| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2022/00412/И |
| Дугаар | 183/шш2022/01871 |
| Огноо | 2022-06-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 183/шш2022/01871
| 2022 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2022/01871 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Тнэхэмжлэлтэй,
Хариуцагч: З.З холбогдох,
Төрсөн охин Т.Э өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь зориудаар саад учруулахгүй, хязгаарлахгүй байхыг хариуцагчид даалгах, нэхэмжлэгч Б.Т нь охин Т.Э 7 хоногийн 3 өдөр өөртөө байлгах замаар хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэх журам тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч З.З холбогдуулан төрсөн охин Т.Э өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь зориудаар саад учруулахгүй, хязгаарлахгүй байхыг хариуцагчид даалгах, нэхэмжлэгч Б.Төгөлдөр нь охин Т.Э 7 хоногийн 3 өдөр өөртөө байлгах замаар хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэх журам тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.Т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Миний бие 3.З-тай 2006 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан ба бидний дундаас 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдөр охин Т.Э төрсөн юм. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2016/00200 тоот шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалж, охин Т.Э эх 3.З-ын асрамжид үлдээж шийдвэрлэсэн болно. Тус шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт зааснаар Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхээр шийдвэрлэсэн. Т.Энэрэл нь эхийн асрамжид амьдарч, өсөж бойжиж байгаа ба эцэг Б.Т миний зүгээс өнгөрсөн хугацаанд охин Т.Э-тэй боломжит байдлаар буюу гадаад улсад томилолтоор ажиллаж байхад ч гэсэн амралтын өдрүүд болон зуны амралтаар ирж, тогтмол уулзаж, тэжээн тэтгэх үүргээ биелүүлж ирсэн. Гэтэл 2020 оны 1 дүгээр сарын сүүлээр 3.З нь Австрали улсын иргэнтэй гэр бүл болж байгаа гэх үндэслэлээр охин Т.Э хувьд амьдралын маш чухал шийдвэр дээр урьдчилан зөвлөлдөлгүйгээр охиныг Австрали улсруу авч явж, суурьших үүднээс визийн мэдүүлгийн бичиг баримтуудад намайг гарын үсэг зурж, зөвшөөрөл өгөхийг гэнэт шаардаж эхэлсэн. Миний бие баримтуудад гарын үсэг зурах талаар шууд зөвшөөрөх боломжгүйгээ илэрхийлснээс улбаалж тэрээр уурлан бухимдаж, ямар нэг байдлаар ярилцах, зөвшилцөх боломж олголгүйгээр тэр үеэс хойш охинтой минь уулзахад байнгын саад учруулж эхэлсэн ба удаа дараа уулзуулах талаар санал, хүсэлтээ илэрхийлж, бичгээр баталгаа гаргаж өгсөн ч охинтойгоо уулзах, харилцах, охины талаар мэдээлэл авах бүх боломжийг хязгаарласаар ирсэн. Өнөөдрийн байдлаар хариуцагч нь миний утасны дугаарыг блок хийсэн буюу дуудлагыг хаасан, охины минь утсыг болон вайбэр зурвас харилцааны сувгийг ч мөн хаасан. Өөрөөр хэлбэл, охинтой уулзах боломжийг минь зориудаар хязгаарлаж, саад учруулж байна. Хүүхэд гэрлэгчдийн маргаанаас, тэдгээрийн субьектив харилцаанаас үл хамааран хүмүүжихэд салсан тохиолдолд ч эцэг, эх нь тэгш үүрэг хүлээж, хүүхдийн хөгжих, төлөвшихөд ямар нэгэн саадгүйгээр оролцох эрхтэй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг. Мөн хуулийн 26.4 дахь хэсэгт заасны дагуу эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд ч хэвээр үлдэхээр хуульчилсан. Ийм учир мөн хуулийн 26.6 дахь хэсэгт "Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно" гэж заасны дагуу гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосон байдаг. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэлх хугацаанд охиныг хариуцагч 3.З нь нэхэмжлэгчийн хүүхдийн өмнө хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд зориудаар саад хийж, хязгаарлаж байна. Энэ талаарх асуудлыг бид тохиролцоогүй. Ийм учир мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт ... эцэг, эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол түүнийг шүүх тогтооно" гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч З.З итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зохигчдын дундаас 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдөр охин Т.Э төрсөн. Гэрлэгчид хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2016/00200 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Шийдвэр нэгэнт хүчин төгөлдөр болсон боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Охиныг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн нь миний бие хүчтэй шахалт, дарамт, гарцаагүй байдалд орсонтой шууд холбоотой гэснийг тухайн цаг хугацаанд огт дурдаж тайлбарлаагүй атал одоо үүнийг үндэслэл болгож байгаа нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг өөрчлөх хууль зүйн үндэслэл болохгүй. Тухайн үеийн нөхцөл байдал нь Б.Т тогтмол архидан согтуурах болсон, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байр (2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр) болон Чингэлтэй дүүргийн Эрүүлжүүлэх байранд орон гэртээ согтуурсан хэрүүл маргаан үүсгэсэн үндэслэлээр эрүүлжүүлэгдэж байсан, энэ байдлаас шалтгаалаад 3.Замбага охины хамт Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандаж бүртгүүлж байсан талаар баримтыг шүүхэд тухайн үедээ гаргаж өгч байсан. Гэрлэлт цуцласан 200 дугаартай шүүхийн шийдвэрээр охин Т.Э эхийн асрамжид үлдээсэн бөгөөд миний төлөөлүүлэгч өнөөдрийг хүртэл "Гэр бүлийн тухай" хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 -т заасны дагуу охиноо эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд зөв төлөвшүүлж, асран хамгаалж, тэжээн тэтгэж, эрхийг нь хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ биелүүлж байгааг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 301 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Нэхэмжлэгч шаардлагын хууль зүйн үндэслэлээ хариуцагчийг Хүүхдийн өмнө хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд зориудаар саад хийж, хязгаарлаж байна, энэ талаарх асуудлыг бид тохиролцоогуй, ийм учир мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт Эцэг, эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол түүнийг шүүх тогтооно" гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна гэжээ. Нэхэмжлэгч 2016 оны 301 шийдвэрийн 5 дахь заалтаар тайлбарласан хэсэгт өнөөдөр өөрчлөлт оруулж гэрлэлт цуцлах үед шийдвэрлээгүй асуудлаар шинэ шаардлага гаргаж байна гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага нь талууд тохиролцоогүй учир шүүхээр одоо тогтоолгоно гэж тайлбарлан хэрэглэж шаардлага гарган маргаан үүсгэж байгаа нь зөвхөн эцэг, эхийн харилцаа бус хүүхдийн өөрийнх хүсэл зориг гэдгийг ойлгохгүй байгаатай холбоотой. Одоо 8 настай охин Т.Э өөрийн ухамсар ойлголт, хүсэл зорилготой, сэтгэл зүрхтэй хүн гэдгийг ойлгохын оронд түүнийг болон түүний эхийг албадан, хүсэл зоригийнх нь эсрэг хуулиар албадлага хэрэглэн өөрийн үүргээ биелүүлнэ гэдэг боломжгүйг ухамсарлан ойлгох хэрэгтэй. Нэхэмжлэгч 7 хоногт 3 өдөр байлгах замаар охиныг хүмүүжүүлнэ гэдэг шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Охин Т.Э Би хэзээ ч аавтай хамт амьдрахгүй, уулзахгүй гэж хэлдэг бөгөөд З.З нь охиныхоо эрх ашгийг хамгаалах ёстой. Б.Т Т.Э явдаг Хобби сургуулийн захирал Ц хамаатан садан бөгөөд ээжид нь төлбөр хийх боломж өгөлгүй гэрээ байгуулдаг. Тэр гэрээгээ охиндоо анхаарал тавьдаг нотлох баримт болгон хаа сайгүй ашигладаг. Тэрнээс өөр нэг ширхэг төгрөг өгч байгаагүй. Т.Э ангийн багш Баярмаа дээр согтуу удаа дараа ирсэн байсан. Б багш Одоо хүүхэд том болж байгаа тул Т.Э Архичин аавтай гээд шоолно гэж сануулсан. Охиныхоо нэр төрийг бодох талаар Б.Т-т хэлэхэд огт тоохгүй бүр санаатайгаар хичээл орох үед харуул байхгүй үед нууцаар дотогш нэвтэрч, шилэн хаалганы цонхоор цухуйж, Т.Э хичээлээс нь үймүүлж байсан. Баярмаа багш нь Т.Э би уулзмааргүй байна гэж хэлээд хичээлийн танхимаас гардаггүй гэж хэлсэн. Гэтэл Б.Т уулзмааргүй байгаа хүүхдийг дарамталж, ангийн хүүхдүүдийн өмнө эвгүй байдалд оруулж байна. Эхний шүүхийн үйл ажиллагаа явагдаж байх үед Б.Т Т.Э-тэй уулзсан. Т.Э Би ээждээ очмоор байна гэсэн чинь сонсоогүй царайлж, явуулахгүй байсан гэсэн. Энэ бол хүчирхийлэл. Өнөөдөр З.З охины хамтаар байнга дарамтлуулсаар байгаад гудамжаар ч тайван явах боломжгүй байна. Хүч хэрэглэн шүүхээр шийдвэр гаргуулж, Т.Э- хүслийн эсрэг долоо хоногт хүчээр 3 удаа уулзаж, аймшигт дарамт шахалт, хүчирхийллээ үргэлжлүүлэх гэж байна. Эх хүний хувьд охин Т.Э аз жаргал, сайн сайхан, хүсэл зоригийг хүндэтгэнэ. Үнэхээр аавтайгаа уулзмаар байвал уулзуулна. Гэтэл Уулзмааргүй байна, Авраарай гээд байгаа охиноо хүчээр Б.Т-тэй уулзуулах юм бол хариуцагч өөрөө хүүхдийн хүсэл зоргийг үл хайхрагч хүчирхийлэгч болно. 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Шинжээчдийн багийн дүгнэлтэд охин Т.Э аавыгаа огт зураагүй талаар бичсэн. Энэ нь Т.Э-ийн амьдралд огт байдаггүйг нотолж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг төлсөн баримт, Ерөнхий боловсролын Хобби сургуулийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн баримт, Хобби сургуулийн суралцагчийн дүрэм, сургалтын төлбөр төлсөн баримт, Б.Т иргэний үнэмлэхний хуулбар, Т.Э төрсний гэрчилгээний хуулбар, З.З , Т эмээ гэсэн харилцан ярианы хуулбарууд, охин Т.Э вайбер харилцан ярианы хуулбарууд, Б.Т үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, Х ХХК дахь дансны үлдэгдэлийн лавлагаа, Х Х ХК дахь дансны үлдэгдэлийн лавлагаа, Х ХХК дахь дансны үлдэгдэлийн лавлагаа, Т ХХК дахь дансны үлдэгдэлийн лавлагаа, Монгол Улсын Их сургуулийн бакалаврын дипломын хуулбар, В захиралд Монгол Улсын Сангийн яамнаас хүргүүлсэн тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2016/00200 дугаар шийдвэрийн хуулбар, Хүүхдийн тэтгэлэг төлөх тухай мэдэгдэл, төлбөр төлөгчийн тооцоолол, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т оролцуулах тухай хүсэлт, Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2-4В/110 дугаар тодорхойлолт, хавсралтын хамт, С.Төгөлдөрөөс С.Асланбект олгосон итгэмжлэл, Ерөнхий боловсролын Хобби сургууль болон суралцагчийн хууль ёсны төлөөлөгчийн хооронд байгуулагдсан гэрээ, тус сургуулийн дүрэм /нотариатаар батлагдсан/, сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн нөхцөл гэх баримт, төлбөр төлсөн тухай НӨАТ-ын баримт, Сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн маягт гэх баримт, иргэн Д.Б, Ө.О , П.О нарын тодорхойлолт зэрэг баримт ирүүлсэн.
4. Хариуцагчаас иргэн Ш.С олгосон итгэмжлэл, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2021/00301 дүгээр шийдвэрийн хуулбар зэргийг ирүүлсэн.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хүүхдийн санал, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 183/ШЗ2022/05228 дугаар захирамжийн дагуу авагдсан Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 3/201 дүгээр албан бичиг, тус хэлтсийн шинжээчдийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлт, мөн Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2022/09592 дугаар захирамжийн дагуу үзлэг хийсэн тухай тэмдэглэл тус тус хэрэгт авагдсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
2. Нэхэмжлэгч Б.Т нь Охин Т.Э 2 жилийн хугацаанд огт холбоо барих боломжгүй байлгаж, мөн уулзуулахгүй байгаагаас үүдэн эцгийн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад болж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч З.Замбага нь Байнга шүүх, хуулийн байгууллагад хандаж, биднийг тайван амгалан амьдрах нөхцөлөөр хангахгүй, айдас түгшүүрийн байдалд амьдруулж байгаагаас гадна охин эцэгтэйгээ уулзахыг хүсдэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. Хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд Б.Т , З.З нарын гэрлэлтийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 200 дугаар шийдвэрээр цуцалж, охин Т.Э эх З.З асрамжид үлдээж, эцэг Б.Т хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж, охиныг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн[1] байна.
Мөн тус шүүхийн 2021 оны 301 дүгээр шийдвэрээр[2] өмнө нь Б.Т нэхэмжлэлтэй, хариуцагч З.З холбогдох Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл, дээрх шүүхийн шийдвэрээр өмнө нь хүүхдийн асрамжийг шийдвэрлэсэн боловч тухайн хугацаанаас хойш бий болсон шинэ нөхцөл байдал буюу охин Т.Э харилцаа холбоотой байх эрхийг хязгаарлаж байгаа гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэл гаргасан тул шүүх иргэний хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан Хэрэглээний сэтгэл судлалын үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтэд дурдсанаар охин Т.Э сэтгэл зүйн байдлын хувьд дарамт, түгшүүр өндөртэй, стресстэй байгаа нь хүүхдэд эцэг, эхийнх нь зүгээс тавих хэт хамгаалалт, хяналт нь дарамт үүсгэсэн байх магадлалтай гээд охины хувьд эцэгтэйгээ ярилцах, ойлголцох, эцгийн зүгээс дэмжих байдлаар харилцах нь үр дүнтэй талаар дурджээ.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын шинжээчдийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтэд Б.Т , З.З нарын хэн хэн нь хүүхдээ харж хандах хүсэлтэй, санхүүгийн бүрэн боломжтой байх боловч гагцхүү хүүхдийн санал бодлыг чухалчилж, ээжийнх нь хувьд хүүхдийг эцэгтэй нь ойр дотно харилцаанд байлгах, хүүхэдтэй холбоотой аливаа шийдвэрт аавын оролцоог нээлттэй байлгах, аавын тухай зөв ойлголт хандлагыг охинд төрүүлэх, аавтай нь сар бүр уулзалтыг товлож, хүүхдийн сэтгэл зүйн өөрчлөлтийг засах тал дээр анхаарах хэрэгтэй хэмээн зөвлөсөн байна.
Хэдийгээр охин Т.Э 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд өгсөн саналдаа аавтайгаа уулзахгүй хэмээн хариулт өгөх боловч хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эцгийн нөлөө шаардлагатай талаар дурдсан шинжээчдийн зөвлөмжийг үндэслэн шүүхээс 7 хоног бүрийн нэг өдөр, өдрийн цагаар эцэгтэй нь уулзуулах замаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
5. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т: Монгол Улсын иргэн үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй гэж, Монгол Улс 1990 оны 7 дугаар сарын 05-ны өдөр соёрхон баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенц-ийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Хүүхэд ... эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрхтэй гэж, 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас нь салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхтэй гэж, Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Хүүхэд ... эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, эцэг Б.Т охины өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, нөгөө талаас, охины тусдаа амьдарч байгаа эцэгтэйгээ харилцаа холбоотой байх эрхийг хүндэтгэн үзэж Т.Э өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь зориудаар саад учруулахгүй, хязгаарлахгүй байхыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Харин хүүхдийн өссөн, дассан орчинг байнга солих, гэр бүлийн гишүүдээс салгах, удаан хугацааны турш уулзаагүй өөр гэр бүлд байлгах буюу 7 хоногийн 3 өдөр хүүхдийг өөр орчинд байлгах нь түүний хүмүүжил, сэтгэхүйд сөрөг нөлөөтэй гэж үзэж Т.Э 7 хоног бүрийн нэг өдөр, өдрийн цагаар эцэгтэй нь уулзуулах журам тогтоох нь хүүхдийн эрхийг хангах үүднээс гарсан шийдвэр болно.
Иймээс нэхэмжлэлийн 7 хоногийн 2 өдөр өөртөө байлгах замаар хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэх журам тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.З 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Т олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Т охин Т.Э өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь зориудаар саад учруулахгүй, хязгаарлахгүй байхыг хариуцагч З.З даалгаж, Т.Энэрэлийг 7 хоног бүрийн нэг өдөр, өдрийн цагаар эцэг Б.Т улзуулахаар тогтоож, нэхэмжлэлийн 7 хоногийн 2 өдөр өөртөө байлгах замаар хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэх журам тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.З 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Т- олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА