| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2022/00314/И |
| Дугаар | 130/ШШ2022/00604 |
| Огноо | 2022-06-22 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 130/ШШ2022/00604
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, А М /рд:000000000, утас:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэг /эрхлэгч Г/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/06 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгож, Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М, түүний өмгөөлөгч З,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн А,
Орчуулагч Б.Жанерке,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М нь хариуцагч Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгт холбогдуулан Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/06 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгож, Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1) Би 2010 онд Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны коллежийг төгссөн ба Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/04 тоот тушаалаар тус цэцэрлэгт эмчийн орон тоонд томилогдон ажиллаж байна.
2) Гэтэл намайг ажилд томилсон цэцэрлэгийн эрхлэгч И.Алемгүл нь 2 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн өөр цэцэрлэгт шилжин томилогдож, оронд нь Г томилогдсон. Би томилогдсон тушаалын дагуу ажлаа хийж байгаа боловч надтай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй ба 2 сарын хугацааны ажлын цалин хөлсийг бодож олгохоос үндэслэлгүй татгалзаж байна.
3) Б аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаартай “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” захирамжаар тус цэцэрлэгийн бүтэц орон тоог 29 хүний бүрэлдэхүүнээр баталсан байна. Мөн холбогдох албан тушаалтнуудаас лавлахад батлагдсан бүтэц орон тооны дагуу 2022 оны цалингийн зардлыг цэцэрлэгийн дансанд бүрэн шилжүүлсэн гэж хэлдэг. Харин цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс “ ... чиний цалинг дээрээс шилжүүлээгүй байна” гэж тайлбар хэлдэг. Зохих байгууллагаас эмчийн орон тоо, цалинг баталж, эрх бүхий албан тушаалтан томилгоо хийж баталгаажуулсан байхад хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин олгохгүй байгаа цэцэрлэгийн эрхлэгчийн эс үйлдэхүйг үндэслэлгүй гэж үзээд шүүхэд гомдол гаргаж байна.
Иймд Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/06 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгож, Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ М надтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин хөлс олгохыг Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Гд даалгаж өгөхийг хүссэн бөгөөд одоо нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар өөрчилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
2.Хариуцагч Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Г хариу тайлбартаа: 1) Монгол Улсын Их Хурлаас 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан бөгөөд Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т зааснаар цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх нь сумын Засаг даргын бүрэн эрх байхаар хуульчилжээ. Б аймгийн Ө сумын Засаг даргаас 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б/45 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамж гаргаж Ө сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Г намайг тус 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Миний бие Ө сумын Засаг даргын дээрх шийдвэрийн дагуу тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хүлээж авсны дараа цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж үзэхэд Б аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” А/764 дүгээр захирамж болон Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Б аймгийн 2021 оны төсөв батлах тухай" 16 дугаар тогтоолоор тус тус Ө сумын 11 дүгээр цэцэрлэгт нийт 27 ажилтны бүтэц, орон тоо, цалингийн төсвийг баталсан бөгөөд үүнээс хойш ямар нэгэн шийдвэр гараагүй байсан.
Гэтэл төсвийн шууд захирагчаар ажиллаж байсан А нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдөхийн өмнөхөн тус цэцэрлэгийн батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарыг хэтрүүлж, М гэгчийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “эмч" гэх тус цэцэрлэгийн бүтэц орон тоонд огт байдаггүй ажлыг гүйцэтгүүлэхээр тушаал гаргасан байсныг, уг тушаал бодит байдал дээр огт хэрэгжиж байгаагүй болохыг илрүүлсэн юм. Энэ нь тус цэцэрлэгийн 2022 оны 1-3 дугаар саруудын цагийн бүртгэлүүд, цалингийн хүснэгтүүд, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №300 дугаар тодорхойлолт зэрэгт нотлох баримтуудаар нотлогдоно.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар "давуу байдал" гэж нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүнд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгохоор хуульчилсан. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хариуцлага хүлээдэг билээ. Миний бие уг зөрчлийг илрүүлмэгц хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлаж хууль бусаар гарсан тушаалыг хүчингүй болгож, зөрчлийг арилгаж, энэ тухай иргэн М-д мэдэгдэж, холбогдох тушаалын нэг хувийг албан ёсоор гардуулж өгсөн. Гэтэл иргэн М-аас энэхүү нөхцөл байдлыг мэдэж байгаа мөртлөө тус цэцэрлэгийн эмчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин хөлс олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
2) Дараа нь Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/105 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн төсвийн сар, улирлын хуваарийг баталсан бөгөөд үүнээс үзвэл 5 бүлэгтэй тус цэцэрлэгт нийт 27 ажилтны цалингийн төсвийг суулгаж өгсөн байна. Ингэснээр миний бие Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д заасны дагуу яамнаас баталсан 27 ажилтны цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан тус цэцэрлэгийн ажиллагчдын цалин хөлсийг олгож байгаа болно.
3) Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Б аймгийн Засаг даргын орлогчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/116 дугаар захирамж дараах байдлаар нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Учир нь, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т зааснаар Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх нь зөвхөн сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаардаг тул тус цэцэрлэгийн бүтэц, орон тоог батлах нь Төсвийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.7-д зааснаар мөн гагцхүү сумын Засаг даргын бүрэн эрхэд хадгалагдах учиртай. Энэ нь бусад байдлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” А/430 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтоор давхар нотлогдоно.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохоор, мөн зүйлийн 47.2-т зааснаар илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхаар тус тус хуульчилсан байна. Энэ тохиолдолд аймгийн Засаг даргын орлогчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийг огт гаргаагүйтэй адил үзэх бөгөөд эрх зүйн хувьд уг захирамжийн улмаас ямар нэг үр дагавар үүсэхгүй гэсэн үг юм. Нөгөөтээгүүр, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт зааснаар Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээхээр журамласан байна. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Б аймгийн Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан асуудал байгаагүй ажлаа хэвийн хийж байсан болох нь аймгийн Засаг даргын А/110, А/111, А/117 дугаар захирамжууд гарсан байдлаар нотлогдож байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл Б аймгийн Засаг даргын орлогчоос өөрийн чиг үүрэг, бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар захирамж гаргасан байх тул Б аймгийн Засаг даргын орлогчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Бүтэц орон тоог, шинэчлэн батлах тухай” А/116 дугаар захирамж нь анх гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
4) Түүнчлэн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт ЭМШУИС-ийн харьяа Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны коллежоос олгосон гэх №0000000000 дугаартай бакалаврын диплом болон Эрүүл мэндийн яамнаас олгосон гэх мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн 0023968 дугаар гэрчилгээний хуулбаруудаас тус тус үзвэл М нь сувилагч мэргэжилтэй байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д "сувилах” гэж өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засахад чиглэсэн сувилагчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, холбогдох хуульд зааснаар сувилагч мэргэжилтэй хүн өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг эрхлэх эрхгүй байна. Дээрхээс дүгнэвэл тус цэцэрлэгийн эрхлэгч асан А-аас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр М гэгчийг тус цэцэрлэгийн “эмч”-ээр ажиллуулах тухай шийдвэр гаргахдаа батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарыг хэтрүүлснээс гадна “сувилагч” мэргэжилтэй хүнд бага насны хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийн даатгасан үйлдэлд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон, холбогдох хууль тогтоомжийг маш ноцтойгоор зөрчсөн асуудал болсон гэж дүгнэж байна. Иймд нэхэмжлэгч Мгийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар түүний Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн Б/04 дугаар тушаал, 0023968 дугаартай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, Мгийн 201018177 дугаартай бакалаврын диплом, дипломын хавсралт, Б аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамж, уг захирамжийн хавсралт, С, А нарын төрсний гэрчилгээ зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас Б аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” А/764 дүгээр захирамж, захирамжийн хавсралт, Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Б аймгийн 2021 оны төсөв батлах тухай” 16 дугаар тогтоол, уг тогтоолын хавсралт, Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн 2022 оны 01, 02, 03 дугаар сарын цагийн бүртгэл болон цалингийн хүснэгт, Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн 2022 оны 1-3 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан, Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №300 дугаар тодорхойлолт, Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ‘Тушаал хүчингүй болгох тухай” Б/06 дугаар тушаал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/105 дугаар тушаал, Б аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/110, А/111, А/117 дугаар захирамжууд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/430 дугаар тушаал, уг тушаалын хавсралт, итгэмжлэл, Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилчдын 2022 оны 01, 02 дугаар сарын ажлын цагийн тооцоо, Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаар тушаал, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 230 дугаар тушаал, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 122 дугаар тушаал, зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч болон хариуцагчийн хүсэлтээр Б аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5-03/456 дугаар албан бичиг, Б аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамж, уг захирамжийн хавсралт, 2021 оны орон тооны бүдүүвч, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 онд батлагдсан төсөв, А, И, Х нарын гэрчийн мэдүүлэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Мгийн Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/06 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгож, Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны коллежийг төгссөн ба Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт эмчийн орон тоонд томилогдож ажиллаж байна. Б аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаартай “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” захирамжаар тус цэцэрлэгийн бүтэц орон тоог 29 хүний хүний бүрэлдэхүүнтэй баталсан. Мөн холбогдох албан тушаалтнуудаас лавлахад батлагдсан бүтэц орон тооны дагуу 2022 оны цалингийн зардлыг цэцэрлэгийн дансанд бүрэн шилжүүлсэн гэж хэлдэг. Намайг миний өргөдлийн дагуу цэцэрлэгийн эмчийн ажилд томилсон байх тул Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 02 дүгээр сарын 21-ний өдрийн Б/06 дугаартай ”Тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгож, Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/45 дугаартай захирамжаар Ө сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Г намайг тус 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хүлээж авсны дараа цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж үзэхэд Б аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Бүтэц орон тоо батлах тухай” А/764 дугаартай захирамж болон Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Б аймгийн 2021 оны төсөв батлах тухай” 16 дугаар тогтоолоор тус тус Ө сумын 11 дүгээр цэцэрлэгт нийт 27 ажилтны бүтэц, орон тоо, цалингийн төсвийг баталсан бөгөөд үүнээс хойш ямар нэгэн шийдвэр гараагүй байсан. Гэтэл төсвийн шууд захирагчаар ажиллаж байсан И.Алемгүл нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдөхийн өмнөхөн батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарыг хэтрүүлж, М гэгчийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эмч гэх тус цэцэрлэгийн бүтэц орон тоонд огт байдаггүй ажлыг гүйцэтгүүлэхээр тушаал гаргасан байсныг, уг тушаал бодит байдал дээр огт хэрэгжиж байгаагүй болохыг илрүүлж, хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлаж хууль бусаар гаргасан тушаалыг хүчингүй болгож, зөрчлийг арилгаж, энэ тухай иргэн Мд мэдэгдэж, холбогдох тушаалын нэг хувийг албан ёсоор гардуулж өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
1) Нэхэмжлэгч М нь сувилагч мэргэжлээр төгссөн болох нь Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харъяа Говь-Алтай аймаг дахь анагаах ухааны коллежээс 2010 оны 06 дугаар сарын 06-ны өдөр олгосон D201018177 дугаартай бакалаврын диплом болон тус дипломын хавсралтаар тогтоогдсон.
2) Нэхэмжлэгч Мг Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эмчийн ажилд томилсон болох нь Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/04 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар тогтоогдож байна.
3) Б аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаартай “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” захирамж, түүний хавсралтаар Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн бүтэц орон тоог нийт 29 орон тоотой баталж, уг жагсаалтын 3 дугаарт эмч 1 гэж тусгажээ.
4) Б аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Бүтэц орон тоо батлах тухай” А/764 дугаартай захирамж болон Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Б аймгийн 2021 оны төсөв батлах тухай” 16 дугаар тогтоолоор тус тус Ө сумын 11 дүгээр цэцэрлэгт нийт 27 ажилтны бүтэц, орон тоо, цалингийн төсвийг баталж байсан байна.
5) Хариуцагч Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/06 дугаартай тушаалаар Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Б аймгийн 2021 оны төсөв батлах тухай” 16 дугаар тогтоолоор тус тус Ө сумын 11 дүгээр цэцэрлэгт нийт 27 ажилтны цалингийн төсвийг баталсан, 2022 оны төсөв батлагдаагүй атал төсвийн шууд захирагчаар ажиллаж байсан И.Алемгүл нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарыг хэтрүүлж, иргэн Мг “эмч” гэх тус цэцэрлэгийн бүтэц орон тоонд байхгүй ажлыг гүйцэтгүүлэхээр томилсон нь хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болсонд тооцсон байна.
6) Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/105 дугаартай Төрийн болон орон нутгийн өмчит сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны төсвийн сар, улирлын хуваарь батлах тухай тушаалын 1-д Төрийн болон орон нутгийн өмчит сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын төсвийн сар, улирлын хуваарийг нэгдүгээр хавсралтаар ... баталж, 2-т Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-д заасны дагуу төсвийг зохистой удирдаж зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, авлага, өр төлбөр үүсгэхгүй ажиллахыг энэ тушаалын 1-д заасан байгууллагын төсвийн шууд захирагч нарт даалгасан байна.
Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/105 дугаартай тушаалын хавсралт 2022 оны батлагдсан төсөв, сар улирлын хуваарь гэдэгт Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн 2022 оны 1-12 дугаар саруудад хуваарилагдсан төсвийг баталж өгсөн байна.
7) Хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт ажиллаж буй даатгуулагчдын 2022 оны 01, 02, 03 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтаас үзэхэд нийт 28 даатгуулагчид шимтгэл ногдуулсан байх ба уг нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын жагсаалтад нэхэмжлэгч Мгийн нэр байхгүй байна.
8) Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 300 дугаартай лавлагаанд М нь Нэгдсэн эмнэлэгт ажиллаж 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл тухайн ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж төлөгдөж байсан, мөн Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 112 дугаартай, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 230 дугаартай, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаартай тушаалууд болон Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн 2022 оны 01, 02 дугаар саруудын Ажлын цагийн тооцооны хуудсаар нэхэмжлэгч М нь 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 02 дугаар саруудад ээлжийн сувилагчаар ажиллаж байсан нь тогтоогдсон байна. Тухайлбал, 2022 оны 1 дүгээр сард ажлын 22 хоног, 2 дугаар сард 9 хоног ажилласан байна.
5. Дээрх нотлох баримтуудаар 2021 оны төсвийн жилийн сүүлийн сард ямар нэгэн төсөв болон бүтэц орон тоо нэмэгдсэн гэх нотлох баримт байхгүй байхад Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нь тус цэцэрлэгийн бүтэц орон тоонд байхгүй эмч гэх ажлыг гүйцэтгүүлэхээр Мг 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс томилсон нь бодит байдалд нийцэхгүй байна. Тухайлбал, Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай аймгийн Засаг даргын захирамж нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гарсан байхад энэхүү захирамж гарахаас өмнө 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эмч гэх орон тоонд Мг томилсон үйл баримт нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, М нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн эмчээр ажиллаж байсан нь үгүйсгэгдэж байгаа, гэрч Х, И нараас төсөв нь батлагдсан гэж мэдүүлж байгаа боловч эмчийн цалингийн сан нэмэгдсэн талаар шууд нотлох баримтгүй байх тул Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/06 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгох боломжгүй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Мгийн Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/06 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгож, Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х