Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 75

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:       

 

      Улсын яллагч                           А.Энхтуяа

      Нарийн бичгийн даргаар                   Б.Урангоо нар  оролцов.

 

 Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бигэрийн говь овогт Далхжавын Цэрэндолгорт холбогдох 201718000085  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

  Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Бигэр суманд 1970 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, дуучин мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, 3 дугаар хэсэг 77 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Бигэрийн говь овогт Далхжавын Цэрэндолгор,/РД: МЬ70012007/,

 

  Шүүгдэгч Д.Цэрэндолгор нь шунахайн сэдэлтээр 2017 оны 03 дугаар сарын 08-ны орой 22 цагийн орчимд Оросын холбооны улсаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн шалган нэвтүүлэх боомтоор “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн  тухай хууль”-ийн 15.11.4 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлтэй импортлох “Панингин”, “АЦЦ” нэртэй эмийг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар импортлосон гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 Тодорхойлох нь:

                  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                          Үүнд;

  1. Шүүгдэгч Д.Цэрэндолгорын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 03-р сарын  30-нд  сэжигтнээр  өгсөн:  ...Би 2017 оны дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн боомтоор ОХУ-руу ганцаараа машинд дайгдаад гарсан. Тухайн үед ОХУ-ын Хиагт хотод эмийн санд эмийн хямдрал зарлаж байна гэсэн мэдээллийн дагуу нэрийг нь мэдэхгүй нэг эмийн сан руу очиж “Панингин” гэх зүрхэнд уудаг улаан хүрэн өнгийн жижиг хайрцагтай, хайрцаг тус бүртээ 50 ширхэгтэй эм 70 ширхэг, хайрцгаар худалдаж авсан. Нэг тус бүрийг 102 рублээр тооцож авсан. Мөн өөр нэг эмийн сангаас ханиадны “АЦЦ” нэртэй хайрцаг дотроо 20 ширхэгтэй, нэг хайрцаг нь 145 рублийн үнэтэй 3 хайрцаг эм худалдан авсан. Тухайн “АЦЦ” гэх эмийг 2 хайрцганд гуч гучаар нь хувааж хийсэн. “Панингин” эмний 27 хайрцгийг миний Орос найз Света өөрийнхөө хэрэгцээнд авч үлдсэн. Харин үлдсэн 43 хайрцаг “Панингин”, 2 хайрцаг “АЦЦ” эмээ би өөрөө аваад тэндээсээ шууд Алтанбулагын боомт руу очиж Монгол улс руу орохоор болсон. Тухайн үед миний сууж явсан машины урд талд миний найз Мөнхболд өөрийнхөө 30-11 СББ улсын дугаартай машинтайгаа байхаар нь Мөнхболдтой уулзаж Монгол улсын хил нэвтрэхээс өмнө тухайн эмнийхээ 40 хайрцгийг найз Б.Мөнхболдын тээврийн хэрэгслийн жолоочийн суудлын ард ил тавьчихсан юм. Харин үлдсэн 3 хайрцаг “Панингин”, 2 хайрцаг “АЦЦ” ханиадны эмийг өөрийн сууж байсан машины урд хайрцганд хйисэн. Би Монгол улс руу орсны дараа Мөнхболдын машинд шилжин суух байсан учраас тухайн 40 хайрцаг эмийг машинд нь хийсэн юм. Монгол улсын хилээр нэвтрэх гэж байх үед Гаалийн байцаагч миний сууж явсан машины урд талын хайрцганд байсан эмийг хараад “худалдан авсан баримт бичгээ гаргаад ир” гэх үед нь би баримтаа хайгаад олдоогүй болохоор зөрчил гэж үзэн 2 хайрцаг “АЦЦ”, 3 хайрцаг “Панингин” зэргийг хураагаад надад 30,000 төгрөгний торгууль тавьсан. Мөн миний урд талын машинд явсан 40 хайрцаг “Панингин” эмийг хурааж, машиныг түр саатуулж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Би тухайн эмнүүдийг худалдан авсан баримтаа ОХУ-ын хил нэвтрэхдээ үзүүлж, шалгуулан орж ирсэн боловч Монголын хил дээр тухайн баримтаа хайгаад олоогүй юм. Сүүлд хайж байтал миний халааснаас гарч ирсэн юм. Би Мөнхболдтой уулзаад “би чиний машинд сууна шүү энийг машиндаа хийчих” гэж хэлээд өгсөн юм. Тухайн цүнхтэй зүйлийг эм гэж хэлээгүй. Мөнхболд эм гэдгийг мэдээгүй. Манай гэрийн орчмын танил гэртээ асаргаанд байдаг хөгшчүүл надаас “Панингин” эм сураад байсан учраас би тухайн эмийг хэд хэдэн хайрцгаар нь ОХУ-аас оруулж ирэн зах зээлийн ханшнаас бага зэрэг доогуур зарах санаатай байсан юм. Харин “АЦЦ” эмийг өөрийн гэр бүлийн хэрэгцээнд авсан юм. Би тухайн эм бүрийг нэг бүрчлэн тоолж авсан. 70 хайрцаг байсан. Гадна талдаа хайрцаггүй, эм байгаагүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 76-р ху/,

 2. Шүүгдэгч Д.Цэрэндолгорын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 04-р сарын  19-нд  сэжигтнээр  өгсөн:  ...Миний сууж явсан “Стима” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ууганбаяр штанб даруулах гэж дараалалд зогсож байсан юм. Харин би Ууганбаяраас түрүүлж шалгуулан штанб даруулсан учраас машиныг нь гаалийн байцаагчид шалгуулсан юм. Би ОХУ-аас нэг хайрцаг “Панингин” гэх эмийг 102 рублээр тооцож худалдан авсан юм. Харин Сэлэнгэ аймгийн Гаалийн газраас гаргасан шинжээчийн дүгнэлтээр нэг хайрцаг “Панингин” эмийг 150 рублээр тооцож үнэлгээг гаргасан явдалд санал нийлэхгүй байна. Үнэлгээг дахин гаргуулах хүсэлтэй байгаа. Харин Мэргэжлийн хяналтын газраас гаргасан шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байгаа. ...гэх мэдүүлэг /хх-ийн 77-р ху/,

   3.Шүүгдэгч Д.Цэрэндолгорын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 05-р сарын 09-нд  яллагдагчаар өгсөн: ... Би дээрх зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Надад асууж тодруулах, ойлгомжгүй зүйл байхгүй байна. Би өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Тухайн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 90-р ху/,

4.Шүүгдэгч Д.Цэрэндолгорын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би хойноос Панангин эм 47 хайрцаг эмийг оруулж ирэхдээ хажуу айлын хүмүүс захисан учраас гайгүй байдаг гэж бодсон. 2 АЦЦ эмийг хүүхэддээ авсан. Хажуу айлын настай хүмүүс панангин эм захиад байсан болохоор би витамин гэж бодоод авсан юм. Би хойшоо гарч хүний бараа гаргаж өгч мөнгө авдаг байсан.  Энэ эмнүүд нь монголд үнэтэй байдаг болохоор хойноос хямдхан авчраад хүмүүс захисан учраас дээр нь 2000 төгрөг нэмээд заръя гэж бодсон. Хилээр эм оруулж болохгүй гэж мэддэг боловч цөөхөн эм болохоор нь авч орж ирж байгаад баригдсан. Би гэм буруугаа ойлгож байна. Нялх хүүхэдтэй байгаа тул хөнгөн ял оноож өгнө үү....гэх мэдүүлэг,

5.Хохирогч Т.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 04-р сарын 19-ний өдөр өгсөн: ...2017 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Д.Цэрэндолгор гэх эмэгтэй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор хууль бусаар эм оруулж ирсэн хэрэгт төрийн төлөөлж хохирогчоор оролцож байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р ху/,

6.Хохирогч Д.Цэрэндуламын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 05-р сарын 15-ны өдөр өгсөн: ... 2017 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Д.Цэрэндолгор гэх эмэгтэй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор хууль бусаар эм оруулж ирсэн хэрэгт төрийн төлөөлж хохирогчоор оролцож байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р ху/,

7.Гэрч Э.Бумдарийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 03-р сарын 30-ны өдөр өгсөн:  ...Цэрэндолгор эгчийн нөхөр Гансүх болон 7 дугаар ангийн хүү, 1 настай охины хамт амьдардаг. Саяхан нөхөр нь Солонгос руу ажил хийхээр явсан. Одоогоор 2 хүүхдийнхээ хамт байгаа. Цэрэндолгор эгч зан байдлын хувьд хүнтэй нийтэч, сайн ээж, нөхөр хүүхдүүддээ халамжтай, амьдралын төлөөх зүтгэл, чармайлт ихтэй, найз нөхөд болон бусад хүмүүсийн дунд нэр хүндтэй хүн байгаа юм. Өмнө нь хилээр эм болон хориглосон бараа бүтээгдэхүүн оруулж ирж байгаагүй байх гэж бодож байна. Цэрэндолгор эгчийг ийм хэрэгт холбогдсон явдалд миний хувьд их харамсаж байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р ху/,

8.Гэрч П.Наранцэцэгийн 2017 оны 03-р сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ...Цэрэндолгор миний найз байгаа юм. Манай 2 гэрийнхэн нэг нэгнийнхээрээ орж гарж байдаг юм. Цэрэндолгор эгч нөхөр Гансүх болон 7 дугаар ангийн хүү, 1 настай охины хамт амьдардаг. Саяхан нөхөр нь Солонгос руу ажил хийхээр явсан. Цэрэндолгор эгч зан байдлын хувьд хүнтэй нийтэч, сайн ээж, нөхөр хүүхдүүддээ халамжтай, амьдралын төлөөх зүтгэл, чармайлт ихтэй, найз нөхөд болон бусад хүмүүсийн дунд нэр хүндтэй хүн байгаа юм. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 29-р ху/,

9.Гэрч Б.Мөнхболдын 2017 оны 04-р сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ...Би 2017 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 16 цагийн үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хилийн боомтоор ОХУ-руу 30-11 СББ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүн тээвэрлэж гарсан юм. ОХУ-ын Хиагт хотоос гэртээ ойр зуурын хүнсний зүйл авчихаад эргээд Монгол улс руу орохоор Алтанбулаг сумын хилийн боомт явсан. Тухайн үед 22 цаг өнгөрч байсан санагдаж байна. Тухайн үед миний тээврийн хэрэгсэлд нэг явуулын хүн мөн Сүхбаатар сумын Замбаалай дэлгүүрийн худалдагч Батцэцэг /Уугий/ гэх эмэгтэй гурвуулаа байсан. ОХУ-ын хил дээр шалгуулж байх үедээ найз Цэрэндолгортой тааралдсан юм. Тухайн үед шалгуулах 5 машины хамгийн эхэнд миний тээврийн хэрэгсэл миний арын “Стима” маркийн цагаан өнгийн Сэлэнгэ аймгийн дугаартай тээврийн хэрэгсэлд Цэрэндолгор суусан байсан. Тэгээд бид нарын машиныг ОХУ шалгаж дууссаны дараа Цэрэндолгор миний машинд шилжиж суухаар болсон бөгөөд суухаасаа өмнө хар өнгийн гялгар цүнхтэй зүйл тавьсан. Тухайн цүнхээ тавьчихаад эргээд нөгөө машинынаас юмаа авах гэж явах үед ОХУ-ын хил дээр хяналт тавьж байсан цэрэг миний машиныг “урагшаа яв” гэсэн дохио өгөхөд би машинаа хөдөлгөөд явсан. Тэр үед Цэрэндолгор миний машинд сууж амжаагүй юм. Нэгэнт хөдөлчихсөн юм. Монгол улсын хил нэвтэрсний дараа Цэрэндолгорыг машиндаа суулгахаар болсон. Тэгээд гаалийн байцаагчид машинаа шалгуулж байх үед гаалийн байцаагч миний суудлын ард байсан Цэрэндолгорын хар өнгийн цүнхтэй зүйлийг онгойлгоод “энэ юун цүнх юм бэ, таных мөн үү” гэж асуухад би “наад цүнхтэй зүйл минийх биш, миний арын машинд сууж ирсэн Цэрэндолгор гэх эмэгтэй хүний эд зүйл, тухайн зүйлийг миний машинд үлдээгээд явсан, энэ зүйлийн Цэрэндолгорт үлдээгээд явж болох уу” гэж асуухад гаалийн байцаагч “таны тээврийн хэрэгслээс гарсан тул таны машиныг саатуулна, энэ цүнхтэй зүйлийг хурааж авна, цагдаагийн байгууллага хэний эд зүйл гэдгийг тогтооно” гэж хэлээд миний тээврийн хэрэгслийг саатуулж Цэрэндолгорын цүнхтэй зүйлийг хураан авсан. Цэрэндолгор маш их ажилсаг, амьдралч эмэгтэй байгаа юм. Цэрэндолгор ОХУ-руу өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээ хүн тээвэрлэж хэдэн төгрөг олдог ажил хийдэг. Тэр өдөр Цэрэндолгор машингүй явж байсан. гэх мэдүүлэг, /хх 30-р ху/,

10.Гэрч Б.Мөнхболдын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 05-р сарын 09-ний өдөр өгсөн: ...Миний тээврийн хэрэгсэлд Цэрэндолгорын тавьсан байсан хар өнгийн гар цүнхтэй эмнүүдийн гаалийн улсын байцаагч Гаригцацрал гэх эмэгтэй хурааж авах үед надаас гадна хөндлөнгийн гэрчээр Цэрэндолгор, Батцэцэг нар байсан. Тухайн үед гар цүнхэнд нийт 44 хайрцаг “Панангин” гэх нэртэй эмнүүд байсныг сайн санаж байна. Тухайн эмнүүд бүгд хайрцаг, савлагаатай байсан.... гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/,

11. Гэрч П.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 04-р сарын 18-ны өдөр өгсөн: ... Би ОХУ-руу 12-43 СЭА улсын дугаартай “Стима” маркийн тээврийн хэрэгслээр хүн тээвэрлэж хэдэн төгрөг олж амьдардаг. 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ОХУ-ын Хиагт хот руу хүн тээвэрлэж явчихаад эргээд Монгол улс руу орж ирэхийн өмнө Хиагт хотод байх “Абсолют” гэх нэртэй дэлгүүрийн гадна зогсож байх үед миний танил эгч Цэрэндолгор тааралдаж миний тээврийн хэрэгсэлд суугаад Монгол улс руу ирэхээр болж  машины урд хайрцганд 3 ширхэг “Панингин”, 2 хайрцаг “АЦЦ” нэртэй эмнүүдийг хийчихээр нь би “наад эмнүүд чинь болох юм уу, хил гааль дээр зөвшөөрөх юм уу” гэж асуухад “зүгээр ээ, миний хувийн хэрэглээний эм байгаа юм” гэж хэлсэн. Тэндээс хөдөлж ОХУ-ын боомт дээр очсон. ОХУ-ын хилээр шалгуулсны дараа Монгол улсын хилийн шалган нэвтрүүлэх дээр тээврийн хэрэгслээ шалгуулах үед Цэрэндолгор эгч “чиний машиныг шалгуулчихъя” гэхээр нь би явган зорчигч шалгуулах хэсэг рүү орж штанб даруулсны дараа Цэрэндолгор эгч гарч ирэхгүй удаж байгаад гарч ирэхээр нь “та яагаад ингэж удваа” гэж асуухад Цэрэндолгор эгч “харин чиний машины урд талын хайрцганд хийсэн байсан эмнүүдийг гаалийн байцаагч хураагаад торгууль биччихлээ” гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ хөдөлж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумандаа ирсэн. Цэрэндолгор эгч ОХУ-руу хэрэглээний бараа авч гарч хэдэн төгрөг нэмж худалддаг ажил хийдэг гэдгээр нь л мэднэ. Өөрөөр бол тэр хүний хувийн зан байдлын талаар надад мэдэх зүйл байхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-р ху/,

12. Гэрч С.Оюунбилэгийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 04-р сарын 19-ний өдөр өгсөн: ...Манайх болон Цэрэндолгорынх хоорондоо ойролцоо байдаг юм. Цэрэндолгор манай төрсөн дүүгийн найз учраас манай гэрээр орж, гарч мэндтэй устай байдаг юм. Цэрэндолгор ОХУ-руу байнга явж ойр зуурын хэрэглээний зүйл худалдан борлуулдаг, ажил хийдэг юм шиг байна лээ. Миний зүрх муу, даралт ихтэй байдаг юм. 2017 оны 02 дугаар сарын дундуур Цэрэндолгортой уулзаж байх үедээ “зүрхний Панингин гэх эм ОХУ-руу хямд байдаг байхдаа” гэж ярихад Цэрэндолгор “би ОХУ-руу явах үедээ Панингин гэх зүрхний эмнээс хэдэн ширхэгийг худалдан авч ирнэ, тэгээд та надаас хямдхан авахгүй юу” гэж ярьж байсан. Тэгж ярьснаас биш надад ямар нэгэн эм худалдаагүй. Цэрэндолгор өөрийнхөө хэлье гэснийг хэлчихдэг, цайлган сэтгэлтэй эмэгтэй шиг санагддаг. Өөрөөр хувийн зан байдлын талаар надад мэдэх зүйл алга байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р ху/,

13. Гэрч Б.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 04-р сарын 20-ны өдөр өгсөн: ...Манайх болон Цэрэндолгорынх хоорондоо ойролцоо байдаг юм. Цэрэндолгорын хүүхэд манай зээтэй нэг ангид суралцдаг учраас хэн нэгнийгээ таньдаг, тааралдсан үедээ мэндтэй явдаг. Миний ойлгосноор Цэрэндолгор ОХУ-руу ойр зуурын бараа бүтээгдэхүүн авч явж худалдаг борлуулдаг ажил хийдэг юм шиг байсан. Намайг эмч “Панингин” гэх нэртэй эм, эмчийн зааврын дагуу ууж, хэрэглэ гэсэн зөвлөгөө өгсөн юм. 2017 оны 02 дугаар сарын ихээр Цэрэндолгортой уулзах үедээ “Панингин гэх нэртэй эм ОХУ-д арай хямд байгаа байхдаа, чи нэг явахдаа хэдийг аваад ирээч, ирэхээр чинь мөнгө төгрөгийг нь өгье” гэж хэлэхэд Цэрэндолгор “за тэгж байгаад чадвал хэдэн ширхэгийг авчирч өгнө өө” гэж хэлж ярьсан юм. Гэхдээ тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Цэрэндолгороос би ямар нэгэн эм худалдан аваагүй. Цэрэндолгортой нэг их ойр дотно байдаггүй, энгийн харьцаатай хүн чанар сайтай эмэгтэй шиг санагддаг. Хэн нэгэн хүнд эм борлуулсан талаар ямар нэгэн зүйл сонсоогүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-р ху/,

14.Гэрч Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 04-р сарын 05-ны өдөр өгсөн:  ...Би 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн үед найз Мөнхболдын тээврийн хэрэгсэлд дайгдаад ОХУ-руу жимс, хүнсний зүйл худалдан авах ажлаар явсан. Хиагт хотоос өөрийн хэрэглээний зүйлээ худалдан авчихаад эргэж Монгол улс руугаа орох гэж явсан юм. Тухайн үед машинд Мөнхболд бид 2-с гадна нэг явуулын хүн байсан. Алтанбулаг хилийн боомтын ОХУ-ын гааль дээр дугаарлаж байгаад манай тээврийн хэрэгсэл түрүүлж шалгуулан гадаад паспорт дээрээ тэмдэг даруулах гэж байхад арын тээврийн хэрэгслээс нэг эмэгтэй ирж Мөнхболдтой уулзаж “найз нь хамт явна шүү” гэж хэлээд арын машинаас нэг хар өнгөтэй зүйл авч ирээд жолоочийн суудлын ард тавьсан. Тухайн эд зүйлийг ямар учиртай гэдгээ Мөнхболдод хэлээгүй. Тэгээд манай машинд байсан хүмүүс паспорт дээрээ тэмдэг даруулсны дараа манай машиныг “хөдлө” гэсэн дохио өгсөн бөгөөд арын машинаас цүнхтэй зүйл авч ирж тавьсан эмэгтэй машинд сууж амжилгүй тэндээ шалгуулж үлдсэн. Мөнхболд бид нар Монгол улсын гаалийнханд тээврийн хэрэгслээ шалгуулах гэж зогсох үед нь хамт явсан явуулын хүн бид 2 зорчигч шалгадаг байр луу орж шалгуулж дуустал Мөнхболд гарч ирэхгүй удаад гаалийн байцаагчтай хамт ороод ирэхээр нь юу болсон талаар асуухад Мөнхболд “арын тээврийн хэрэгслээс манай машинд тавьсан хар өнгийн цүнхтэй зүйл эм байсан” гэж хэлсэн. Тэгээд Мөнхболдын тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Би тухайн хүнийг танихгүй, өмнө нь харж байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-р ху/,

15.Гэрч Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 05-р сарын 10-ны өдөр дахин өгсөн: ...хар өнгийн гар цүнтэй эмнүүдийг гаалийн улсын байцаагч Гаригцацрал хураан авах ажиллагаанд би хөндлөнгийн гэрчээр оролцсон минь үнэн. Тухайн хар өнгийн цүнхэнд нийт хэдэн ширхэг “Панингин” гэх нэртэй эм байсан талаар надад санах зүйл байхгүй байна. Ямартай ч жижиг хайрцагтай “Панингин” гэх эмнүүд байсан. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р ху/,

16.Гэрч Л.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 04-р сарын 20-ны өдөр өгсөн: ...Би 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өөрийн ажил дээрээ очсоны дараа Алтанбулаг сумын хилийн боомтод 2017 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө зөрчлөөр хураагдсан 44  ширхэг “Панингин” гэх эмийг авчирч надад хүлээлгэн өгсөн юм. Би тухайн эмийг нэг бүрчлэн тоолж хүлээн авахад нэг “Панингин” нь гадуураа хайрцаггүй сул байсан. Тухайн эм 30-11 СББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор байсан учир Б.Мөнхболд гэх хүний тээврийн хэрэгслийг түр саатуулан Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм. Тээврийн хэрэгсэлд хэдэн хүн сууж явсан талаар надад мэдэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-р ху/,

17.Гэрч Ч.Гаригцацралын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 04-р сарын 21-ны өдөр өгсөн: ... 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 20 цагаас 09-ний өглөөний 08 цаг хүртэл Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр гаалийн улсын байцаагчийн үүрэг гүйцэтгэж байсан. 2017 оны 03 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед манай боомтоор ОХУ талаас 30-11 СББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирсэн бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг би ганцаараа шалгаж байх үед тээврийн хэрэгслийн жолооч талын суудлын ард талд гялгар хар өнгийн цүнхтэй зүйл байхаар нь онгойлгож үзэх үед дотор нь “Панингин” гэх нэртэй олон тооны эм байхаар нь тээврийн хэрэгслийг саатуулж, тухайн эмийг тоолж тэмдэглэл үйлдэн хурааж авсан юм. Тус цүнхэнд нийт 44 ширхэг “Панингин” гэх нэртэй эм байсан. Мөн тухайн тээврийн хэрэгслийн арын тээврийн хэрэгслийг шалгах явцад тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын суудлын ард талын хайрцган дотроос нийт 3 хайрцаг “Панингин”, 2 хайрцаг “АЦЦ” гэх нэртэй эм гарч ирсэн. Тухайн эм Цэрэндолгор гэх хүнийх байсан. Эмийг зорчигчийн эмнэлгийн байгууллагын магадлагааг үндэслэн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг юм. Тэр хүн өөрийн хэрэгцээний эм авч явах бичиг баримтын бүрдэл байгаагүй тул эмийг хураан авч Цэрэндолгор гэх эмэгтэйг Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.2 дахь хэсэгт зааснаар 30,000 төгрөгөөр торгож, шийтгэврийн хуудас бичиж өгсөн юм. Тус эмийг гаалийн зөрчлийн байцаагчид хүлээлгэн өгсөн. Мөн 30-11 СББ улсын дугаартай тээврийн хэрэгслээс түр хураан авсан 44 хайрцаг “Панингин” гэх нэртэй эмийг Д.Цэрэндолгор гэх эмэгтэй “миний эм байгаа юм. ОХУ-ын гаальд шалгуулсны дараа Мөнхболд гэх хүний тээврийн хэрэгсэлд шилжүүлэн хийсэн” гэж байсан. Ямар учраас Мөнхболд гэх хүний тээврийн хэрэгсэлд шилжүүлэн хийсэн талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Тухайн “Панингин” эмнүүд бүгд л гадуураа цаасан хайрцагтай байсан. Гаалийн газрын агуулахад хадгалагдаж байх үедээ нэг “Панингин” эмнийх нь хайрцаг хаягдсан байж болох юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р ху/,

18.Гэрч Ч.Гаригцацралын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 04-р сарын 21-ны өдөр дахин өгсөн: ... Би хайрцгийг нь онгойлгож үзсэн боловч нэг бүрчлэн тоолж үзээгүй. Учир нь уг эмний хайрцагны гадна талд үйлдвэрээс тавигдсан тоо ширхэг нь 20 уут гэж бичиж тэмдэглэсэн байсан учраас хайрцаг “АЦЦ” 100мг бүхий эм нь нийтдээ 40 ширхэг байна гэж зөрчлийн тэмдэглэл дээр бичин гаалийн тухай хуулийн дагуу 30,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 40-р ху/,

 

19. 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн

Барааны нэр

Тоо,

ширхэг

Нэгж,үнэ /рубль/

Нийт үнэ, /рубль/

Суурь үнэлгээ /төгрөг/

Гааль 10% /төгрөг/

НӨАТ 10% /төгрөг/

Нийт

татварын дүн /төгрөг/

11.

Панингин 50 таблеток

 

    47

 

  150

 

  7050

298567,50

29856,75

32842,43

62699,18

22.

АЦЦ, 100мг

   

     3

 

  130

 

   390

 

16516,65

 

1651,65

 

 

1816,82

 

3468,47

 

Нийт

 

 

 

 

315084,00

 

 

66167,65

гэх дүгнэлт /хх-ийн 45-р ху/,

 

20.Шинжээч Б.Тунгалагын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 04-р сарын 10-ны өдөр өгсөн: ... Монгол Улсын Гаалийн тарип татварын тухай хуулийн 7.1 дэх хэсэгт Мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн тухайн горимд шаардагдах бичиг баримтыг үндэслэн гаалийн үнийг тодорхойлж, гаалийн байгууллагад мэдүүлэх ба ингэхдээ дурын, эсхүл зохиомол үнэ хэрэглэхийг хориглоно гэж заасан байдаг. Иймээс үнэлгээг гаргахдаа Цэрэндолгороос гаргаж өгсөн эм худалдан авсан гэх баримтанд “Панингин” гэсэн бичиглэл байх боловч тухайн баримтанд ямар нэгр төрлийн, ямар орц найрлагатай болох, аль улсад үйлдвэрлэгдсэн зэрэг тусгагдаагүй тул тухайн баримтанд үндэслэн Панингин, АЦЦ гэх эмнүүдийн үнэлгээг тогтоох боломжгүй байсан тул ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг эмийн сангуудаас нийтэд зориулан интернэтэд эм түүний нэр төрөл, түүний гэрэл зураг бусад мэдээлэл, үнэ зэргийг байрлуулсан байгаагаас эмийн үнийг дундажлан авч үнэлгээг тогтоосон юм. гэх мэдүүлэг /хх 53-р ху/,

  

21.2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн  18-03-002/ 08 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

Хариулт  1: “Панингин” “АЦЦ” нь эм мөн болно.

Хариулт  2: Хүний эмчилгээнд хэрэглэдэг болно.

Хариулт 3: Дээрх хоёр эмнүүд нь Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, эмийн бэлдмэлийн төрөлд хамаарагдахгүй болно.

Хариулт 4: 1.АЦЦ буюу Ацетилцистеин 100мг №20 мг хүүхдийн ханиаданд найруулж уудаг цаасан ууттай нунтаг болно. Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй. Цэр ховхлох, цэрийг гадагшлуулах үйлчилгээтэй.

2. Панингин эм нь Монгол улсын эмийн бүртгэлийн 1713 дугаарт бүртгэгдсэн, код нь 3004.90.90, эмийн худалдааны нэр нь Магнийн аспарагинат +Калийн аспарагинат, эмийн тун хэмжээ нь 140+158 мг №50 савалгаатай. Эмийн хэлбэр нь бүрүүлтэй шахмал. Үйлдвэрлэгч нь Gedeon Richter байна.

Панингин эмийг зүрхний архаг өвчний үед болон зүрхний дутагдал, зүрхний шигдээсийн дараах үед зүрхний хэм алдалтын үед эмчийн зааврын дагуу ууж хэрэглэнэ. Зүрхний булчингийн магни болон калийн солилцоог сайжруулах, зүрхний булчинг тэжээдэг судасны цусан хангамжийг сайжруулахад хэрэглэнэ. ...гэх дүгнэлт,  /хх-ийн 59-р ху/,

22. 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18-03-002. 12 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

Хариулт: 1. АЦЦ буюу Ацетилцистеин 100мг №20 мг хүүхдийн ханиаданд найруулж уудаг цаасан ууттай нунтаг болно. Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй.

2.Панингин эм нь Монгол улсын эмийн бүртгэлийн 1713 дугаарт бүртгэгдсэн, код нь 3004.90.90, эмийн худалдааны нэр нь Магнийн аспарагинат +Калийн аспарагинат, эмийн тун хэмжээ нь 140+158 мг №50 савалгаатай. Эмийн хэлбэр нь бүрүүлтэй шахмал. Үйлдвэрлэгч нь Gedeon Richter байна.

Хариулт: 2. Уг Панингин нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн учраас стандартын шаардлага хангаж байна. АЦЦ нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй учраас стандартын шаардлага хангахгүй. Харин хадгалалт, тээвэрлэлтийн шаардлага хангасан зэргийг тодорхойлох боломжгүй болно.

Хариулт: 3. Панангин-г хүн амын хэрэгцээнд ашиглаж болно. Панингины хугацаа нь 2021 оны 03 дугаар сард дуусна. АЦЦ нь бүртгэгдээгүй учраас хүн амын хэрэгцээнд ашиглаж болохгүй. АЦЦ нь 2020 оны 10 дугаар сард хугацаа нь дуусна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 67-р ху/,

 

Шүүгдэгч Д.Цэрэндолгорыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 90-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол /хх 74-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, /хх 75-77-р ху, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх 78,79-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 80-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 03-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05,06-р ху/, Бараа, тээврийн хэрэгслийн саатуулах хуудас, /хх-ийн 07-р ху/, Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 08-р ху/, Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 15–р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 16-18-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар,  лавлагаа, /хх 93-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх 43, 50, 51, 52, 56, 60, 61, 62, 68, 69–р ху/, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим архивын мэдээлэл /хх-ийн 94-р ху/, Сүхбаатар сумын багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 95-р ху/, шүүгдэгчийн бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 96-р ху/, зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Цэрэндолгор нь 2017 оны 03 дугаар сарын 08-ны орой 22 цагийн орчимд Оросын холбооны улсаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн шалган нэвтүүлэх боомтоор “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн  тухай хууль”-ийн 15.11.4 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлтэй импортлох “Панингин”, “АЦЦ” нэртэй нийт 315084 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн бүтээгдэхүүнийг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар хилээр импортлохыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

 

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт  шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тайлбар болон бусад нотлох баримт болох гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Бараа, тээврийн хэрэгслийн саатуулах хуудас, Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл, Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчлийн албаны улсын байцаагчийн тайлбар, түүнтэй холбоотой баримтууд,  эмийн тухай шинжээчийн  дүгнэлт зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

 Шүүгдэгч Д.Цэрэндолгорт холбогдох хэргийн  зүйлчлэл зөв, шүүхээс “Хууль бусаар эм...импортлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял оногдуулах үндэслэлтэй байгаа ба шүүгдэгч Д.Цэрэндолгорын үйлдэл нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа,  мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.8, 55.1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр  гэмт хэрэг үйлдсэн, багша насны хүүхэдтэй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшин байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь  зүйтэй.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Цэрэндолгор нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар “Панингин” нэртэй эм 47 хайрцаг, “АЦЦ” нэртэй 2 хайрцаг буюу 60 ширхэг зэрэг 2 нэр төрлийн нийт 315084 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн бүтээгдэхүүн хураагдан ирснийг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290-р зүйлийн  290.3, 294,  295, 296, 297, 298-р  зүйлүүдийг   удирдлага болгон ТОГТООХ нь ;

 

1. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Бигэрийн говь овогт Далхжавын Цэрэндолгорыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 198-р зүйлийн 198.2 дахь  хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүй этгээд хууль бусаар эм...импортлохыг завдсан” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60-р зүйлийн 60.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэрэндолгорыг  3 /гурав/ жил  1 /нэг/ сарын  хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэрэндолгорт оногдуулсан 3 /гурав/ жил  1 /нэг/ сарын  хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Д.Цэрэндолгор нь энэ гэмт хэрэгт бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурьдсугай.

5. Эд мөрийн баримтаар хураагдсан “Панингин” нэртэй эм 47 хайрцаг, “АЦЦ” нэртэй 2 хайрцаг буюу 60 ширхэг эм зэрэг 2 нэр төрлийн нийт 315084 төгрөгийн үнэ бүхий эм,  эмийн бүтээгдэхүүн, болон хар цүнхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Татварын ерөнхий хуулийн 7-р зүйлийн 7.3.2, 7.3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэрэндолгороос гаалийн татварт 31508 төгрөг 40 мөнгө, Нэмүү өртгийн албан татварт 34659 төгрөг 25 мөнгө, нийт 66967 төгрөг, 65 мөнгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

7.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэрэндолгорт оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын  хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд  захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг ялтан Д.Цэрэндолгорт сануулсугай.

         9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Цэрэндолгорт хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

        10.Шүүгдэгч Д.Цэрэндолгорт урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

        11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

        12.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шүүгч шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

         13.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн  304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306-р зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.НОЛХООСҮРЭН