| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0091/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/169 |
| Огноо | 2025-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/169
2025 04 03 2025/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Н.Д,
шүүгдэгч Г.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
2024 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 01.00 цагийн орчим согтуурсан үедээ ********* ************ ************* ************тоот гэртээ хохирогч Н.А-ийн толгойн тус газар галын дэгээ төмрөөр нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “зулайд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Г.Э “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Миний буруу.” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан;
хохирогч Н.А-ийн “...гудамжинд явж байтал /манай эхнэрийн төрсөн ахынх тэр гудманд байдаг/ Э ах таараад тэднийх рүү орсон санагдаж байгаа, машины ард нэг шил архи байсан тэрийг авч орж Э ахтай уусан тэрнээс хойш юу ч санахгүй байгаа юм, нэг сэргэсэн чинь эмнэлэг дээр байсан эмч нар миний үсийг яраад хусаад байх шиг байсан, миний толгойд оёдол тавьж байсан. Миний толгойд 6 оёдол тавьсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дахь тал/,
гэрч Г.З-ийн “...Манай нөхөр нэлээн согтчихсон хөл дээрээ ч тогтож чадахгүй байгаад байсан. Ээжийн урдаас согтуу, салаавч гаргаад “түй май” гэхэд Э ах ээжийг өмөөрч манай нөхөртэй маргалдаад, галын төмрөөр толгойн тус газар нь цохисон юм шиг байсан. Тухайн үед маргалдаж байх үед нь би харчихаад гараад явсан, орж ирэхэд толгой руугаа төмрөөр цохиулчихсан шалан дээр хэвтэж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
гэрч Ш.Н-ын “...Э орон дээр хэвтэж байсан, би А-д “чи согтуу, дээр нь эхнэр, хүүхдээ суулгаад явах боломжгүй” гэхэд “балай авгай минь, май” гээд салаавч гаргасан. Э тэгж хэлснийг сонсоод “чи миний ээжид салаавч өглөө” гэхэд А хүүгийн минь баруун талын нүд рүү цохиод авсан. Би хэвтэрт байдаг өвгөнийхөө хэвтрийг сольж байсан, тэгэхэд хүү зөрүүлээд галын төмрөөр А-ийн толгой руу цохичихсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,
Г.Э-ын яллагдагчаар өгсөн “…2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шиг санаж байна, гэртээ байж байтал орой 19.00 цагийн үед манай дүү охины нөхөр А, эхнэр Золзаяагийн хамт ирсэн. ...А орж ирээд хэсэг байж байгаад гараад нэг шил 0.75гр “Хараа” архи авч орж ирсэн. ...хувааж уугаад архи дууссан, би нэлээн согтоод орон дээр хэвтэж байтал А сууж байснаа манай ээж рүү “балай авгай минь” гээд хэрүүл хийгээд, ээжийн ам руу салаавч гаргаад байсан тэгэхээр нь би босч ирээд “чи ээж рүү юу яриад байгаа юм” гээд заамдаад авсан чинь намайг хавсраад унагаасан, тэгэхээр нь галын төмөр барьж аваад А-ийнтолгой руу цохичихсон. Тэгээд манай дүү З А-ийг “чи ээжийг яагаад тэгж хэлж байгаа юм” гээд уурлаад, А-ийн толгой нь хагарсан бололтой цус гарч байсан болохоор “түргэн дуудъя” гээд түргэн дуудсан, дараа нь цагдаа дуудсан, эмнэлэг эхэлж ирээд А-ийг аваад явсан, дараа нь цагдаа ирээд манай гэрт үзлэг хийсэн. ...А миний ээжийг “балай авгай, түй май” гэж хэлээд нулимаад, ам руу нь салаавч өгөхөөр нь уур хүрээд галын төмрөөр цохисон гэм буруугаа ухамсарлаж, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 78 дугаартай; “...Н.А-ийн биед зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
иргэн Золзаяагийн Орхон аймгийн Цагдаагийн газар гаргасан “...манай нөхөр зодуулсан байна.” гэсэн гомдол /хавтаст хэргийн 7 дахь тал/,
********* ************ ************* ************тоот хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийг цохисон гэх галын төмрийг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8-11, 12-13 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 71 дугаартай тогтоол, мөрдөгчийн санал, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14, 15, 16 дахь тал/,
шүүгдэгч Г.Э-ын;
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 60-63 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 64-67 дахь тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, мөн Г.Э-оос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Г.Э дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,
хохирогч Н.А-ийн “...машины ард нэг шил архи байсан тэрийг авч орж Э ахтай уусан тэрнээс хойш юу ч санахгүй байгаа юм, нэг сэргэсэн чинь эмнэлэг дээр байсан эмч нар миний үсийг яраад хусаад байх шиг байсан, ...миний толгойд 6 оёдол тавьсан.” гэх,
гэрч Г.З-ийн “...манай нөхөр нэлээн согтчихсон хөл дээрээ ч тогтож чадахгүй байгаад байсан. Ээжийн урдаас согтуу, салаавч гаргаад “түй май” гэхэд Э ах ээжийг өмөөрч манай нөхөртэй маргалдаад, галын төмрөөр толгойн тус газар нь цохисон юм шиг байсан.” гэх,
гэрч Ш.Н-ын “...би Ад “чи согтуу, дээр нь эхнэр, хүүхдээ суулгаад явах боломжгүй” гэхэд “балай авгай минь, май” гээд салаавч гаргасан. Э тэгж хэлснийг сонсоод “чи миний ээжид салаавч өглөө” гэхэд А хүүгийн минь баруун талын нүд рүү цохиод авсан. ...тэгэхэд хүү зөрүүлээд галын төмрөөр А-ийнтолгой руу цохичихсон.” гэх,
Г.Э-ын яллагдагчаар өгсөн “…2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр... А сууж байснаа манай ээж рүү “балай авгай минь” гээд ээжтэй хэрүүл хийгээд, ээжийн ам руу салаавч гаргаад байсан тэгэхээр нь би босч ирээд “чи ээж рүү юу яриад байгаа юм” гээд заамдаад авсан чинь намайг хавсраад унагаасан, тэгэхээр нь галын төмөр барьж аваад А-ийн толгой руу цохичихсон. ... А миний ээжийг “балай авгай, түй май” гэж хэлээд нулимаад, ам руу нь салаавч өгөхөөр нь уур хүрээд галын төмрөөр цохисон гэм буруугаа ухамсарлаж, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б 2024 оны 78 дугаартай; “...Н.А-ийн биед зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт болон иргэн Золзаяагийн Орхон аймгийн Цагдаагийн газар гаргасан “...манай нөхөр зодуулсан байна” гэсэн гомдол, ********* ************ ************* ************тоот хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийг цохисон гэх галын төмрийг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авсан тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Г.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг.
Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.
Шүүгдэгч Г.Э-ын хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч Г.Э-ын үйлдэл энэ гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Г.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
“Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч Г.Э-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан,
“эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Шүүгдэгч Г.Э нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулсны эцэст олсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар түүний 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон найм хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын /8 хоног x 8 цаг = 64 цаг/ найман цагаар тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Э нь шүүхийн оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учрыг анхааруулж,
шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч Г.Э-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “...хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.
Бусад асуудал;
хохирогч Н.А-ийн “...Гомдол саналгүй, миний буруугаас болоод Э ах намайг цохисон гэж бодож байна. Нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хавтаст хэргийн 19 дэх талд авагдсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хэргийн хамт ирүүлсэн ********* ************ ************* ************тоот хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан галын дэгээ төмөрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Э-од нь 8 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Г-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Э-ын 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон найм хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын /8 хоног x 8 цаг = 64 цаг/ найман цагаар тооцож, эдлэх ялаас нь хасаж, нийт эдлэх ялын хэмжээг 176 /нэг зуун далан зургаа/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Э-од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож,
нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Хэргийн хамт ирүүлсэн ********* ************ ************* ************тоот хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан галын дэгээ төмөрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 8 /найм/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э