Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/233

 

2025      05         08                                          2025/ШЦТ/233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э,     

улсын яллагч Э.Г, 

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч С.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Д.Г-т холбогдох эрүүгийн 2525000000104 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Г нь;

архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Найрамдал баг “Их хаадын цуваа” хотхонд хохирогч Д.Д-ыг “чи өдрөөс хойш дургүй хүргээд байна шүү” гэх шалтгаанаар толгой хэсэг рүү нь цохих, өшиглөх зэргээр зодож,

эрүүл мэндэд нь “тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархи дарагдал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Д.Г “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

 

мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч Д.Д-ын “...2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Т, Г нарын хамт Т-ийн авсан барилгын дотор заслын мужааны ажлыг хийхээр Эрдэнэтэд ирсэн, сүүлд 2025 оны 1 дүгээр сарын 22-23-ны өдөр бид нар дээр нэмэгдэж ирсэн Г-ийн найз Хын төрсөн өдөр болоод Г, Х, Х, Л бид тав 0.7л “Агар” архи хоёр шилийг уусан. ...Г намайг “чи өглөөнөөс хойш яагаад янз үзээд байгаа юм” гээд миний зүүн шанаа хэсэг рүү 2-3 удаа цохисон, нүүр рүү ажилд өмсөж байсан гутлаараа хоёр удаа өшиглөсөн. ...маргааш нь миний хамраас нөжирсөн цус гараад нүүр хэсэг их өвчтэй байсан, тэр өдрөөс хойш толгой өвдөөд байхаар нь толгойны эм уугаад, сүүлдээ эмэнд дарагдахаа болиод хүчтэй өвдөж эхэлсэн. Толгой барьдаг хүнээр хоёр удаа бариулсан чинь толгойгоо бариулснаас хойш хоёр өдрийн дараа үдээс өмнө гурван удаа ухаан алдаж унасан, тэгээд цуг ажилладаг Х гэх залуу намайг эмнэлэгт авч ирсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

“...Г гаднаас халамцуу орж ирээд “чи эхнэрийн өврөөс босож ирдэг хэн бэ” гээд миний нүүр рүү 2-3 удаа цохисон, 277 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, ...би сэтгэл санаа, сэтгэцийн хор уршиг тотоолгож нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

“...Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, одоогоор надад гаргаж өгөх баримт байхгүй, баримтаа цуглуулж байгаад нэхэмжилнэ. ...сэтгэл санаа, сэтгэцийн хохирол тогтоолгож, хохирол учирсан бол нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

“…Г гаднаас халамцуу орж ирээд “чи миний эхнэрийн өврөөс босож ирдэг хэн бэ” гээд миний нүүр рүү 2-3 удаа цохисон, ...баруун талын нүд бага зэрэг  хөхөрсөн байсан, ...сэтгэл санаа, сэтгэцийн хор уршиг тогтоолгож нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

гэрч Д.Т-ийн “...2024 оны 12 дугаар сарын сүүлээр Д ахын нүд хөхөрчихсөн байхаар нь “та ядраад байгаа юм биш үү” гэсэн чинь “би ядраагүй, Х цохичихсон юм” гэж Нандиад хэлсэн байсан. Тэгээд хэсэг чимээгүй байцгааж байгаад 2025 оны 1 дүгээр сарын 19-ний үед “танай хүмүүс архи уугаад байна” гэж тухайн барилгын доод талд засал хийж байгаа хүмүүс надад хэлсэн, би хотоос гараад Эрдэнэтэд ирсэн чинь Д, Х, Х-гийн эхнэр О нар согтуу байсан, Д-гийн нүүр халцарчихсан байхаар нь Х*гаас “энэ Д яачихсан юм” гэсэн чинь “би цохичихсон” гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

гэрч Б.Л*ын “...Би “Их хаадын цуваа” байрны баруун талд тамхины цэгийн ард баригдаж байгаа байрны 6 давхрын мужааны ажлыг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш өөрийн бригадын хүмүүстэй гүйцэтгэж байна, тухайн барилгын 5 давхрын мужааны ажлыг Д, Г, Я, Х гэх хүмүүс хийж байсан. 2025 оны 1 дүгээр сарын 22, 23-ны хавьцаа Г ахын найз Х-даас ахын төрсөн өдөр болоод орой ажил тарсны дараа 20.00 цагийн үед Д ах надаар дэлгүүрээс хоёр шил 0.7л “Агар” архи авахуулсан, тэр архийг Д, Я, Х ах, А ах бид нар хувааж уусан, Г ах их уугаагүй, бага зэрэг уусан. Архи дуусаад А ах бид хоёр дээшээ өөрсдийнхөө давхар руу гарсан, А ах үлдээд би буцаад доод давхар руу буусан чинь Г ах “Х нэг шил архи өгч байна” гээд 0.5л “Агар” архи гаргаж ирсэн, би тамхиа мартчихсан байхаар нь дээшээ гараад тамхиа авчихаад 5-10 минут байж байгаад буцаад буугаад очсон чинь Д ахын хамраас цус гарчихсан, ...Д ах, Г ах нар хоорондоо маргалдсан байдалтай байсан, Д ахаас юу болсон талаар асуухад “ахыг нь зүгээр сууж байсан чинь Г миний нүүр рүү өшиглөсөн” гэж хэлсэн, би Г ахад “та яаж байгаа юм, яасан гэж Д ахыг зодож байгаа юм” гэсэн чинь “Д өдрөөс хойш намайг хэл үгээр доромжлоод байсан юм” гэж хэлсэн. ...маргааш нөгөөдрөөс нь Д ах “толгой өвдөөд дотор муухай оргиод бөөлжөөд байна” гээд 5-6 хоног эм уугаад яваад байсан, 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өглөө би Д ахын өрөө рүү орсон чинь татаад хэвтэж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

гэрч З.Б-гийн “...Д “толгой өвдөөд байна, толгойны эм байна уу” гэж байсан. 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өглөө Д над руу залгаад “та ирж ажиллах боломж байна уу” гэхээр нь 13.00 цагийн үед очиход Д паркет шахаад байж байсан, намайг хувцсаа сольж байхад миний хажууд ирээд тамхи татаад суусан. Тэгээд босоод явахдаа доошоо хараад татаад уначихсан, би дээш нь харуулаад эрүү, амыг нь хөдөлгөсөн чинь гайгүй сэргэсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

гэрч Д.Б-ын “...2025 оны 1 дүгээр сарын 14-ний орой 19.00 цагийн үед ажлаасаа буугаад маргааш нь 2025 оны 1 дүгээр сарын 15-нд миний төрсөн өдөр болохоор урьдчилж тэмдэглэхээр болоод Д.Г, Д.Д, Х, Х бид нар 0.7л гурван шил архи хувааж уугаад амарцгаасан, ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болоогүй. Маргааш нь буюу 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр миний төрсөн өдөр байсан, өглөө нь Д*гийн архи гараагүй, Д Г ахаас “Х*ын төрсөн өдөр шүү дээ, чи нэг юм аваад өгөөч” гээд байсан. Орой 19.00 цагийн үед Д хоёр шил 0.7л “Агар” архи аваад ирсэн, Х нэг шил 0.7л “Агар” архи өгсөн байсан, тэгээд Д, Г, Х, Л болон нэрийг нь мэдэхгүй өөр нэг залуу бид зургаа гурван шил архи хувааж уусан, тэгээд архи ууж дуусаад Д Г ахыг “чи Х*т ганц юм аваад өгчихгүй” гээд янз янзын юм яриад байхаар нь Г “чи одоо болио, өдөржин намайг өдлөө шүү дээ, одоо больчих” гэсэн чинь Г ах руу Д сарвайхаар нь Г ах түлхсэн, би ард нь зогсож байсан болохоор хаашаа нь түлхсэнийг мэдэхгүй, Г Д*ын нүүр рүү цохисон чинь Д*ын хамраас цус гарахаар нь Х 00 өрөө рүү авч явж цусыг нь угаачихаад Д*ыг өрөөнд нь оруулж амраасан. Л орж ирээд “та нар Д ахыг нийлээд зодчихсон юм уу” гэхээр нь би “Х бид хоёр зодоогүй, Г ах зодсон” гэсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

гэрч Б.Б-ын “...2025 оны 1 дүгээр сарын 14-ний орой “Б-ын төрсөн өдрийг урьдчилж тэмдэглэнэ” гээд Д, Г, Б бид дөрөв 0.7л “Агар” архи архи гурван шилийг уучихаад амарцгаасан. Тэгээд маргааш нь буюу 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өглөө босоод ажлаа хийцгээсэн, Г бид хоёр коридорт ажиллаж байсан чинь Д ирээд Г ахыг “араа харж яваарай” гээд янз бүрийн юм яриад байсан. ...Д 19.00 цагийн үед гаднаас “гар утсаа ломбардад тавьчихлаа” гэл үү, “зарсан” гэл үү хоёр шил 0.7л “Агар” архи авч ирээд Г, Д, Б болон дээд давхарт ажиллаж байсан хоёр залуу бид зургаа хувааж уусан, Г ахын найз нь нэг шил архи өгсөн гээд тэрийг бас уусан. ...Г, Д, Б бид дөрөв юм яриад сууж байхад Г, Д-ын хамар руу цохисон чинь Д-ын хамраас цус гарахаар нь би Д-ыг 00 өрөөнд цусыг угаалгачихаад өрөө рүү нь оруулж амраасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

Д.Г-ийн яллагдагчаар өгсөн “...2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр цуг ажилладаг Б-ын төрсөн өдөр болоод Б, Х, Д, Л, А-гий нарын хамт гурван шил 0.7л “Агар” архи хувааж уусан, ...архиа уугаад дуусахад Л, А-ий хоёр өөрсдийнхөө давхар руу явсан. Би Д-т “одоо архиа болио, ажил хүлээлгэж өгөх хугацаа тулаад байна” гэж хэлсэн чинь “би мэдэж байна, чи өөрийнхөө ажлыг хий”, “өөрийгөө хичээ” гэх мэтээр хэлсэн, босоод явах гэсэн чинь Д дагаж босож ирээд над руу гараа сарвайхаар нь “намайг өдрөөс хойш өдлөө шүү, одоо болно шүү дээ” гэж хэлээд нүүр рүү нь нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Б 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 277 дугаартай; “...Д.Д-ын биед тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархи дарагдал, тархийг чөлөөлөх мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, нэг түүнээс олон удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 39-41 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 808 дугаартай; “...Д.Д-ын сэтгэцэд 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

хэргийн ул мөр агуулсан, хэрэгт ач холбогдол бүхий Д.Г-ийн хар өнгийн 42 размерийн гутлыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 4 дэх тал/,

уг гуталд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хавтаст хэргийн 7, 8-10 дахь тал/,

хохирогчийн Орхон Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 75-107 дахь тал/,

хохирогч Д.Д-ын тус шүүхэд ирүүлсэн “...Д.Г бид хоёрын хооронд асуудал, гомдол санал байхгүй. Эмчилгээний зардал бэлнээр 500.000 төгрөг, дансаар 1.500.000 төгрөг авсан. Иймд бид хоёрын асуудлыг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт, 

шүүгдэгч Д.Г-ийн;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 108 дахь тал/,

Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 111-118 дахь тал/,

иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 121 дэх тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 122 дахь тал/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн,

Д.Г-аас болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Д.Г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх,

мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,

хохирогч Д.Д-ын “...Х-ын төрсөн өдөр болоод Г, Х, Х, Л бид тав 0.7л “Агар” архи хоёр шилийг уусан. ...Г намайг “чи өглөөнөөс хойш яагаад янз үзээд байгаа юм” гээд миний зүүн шанаа хэсэг рүү 2-3 удаа цохисон, нүүр рүү ажилд өмсөж байсан гутлаараа хоёр удаа өшиглөсөн.” гэх,

гэрч Д.Т-ийн “...Д-гийн нүүр халцарчихсан байхаар нь Х-гаас “энэ Д яачихсан юм” гэсэн чинь “би цохичихсон” гэж байсан.” гэх,

гэрч Б.Л-ын “...2025 оны 1 дүгээр сарын 22, 23-ны хавьцаа...Х ахын төрсөн өдөр болоод орой ажил тарсны дараа 20.00 цагийн үед Д ах надаар дэлгүүрээс хоёр шил 0.7л “Агар” архи авахуулсан, тэр архийг Д, Я, Х ах, А ах бид нар хувааж уусан, Г ах их уугаагүй, бага зэрэг уусан. ...Д ахын хамраас цус гарчихсан, ...Д ах, Г ах нар хоорондоо маргалдсан байдалтай байсан, Д ахаас юу болсон талаар асуухад “ахыг нь зүгээр сууж байсан чинь Г миний нүүр рүү өшиглөсөн” гэж хэлсэн, би Г ахад “та яаж байгаа юм, яасан гэж Д ахыг зодож байгаа юм” гэсэн чинь “Д өдрөөс хойш намайг хэл үгээр доромжлоод байсан юм” гэж хэлсэн.” гэх,

гэрч Д.Б-ын “...Д Г ахыг “чи Хт ганц юм аваад өгчихгүй” гээд янз янзын юм яриад байхаар нь Г “чи одоо болио, өдөржин намайг өдлөө шүү дээ, одоо больчих” гэсэн чинь Г ах руу Д сарвайхаар нь Г ах түлхсэн, ...Г Д-ын нүүр рүү цохисон чинь Д-ын хамраас цус гарахаар нь Х 00 өрөө рүү авч явж цусыг нь угаачихаад Дыг өрөөнд нь оруулж амраасан.” гэх,

гэрч Б.Б-ын “...2025 оны 1 дүгээр сарын 15-ны өглөө босоод ажлаа хийцгээсэн, Г бид хоёр коридорт ажиллаж байсан чинь Д ирээд Г ахыг “араа харж яваарай” гээд янз бүрийн юм яриад байсан. ...Д 19.00 цагийн үед гаднаас “гар утсаа ломбардад тавьчихлаа” гэл үү, “зарсан” гэл үү хоёр шил 0.7л “Агар” архи авч ирээд Г, Д, Б болон дээд давхарт ажиллаж байсан хоёр залуу бид зургаа хувааж уусан, Г ахын найз нь нэг шил архи өгсөн гээд тэрийг бас уусан. ...Г, Д, Б бид дөрөв юм яриад сууж байхад Г, Д-ын хамар руу цохисон.” гэх,

Д.Г-ийн яллагдагчаар өгсөн “...2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр цуг ажилладаг Б-ын төрсөн өдөр болоод Б, Х, Д, Л, Аагий нарын хамт гурван шил 0.7л “Агар” архи хувааж уусан, ...Би Д-т “одоо архиа болио, ажил хүлээлгэж өгөх хугацаа тулаад байна” гэж хэлсэн чинь “би мэдэж байна, чи өөрийнхөө ажлыг хий”, “өөрийгөө хичээ” гэх мэтээр хэлсэн, босоод явах гэсэн чинь Д дагаж босож ирээд над руу гараа сарвайхаар нь “намайг өдрөөс хойш өдлөө шүү, одоо болно шүү дээ” гэж хэлээд нүүр рүү нь нэг удаа цохисон.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Б 2025 оны 277 дугаартай; “...Д.Д-ын биед тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархи дарагдал, тархийг чөлөөлөх мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. ...гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.” гэсэн,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 808 дугаартай; “...Д.Д-ын сэтгэцэд 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.” гэсэн дүгнэлтүүд,

хэргийн ул мөр агуулсан, шүүгдэгч Д.Г-ийн хар өнгийн 42 размерийн гутлыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчийн Орхон Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Д.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,

шүүгдэгч, хохирогч нар нь бусадтай нийлж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар хоорондоо маргалдаж шүүгдэгч Д.Г нь хохирогч Д.Д-т уурлан “чи өдрөөс хойш дургүй хүргээд байна шүү” гэх шалтгаанаар толгой хэсэг рүү нь цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархи дарагдал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт цуглуулсан баримтуудаар тогтоогдож байна.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, шүүгдэгч нь бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг.

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хохирол, хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хохирол хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилж хамгаалагдсан эрхийн эсрэг хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас шууд учирсан гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

Шүүгдэгч Д.Г-ийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж,  эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Д.Г-ийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуульзүйн үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

Шүүх шүүгдэгч Д.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой байдал, мөн хохирогчид 2.000.000 төгрөг нөхөн төлсөн зэрэг хувийн байдлууд, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан хор уршгийн шинж чанар, мөн  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг,

эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн,

шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн “...арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулна уу.” гэсэн саналуудыг тус тус харгалзан,

“эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг анхааруулав.

Шүүгдэгч Д.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг,

1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж,

497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,

511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Д.Г гэм буруутай үйлдлээрээ хохирогч Д.Д-ын эрүүл мэндэд нь “тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархи дарагдал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан нь хохирогчид учирсан хохирол бөгөөд түүний эмнэлгийн тусламж авах, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан зардал нь хор уршигт тооцогдоно.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нар 2025 оны 808 дугаартай дүгнэлтээрээ хохирогч Д.Д-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрснийг, энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарахыг тогтоосон байна.

Хохирогч Д.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...би сэтгэл санаа, сэтгэцийн хор уршиг тотоолгож нэхэмжлэхгүй.”, “ ...сэтгэл санаа, сэтгэцийн хохирол тогтоолгож, хохирол учирсан бол нэхэмжилнэ.”, “...сэтгэл санаа, сэтгэцийн хор уршиг тогтоолгож нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлгүүдийг өгсөн байх бөгөөд шүүх хуралдаан эхлэхээс өмнө тус шүүхэд “...Д.Г бид хоёрын хооронд асуудал, гомдол санал байхгүй. Эмчилгээний зардал бэлнээр 500.000 төгрөг, дансаар 1.500.000 төгрөг авсан. Иймд бид хоёрын асуудлыг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул түүний мэдүүлгүүд болон хүсэлтийг нь тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан шүүгдэгч Д.Гийн хар өнгийн 42 размерийн гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Г шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан шүүгдэгч Д.Гийн хар өнгийн 42 размерийн гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.Э