Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/121

 

2025      03         11                                           2025/ШЦТ/121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Т.Т,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн  шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн 2525000000034 дугаартай хэргийг 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б нь;

2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 21.55 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Vegas” /Вегас/ бааранд хохирогч Ө.Х-тай үл ялих шалтгаанаар маргалдан харилцан зодолдож, хохирогчийн нүүр хэсэгт толгойгоороо мөргөх, цохих зэргээр зодож,

эрүүл мэндэд нь “нэг шүдний булгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруул, зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.Б “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн,  нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан;

хохирогч Ө.Х-ын “...Би 2024 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 23.00 цагийн үед “Vegas” бааранд ажиллаж байх үед Б гурван эмэгтэй, нэг эрэгтэй хүнтэй орж ирсэн. Би тухайн хүмүүсийн бичиг баримтыг шалгахад хоёр эмэгтэй нь бичиг баримт байхгүй байсан, тэр үед Б “караокеноос хүн ирж байгаа тэгэхээр энэ хоёр охины бичиг баримтыг үзүүлье” гэж хэлсэн. Би “заавал бичиг баримтыг нь шалгаж оруулах ёстой” гэж шаардлага тавихад “чи хэзээ ийм том болчихсон юм” гэж хэлээд миний ам хэсэг рүү мөргөж, дараа нь баруун гараараа миний ам хэсэг рүү гурван удаа гараа атгаж байгаад цохисон. Бааранд байсан залуучууд бид хоёрыг салгасан, тэр үед миний дээд урд талын нэг шүд уначихсан, шүдээ шалгаж үзэхэд ахиад нэг шүд хөдөлсөн, уруул сэтэрсэн байсан. Б цуг явсан эмэгтэйчүүдтэйгээ гараад яваад 5 орчим минутын дараа буцаад ороод ирсэн, тэгэхээр нь би Б-ийн гар утсыг нь аваад “цагдаад өргөдөл бичнэ” гэж хэлсэн. ...Б2025 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хохирлын мөнгө гэж миний “Хаан” банкны данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн, ...надад гомдол, санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19, 21 дэх тал/,

гэрч Б.П-ийн “...2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 21.00 цаг өнгөрч байхад найз Б, Д нарын хамт “Vegas” бааранд ороод сууж байсан чинь манай арван жилд нэг сургуульд сурч байсан найз Бгаднаас орж ирээд зөөгч Хаас суух ширээ асуугаад байх шиг байсан. Нэг харсан чинь баарны текний урд Б, Х хоёр зодолдоод байсан, би салгах гээд очиход хоёулаа ширээ налаад урт сандал дээр уначихсан байсан. Би тэр хоёрыг салгасан чинь Х-ын амнаас цус гарсан байдалтай босоод ирсэн, Х баарны текнээс алчуур аваад амаа арчсан чинь урд үүдэн шүд нь унаад салфетик дээр тавьчихсан байсан. ...Х-ыг Б зодсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 23.00 цагийн үед “Vegas” бааранд тэр өдөр караокед танилцсан хүмүүсийн хамт орох гэхэд Х “хоёр эмэгтэйн бичиг баримтыг шалгаж оруулна” гэсэн, би “дараа нь шалгуулчихья” гэхэд уурлаад байхаар нь Х-ын нүүрэн тус газар нэг удаа мөргөж, гараараа гурван удаа цохисон. ...Миний буруутай үйлдлээс болж Х-ын биед хөнгөн хохирол гарсан байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 113 дугаартай; “…Ө.Х-ын биед нэг шүдний булгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруул, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар шинэ гэмтэл ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тоггоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

хохирогч Ө.Х-ын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 9 дэх тал/,

“Vegas” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-15 дахь тал/,

Шүүгдэгч Б.Б-ийн;

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан сэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дэх тал/ зэрэг болно

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Б.Б-оос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Б.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,

хохирогч Ө.Хын “...Бминий ам хэсэг рүү мөргөж, дараа нь баруун гараараа миний ам хэсэг рүү гурван удаа гараа атгаж байгаад цохисон. ...тэр үед миний дээд урд талын нэг шүд уначихсан, шүдээ шалгаж үзэхэд ахиад нэг шүд хөдөлсөн, уруул сэтэрсэн байсан.” гэх,

гэрч Б.П-ийн “...баарны текний урд Б, Х хоёр зодолдоод байсан, ...Би тэр хоёрыг салгасан чинь Х-ын амнаас цус гарсан байдалтай босоод ирсэн, Х баарны текнээс алчуур аваад амаа арчсан чинь урд үүдэн шүд нь унаад салфетик дээр тавьчихсан байсан. ...Х-ыг Б зодсон.” гэх,

Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “...би Х-ын нүүрэн тус газар нь нэг удаа мөргөж, гараараа гурван удаа цохисон. ...Миний буруутай үйлдлээс болж Хын биед хөнгөн хохирол гарсан байна.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 113 дугаартай, “…Ө.Х-ын биед нэг шүдний булгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруул, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт, хохирогч Ө.Х-ын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, “Vegas” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг.  

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хохирол, хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хохирол, хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

Шүүгдэгч Б.Б-ийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж,  эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгчийн үйлдэл энэ гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Б.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

Шүүх шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрхэлсэн тодорхой ажил орлоготой, мөн хохирогчид 5.000.000 төгрөг нөхөн төлсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд,

мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн “...найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн санал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг анхааруулж,

          шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав

Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,

1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүх хохирогч Ө.Х-ын “...2025 оны 1 дүгээр  сарын 08-ны өдөр хохирлын мөнгө гэж миний Хаан банкны данс руу 5.000.000 /таван сая/ төгрөг шилжүүлсэн, надад одоо гомдол санал байхгүй.” гэсэн хавтаст хэргийн 21 дэх талд авагдсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хэрэгт хураан ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Vegas” баарны хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эд мөрийн баримтаар тооцсон Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Vegas” баарны хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

 битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э