Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/256

 

2025      05         20                                          2025/ШЦТ/256

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч А.С нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч А.С-т холбогдох эрүүгийн 2525000000169 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

шүүгдэгч А.С нь;

согтуурсан үедээ 2025 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 17.00 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх С.Б-гийн хоолойг боож, зүүн хөлийн өвдөг рүү 2-3 удаа атгасан гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн тойг ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч А.С “...мэдүүлэг өгөхгүй, үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч С.Б-гийн “...Бамбай хамгаалалтын төвд ажил дээрээ цэвэрлэгээ үйлчилгээ хийчихээд 17.00 цагийн орчим гэртээ яваад орсон чинь бага хүү А.С унтаж байгаад, намайг орсон хаалганы чимээнээр сэрээд над руу шалтгаангүйгээр дайрсан, тухайн үед хүү А.С-аас архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба согтолтын зэрэг нь өндөр байсан. С над руу дайрахдаа миний хоолой хэсгийг баруун гараараа боож, орон дээр унагааж байгаад хоолой боохоо болиод “дөрвөн мөчийг чинь мөчлөөд хаячихъя” гээд зүүн хөлийн өвдөгний нүд хэсэг рүү гараа атгаж байгаад баруун гараараа 2-3 удаа цохисон, би “боль миний хүү, ээжийгээ битгий ингэ” гэж хэлсэн чинь надад юм хэлэлгүй гэрээсээ гараад явсан. ...2025 он гараад удаа дараа цагдаагийн байгууллагад шалгагдаж, баривчилгаанд явсан. А.С эрхэлсэн тодорхой ажилгүй, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, архи дарс уухаараа хажуу хавирганы хүмүүсээ тайван байлгадаггүй, зодож нүддэг, үргэлж хэл амаар доромжилдог хэцүү авиртай. ...үргэлж мөнгө нэхэж, намайг дарамталж, миний биед халддаг, мөнгө нэхэх үед нь өөрийн боломжоор мөнгө өгдөг боловч мөнгөөрөө архи авч уучихаад дахиж мөнгө нэхээд, “байхгүй” гэж хэлэхээр “хувхай гуйлгачингууд” гээд миний биед халддаг. ...А.С миний хоолойг боох үед хоолой хэсэг улайсан байсан ба миний зүүн хөлийн өвдөг хэсэг рүү 2-3 удаа гараа атгаж байгаад цохисны улмаас зүүн хөл гишгэхэд зовуурьтай, явж чадахаа байсан, уг гэмтлүүд тухайн хэргийн үед миний биед учирсан, би 2025 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө ямар нэгэн гэмтэл, шарх, зовуурьгүй байсан. Миний сэтгэл санаанд учирсан хор уршиг байхгүй тул тогтоолгох шаардлагагүй, гомдолтой, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна. ...урьд өмнө нь хэд хэдэн удаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ надад агсам тавьж, биед халдаж байсан, эд зүйл устгаж гэмтээдэг. Би цагдаагийн байгууллагад хандаж хуулийн дагуу арга хэмжээ тооцуулдаг боловч архи уухаараа агсам согтуу тавьдаг зан нь засрахгүй байгаа.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

гэрч А А-ын “...2025 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гэрээсээ гараад хөдөө явж байтал ээж С.Б 18.00 цагийн орчимд миний гар утас руу залгаад “С миний хөл рүү цохисноос болж хөл гишгэж болохгүй байна” гэж хэлсэн, тэгэхээр нь “яахаараа таны хөл рүү цохидог юм” гэж асуусан чинь “мэдэхгүй, согтуу байна билээ” гэж хэлсэн. ...ээж С.Б-гийн хөл 2025 оны 2 дугаар сарын 23-ны өдөр буюу А.С-т зодуулахаасаа өмнө огт бэртэл гэмтэлгүй зүгээр байсан, А.Ст зодуулснаас болж хугарч гэмтсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

гэрч П.А-ы “...2025 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хуваарийн дагуу өөрийнхөө ажил үүргийг гүйцэтгэж байсан тул гэртээ байгаагүй, эхнэр С.Б миний гар утасны дугаар руу тус өдрийн 18.00 цагийн орчимд залгаад “С агсам тавьж намайг зодоод байна, хурдан ирээрэй” гэж хэлсэн, би ажлаасаа буугаад гэртээ яваад ирсэн чинь эхнэрийн хөл гэмтчихсэн, “гишгэж болохгүй байна” гэж байсан. ...А.С архинаас болж ээжийнхээ биед халддаг, мөнгө нэхдэг, “мөнгөгүй” гэж хэлэхээр агсарч, биед нь халддаг асуудал гаргадаг. ...Тус өдөр бага хүү А.С-таа зодуулсны улмаас зүүн хөлдөө гэмтэл авч, гишгэж чадахгүй таяг тулах болсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

А.С-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2025 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 17.00 цагийн орчим гэртээ очиход хүн байгаагүй, тэгэхээр нь буцаж гараад “Туна” дэлгүүр ороод 0.75л савлагаатай “Хараа” архи нэг шилийг аваад гэртээ буцаж ирээд ганцаараа талд нь ортол уучихаад унтаж байсан чинь ээж Б гаднаас орж ирээд намайг “бос, бос” гэж хэлсэн. Би архиныхаа халуунд ээждээ уурлаад босох гэж байгаад санаандгүй өшиглөсөн, тэгээд босож ирээд үглэж, яншаад байхаар нь уурандаа гараа атгаж байгаад ширээ цохих гэж байгаад  ээжийн зүүн талын өвдөгний тойг хэсэг рүү цохичихсон. Би архи уучихсан байсан, архины халуундаа ээжийг “бос” гээд үглээд байхаар нь нойроо харамлаад ээжийгээ цохичихсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44, 64-65 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 386 дугаартай; “...С.Б-гийн биед зүүн тойг ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

хохирогч С.Б-гийн “...хүү А.С намайг зодож цохисон.” гэх  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/, 

шүүгдэгч А.С-ын хувийн байдалтай холбоотой;

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/,     

иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх тал/,         

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 986 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 55-57 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 58-61 дэх тал/ зэрэг болно.

          Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас, яллагдагч А.С-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,

          шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх   хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн

шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

          Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

          шүүгдэгч А.С согтуурсан үедээ, 2025 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 17.00 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх С.Б-гийн хоолойг боож, зүүн хөлийн өвдөг рүү 2-3 удаа атгасан гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн тойг ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгч А.С-ын “...мэдүүлэг өгөхгүй, үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх,

мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,

хохирогч С.Б-гийн “...С над руу дайрахдаа миний хоолой хэсгийг баруун гараараа боож, орон дээр унагааж байгаад хоолой боохоо болиод “дөрвөн мөчийг чинь мөчлөөд хаячихъя” гээд зүүн хөлийн өвдөгний нүд хэсэг рүү гараа атгаж байгаад баруун гараараа 2-3 удаа цохисон, ...А.С хоолойг боох үед хоолой хэсэг улайсан байсан ба миний зүүн хөлийн өвдөг хэсэг рүү 2-3 удаа гараа атгаж байгаад цохисны улмаас зүүн хөл гишгэхэд зовуурьтай, явж чадахаа байсан, уг гэмтлүүд тухайн хэргийн үед миний биед учирсан.” гэх,

гэрч А А-ын “...2025 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гэрээсээ гараад хөдөө явж байтал ээж С.Б 18.00 цагийн орчимд миний гар утас руу залгаад “С миний хөл рүү цохисноос болж хөл гишгэж болохгүй байна” гэж хэлсэн, ...ээж С.Б-гийн хөл 2025 оны 2 дугаар сарын 23-ны өдөр буюу А.С-т зодуулахаасаа өмнө огт бэртэл гэмтэлгүй зүгээр байсан.” гэх,

гэрч П.А-ы “...эхнэр С.Б миний гар утасны дугаар руу тус өдрийн 18.00 цагийн орчимд залгаад “С агсам тавьж намайг зодоод байна, хурдан ирээрэй” гэж хэлсэн, тэгэхээр нь би ажлаасаа буугаад гэртээ яваад ирсэн чинь эхнэрийн хөл нь гэмтчихсэн, “гишгэж болохгүй байна” гэж байсан. ...бага хүү А.С-таа зодуулсны улмаас зүүн хөлдөө гэмтэл авч, гишгэж чадахгүй таяг тулах болсон.” гэх,

А.С-ын өгсөн “...Би архиныхаа халуунд ээждээ уурлаад  босох гэж байгаад санаандгүй өшиглөсөн, тэгээд босож ирээд үглэж, яншаад байхаар нь уурандаа гараа атгаж байгаад ширээ цохих гэж байгаад ээжийн зүүн талын өвдөгний тойг хэсэг рүү цохичихсон.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 386 дугаартай, “...С.Б-гийн биед зүүн тойг ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт, хохирогч С.Б-гийн “...хүү А.С намайг зодож цохисон.” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч А.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдгийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн энэ үйлчлэлд хамаарах этгээдүүдийг заасан байна.

Тухайлбал; 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна.” гэж,

хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг.” гэж,,

хуулийн 5.1.2-д “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэдгийг гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно.” гэж тус тус заажээ.

Гэр бүлийн хүчирхийллийн үндсэн шинж нь дээр дурьдсан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд болж байдгаараа онцлог бөгөөд тухайн хүмүүсийн хэн нэг нь гэр бүлийн бусад гишүүд, хамт амьдарч байгаа болон хамт амьдраагүй ч хамааралтай хүний амьд явах, аюулгүй орчинд амьдрах, халдашгүй, хараат бус байх эрхэд халдаж, хяналт тогтоож, эрхийг нь хязгаарлах хэлбэрээр хохирогчийг эрх мэдлийн тэнцвэргүй байдалд оруулах зорилго, сэдэл бүхий шууд, санаатай үйлдэл байдаг бол хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг. 

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

Шүүгдэгч А.С нь хохирогч С.Б-гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүний эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалгаант холбоотой байна.

Шүүх хэргийн нөхцөл байдлыг дүгнээд,

шүүгдэгч А.С нь согтуурсан үедээ 2025 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 17.00 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх, хохирогч С.Б-г зодож, эрүүл мэндэд нь “зүүн тойг ясны хугарал” бүхий гэмтэл учруулсан, дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарахыг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч эмч тогтоосон тул шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан байх бөгөөд нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

түүнд яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон тул шүүх шүүгдэгч А.С-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч А.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтуудад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзсэн болно.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн санал гаргав. 

          Шүүх шүүгдэгч А.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

          архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрүүлсэн эхийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Шүүх шүүгдэгч А.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч С.Б-гийн “...Миний сэтгэл санаанд учирсан хор уршиг байхгүй тул тогтоолгох шаардлагагүй.” гэсэн хавтаст хэргийн 16 дахь талд авагдсан  мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.С цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Г овогт А.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн.” гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.С-ыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.Э