Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/21

 

 

 

 

 

Б.Ат холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Төмөртулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Ж.Нарантуяа,

Шүүгдэгч Б.А /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/459 дугаар шийтгэх тогтоолтой Б.Ат холбогдох 2034003460434 дугаартай 1 хавтас, 189 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.А-,

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймаг Аргалант сумын “Хөшөөт”  2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “жирмийн цагаан нуур” гэх баазын хашааны гадна байрлуулсан байсан “Эрчим Өргөө” ХХК-ийн эзэмшлийн 36-06 УНМ улсын дугаартай Киа Кринто маркийн тээврийн хэрэгслийг машин механизм ашиглаж хулгайлж 8 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/459 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Монгол овогт Бэрхээгийн А машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж,

Эрүүгийнхуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ат оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар 1, 2,5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497. 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас  1150000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.Гантөмөрт олгож, иргэний нэхэмжлэгч Х.Гантөмөр нь 36-06 УНМ улсын дугаартай Киа Кринто маркийн тээврийн хэрэгслийг хохирогч Л.Отгонбаярт хүлээлгэн өгөхийг иргэний нэхэмжлэгч Х.Гантөмөрт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...1. Хулгайн гэмт хэрэг нууц, далд аргаар үйлдэгддэг учир залилангийн болон өөр ойр төсөөтэй хэргээс ялгагдана. Б.А нь Төв аймаг Аргалант сумын "Хөшөөт" 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Жирмийн цагаан нуур" гэх баазын хашааны гадна байрлуулсан байсан "Эрчим Өргөө" ХХК-ийн эзэмшлийн 34-06 УНМ улсын дугаартай Киа Кринто маркийн тээврийн хэрэгслийг авахдаа өдрийн цагаар, олуулаа, тусгай ачих машинтай очиж, харж хамгаалж байсан сахиул Д.Оюунчимэд гэгчид машинаа авах гэж ирлээ гэж хэлээд 100 000 төгрөгний хөлс өгч А гэж өөрийн нэрээ хэлээд авч явжээ. Сахиул Д.Оюунчимэд энэ үгэнд нь итгэж өгч явуулсан бөгөөд дараа нь 2020 оны 04 сард уг компаний захирал Л.Отгонбаяр ирж машинаа асуухад нь: "Та нар аваад явсан биздээ" гэж хэлснээр Л.Отгонбаяр цагдаад ханджээ.

2. Б.А дээрх компанид болон өөр компанид ажиллахдаа тухайн машиныг ажиллуулдаг ба түүнээс өөр хүн тэр машинийг асааж чаддаггүй байжээ. Б.А нь энэ байдлаа ашиглаж тодруулбал: Нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж залилангийн гэмт хэргийг үйлджээ. Б.Аын энэ үйлдэл нь залилангийн хэрэг болох нь сахиул Д.Оюунчимэдэд өөрийн нэрээ хэлээд эзэн нь мөн гэж итгүүлсэн, Иргэний нэхэмжлэгч Х.Гантөмөрт уг машинийг өөрийн машин гэж хэлээд иргэний бүртгэлийн лавлагаа өгсөн зэрэг нь мөн л түүний залилсан үйлдлийг давхар батлаж байна. Байдал ийм байхад Б.Аын үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг мөн боловч хулгайн биш залилангийн хэрэг байхад буруу зүйлчилж анхан шатны шүүх эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсгээр 2 жилийн хорих ял оногдуулж миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг хохироожээ. Б.А уг машиныг хулгайлсан байлаа гэхэд хэргийн зүйлчлэл нь бас л тохироогүй байна. Тэр машиныг авахад машин хэрэглэх ямар ч шаардлага байхгүй бөгөөд тухайн машиныг харж байсан Д.Оюунчимэд гэгчид хэлсэн шигээ тэр үгээ хэлээд л авчихна шүү дээ. Харин уг машиныг тээвэрлэхэд зайлшгүй тусгай зориулалттай машин шаардагдах бөгөөд энэ шаардлагынхаа дагуу тухайн машиныг тээвэрлэхдээ хэрэглэсэн тул машин техник хэрэглэсэн гэж тухайн хэргийг хүндрүүлэх ёсгүй байсныг анхан шатны шүүх анхааралгүй ял оногдуулжээ. Улсын дээд шүүхийн тогтоолд энэ талаар маш тодорхой заалт байгаа ба тэр тогтоол хүчин төгөлдөр байгаа болно.

3. Б.А анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дагуу иргэний нэхэмжлэгч Х.Гантөмөрт 1 150 000 төгрөг төлсөн, Х.Гантөмөр уг машиныг "Эрчим Өргөө" ХХК-д эргүүлэн өгсөн зэргээр хохирол төлбөргүй болсон талаар уг компаний захирал Л.Отгонбаярын тодорхойлолт, Х.Гантөмөрт 1 150 000 төгрөг төлсөн баримт зэргээр нотлогдож байна.

4. Давж заалдах шатны шүүх Б.Аын хэрэг үйлдсэн шалтаг шалтгаан, хэргийн зүйлчлэл, хохирлоо бүрэн төлсөн зэрэг байдлуудад нухацтай дүгнэлт хийж Б.Аын холбогдсон хэргийн зүйлчлэлийг зөв тогтоолгож, түүнд оногдох ял шийтгэлийг нь хөнгөрүүлэхээр гаргасан өмгөөлөгч миний хүсэлтийг сайтар хянан үзнэ гэдэгт миний бие гүнээ итгэж байна.

Иймд Төв аймгийн сум дундын анхан шатны эрүүгийн шүүхийн дээрх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, Б.Аын үйлдлийг зөв зүйлчилж Эрүүгийн хуулийн 7.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгч Б.А нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо бүрэн төлсөн тул хорих ял оногдуулахгүйгээр нэг жилээс дээшгүй хугацаагаар тэнсэж өгөхийг хүсэж байна. Миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох ба Б.Аыг мөн оролцуулж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Төмөртулга гаргасан дүгнэлтдээ: Б.Аын үйлдэл нь хулгайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан саналдаа: Хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хохирол төлбөрөө төлсөн зэрэг байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа гаргасан саналдаа: Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хэргийн зүйлчлэлийг өөрчилж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч Б.А гаргасан тайлбартаа: Энэ гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байна. Иймд тэнсэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэрэгт хийсэн хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Төв аймгийн прокурорын газар болон шүүхээс шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсгийг зөв хэрэглэж чадаагүй байна.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд:

- Иргэний нэхэмжлэгч Л.Отгонбаярын: “...Төгөлдөр машинаа чирч Жирмийн цагаан нуурын баазын хашааны үүдэнд орхиод Чимэд гэх хүнд машинаа захиад орхисон юм. Би сэлбэгийг нь олж аваад 2020 оны 04 дүгээр сарын 05-нд авах гээд очиход манай машин алга байсан. Чимэд гэх манаачаас асуухад мэдэхгүй та нар ирж аваад явсан биз дээ гэхээр нь юу яриад байгаа юм бэ гээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

- Иргэний нэхэмжлэгч Х.Гантөмөрийн: “...2020 оны 01 сарын 10-ны өдөр ...А гэх залуу над руу залгаж холбогдоод “ахаа хаягдал төмөр машин авах уу? Төхөөрөмжтэй юм байгаа юм, Төв аймгийн Баянцогт суманд байгаа, дугуй нь хагарчихсан” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тохиролцоод кран авч явахаар болсон. Би тэр манаач хүнээс “энэ машин Аын машин мөн үү? гэж асуусан чинь манаач ах “Аын машин мөн” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

- Гэрч О.Төгөлдөрийн: “...машинаа асаагаад хот руу авч явах гэтэл машины газар өрөмддөг өрөм нь алга болсон, машин явах боломжгүй болсон байсан. Би  сэлбэг олох санаатай Жирмийн цагаан нуурын баазын манаачийг гуйж хашааны гадаа орхисон юм. Тухайн үед манайх жолоочгүй байсан болохоор Аыг ажилд авсан байсан, 2017 оны 06 сард миний машиныг түрээслээд ажил хийж байсан. Тэр машиныг ганц асааж мэддэг хүн нь А л байсан тэрнээс өөр хүн асааж чаддаггүй байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 тал/,

- Гэрч Д.Оюунчимэдийн: “...2020 оны 01 сарын 10-нд 15 цагийн үед 22-24 УНӨ гээд цагаан өнгийн крантай машин бас нэг мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 5 хүн ирээд ачаад явсан тэгээд би хэн гэдэг хүмүүс бэ гэтэл “би эзэн нь байна намайг А гэдэг гэж хэлээд аваад явсан” гэх мэдүүлгүүд /хх-ийн 29 тал/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар Б. А нь “Эрчим Өргөө” ХХК-д гэрээгээр жолоочоор ажилладаг байсан, тус компанийн инженер О.Төгөлдөртэй тохиролцсоны дагуу тухайн тээврийн хэрэгслийг тодорхой хугацаагаар түрээслэн өөрөө хувиараа ажил олж хийж байсан, уг компанийн тусгай тоноглолтой тээврийн хэрэгслийг Ааас өөр хүн ажиллуулж чаддаггүй байсан,  2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймаг Аргалант суман дахь “Жирмийн цагаан нуур” баазын хашааны гадна байсан “Эрчим Өргөө” ХХК-ийн эзэмшлийн 36-06 УНМ улсын дугаартай Киа Кринто маркийн тээврийн хэрэгслийг тус баазын аж ахуйн дарга Д.Оюунчимэдэд “намайг А гэдэг, би энэ машины эзэн нь байна” гэж хэлээд авч явсан, түүнийгээ Х.Гантөмөрт хаягдал төмөрт зарсан хэргийн үйл баримт тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын  эд хөрөнгийг нууц далд аргаар  өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, өөрийн өмчлөлд хууль бусаар авах байдлаар илэрдэг.

Гэтэл Б.А Улаанбаатар хотоос 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 15 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын “Хөшөөт” 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Жирмийн цагаан нуур” бааз руу тусгай ачих машинтай тавуулаа очиж “машинаа авахаар ирлээ” гэж өөрийн нэрээ хэлээд, тус баазын сахиул Д.Оюунчимэдэд   машин харж байсны хөлсөнд 100000 төгрөг өгч  машиныг ачиж явсан, Д.Оюунчимэд энэ үгэнд нь итгэж машиныг түүнд өгч явуулсан байдлаас дүгнэхэд уг үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн объектив шинж үгүйсгэгдэж байна.

Харин Б.Аын үйлдэл нь өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна.

Шүүгдэгч Б.А шүүхийн шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэгч Х.Гантөмөрт төлөх 1150000 төгрөгийг төлсөн тухай 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн баримт, хохирогч Л.Отгонбаяр “төлбөр бүрэн барагдуулсан тул гомдолгүй” гэсэн 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн баримтыг тус тус давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байна.

Иймд Б.Аын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, энэ үндэслэлээр гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/459 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох нь хэсэгт

- ”1.Төв аймгийн Прокурорын газраас Б.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.”

- “2.Шүүгдэгч Монгол овогт Бэрхээгийн Аыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”

 - ”3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.”   

 - “4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Б.Ат оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.”

 - ”5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.” гэж өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1,2,3,4 дүгээр заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн “5, 6, 7, 8, 9” гэснийг “6, 7, 8, 9, 10,” гэж дугаарыг өөрчилсүгэй.  

3. Шүүгдэгч Б.А нь шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэгч Х.Гантөмөрт төлөх 1150000 төгрөгийг төлсөн, хохирогч Л.Отгонбаяр хохирол барагдсан болохыг шүүхэд бичгээр илэрхийлсэн болохыг, шүүгдэгч Б.А шийтгэх тогтоолоос хойш 79 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг сулласугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ЭНХМАА

 

         ШҮҮГЧИД                                              Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                        Г.БОЛОРМАА