлөгч хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримт мэдээллээ гаргаж, үнэн зөвөөр тайлбарлаж лавлагаа мэдээлэх үүргээ биелүүлж тухайн үед өгсөн мэдээллээ 2020 оны 05 дугаар сард үндэслэлгүй гэж хяналт шалгалт дууссанаас хойш 6 жилийн дараа зөвшөөрөхгүй хэмээн гомдол гаргасан нь хуулийн үндэслэлгүй байна. Шалгалтын явцад 2014 оны ярилцлагын тэмдэглэлд жоншийг дамжуулан борлуулдаг тухай мэдүүлж байгаагүй, Х** Т** ХХК-ийг олборлолт хийж байсныг газар дээр нь шалгах чиг үүрэг бидэнд байхгүй ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 240012059 дугаарын актыг хүчингүй болгуулах тухай.

Х** Т** ХХК-ийн 2009-2013 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Б*******, Ц.Х******* нар хяналт шалгалт хийж, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр татварын улсын байцаагчийн 240012059 дугаартай актаар 6,637,993,805,0 төгрөгийн зөрчилд 400,599,773,20 төгрөгийн нөхөн татвар, 140,565,598,87 төгрөгийн торгууль, 114,644,015.60 төгрөгийн алданги, 103,219.70 төгрөгийн хүү нийт 655,912,604.35 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Татварын улсын байцаагчийн 240012059 дугаартай актыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан бөгөөд тус зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 93 дугаар тогтоолоор 165,928,633.40 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 201,403,484.80 төгрөгийн төлбөрийг өршөөлийн хуульд хамруулж, 288,580,486.10 төгрөгийн нөхөн татварыг нөхөн төлүүлэхээр актыг өөрчилж баталсан байна. Х** Т** ХХК татварын улсын байцаагчийн 240012059 дугаар акт, Маргаан таслах зөвлөлийн 93 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Татварын улсын байцаагчийн актын зөрчлийн жагсаалтын 2-т 2009 онд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг 344,065,600,0 төгрөгийн бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-дэх заалтыг зөрчсөн гэж тэмдэглээд 34,406,560.0 төгрөгийн нөхөн татвар, 17,203,280.0 төгрөгийн торгууль, 103,219.68 төгрөгийн хүү нийт 51,713,069.68 төгрөгийн төлбөр ногдуулсан. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 93 дугаар тогтоолоор 36,455,412.0 төгрөгийн экспортын борлуулалтын орлого нь баримтаар батлагдаж байгаа тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д экспортод гаргасан уул уурхайн болон ноос, ноолуур, арьс шийрээр хийсэн эцсийн бүтээгдэхүүн, 13 дугаар зүйлийн 13.1.6-д энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүн гэсэн заалтыг үндэслэн 3,645,541.20 нөхөн татвар 3,645,541.20 төгрөгийн торгууль 10,936,60 төгрөгийн нийт хүү 5,479,248.40 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, үлдэх 307,610,188.0 орлого нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлого болох нь нотлогдохгүй байх тул 30,761,018.80 төгрөгийн татварыг төлүүлэхээр, 15,472,792.50 төгрөгийн төлбөрийг өршөөлийн хуульд хамруулж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, Маргаан таслах зөвлөл нь нотлох баримтад үндэслээгүй, хууль зүйн логикгүй дүгнэлт хийж, татвар төлөгчийн эрх ашгийг хүндэтгэн үзээгүй шийдвэр гаргажээ. Учир нь тус компани нь зөвхөн жонш экспортлох үйл ажиллагаа явуулсан бөгөөд маргаан таслах зөвлөлд бүх шаардлагатай материалыг гаргаж өгсөн. Тус компани нь жонш экспортлох үйл ажиллагаа явуулж байсныг Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын тамгын газрын тодорхойлолтоор, татварын улсын байцаагчийн 240012059 дугаар тэмдэглэх хэсэгт 2009-2013 онд 161 ширхэг 5,790,556.6 мянган төгрөгийн хайлуур жонш хүдэр экспортолсон гаалийн мэдээлэлтэй гэж тэмдэглэсэн шалгасан байцаагчаас энэ компани нь шалгалтад хамрагдсан хугацаанд ямар үйл ажиллагаа явуулсныг асууж тодруулах, гаалийн мэдээ, дансны хуулга зэрэг материалаас тус компанийг жонш экспортлох үйл ажиллагаа явуулж байсныг нотлох бүрэн боломжтой байхад өөрийн бүрэн эрхийн хэмжээнд шалгалтыг хийлгүйгээр дүгнэлт гаргаж шалгалтыг дутуу хийсэн гэж үзэж байна.

Хэрэв экспортын борлуулалт хийсэн нь Татварын албанаас нотлогдохгүй бол Гаалийн ерөнхий газраас мэдээлэл авах бүрэн эрх нь Маргаан таслах зөвлөлийн хараат бус магадлагчид байгаа бөгөөд тэд үүргээ биелүүлээгүй байна.

Гаалийн ерөнхий газраас хэвлэж өгсөн 2009-2013 оны гаалийн мэдээний мэдээллийг өгөхөд хараат бус магадлагч нь дүгнэлтээ хийсэн тул шалгах боломжгүй, та нар шүүх дээр аваачиж өг гэж хэлсэн.

Х** Т** ХХК нь 2009 онд 1715тн жоншийг ОХУ, Хятад улс руу экспортолсон нь гаалийн мэдүүлгээр нотлогдож байна. Энэхүү баримтыг шүүхэд өгсөн.

Маргаан таслах зөвлөлийн тогтоолын 3-т 2009-2013 онд хайлуур жонш экспортолсон 5,156,389,346.0 төгрөгийн орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан бөгөөд энэ орлогоо нотлогдохгүй гэж дүгнэсэн нь логикийн хувьд, утга агуулгын хувьд алдаатай байна. Нөөц ашигласны төлбөрийг ногдуулахдаа эскпортын орлого мөн гэж тооцож, харин нэмэгдсэн өртгийн албан албан татвараас чөлөөлөгдөх орлого болох нь батлагдахгүй байна гэж дүгнэсэн нь буруу шийдвэр гаргах үндэслэл болсон.

Х** Т** ХХК нь 2003 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, 5841 тоот гэрчилгээ авсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1-д Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувьтай тэнцүү байна, 12.1.1-д энэ хуульд өөрөөр заагаагүй бол худалдах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан бөгөөд гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа гэж заасны дагуу бүх экспортод гаргасан бараа бүтээгдэхүүн тэг хувиар татвар ногдуулж байсан бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн бол экспортод гаргасан бол тэг хувиар, харин эцсийн бүтээгдэхүүнээс бусад уул уурхайн бүтээгдэхүүн экспортод гаргасан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө гэсэн өөрчлөлт оруулсан. Иймд тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэлтэй байсан тул экспортод гаргасан бүтээгдэхүүн тэг хувиар татвар ногдуулж байсан бөгөөд хуульд орсон өөрчлөлтийн дагуу 2009 оны 08 дугаар сараас нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр хуульчилжээ.Гэтэл татварын улсын байцаагч акт тогтоохдоо жоншны экспортын борлуулалтын орлогод Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна. 7.1.1-д Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа гэж заасныг үндэслэн 10 хувиар татвар ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр байна.

Тус компани нь 2009 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 344,065.0 мянган төгрөгийн орлоготой, 338,892.8 мянган төгрөгийн орлоготой, 338,892.0 мянган төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 5,172.8 мянган төгрөгийн татвар ногдуулах орлоготой тайлан татварын албанд ирүүлсэн гэж татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсэгт дурдсан. Гэтэл Татварын улсын байцаагч нь 2009 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тайлагнасан 344,065,600.0 төгрөгийн нийт орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэж акт тогтоосон бөгөөд 10 хувиар татвар ногдуулах хуульд заасан үндэслэл байхгүй байна. Иймд жоншны экспортын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хуульд заасан үндэслэл байхгүй, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн биш бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр хуульчилсан, экспорт хийсэн болох нь гаалийн мэдээгээр нотлогдож байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д экспортод гаргасан уул уурхайн болон ноос, ноолуур, арьс ширээр хийсэн бүтээгдэхүүн, 13 дугаар зүйлийн 13.1.16-д Энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүн гэсэн заалтын үндэслэн 307,610,188.0 төгрөгийн зөрчилд ногдуулсан 30,761,018.20 нөхөн татварыг хүчингүй болгож өгнө үү.

Татварын улсын байцаагчийн актын зөрчлийн жагсаалтын 3-т 2009-2013 онуудад 5,156,389,346.0 төгрөгийн хайлуур жонш, хүдэр экспортолсон борлуулалтын орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулан төлөөгүй зөрчил нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3.2, 47.4, 47.12-т заасныг зөрчсөн гэж тэмдэглээд 257,819,467.30 төгрөгийн нөхөн татвар 81,590,312.10 төгрөгийн торгууль, 77,345,840.20 төгрөгийн алданги нийт 416,755,619.60 төгрөгийн төлбөр ногдуулсныг Маргаан таслах зөвлөлөөс хянаад 185,936,152.30 төгрөгийн төлбөрийг Өршөөлийн хуульд хамруулж, 257,819,467.30 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр актыг өөрчилсөн. Маргаан таслах зөвлөл нь нотлох баримтад үндэслээгүй, логикгүй, утга агуулгын хувьд алдаатай, хууль нийцээгүй шийдвэр гаргасан. Иймд актын 3 дугаар зөрчлийг хүчингүй болгуулахаар дараах хууль зүйн үндэслэлийг гаргаж байна. Үүнд: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө гэсэн заалтыг үндэслэж акт тогтоосон.

Ашигт малтмалын тухай хуульд уул уурхайн эдэлбэр газраас олборлосон, уг олборлосон ашигт малтмалаа худалдсан эсхүл бусдад худалдахгүйгээр өөрөө ашигласан бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр хуульчилсан бөгөөд Х** Т** ХХК нь өөрийн эзэмшлийн Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт байрлах 8469А, 8468А лицензийн талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болохыг Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын тамгын газрын тодорхойлолтоор нотлогдож байна. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар уурхайн олборлолт хийгээгүй тул ашигт малтмалын нөөцийн татвар төлөх үүрэг үүсээгүй байна. Иймд ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг зөрчөөгүй болно.

Маргаан таслах зөвлөлийн тогтоолд татвар төлөгчөөс бичил уурхай эрхлэгчдээс жонш худалдан авсныг нотлох нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, жонш худалдах, худалдан авах гэрээ шаардахад магадлагаанд ирүүлээгүй гэж тэмдэглэсэн байна. Тус компани нь зөвхөн жонш экспортлох үйл ажиллагаа явуулсан бөгөөд Маргаан таслах зөвлөлд бүх шаардлагатай материал болох дансны хуулга, иргэдээс жонш худалдан авсан түүвэр, гэрээ, тайлан баланс зэрэг материалыг гаргаж өгсөн. Маргаан таслах зөвлөлөөс нэмэлт материал шаардаагүй бөгөөд 5 дахь өдөр хуралтай одоо материал авахгүй би дүгнэлтээ гаргасан гэсэн тайлбарыг өгсөн.

Манай компанийг иргэдээс жонш цуглуулдаг эсэх, уурхайд олборлолт хийсэн эсэх талаар Дорноговь аймгийн татварын улсын байцаагчаас лавлагаа аваад тодруулахад хангалттай байсан. Энэ үйл ажиллагааг явуулаагүй тодруулалгүй өрөөсгөл нэг талыг барьсан, татвар төлөгчийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан.

Дорноговь аймгийн Татварын хэлтэст ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөгчөөр бүртгүүлсэн бөгөөд 2009-2013 онуудад 98,826,033.0 төгрөгийн нөөц ашигласны төлбөрийг улсад төвлөрүүлсэн байна. Манай компани нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх хуульд заасан үндэслэл байхгүй байхад Дорноговь аймгийн Татварын хэлтсээс манай компанийн иргэдээс худалдан авсан жоншинд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан төсөвт төвлөрүүлдэг байсан бөгөөд энэ тухай Маргаан таслах зөвлөлд өгсөн гомдолдоо тайлбарлаж бичсэн боловч энэхүү гомдолд ямар үнэлэлт дүгнэлт хийгээгүй байна. Үүнтэй холбоотой Дорноговь аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл төлөх ёсгүй байсан төлбөрийг бид нараас шаардаж авсны хүрээнд 2009-2013 онуудад 98,826,033.0 төгрөгийн нөөц ашигласны төлбөрийг буцаан нэхэмжлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0064 дугаартай шүүгчийн захирамжаар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Бид төлөх ёсгүй татварын төлсөн. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болох хууль зүйн үндэслэлгүй, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг зөрчөөгүй байх тул татварын улсын байцаагчийн актын 3 дугаар зүйлд ногдуулсан 257,819,467.30 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож өгнө үү...

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 7 дугаар зүйлийн 7.4-т Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ ерөнхий заалтыг зөрчсөн гэж үзээд төлбөр ногдуулсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д экспортод гаргасан уул уурхайн болон ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүн, 13 дугаар зүйлийн 13.1.16-д энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүн гэсэн заалт байна. Үүнийг тайлбарлахдаа 2009 онд гаалийн мэдээлэл байхгүй. Татварын ерөнхий газрын даргын баталсан Гаалийн байцаагч буюу татварын хяналт шалгалт явуулах журамд татварын байцаагч өөрсдөө олж тогтоох үүрэгтэй. Татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичиг өгнө. Гуравдагч этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагаас авах баримт мэдээ мэдээллийг татварын байцаагч албан бичгээр авна. Гаалийн мэдээлэл байхгүй гэж байгаа боловч тухайн үедээ аваагүй. Хэрэг шүүхэд ирээд Гаалийн мэдээлэлд 2009 онд Х** Т** ХХК-ийн уул уурхайн бүтээгдэхүүн хайлуур, жонш экспортын мэдээлэл байна. Экспортод гаргасан нь нотлогдохгүй байсан учир дотоодод борлуулсан гэж үзээд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан. Х** Т** ХХК экспортод гаргасан учраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7, 13 дугаар зүйлийн 13.1.16-д заасан заалт хамаарна. Тэг хувь хэрэглэх татвар ч үйлчилнэ татвараас чөлөөлөгдөх ёстой.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй гэж үзээд 257,819,467.30 төгрөгийн акт тавьсан. Нотлох баримтад үндэслэгдээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн хуулийн 47.1-д заасныг буруу хэрэглэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн хуулийн 47.1-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан. Х** Т** ХХК нь өөрийн хайлуур жоншны ашиглалтын 8469А 8468А дугаартай тусгай зөвшөөрөл бүхий уурхайн талбайгаас хайлуур жонш олборлож бусдад худалдсан, борлуулсан байвал нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх ёстой байсан. Гэтэл олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг орон нутгийн засаг захиргааны эрх бүхий албан тушаалтан тодорхойлоод байхад авч үзээгүй. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад олборлолт явуулсныг очиж хараагүй гэж хэлсэн. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас Х** Т** ХХК олборлолт явуулсан гэдгийг тодруулаагүй. Монгол Улсад уул уурхайн олборлолт явуулахын тулд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нэн тэргүүний ээлжинд ашигт малтмалын газарт уулын ажлын төлөвлөгөө өгч батлуулдаг бөгөөд батлуулсны үндсэн дээр олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Олборлолтын үйл ажиллагаа явуулсны дараа тухайн тайлант жилийн эцэст Ашигт малтмалын газарт тайлан өгдөг. Энэ бүгдийг харж байж олборлолт хийсэн эсэхийг тогтооно. Олборлолт явуулсан актын зөвтгөлийг татварын байцаагч тайлбарлахдаа Дорноговь аймгийн татварт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 90 гаруй сая төгрөг төлсөн тайлан байна гэж ярьсан. Дорноговь аймгийн татварын байгууллагын албан тушаалтнууд иргэд, бичил уурхайн эзэмшигчдээс цуглуулсан “Хөх төр”  ХХК өөрсдөө олборлосон гэж тайлагна гэж шаарддаг, татгалзвал тусгай зөвшөөрлөө хүчингүй болгоно. Мөн аймгийн төсөв бүрдүүлэхэд идэвхтэй оролцохгүй бол үйл ажиллагааг хаана гэж байсан. Энэ бүх шалтгааны улмаас Х** Т** ХХК иргэдээс авч байсан татварыг тайлагнаж байсан тохиолдолд ганц хоёр удаа байгаа юм. Х** Т** ХХК-д олборлолт явуулах техник хэрэгсэл байхгүй. Х** Т** ХХК-руу бичил уурхайн эзэмшигчид дайрч олборлолт хийсний улмаас цагдаагийн байгууллагад мэдэгдэж эрүүгийн хэрэг үүссэн. Монгол улсад уул уурхайн олборлолтыг хууль бусаар явуулах юм бол Эрүүгийн хэрэг үүснэ. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар уулын төлөвлөгөөгөө батлуулаагүй, тайлангаа өгөөгүй тохиолдолд хууль бус олборлолт гэж үзнэ.Бичил уурхайн эзэмшигчдээс иргэдээс худалдан авалт хийх тохиолдолд шууд компанийн данснаас иргэн бүртэй төлбөрийн тооцоо хийх үнэхээр хүндрэлтэй. Тийм учраас анхан шатны нягтлан бодох бүртгэлийн бүх баримтыг хэрэгт хавсаргасан. н.Энхсайхан, н.Саранчулуун, Оюун гүйлгээний баримт байгаа. Хүмүүсээс түүж жоншийг цуглуулдаг. Түүний баримт, кассын дэвтэр, мөнгө шилжүүлсэн банкны гүйлгээ хийсэн баримтууд байна. Эдгээр анхан шатны баримтыг үгүйсгэх боломж байхгүй. Ингэж Хөх төр ХХК иргэдээс уул уурхайн бүтээгдэхүүн жонш цуглуулж экспортод гаргасан.

Х** Т** ХХК тусгай зөвшөөрөл авснаас хойш өөрийн эзэмшил бүхий уурхайн талбайд олборлолт хийж үзээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 ашиглалтын тусгай зөвшөөрөл уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан нөхцөл хангагдаагүй байхад эцэслэн нарийвчлан хяналт шалгалтын түвшинд тогтоогүй тохиолдолд акт тогтоож болохгүй байр суурьтай байгаа. Татварын ерөнхий хуульд хөөн хэлэлцэх хугацаа 5 жил, 5 жилийн дотор татварын байгууллага татварын байцаагч нар зөрчлийг илрүүлэх юм бол акт тогтоож болно гэж заасан. Татварын ерөнхий хуульд маргаан таслал зөвлөл хуульд заасан хугацаанд гомдол гаргасан. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.15-д Маргаан таслах зөвлөл нь татвар төлөгчийн гомдол гаргаснаас хойш 30 хоногийн дотор гомдлыг шийдвэрлэж, уг шийдвэрийг маргааны оролцогч талуудад гардуулна гэсэн заалт байна. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасан этгээд гомдлынхоо араас явах үүрэгтэй гэж заасан. Төрийн эрх бүхий байгууллага маргааныг шийдвэрлэж байгаа байгууллагад хуулиар тогтоож өгсөн үүрэгжүүлсэн хугацаа 30 хоног 6 жил болж байна. Татвар төлөгчид маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаар оролцогч талуудад гардуулах үүрэг нь маргаан таслах зөвлөлд байсан.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт Х** Т** ХХК аймгийн төсөвт 90-ээд сая төгрөг төвлөрүүлсэн нь хууль бус татварыг авсныг ойлгоод Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд хандсан. 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0064 дугаартай шүүгчийн захирамжаар 2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу захиргааны эрх зүйн хүрээнд өөрийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзвэл 30 хоногийн дотор гомдол гаргах ёстой. Танай гаргасан нэхэмжлэл үндэслэл бүхий байгаа боловч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Алтантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Х** Т** ХХК 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн татварын улсын байцаагчийн 240012059 актыг хүчингүй болгуулах тухай хүсэлт өгсөн. 2009 онд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг 344,065,00.0 төгрөгөөр бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг зөрчсөн гэж тэмдэглээд 34,406,560.0 төгрөгийн нөхөн татвар, 17,203,280.0 төгрөгийн торгууль, 103,219.68 төгрөгийн хүү нийт 51,713,059.68 төгрөгийн төлбөр ногдуулсныг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэл гаргасан байна. Х** Т** ХХК нь 2009 оны Санхүүгийн болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 344,065,00.0 төгрөгийн орлогыг тайлагнасан боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа ажил үйлчилгээнд албан татвар ногдуулна, 7.1.1-д Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа ажил үйлчилгээнд албан татвар ногдуулна гэж заасныг зөрчсөн Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй тул нөхөн ногдуулсан болно. Татварын ерөнхий газрын даргын баталсан Татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагааны журмын дагуу хөндлөнгийн мэдээлэл, хил гаалийн мэдээнд үндэслэн шалгахад тус компани нь 2009 онд гаалийн мэдээгээр экспортод гаргасан бүтээгдэхүүний хөндлөнгийн мэдээлэл байхгүй, экспортод гаргасан нь нотлогдохгүй байсан учир дотоодод борлуулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. 2010-2013 онуудад экспортод гаргасан жоншны мэдээлэлд тулгуурлаж баримтаар нотлогдож байгаа тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д экспортод гаргасан уул уурхайн болон ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүн, 13 дугаар зүйлийн 13.1.16-д энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүн гэсэн заалтыг үндэслэн экспортод гаргасан жоншны борлуулалтыг чөлөөлсөн байна.

2009-2013 онуудад 5,156,389,346.0 төгрөгийн хайлуур жонш, хүдэр экспортод борлуулалтын орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулсан төлөөгүй зөрчил нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3.2, 47.4, 47.12-д заасныг зөрчсөн гэж тэмдэглээд 257,819,467.30 төгрөгийн нөхөн татвар, 81,590,312.60 төгрөгийн торгууль, 77,345,840.20 төгрөгийн алданги нийт 416,755,619.60 төгрөгийн төлбөр ногдуулсныг зөвшөөрөхгүй тул хүчингүй болгож өгнө үү гэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө гэснийг зөрчсөн гэж акт тогтоосон. Ашигт малтмалын тухай хуульд уурхайн эдэлбэр уурхайн эдэлбэр газраас олборлосон, уг олборлосон ашигт малтмалаа худалдсан, эсхүл бусдад худалдахгүйгээр өөрөө ашигласан бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр хуульчилсан бөгөөд Х** Т** ХХК нь өөрийн эзэмшлийн 8469А, 8468А лицензийн талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болохыг Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын тамгын газрын тодорхойлолтоор нотлогдож байна. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар уурхайн олборлолт хийгээгүй тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг үүсээгүй байна.

Х** Т** ХХК нь өөрийн эзэмшлийн Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт байрлах 8469А, 8468А лиценз эзэмшдэг жонш олборлож, экспортод гаргадаг үйл ажиллагаа явуулдаг нь татвар төлөгчийн ярилцлага болон санхүүгийн тайлан, татварын тайлангууд, Дорноговь аймгийн татварын хэлтэст Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тайланг 2009 -2013 онуудад тушааж, төлбөрийг нь төлж байсан баримт, орон нутагт дэмжлэг үзүүлж байсан хандив, тоног төхөөрөмж машин механизмын зээл, банкны үйл ажиллагааны зээлээр нотлогдож байсан. 2014 онд шалгалтын явцад 2014 онд албан тоотоор Дорноговь аймгийн Татварын хэлтсээс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2009-2013 оны тайлангуудыг шалгаж байсан.

Иймд 2009-2013 онуудад 5,156,389,346.00 төгрөгийн хайлуур жонш, хүдэр экспортлон борлуулсан орлогод Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулан төлөөгүй зөрчил нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.2-т .энэ хуулийн 47.3.2-т энэ хуулийн 47.3.1-д зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан эсэх, худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний таван хувьтай тэнцүү, 47.4-т тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна.47 дугаар зүйлийн 47.12-т экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана гэж заасныг үндэслэн 2009-2013 онуудад 5,156,389,346.0 төгрөгийн хайлуур жонш, хүдэр экспортолсон борлуулалтын орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулан төлөөгүй зөрчил нь 257,819,467.30 төгрөгийн нөхөх татвар, 81,590,312.90 төгрөгийн торгууль, 77,345,840.20 төгрөгийн алданги ногдуулсан.

Нөхөн татварыг ногдуулахдаа 2009-2013 онуудад экспортод гаргасан гаалийн мэдээний баримт, мөн Дорноговь аймгийн Татварын хэлтэст Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2009-2013 онуудад тушаасан цалингийн зөрүүгээр ногдуулан актыг үйлдсэн. Шалгалтын явцад Татвар төлөгч хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримт мэдээллээ гаргаж, үнэн зөвөөр тайлбарлаж лавлагаа мэдээлэх үүргээ биелүүлж тухайн үед өгсөн мэдээллээ 2020 оны 05 дугаар сард үндэслэлгүй гэж хяналт шалгалт дууссанаас хойш 6 жилийн дараа зөвшөөрөхгүй хэмээн гомдол гаргасан нь хуулийн үндэслэлгүй байна. Шалгалтын явцад 2014 оны ярилцлагын тэмдэглэлд жоншийг дамжуулан борлуулдаг тухай мэдүүлж байгаагүй. Хэргийн материалд 2014 оны ярилцлагын тэмдэглэлийг хавсаргасан. Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын тодорхойлолтоор 2009-2013 онуудад 8469А, 8468А лицензийн талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болохыг тодорхойлсон тодорхойлолтыг 2020 онд тодорхойлолт гаргаж өгч байгаа нь үндэслэлгүй болно. Учир нь 2009 онд Дорноговь аймгийн Айраг сумын Засаг дарга байсан эсэх тодорхойгүй.

Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын тамгын газрын даргын тодорхойлолтоор бичил уурхай эрхлэгчээс жонш худалдан авч Экспортод гаргасан гэж үзэж байгаа бол 2010-2013 оны нийт борлуулалтын орлогод Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлөх ёстой байтал Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн гэж тайлагнаж Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж тайланд тусгасан байна. 2010-2013 онуудад экспортод гаргасан жоншны мэдээ мэдээлэлд тулгуурлаж баримтаар нотлогдож байгаа байгаа тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д экспортод гаргасан уул уурхайн -болон ноос, ноолуур, арьс ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүн, 13 дугаар зүйлийн 13.1.16-д Энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүн гэсэн заалтыг үндэслэн экспортод гаргасан жоншны борлуулалтыг чөлөөлсөн байна...

Нэхэмжлэгчийн хүсэлтүүд анхан шатны баримтаар нотлогдсон төдийгүй бид нар хүчээр татвар төлсөн, хандив өгч нөхцөл байдлыг хаацайлсан гэж үзэж байна. Ашигт малтмалын нөөцийн татвар нь татвар, мөн аж ахуй нэгжүүд татвар төлж чадахгүйгээс болж үйл ажиллагаагаа явуулж чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Огт үйл ажиллагаа явуулаагүй байж хөдөө орон нутагт хандив өгөөд, ашигт малтмалын нөөцийн татвар төлж, тайлагнасан байдаг. Тиймээс үйл ажиллагаа явуулсан гэж гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс уул уурхайн бүтээгдэхүүн олборлож байсан газарт нь очиж үзсэн юм уу гэж асуусан. Анхан шатны баримтаар хангалттай нотлогдож байсан учраас уул уурхайн бүтээгдэхүүн олборлож байсан нь үндэслэлтэй. Тухайн үед нотлох баримтаа гаргаж өгөөгүй иргэдийн баримтыг гаргаж өгч байгаа нь үйл ажиллагаа явуулаагүй гэдэгтэй холбоогүй өөрийнхөө ашигт малтмалын нөөцийг нэмэх үүднээс хаанаас ч авах боломжтой баримтыг бүрдүүлж өгсөн үндэслэлтэй. Иймээс татвар төлөгчийн нэхэмжлэлийг хүчингүй болгож улсын байцаагчийн актыг хэвээр баталж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас үзэхэд нөхөн татвар, торгууль, алдангийн тооцоолол дээр маргаагүй, харин хариуцагч нар маргаж буй актыг гаргахдаа хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, татварын хяналт шалгалтыг хуульд заасан журмаар, зохих ёсоор хийгээгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх ерөнхий агуулгаар маргасан болно.

Мөн маргаж буй 24/0012059 дугаартай Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай татварын улсын байцаагчийн акт нь зөрчлийг тогтоосон гэх 4 заалттай бөгөөд түүний 1 дэх заалтад “2010-2013 онуудад 1,083,931,303.40 төгрөгийн борлуулалтын орлого дутуу тооцсон зөрчил илэрсэн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод татвар ногдуулна:”, 8.1.1 дэх заалтад “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого” гэж заасныг зөрчсөн” гэснийг Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 93 дугаартай тогтоолоор үндэслэлгүй гэж нэгэнт дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн зүгээс тус заалтыг хүчингүй болгох ёстой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Захиргааны процессын эрх зүй дэх “нэхэмжлэгчийн /гомдол гаргагчийн/ эрхийг дордуулах /reformatio in peius/-ыг хориглох” зарчмын үүднээс нэгэнт Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлөөс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгчийн эрхийг хангаж шийдвэрлэсэн байх тул тухайн үйл баримтад холбогдох асуудлыг шүүхээс дахин дүгнэх шаардлагагүй гэж үзэн тухайлсан дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэж байна.

Нэг. Хариуцагчийн гаргасан актын хууль зүйн үндэслэлийн талаар:

1.1. Маргаж буй 24/0012059 дугаартай акт нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гарсан байх тул шүүх энэ тохиолдолд 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, 2008 оны Татварын ерөнхий хуулийг хэрэглэнэ.

1.2. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг хэрэглэхдээ маргаж буй 24/0012059 дугаартай актыг гаргах үед хүчин төгөлдөр даган мөрдөж байсан хэм хэмжээний хүрээнд хэрэглэнэ.

1.3. 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Экспортод гаргасан дараахь бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувь /"0"/-тай тэнцүү байна:” гээд мөн зүйлийн 12.1.7 дахь заалтад “экспортод гаргасан уул уурхайн болон ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүн.” гэж заажээ.

1.4. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Дараахь барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө:” гээд мөн зүйлийн 13.1.16 дахь заалтад “энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүн.” гэж заажээ.

1.5. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний тухайд барааны нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ “0” байхаар, харин эцсийн бүтээгдэхүүнээс бусад уул уурхайн бүтээгдэхүүн экспортод гаргасан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр зохицуулжээ.

1.6. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Х** Т** ХХК нь 2003 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, 5841 тоот гэрчилгээ авсан үйл баримтыг дурддаг бөгөөд энэ үйл баримттай хариуцагч нар маргадаггүй.

1.7. Мөн 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад заасны дагуу тухайн компанийн экспортод гаргасан бүх бараа бүтээгдэхүүнд “0” хувиар татвар ногдуулж байсан бөгөөд 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дээр дурдсан зүйлүүдэд нэмэлт орж, экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний тухайд барааны нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг байхаар, харин эцсийн бүтээгдэхүүнээс бусад уул уурхайн бүтээгдэхүүн экспортод гаргасан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр болжээ.

1.8. Тодруулбал, нэхэмжлэгч Х** Т** ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэлтэй байсан тул экспортод гаргасан бүтээгдэхүүнд “0” хувиар татвар ногдуулж байгаад хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу тухайн компанийн экспортолсон бараа бүтээгдэхүүн /жонш/ нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бараанд хамаарах болсон байна.

1.9. Гэтэл хариуцагч нар маргаан бүхий 24/0012059 дугаартай актыг гаргахдаа дээрх нөхцөл байдлыг анхаарахгүйгээр жоншны экспортын борлуулалтын орлогод 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна:”, мөн зүйлийн 7.1.1 дэх заалтад “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа;” гэх ерөнхийлөн зохицуулсан заалтыг хэрэглэж, 2009 онд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг 344,065,600.00 төгрөгөөр бууруулсан зөрчилд 34,406,560.00 төгрөгийн нөхөн татвар, 17,203,280.00 төгрөгийн торгууль, 103,219.68 төгрөгийн хүү  ногдох ёстой гэж үзсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

1.10. Тиймээс энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

1.11. Маргаж буй 24/0012059 дугаартай актыг гаргах цаг мөчид Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж зохицуулсан байжээ.

1.12. Хуулийн дээрх хэм хэмжээний бүрэлдэхүүний урьдчилсан нөхцөлийг хэл зүйн үүднээс тайлбарлан авч үзвэл, “... уурхайн эдэлбэрээс олборлож ...” гээд таслал авч, зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийн хэв шинжээр бичсэн байгаагаас харахад ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг худалдахдаа “олборлолт хийсэн байх” шаардлага тавигдаж байх ба тийнхүү ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үүргийг хүлээлгэхдээ олборлолт хийсэн эсэхийг тогтоох учиртай байна.

1.13. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хариуцагч нарын тайлбараас үзэхэд “... нэхэмжлэгч Х** Т** ХХК-ийг 2009-2013 онуудад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаж[6], төлж байсан учраас олборлолт хийсэн гэж үзнэ ...” гэх агуулгаар тайлбарлаж байгааг үндэслэлтэй гэж үзэхэд эргэлзээтэй.

1.14. Учир нь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаж байсан гэдэг нь уурхайн эдэлбэрээс олборлолт хийсэн гэдгийг шууд нотлохгүйгээс гадна нэхэмжлэгчийн зүгээс “манай компани төлөх үүрэггүй байсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөөд явж байсан” гэх тайлбарыг гаргаж байсан байхад үүнийг татварын хяналт шалгалт хийсэн хариуцагч улсын байцаагч нар анхаарч үзэх учиртай байсан төдийгүй улмаар холбогдох хөндлөнгийн нэмэлт нотолгооны эх сурвалжаар дамжуулан хөдөлбөргүй тогтоох боломжтой байжээ.

1.15. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлийн тогтоол гарахаас өмнө буюу 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гарсан Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 5/380 тоот албан бичиг[7] байгаа, түүнчлэн бусдад жонш худалдаж байсан, мөн худалдан авч байсан баримтууд байгаагаас үзэхэд нэхэмжлэгч Х** Т** ХХК нь олборлолт хийж байсан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээтэй байна.

1.16. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайланг дор дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:” гэж, мөн зүйлийн 48.6.2 дахь заалтад “дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор;”, 48.6.3 дахь заалтад “ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөөцийн зэрэглэлийг ахиулах ашиглалтын хайгуулыг тухай бүр хийж, ажлын төлөвлөгөө, тухайн жилийн болон хайгуулын ажлын үр дүнгийн тайланг энэ хуулийн 48.1.2-т заасны дагуу.”, 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 48.6.3-т заасан тайланд дараахь зүйлийг тусгана:” гэж тус тус заажээ.

1.17. Хуулийн дээрх хэм хэмжээнүүдээс үзвэл ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь холбогдох төрийн захиргааны байгууллагад жил бүр дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг, түүнчлэн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөөцийн зэрэглэлийг ахиулах ашиглалтын хайгуулыг тухай бүр хийж, ажлын төлөвлөгөө, тухайн жилийн болон хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.

1.18. Тиймээс нэхэмжлэгч Х** Т** ХХК-ийг олборлолт хийсэн эсэхэд эргэлзээтэй, энэ талаарх үйл баримт маргаантай байгаа тохиолдолд хариуцагч татварын улсын байцаагч нар дээрх баримтуудыг холбогдох төрийн захиргааны байгууллагаас нотлох баримтаар гаргуулан авч, тодруулан тогтоох боломжтой байжээ.

1.19. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэлээ.

1.20. Нэгэнт нэхэмжлэгч Х** Т** ХХК-ийг олборлолт хийсэн гэж үзэх хангалттай нотлох баримт тогтоогдохгүй байх тул маргаж буй 24/0012059 тоот актын зөрчлийг тогтоосон 4 дэх заалтыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй

1.21. Түүнээс гадна хууль хэрэглээний хувьд 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7, 13 дугаар зүйлийн 13.1.16 дахь заалтыг хэрэглэх ёстой байсан гэж шүүх дүгнэсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгч зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

1.22. Хэдийгээр нэхэмжлэгч нь шууд утгаараа Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолтой маргаагүй боловч Монгол Улсын Засгийн газраас баталсан 2009 оны 22 дугаар тогтоол, 2019 оны 466 дугаар тогтоолын хавсралт дахь “Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-д зааснаар тус зөвлөл нь татвар төлөгчөөс гаргасан гомдлыг 30 хоногийн дотор /сунгах тохиолдолд дахин 30 хоног/ шийдвэрлэх журамтай байхад нэхэмжлэгч Х** Т** ХХК-иас гаргасан 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн гомдлыг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.

Хоёр. Нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах зэрэг хариуцагчийн үүргийн талаар:

2.1. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч татварын улсын байцаагч “... Х** Т** ХХК-ийг олборлолт хийж байсныг газар дээр нь шалгах чиг үүрэг бидэнд байхгүй ...” гэх агуулгатай тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... жонш хүдэр экспортолсон гаалийн мэдээлэлтэй гэж тэмдэглэсэн байхад шалгасан байцаагчаас энэ компани нь шалгалтад хамрагдсан хугацаанд ямар үйл ажиллагаа явуулсныг асууж тодруулах, гаалийн мэдээ, дансны хуулга зэрэг материалаас тус компанийг жонш экспортлох үйл ажиллагаа явуулж байсныг нотлох бүрэн боломжтой байхад өөрийн бүрэн эрхийн хэмжээнд шалгалтыг хийлгүйгээр дүгнэлт гаргаж шалгалтыг дутуу хийсэн ...” гэх агуулгатай тайлбарыг хэлсэн.

2.2. 2008 оны Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Татварын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд мөн зүйлийн 29.1.1 дэх заалтад “татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх;”, 29.1.4 дэх заалтад “орлого олох зориулалтаар ашиглаж байгаа, эсхүл татвар ногдох зүйл, түүнийг нотлох нягтлан бодох бүртгэлийн болон бусад баримт бичгийг хадгалж буй татвар төлөгчийн байр, агуулахад байршлыг нь үл харгалзан нэвтрэн орж шалгалт, тооллого, ажлын зураг авалт, шаардлагатай бол үзлэг хийх;” гэж заажээ.

2.3. Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт “Хамрагдах зүйлийн өмчлөл, эзэмшлийн ялгааг үл харгалзан татварын алба, татварын улсын байцаагч нь үзлэг хийх эрхтэй.” гэж зохицуулжээ.

2.4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд татварын хяналт шалгалт хийж буй татварын улсын байцаагч нь хяналт шалгалтад холбоотой зайлшгүй нотолвол зохих асуудлуудын талаар нөхцөл байдлыг тогтоох, ингэхдээ хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулах, тийнхүү цуглуулахдаа хуулиар зөвшөөрсөн арга хэрэгслүүдээр буюу бичиг баримтаас гадна объектод үзлэг хийх зэрэг ажиллагааг хийх хууль зүйн бүрэн боломжтой байна.

2.5. Иймд “... жонш экспортлох үйл ажиллагаа явуулж байсныг нотлох бүрэн боломжтой байхад өөрийн бүрэн эрхийн хэмжээнд шалгалтыг хийлгүйгээр дүгнэлт гаргаж шалгалтыг дутуу хийсэн ...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

2.6. Дээрх бүхнийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нар нь маргаж буй 24/0012059 дугаартай актыг гаргахдаа холбогдох хуулийн хэм хэмжээнүүдийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, татварын хяналт шалгалтыг зохих ёсоор, бүрэн гүйцэт хийгээгүй атлаа акт тогтоосон байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 12.1.7 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 13.1.16 дахь заалт, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, 29.1.1, 29.1.4 дэх заалт, 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэг, 48.6.2, 48.6.3 дахь заалт, 48.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х** Т** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Б*******, Ц.Х******* нарын 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 24/0012059 дугаартай Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ