| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0098/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/125 |
| Огноо | 2025-04-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч: Н.Мягмарсүрэн
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514000000128 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ******* регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн ******* тоотод өөрийн гэртээ “өөрийн хувцсыг шатаасан” гэх шалтгаанаар цай ууж байсан гэх шаазан аягаараа нөхөр *******н толгойн ар дагз хэсэг рүү цохиж биед дагзанд шарх, хөмсөг, дух, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч ......мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Би тогтоолыг уншиж танилцлаа,тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй өөрийн гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 45/
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Тухайн өдөр эхнэр ******* бид хоёр гэртээ байж байгаад өдөр 12-13 цагийн үед бид хоёрыг найз болох ******* утсаар залгаад манайд хүрээд ир гэхээр нь яваад очсон чинь гэрт танихгүй 2-3 хүн байсан. Тэр хүмүүс бид хоёрыг гаднаас ороход пиво уугаад сууж байсан ба тус пиво нь бид хоёрыг орох үед дуусаж байсан. Тэгтэл ******* нь гарч яваад гаднаас 2 литрийн савлагаатай 2 ширхэг пиво аваад орж ирсэн. Тэгээд тус пивийг тавуулаа хувааж уусан. Тэгээд би 14-15 цагийн үед шиг санагдаж байна согтоод байсан болохоор эхнэр *******аг гэр лүү явъя гэсэн чинь манай эхнэр явахгүй байхаар нь би эхнэрээ *******гийн гэрт орхиод түрүүлээд ганцаараа гэр лүүгээ явсан. Би гэртээ очсон чинь гэр хүйтэн байсан. Тэр үед манай 9 дүгээр ангийн хүү хичээлээсээ гэрт ирсэн байсан ба гэрээ дулаацуулах зорилгоор эхнэр *******агийн хувцаснаас нэг өмдийг нь зуухандаа хийж шатаасан. Тэгтэл манай хүүхэд ээж рүүгээ залгаад аав таны өмдийг шатаагаад байна гэсэн. Тэгээд удалгүй ******* ирээд миний хувцсыг яагаад шатаагаад байгаа юм гээд надтай маргалдсан, би тэр үед урдаас нь юм ярилгүй дуугүй байж байсан чинь эхнэр миний толгойны ар хэсэг рүү шаазан цэнхэр алаг өнгийг аягийг хагартал цохисон. Тэгтэл миний толгойноос цус гарсан чинь манай эхнэр намайг дагуулаад эмнэлэг дээр ирж оёдол тавиулсан. Надад хохиролтой холбоотой гомдол санал байхгүй..гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/
Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Тухайн өдөр гэртээ яваад орсон чинь аав ******* нь гэртээ ирсэн согтуу байдалтай зуухны урд талд ээжийн өмднөөс галд хийгээд шатаагаад байхаар нь та боль гээд аавыг болиулсан. Тэгтэл аав гэрийн зүүн талд байсан буйдангийн салдаг хэсгийг гадаа гаргаад шидээд байсан. Тэр үед аав нэлээн согтуу байдалтай байсан ба би аавын гаргаж байгаа үйлдлийг ноцолдож байгаад зогсоосон. Тэгээд хажуу саахалт айлын эмээгийн утаснаас ээж рүү залгаж хэлсэн. Удалгүй ээж гэрт халамцуу байдалтай ирээд аавтай маргалдаж эхэлсэн. Тэр үед аав ээжийг элдэв янзын муухай үгээр хараагаад байсан ээж цэнхэр цагаан өнгийн аяганд цай ууж байгаад гэнэт уурлаад аавын араас барьж байсан аягаараа цохисон чинь тус аяга нь хагарсан. Тэгтэл аавын толгойноос цус гарч эхэлсэн. Тэгсэн чинь аав утсаа аваад цагдаа руу дуудлага өгсөн удалгүй цагдаа нар ирээд ээж аавыг аваад явсан. Харин би хоёр дүүгийн хамт гэртээ үлдсэн өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас шалтгаалан эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт чөлөөлөлт эдэлсэн зардал 111,246 төгрөгийг гэм буруутай этгээдээс нь төлж барагдуулмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 184 дугаартай
1.*******гийн биед дагзанд шарх, хөмсөг, дух, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх шарх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын Хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй.
3.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.
4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. гэх дүгнэлт /хх-ийн 28-29/
-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-04/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 40-42/, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 19/, шүүгдэгчийн эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 22/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59/, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/, депозит дансны хуулгууд /хх-ийн 61-66/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч А.******* нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн оройн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн ******* тоотод хашаанд өөрийн гэртээ “өөрийн хувцсыг шатаасан” гэх шалтгаанаар цай ууж байсан гэх шаазан аягаараа нөхөр *******н толгойн ар дагз хэсэг рүү цохиж биед дагзанд шарх, хөмсөг, дух, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч.....би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, өөрийн гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 45-45/
Хохирогч *******гийн...эхнэр толгойны ар хэсэг рүү шаазан цэнхэр алаг өнгийг аягийг хагартал цохисон, миний толгойноос цус гарсан, ...эмнэлэг дээр ирж оёдол тавиулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,
Насанд хүрээгүй гэрч...ээж цэнхэр цагаан өнгийн аяганд цай ууж байгаад гэнэт уурлаад аавын араас барьж байсан аягаараа цохисон чинь тус аяга нь хагарсан, аавын толгойноос цус гарч эхэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,
Иргэний нэхэмжлэгч ын...Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас шалтгаалан эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт чөлөөлөлт эдэлсэн зардал 111,246 төгрөгийг гэм буруутай этгээдээс нь төлж барагдуулмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 184 дугаартай...*******гийнн биед дагзанд шарх, хөмсөг, дух, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,...хохирлын Хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт (хх-ийн 28-29), болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч А. хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******н эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч А. гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч ******* нь хохирогчийн биед дагзанд шарх, хөмсөг, дух, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн /хх-ийн 25-29/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******н бие эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нар нь бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Чингис нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч ******* нь үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хэсэгт… гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллаг хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн хаатгалын байгууллагад нөхөн төлүүлэх..гэж хуульчилжээ.
Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 111,246 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ас 111,246 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар..... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А. 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэх... гэх дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Чингис...гэм буруу, хэргийн зүйлчлэл маргахгүй байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасан шаардлагыг хангаж байгаа тул тухайн зүйл ангид заасан зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж, уг ялаас чөлөөлж өгнө үү ... гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна..” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан ... гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг зэргийг харгалзан ялаас чөлөөлж болно... гэж хуульчилсан.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал/ 5-15 насны 3 хүүхэдтэй, бага насны хүүхдүүдтэй буюу хараа хяналттгүй орхих боломжгүй, би өрх толгойлсон гэж улаас улиралд нэг удаа олгодог 660,000 төгрөг, хүнсний талон 56.000 төгрөг, хүүхдийн мөнгөөр гэх орлогоор амьдардаг, би одоо хөдөө сумуудаар явж айлуудын ноолуурыг самнаж тодорхой ажилтай, орлоготой болдог/, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... надад хөнгөн ял оногдуулж өгнө үү, би архи уугаад байдаггүй, тэр өдөр айлд очсон чинь пиво хийж өгсөн, манай хамтран амьдрагч ******* байнга архи уудаг үнэхээр хэцүү байдаг, дандаа миний өөдтэй гэсэн хувцсыг шатаадаг, энэ нэг удаагийн асуудал биш, өмнө нь ийм асуудал зөндөө гарч байсан,...тухайн өдөр манай гэрт түлш, мод байсан...гэх мэдүүлэг, мөн гэр бүлийн бусад гүишүүд байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нөхцөл байдлыг улмаас хүүхдүүдээ орхиж ажил хөдөлмөр хийэ боломжгүй байдаг, хохирогч хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаар илэрхийлсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байгаа, түүнчлэн улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан эрүүгийн хариуцлага оногдуулсан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад түүнийг ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Улсын яллагчаас шүүхийн гэм бруугийн дүгнэлтээ шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэх дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн зүй бус үйлдлээс шалтгаан гэмт хэрэгт холбогдсон, байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг талаар хувийн байдалтай холбоотойгоор холбогдох баримт авагдаагүй тул шүүгдэгч *******д хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аяганы хагархай 2 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А. нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аяганы хагархай 2 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгасугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА