Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 491

 

 

 

 

 

 

 

 

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Э даргалж, шүүгч Г.Д, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00036 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Д” ХХК-ийн хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан гаргасан 29 089 050 төгрөгийг гаргуулах тухай үндсэн, 27 043 445 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.О илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

Нэхэмжлэгч “Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2940 ширхэг бетон шон худалдан авахаар “Э” ХХК-ийн ерөнхий захирал Б.Б-той тохиролцон 2018 оны 8-р сарын 28-ны өдөр гэрээ байгуулж, мөн өдөр захиалсан барааны урьдчилгаа болох 40 000 000 төгрөгийг ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу Б.Б ын дансанд шилжүүлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр захиалсан барааны эхний хэсгийг ачуулахаар Улаанбаатар хотод очиход захиалсан бараа хийгдэж эхлээгүй байсан учир гэрээг цуцалж, шилжүүлсэн мөнгийг буцаан авах хүсэлт тавихад тухайн захиалсан барааг хийхээр материалаа татан авсан, гэрээт хугацаанд нийлүүлэх болж 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээг хүчингүй болгож, бетон шон нийлүүлэх ажлын гэрээг 9 дүгээр сарын 9-ний өдөр “Э” ХХК-ийн ажлын байранд дахин шинээр байгуулсан. Учир нь манай компани нь Ө аймгийн ЗДТ газартай тухайн бетон шонгуудыг 9 дүгээр сарын 20-ны дотор Ө аймгийн Баянзагт суулгаж дуусгах гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд “Э” ХХК нь уг хугацаанд 2 940 шон нийлүүлж амжихааргүй болсон учир шилжүүлсэн 40 000 000 төгрөгт 1 740 бетон шонг 9 дүгээр сарын 18-ны дотор нийлүүлэхээр гэрээ байгуулж, гэрээний хугацаанд буюу 9 дүгээр сарын 18-ны захиалсан барааг нийлүүлээгүй бөгөөд 9 дүгээр сарын 25-ны өдөр 349 ширхэг, 9 дүгээр сарын 30-ны өдөр 401 ширхэг нийт 750 бетон шонг нийлүүлж, хугацаа хэтрүүлсэн гэж өөрийн компанийн тээврийн машинаар хүргэж хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 990 ширхэг бетон шон гэрээний хугацаанд нийлүүлэгдээгүй учир хэрэглэгдэхгүй болсон. Манай компани нь Ө аймгийн Засаг даргын Тамгийн газартай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд өөр компаниас тухайн барааг худалдан авсан. Хариуцагч компанийн Б.Б , борлуулалтын менежер Д.Б  нартай утсаар холбогдож гэрээний хугацаа дууссан, бараа нийлүүлэгдэхгүй байгааг мэдэгдсэн боловч утсаа авахгүй, мэдээлэл өгөхгүй, гэрээний 4.3-т заасан үүргийг биелүүлэхгүй байсан. Уг бетон шонгуудыг Ө аймгийн Баянзагт суулгах ажлын гэрээний хугацаа дуусч, уг шонгууд нь гэрээндээ нийлүүлэгдээгүй учир шаардлагагүй болсноор гэрээ цуцлах тухай албан тоотыг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Э” ХХК-д интернэт хаягаар нь хүргүүлж, уг тоотоор гэрээ цуцлах, захиалсан барааны үлдэгдэл төлбөрт 22 770 000 төгрөгийг 9 дүгээр сарын 12-ны өдөр багтаан шилжүүлэх талаар мэдэгдсэн бөгөөд албан тоот хүргэсэн талаар ерөнхий захирал Б.Б од мэдэгдэх гэтэл утсаа авахгүй байсан тул мэссэжээр мэдэгдсэн. 10 дугаар сарын 14-нд Б.Б той, 15-ны өдөр захирал Т.Халиунтай утсаар холбогдож гэрээний хугацаа 30 хоногоор хэтэрсэн талаар хэлж, үлдэгдэл төлбөр шилжүүлэхийг мэдэгдсэн боловч одоо болтол төлбөрийн буцаалт хийгдэхгүй байна. Захиалсан барааг гэрээний хугацаанд нийлүүлээгүй учир “Э” ХХК-иас захиалсан барааны үлдэгдэл төлбөр төгрөг 22 770 000 төгрөг /990ш х 23 000 төгрөг/, алданги 1 821 000 /22 770 000х0,2%х40 хоног/, нийт 24 591 600 төгрөгийг гаргуулан, “Д” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “Э” ХХК-тай бетон шон нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу 40 000 000 төгрөгийг 8 дугаар сарын 28-ны өдөр “Э” ХХК-ийн нэхэмжилснээр ерөнхий захирал Б.Б ын дансанд шилжүүлсэн ч захиалсан бараа гэрээний хугацаанд нийлүүлэгдээгүй учир урьд гаргасан нэхэмжлэл дээр 4 497 450 төгрөгийг нэмж нэхэмжилнэ. Гэрээний хугацаа хэтрүүлж, нийлүүлсэн болон нийлүүлээгүй материалын алданги нийт 3 031 630 төгрөг /96 324+202 906+2 732 400/, 349 ширхэг бетон шонг нийлүүлээгүй 6 өдрийн /2018.09.19-2018.09.24 /алданги- 96 324 төгрөг /349 ширхэг х23 000=8 027 000х0.2%=16 054х6/, 401 ширхэг шонг нийлүүлээгүй 11 өдрийн/2018.09.19-2018.09.29/ алданги 202 906 төгрөг /40ширхэг х 23 000=9 223 000х0.2=18 446х11/, 990 ширхэг шонг нийлүүлээгүй 60 өдрийн /2018.09.19-2018.12.28/ алданги 2 732 400 /990 ширхэг х 23 000=22 770 000х0.2%=45 540х60/, гэрээний хугацаанд нийлүүлээгүй 990 ширхэг бетон шонг өөр компаниас худалдан авч Баянзагт суурилуулахад ажилласан ажилчдын ажлын хөлсний зардал 732 000 төгрөг /Гэрээт хугацаанд материал нийлүүлэгдсэн бол 11 дүгээр сард Баянзаг явж энэ зардал гарахгүй байсан/ албан томилолт, унааны зардлыг тооцоогүй болно. “Э” ХХК-тай Улаанбаатар хотод очиж уулзахаар зарцуулсан шатахууны зардал 733 820 төгрөг /гэрээний хугацаанд материал нийлүүлэгдсэн бол энэ зардал гарахгүй байсан болно/. 9 дүгээр сарын 09-ний өдөр Даланзадгад-Улаанбаатар-Даланзадгад чиглэлд зарцуулсан шатахууны үнэ 374 220 төгрөг /177 220+130 000+67 000/, 10-р сарын 29-нд Даланзадгад-Улаанбаатар-Даланзадгад чиглэлд зарцуулсан шатахууны үнэ 359 600 төгрөг /999 998+79 600+180 000/, “Э” ХХК-иас 2018 оны 10 дугаар сард нэхэмжилсэн 24 591 600 төгрөг, нэмж 4 497 450 төгрөг, нийт 29 089 050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч тал хэвтэй марктай холбоотой энэ асуудлын талаар гэрчийн мэдүүлгээр шийдэгдсэн гэж ойлгож байна. 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээгээр 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр авах шонгийн хэв марк нь доголдолгүй үйлдвэрлэгдсэн талаар хариуцагч тал ярьдаг. 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 2 940 ширхэг шон нийлүүлэх боломжгүй харин 1 740 ширхэг шонг үйлдвэрлэх боломжтой гэж гэрээ байгуулсан. Хариуцагч талд  хангалттай нэмэлт хугацаа өгсөн. Хариуцагч талаас 9 дүгээр сарын сарын 25-30-ны өдрүүдэд шонг нийлүүлсэн. Зөвхөн манайд нийлүүлэх боломжтой шон үйлдвэрлэсэн талаар тайлбарласан боловч энэ талаар баримт гаргаагүй. 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээнээс хариуцагчийн менежмент нь чанар стандартад нийцсэн, нэгэн хэвийн бетон шон нийлүүлсэн гэсэн тул дээрх тайлбар үгүйсгэгдэнэ. Гэрээний 3.3-т зааснаар бараа нийлүүлэхтэй холбоотой бүх зардал багтсан гэсэн тул Зам тээврийн сайдын тушаалыг үндэслэн тээвэрлэлтийн зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн тушаалд талууд зөвшилцөж шийдвэрлэнэ гэж заасан. “Э” ХХК гэрээний хугацаа хожимдуулан шон нийлүүлсэн бөгөөд тээвэрлэлтийн зардлын нэг талын шатахууны төлбөрийг “Д” ХХК-иас гаргаж өгсөн. Биднээс шалтгаалж гэрээний хугацаа хэтрээгүй бөгөөд бид гэрээний үүргийг биелүүлсэн. Хариуцагч хугацаандаа шон нийлүүлээгүй удаа дараа хугацаа хожимдуулсан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт “хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирол арилгуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус заасан. Захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанд нийлүүлэх боломжгүй байдалд хүргэсэн шалтгаанд үүрэг гүйцэтгүүлэгч “Д” ХХК тодорхой хэмжээгээр буруутай төдийгүй өөрсдөө гэрээнээс татгалзах журам зөрчин гэрээний харилцааг дуусгавар болгосноос үүсэх үр дагавар буюу алданги, мөн гарах нь тодорхой байсан тээврийн зардал зэргийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Захиалагч нь захиалгат ажлыг эхлээд 15 хоногийн хугацаанд гүйцэтгүүлэх бага хугацааг гэрээнд заасан ч тус компанийн зүгээс ирүүлсэн бетон шонгийн хэмжээ, бетон зуурмагийн стандартыг заасан баримтын дагуу захиалсан бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд бетоны марк бага байснаас үүдэлтэй шонг хэвэнд биежүүлэх хугацаа 3-4 хоногоор уртсаж, үйлдвэр доторх хийн хатаагуур руу зөөвөрлөж хатаах ажиллагааны хугацаа мөн дагаад уртассан. Энэ байдлаар 349 ширхэг шонгийн зарим хэсгийг үйлдвэрлэсэн ба бэлэн болсон шонгийн ирмэг, булангууд сэтэрч, үйрээд тээвэрлэлт хийх боломжгүй, цаашид хэрэглээнд ашиглалтын шаардлага хангахгүй байж болох доголдол гарсан цаашид бидний эрх ашигт сөрөг нөлөөтэй байсан тул “Д” ХХК-ийн холбогдох хүмүүстэй ярилцаж, тохиролцон тул бетоны маркыг нэмэгдүүлж шонгуудыг цааш үйлдвэрлэхээр хугацаа тохирч ажлаа эхлүүлсэн тул гэрээнд заасан хугацаа хэтрэх нь ойлгомжтой болж нэмэлт хугацаа тогтоосон. Мөн байгаль цаг уурын нөхцөлтэй холбоотойгоор шонгийн цутгалт хэвэнд биежих хугацаанд нөлөөлж байснаас гадна “Д” ХХК-ийн зүгээс захиалгат бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн ажиллагаанд саад учруулж, үл ойлгогдох шийдвэрүүдийг олон дахин гаргаж шон үйлдвэрлэлтийн ажиллагааг тухай бүр 2-3 хоногоор зогсоолгох, үйлдвэрээс гаргасан бэлэн бүтээгдэхүүнийг цаг хугацаанд хүлээн авахгүй байх зэргээр асуудлыг хүндрүүлж байсан нь гэрээний хугацаа, мөн нэмэлт хугацаа хэтрэх шалтгаан болсон. Иймээс манай компаниас гэрээгээр хүлээгээгүй үүрэг гүйцэтгэж үйлдвэрээс гарсан 753 ширхэг шонг 2 удаагийн тээвэрлэлтээр нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэж буй газарт хүргэсэн ба ачаа, тээврийн зардал нь 12 691 445.20 төгрөгтэй тэнцэж байна. Нэхэмжлэгч гэрээг цуцлах, гэрээнээс татгалзаж байгаагаа албан ёсоор ойлгомжтой илэрхийлээгүйгээс 14 582 000 төгрөгийн хохирол учирсан. Учир нь гэрээний хугацаанд захиалагчаас ирүүлсэн зуурмагийн марк бага байсантай холбоотойгоор 124 ширхэг бетон шонгийн гологдол гарсан нь 2 852 000 төгрөгтэй тэнцэнэ. Мөн гэрээний хугацаа дууссанаас хойш 2018 оны 10 дугаар 09-ний өдөр гэрээ цуцлах тухай албан бичиг компанийн интернет хаягаар илгээсэн гэх боловч 2018 оны 10 дугаар сарын дундуур 11 500 000 төгрөгийн өртөг бүхий 500 ширхэг шонг авна гэж үйлдвэрлүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл зөрүү мөнгөтэй нь хамт шилжүүлэхгүй бол шонг ачуулах хэрэггүй гэж татгалзлаар татан авалт хийгээгүй байгааг манай компанийн зүгээс үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлд зааснаар бидэнд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй ба алданги нэхэмжлэх эрхээ алдсан гэж үзэж байна. Мөн гэрээнээс өөрсдөө татгалзаж, үлдэгдэл 990 ширхэг шонг авахгүй гэж тохирсон атлаа үйлдвэрлэгдээгүй шонг бусдаас худалдаж авч зардал гаргасан гэж хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Энэ нь нэхэмжлэгчээс өөрөөс нь гарах ёстой зардал тул нэмэлтээр учирсан зардал гэж үзэхгүй. Иймд “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад захиалгын дагуу үйлдвэрлэгдсэн 510 ширхэг шонг оруулан тооцохоос гадна ачаа тээврийн зардал 12 691 445.20 төгрөг, доголдолтой шонгийн зардал 2 852 000 төгрөгийн хохирлыг гаргуулна. Талууд 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд захиалагч компанийн өгсөн марк загварын дагуу шонг үйлдвэрлэхэд бэрхшээлтэй байсан. Ингээд 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ирж уулзахад нь үйлдвэрлэхэд болохгүйг хэлсэн. Тухайн үед “Д” ХХК-ийн өгсөн захиалгын дагуу хийж гүйцэтгэж байсан бөгөөд утсаа авахгүй байсан асуудал байхгүй, би олон удаа утсаар ярьж санхүүгийн баримт үйлдэж байсан. Нэхэмжлэгч тал машин явуулна гэсэн тул хүлээж байтал шүүхэд дуудсан. Үйлдвэрлэсэн байгаа 500 ширхэг шон нь нэхэмжлэгчийн захиалгын дагуу хийгдсэн бөгөөд өөр байгууллага ашиглах боломжгүй. Харин үлдсэн 365 ширхэг шонгийн үнэ болох 8 621 000 төгрөгийн төлөх боломжтой гэсэн боловч тохиролцоонд хүрээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь “Д” ХХК-ийн гэрээ цуцалж, 24 591 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрээнээс татгалзсанаас үүссэн хохирлын төлбөрт 18 984 000 төгрөг гаргуулж, уг мөнгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин дээрх нэхэмжлэлийн шаардлагынхаа бензин тосны зардлын хохирол гэх хэсгийн 4 632 000 төгрөг гэснийг жолооч Ш.Баяндалайгийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Ө аймгийн Даланзадгад сумаас 100 км зайд байрлах Баянзаг жуулчны баазад “Д” ХХК-ийн захиалсан барааг хүргэсэн ачаа тээврийн зардал болох 12 691 445.20 төгрөг гэж үнийн дүнг өөрчилж сөрөг нэхэмжлэлийн шаардлагынхаа нийт үнийн дүнг 8 059 445 төгрөгөөр нэмэгдүүлж, байгаа ба үүнтэй холбогдуулан өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Учир нь бараа бүтээгдэхүүн тээвэрлэх 1 тн км-ийн жишиг үнэ хөлс, шатахууны зардлыг тооцох жишиг үнийн тарифыг Зам тээврийн сайдын 2013 оны 162 дугаартай тушаалаар баталсан байдаг тул жолооч Ш.Баяндалайгийн ачаа тээврийн зардлыг уг тарифыг баримтлан гаргаж хохирлоо тодорхойлж байна. Иймээс гэрээнээс татгалзсанаас үүссэн хохирлын төлбөрт 18 984 000 төгрөгийг “Д” ХХК-иас гаргуулан, тус компанийн нэхэмжилсэн 24 591 600 төгрөгөөс хасч, үлдэгдэл 5 607 600 төгрөгийг “Д” ХХК-д буцаан төлөх боломжийг олгоно уу гэх сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагыг гэрээнээс татгалзсанаас үүссэн хохиролд 27 043 445 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, тус компанийн нэхэмжилсэн 24 591 600 төгрөгтэй харилцан тооцож, үлдэх хэсгийг гаргуулж өгнө үү гэж өөрчилж байна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд гэрээний хугацаа сунгах талаар харилцан тохиролцож болох бөгөөд үүнийг гэрээ зөрчсөн гэж хэлж болохгүй. Стандартад нийцэхгүй байсан асуудалтай холбоотойгоор дахин гэрээ байгуулсан. Үйлдвэрлэсэн барааг тээвэрлэхтэй холбоотой асуудал үүссэн бөгөөд тээвэрлэлт хийгээгүйгээс болоод хугацаа алдсан. Гэрээнээс татгалзаж гэрээг цуцалж байгаа бол Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай. Гэрээнээс албан ёсоор татгалзаж биелэх боломжгүй гэж үзсэн бол албан ёсоор шуудангаар явуулах боломжтой. Мөн барааг ганц энэ компанийн хэмжээ болон загвараар хийсэн тул нэхэмжлэгч тал ашиглах боломжтой. Тээвэрлэлтийн асуудлаа зохицуулаагүйгээс болоод бид тээврийн зардал төлж хохирсон. Бидний зүгээс 732 000 төгрөгийг авахгүйгээр бусад тээвэрлэлтийн зардлыг нэхэмжилнэ. 500 ширхэг шонг үйлдвэрлэхгүй талаар мэдэгдэл өгөөгүйгээс дээрх шонгийн үнийг нэхэмжилнэ. Захиалагчийн буруугаас болж үйлдвэрлэлтээр гологдол гарсан шонгийн үнэ болох 2 852 000 төгрөг, нэг талын шатахууны зардлыг хасч 11 750 000 төгрөг, нийт 26 512 945 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 23 069 230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 6 019 220 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 11 910 945 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, үлдсэн 14 602 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн нийт 367 820 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 273 296 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн төлсөн 397 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 205 525 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гэрээний хугацаанд нийлүүлэгдээгүй 990 ширхэг бетон шонгийн үнэ болох 22 770 000 төгрөгийн алданги 1 821 600 төгрөг, хохирлоор Ө Даланзадгадаас Улаанбаатар хот хүртэлх шатахууны зардалд 733 820 төгрөг нэхэмжилснээс 359 600 төгрөгийг шийдвэрлэгдээгүй. “Э” ХХК-ийн жолоочийн хүссэнээр Даланзадгадаас Улаанбаатар хүртэлх шатахууны зардалд 780 500 төгрөгийг төлсөн баримтыг хүргүүлсэн байтал 530 500 төгрөгийг тооцоогүй. Хариуцагчийн нэхэмжилсэн ачаа тээврийн 11 910 945 төгрөгийн зардлыг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэснийг тус тус зөвшөөрөхгүй. Шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсгийг үндэслэн “гэрээнд 22 770 000 төгрөгийг буцаан шилжүүлэх хугацаа заагаагүй тул хариуцагчаас алданги гаргуулах үндэслэлгүй” гэж үзэн хугацаандаа нийлүүлээгүй 990 ширхэг шонгийн үнэ болох 22 770 000 төгрөгөөс алданги 1 821 600 тооцсоныг хэрэгсэхгүй болгосон. Дээрх хуулийн заалт нь ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Учир нь зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Талуудын хоорондын гэрээнд нийлүүлэгч нь холбогдох чанарын шаардлага, гэрээний нөхцөлийг бүрэн хангасан бараа материалыг гэрээнд заасан хугацаанд захиалагчид хүлээлгэн өгөөгүй, гэрээгээр тусгайлан хугацаа тогтоож өгсөн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол тухайн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувийн алданги төлнө. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232 6 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсоор алдангийг тогтоосон атал шүүх хариуцагчийг 1 821 600 төгрөгийн алданги төлөх үүргийг үндэслэлгүйгээр төлөх ёсгүй гэж үзсэн. Мөн шүүх нэг агуулга бүхий үйлдэл дээр хоёр өөр шийдвэр гаргасан нь өөрийн үндэслэсэн шийдвэрийг алдаатай гэдгийг баталж байна. Өөрөөр хэлбэл, шүүх хугацаа хоцорч нийлүүлсэн 750 ширхэг шонгийн үнийн алдангийг тооцсон атлаа үлдсэн хугацаандаа нийлүүлээгүй 990 ширхэг шонгийн алдангийг тооцоогүй нь логик алдаатай. Тиймээс гэрээ цуцлах хүртэлх хугацааны алдангийг тооцоогүй байгаа тул хугацаандаа нийлүүлэгдээгүй 990 ширхэг бетон шонгийн үнэ болох 22 770 000 төгрөгийн алданги 1 821 600 төгрөгийг тооцож өгнө үү. Шүүх 10 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчийн үйлдэл, эс үйлдэлтэй шалтгаан холбоотой Улаанбаатар хот руу зорчсон болох нь нотлогдоогүй байх тул гэсэн тайлбараар шатахууны зардлыг хэрэгсэхгүй болгосон. Уг өдөр “Э” ХХК-ийн захирал Т.Халиунтай ажлын байран дээр нь очиж уулзсан. 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар явсан зорилго нь удирдлагуудтай нь уулзаж зөвшилцөх, үлдэгдэл бетон шон үйлдвэрлэгдсэн бол шүүхэд гаргасан нэхэмжлэхээ буцаан татах байсан. Гэтэл захирал Т.Халиун манай компанийн ажилтныг хэл ам хийхээр ирлээ гэж өрөөнөөсөө хөөж зүй бус авирласан. Энэ өдөр буюу 10 дугаар сарын 29-нд хохирол нэхэмжилсэн 500 шон үйлдвэрлэгдээгүй байсан бөгөөд захирал Т.Халиун, инженер н.Баатаржав нар нь тухайн 7 хоногийн 5 дахь өдөр буюу 11 дүгээр сарын 02-ны өдөр гэхэд үлдэгдэл 990 шонгоос 500 ширхэгийг гүйцээн үйлдвэрлэж, Сүхбаатар аймгаас машин ирэхээр хүргэж өгөх, үлдэгдэл 490 ширхэг шонгийн үнэ болон манай компанийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт шилжүүлэх, тэгснээр манай компани нь шүүхээс нэхэмжлэлээ буцаан татах талаар хэлэлцэн тохиролцсон өдөр юм. Хариуцагч үүнийг үгүйсгэдэггүй, үйл явдлын нотлох баримт байсаар байтал шүүх уг зардлыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүх Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн ачаа тээврийн зардалд Зам тээврийн сайдын 2013 оны 162 дугаар тушаалыг дагуу 11 910 945 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийн үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1 нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй, захиалагч үүргээ биелүүлээгүйгээс болоод учирсан хохирлыг гүйцэтгэгчид төлүүлэх агуулга бүхий заалт юм. Өөрөөр хэлбэл, уг заалтын дагуу захиалсан шон бэлэн болсон байхад нэхэмжлэгч очиж аваагүй орхисон мэт, тиймээс хариуцагч өөрөө ирж өгснөөр хохирсон үйл явдал болсон мэт дүгнэжээ. Шүүх огт болоогүй үйл явдалд тохируулан буруу хуулийн заалт хэрэглэн нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Бодит байдал дээр хариуцагч өөрсдөө гэрээний хугацаандаа шонг нийлүүлээгүй учраас бид хүргээд өгье гээд очиж авах боломж олголгүй мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа хоцроосон хариуцлагаа хүлээж байна гэж ойлгосон. Нэхэмжлэгчийн зүгээс шонгууд бэлэн болмогц очин хүлээж авахад бэлэн байсан гэдгээ хангалттай тодорхой илэрхийлсэн. Гэтэл шүүх гэрээний дагуу нэхэмжлэгчийг шонгуудыг очиж авахыг мэдсээр байж өөрсдөө түрүүлээд хүргэж өгье гэсэн санал гаргасан хариуцагчийн үйл баримтыг үнэлээгүй, мөн нэхэмжлэгчийг албаар үүргийн гүйцэтгэл бэлэн болчихоод байхад очиж авахгүй байснаас болоод хариуцагч тээвэр хийсэн юм шиг үйл явдлыг дүгнэсэнд гомдолтой байна. Шүүх Зам тээврийн сайдын 2013 оны 162 дугаар тушаалыг дагуу 11 910 945 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 229 дүгээр 229.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн 11 910 945 төгрөгийн бодитой хохирол учирсан гэх баримт байхгүй байхад үндэслэлгүйгээр зах зээлийн ханшнаас их хэмжээний тээврийн зардал төлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Зохигчдын хооронд ачаа тээвэрлэх гэрээ байхгүй байхад Зам тээврийн сайдын тушаалыг баримтлан тээвэрлэлтийн зардлыг тооцох үндэслэлгүй. Манай компани нь сүүлийн удаагийн тээвэрлэлт хийхэд “Э” ХХК-ийн жолоочийн хүссэнээр Даланзадгадаас Улаанбаатар хүртэлх шатахууны зардалд 780 500 төгрөгийг төлсөн баримтыг хүргүүлсэн байтал 250 000 төгрөгийг суутган тооцож 530 500 төгрөгийг орхигдуулсан байсан. Хариуцагч шатахууны зардалд 780 500 төгрөгийг төлснийг зөвшөөрсөн. Тиймээс хугацаандаа нийлүүлэгдээгүй 990 ширхэг бетон шонгийн үнэ болох 22 770 000 төгрөгийн алданги 1 821 600 төгрөг, Ө Даланзадгадаас Улаанбаатар хот хүртэлх шатахууны зардалд 359 600 төгрөг нийт 2 181 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн Даланзадгадаас Улаанбаатар хүртэлх шатахууны зардалд тооцоогүй 530 500 төгрөгийг тооцуулах, хариуцагчийн нэхэмжилсэн ачаа тээврийн 11 910 945 төгрөгийн зардал гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч “Энх өглөө” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбоотойгоор 22 770 000 төгрөгийг буцаан гаргуулах, уг төлбөрийг хугацаа хожимдуулсны алдангид 1 821 000 төгрөг, төмөр бетон шонг гэрээнд заасан хугацаанаас хэтэрч нийлүүлсний алдангид 3 031 630 төгрөг, ажлын хөлсний зардалд 732 000 төгрөг, шатахууны зардалд 733 820 төгрөг, нийт 29 089 050 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, 27 043 445 төгрөгийн сөрөг шаардлага гаргаснаа шүүх хуралдааны шатанд багасгаж, 26 512 945 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаарджээ.

            Нэхэмжлэгч “Д” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11/2018 дугаартай “Бетон шон нийлүүлэх ажлын гэрээ”-гээр ажил гүйцэтгэгч “Э” ХХК нь 2940 ширхэг төмөр бетон шонг хийх ажлыг урьдчилгаа төлбөр хийгдсэнээс хойш 15 хоногт багтаан гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын хөлсөнд шонгийн үнийг нэг бүрийг нь 23 000 төгрөгөөр тооцож, нийт 67 620 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу 40 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй, шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.

            Ажил гүйцэтгэгч “Э” ХХК нь чанарын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр 2940 ширхэг төмөр бетон шонг гэрээний 2.1-т заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй тул талууд 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, урьдчилгаа төлбөр 40 000 000 төгрөгтөө 1740 ширхэг шонг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бэлэн болгохоор харилцан тохиролцсон байна. /хх-

Хариуцагч буюу ажил гүйцэтгэгч “Э” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 349 ширхэг, мөн оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 401 ширхэг төмөр бетон шонг захиалагчид хүргэж өгсөн үйл баримт тогтоогдсон ба 1740 ширхэг шонг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бэлэн болгох гэрээний үүргээ ажил гүйцэтгэгч хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхээргүй байна.

Дээрхээс үзвэл нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гараагүй байх тул захиалагч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар гэрээний зарим хэсгээс татгалзах эрхтэй, гэрээг цуцалснаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрх мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар үүсчээ.

Захиалагч талаас 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр гэрээг цуцлахаар мэдэгдэл хүргүүлснийг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд 10 дугаар сарын 22-ны өдрөөр гэрээг цуцлагдсанд тооцож, ажил гүйцэтгэгчээс үлдэгдэл 990 ширхэг төмөр бетон шонгийн үнэ 22 770 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг шүүх хангасан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Гэрээний зарим хэсгээс татгалзаж гэрээ нэгэнт дуусгавар болсон байхад дээрх 22 770 000 төгрөгт алданги тооцож нэхэмжлэх үндэслэлгүй бөгөөд шүүх 1 821 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт нийцэх тул энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Харин ажлын үр дүн болох 750 ширхэг төмөр бетон шонг хугацаа хэтрүүлж нийлүүлсэн, мөн 990 шонг нийлүүлээгүй 60 хоногийн алданги гэж нийт 3 031 630 төгрөгийн алданги шаардсанаас шүүх 299 230 төгрөгийг хангаж, үлдэх 2 732 40 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, гэрээний 7.1-т заасанд нийцэх бөгөөд гэрээний заалтыг гэрээний зарим хэсгээс татгалзаж гэрээг дуусгавар болгох хүртэлх хугацаанд мөрдөх талаарх шүүхийн дүгнэлт зөв.

 Түүнчлэн шонг суурилуулсан ажлын  хөлс 732 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 9-нд гэрээнд өөрчлөлт оруулах үеийн шатахууны зардал 733 820 төгрөг нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгохдоо хариуцагч уг зардлыг төлөх үүрэггүй талаар хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж зөв шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

124 шон биет байдлын доголдолтой, шинээр хийлгүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д заасан эрхийнхээ хүрээнд захиалагчийн шаардсанаар ажлыг шинээр гүйцэтгэсэн гэж үзэх тул уг 124 ширхэг шонгийн үнэ 2 852 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардах эрх ажил гүйцэтгэгчид үүсэхгүй, шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

Мөн ажил гүйцэтгэгч 500 ширхэг төмөр бетон шонг үйлдвэрлэсэн гэх боловч гэрээ цуцлагдахаас өмнө уг ажлыг гүйцэтгэснээ баримтаар нотлоогүй тул захиалагч үнийг төлөх үүрэггүй, шүүх 11 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 750 шонг тээвэрлэн хүргэсний зардалд 12 160 945 төгрөг нэхэмжилсэн сөрөг шаардлага гаргасныг шүүх бүхэлд нь хангасан нь үндэслэл бүхий болж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангах нь зүйтэй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.4-т ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг үйлдвэрийн байрнаас ачиж өгөх үүрэг хүлээсэн, гэрээнд тээвэрлэлттэй холбоотой өөр нөхцлийг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй байна.

Ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанд бэлэн болгоогүй гэрээний үүргээ зөрчсөн тул захиалагчийг ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн аваагүй гэж буруутгах боломжгүй, нөгөөтэйгүүр талууд шонг тээвэрлэн хүргэх зардлыг хэрхэн тооцох талаар тусгайлан тохиролцож тодорхойлоогүй тул захиалагчид тээвэрлэлтийн зардлыг төлөх үүрэг гэрээний дагуу үүссэн гэж үзэх үндэслэлгүй, тээвэрлэлтийн зардлыг Засгийн газрын тогтоолд заасан тарифаар тооцож нэхэмжилсэн ажил гүйцэтгэгчийн шаардлагыг хангах боломжгүй юм.

Гэвч нэхэмжлэгч “Д” ХХК нь төмөр бетон шонг тээвэрлэхэд гарсан шатахууны зардлыг бодитоор гарсан хэмжээнд төлөхөөс татгалзаагүй, өөрийн шонг татаж авах тээврийн зардлыг 2.2-2.5 сая төгрөгөөр тооцож төсөвлөж байсан гэж тайлбарласан тул хариуцагчийн анх сөрөг нэхэмжлэл гаргахдаа бодитоор гарсан зардал гэж нэхэмжилсэн 4 632 000 төгрөгийн хэмжээнд сөрөг нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00036 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын  “11 910 945 /арван нэгэн сая есөн зуун арван мянга есөн зуун дөчин тав/ төгрөгийг” гэснийг “4 632 000 /дөрвөн сая зургаан зуун гучин хоёр мянган/  төгрөгийг” гэж, “үлдсэн 14 602 000 /арван дөрвөн сая зургаан зуун хоёр мянга/ төгрөгийг” гэснийг “21 880 945 /хорин нэгэн сая найман зуун наян мянга есөн зуун дөчин таван/ төгрөгийг” гэж, 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “205 525 төгрөгийг” гэснийг “89 062  төгрөгийг” гэж тус тус өөрчлөн  шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 231 064 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.Э

                        ШҮҮГЧИД                                           Г.Д

                                                                                    А.О