| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 194/2025/1109/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1396 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1396
2025 05 26 2025/ШЦТ/1396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч О.Нандинцэцэг, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн “ххх” дугаартай, 194/2025/1109/Э индекстэй хэргийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, хэрэг хариуцах чадвартай,
урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 718 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1/84 дүгээр тогтоолоор дуусгавар болсон байна. Б.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ххх дүүргийн 3 дугаар хороо, “ххх” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг албан өрөөний хаалгыг өшиглөж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оийн:..би 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ххх дүүргийн 3 дугаар хороонд байрлах өөрийн ажилладаг ххх өөрийн албан өрөөндөө байж байсан. Манай нөхөр болох Б.Б нь дайрч орж ирээд намайг хэл амаар доромжилоод дайраад байхаар нь би өөрийн өрөөнийхөө хаалгыг дотор талаас нь хаагаад цоожилчихсон. Тэгсэн чинь Б.Б хаалгаа онгойлго би 2 хүүхэдтэйгээ уулзмаар байна гээд элдэв янзын үгээр хараал хэлээд байсан, намайг хаалга нээхгүй болохоор Б.Б манай албан өрөөний хаалгыг өшиглөөд цөмөлчихсөн. Би цагдаагийн байгууллагад хандсан. Б.Б бид 2 гэрлэлтийн баталгаатай 2010 оноос хойш хамт амьдарч байна. Бид 2 дундаасаа 2 хүүхэдтэй том нь 9 настай, бага нь 6 настай хүүхдүүдтэй. Намайг ажил хийлгэхгүй гэртээ 2 хүүхдээ хараад байлгах гээд байдаг мөн гадуур гаргахгүй найз нөхөдтэй минь уулзуулахгүй байнга өөрийн хяналтандаа байлгаж байнга намайг харддаг болохоор нь би 2 хүүхдээ аваад түрээсийн байранд тусдаа амьдарч байсан. Мөн би Бд зодуулж нуруундаа бэртэл авсан, нуруундаа бэртэл авсан үедээ би Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргаж өгсөн. Энэ хэргээр Б.Бд холбогдох эрүүгийн хэрэг үүссэн байгаа талаар тус цагдаагийн газраас надад мэдэгдсэн би очиж мэдүүлэг өгсөн. Б.Б нь “ххх” ХХК-ын захирал сэтгэл санааны хувьд тогтворгүй гэртээ байхдаа эрүүл ч согтуу ч байсан хараал хэлдэг. Өөдөөс нь үг хэлвэл шууд цохих юм уу зоддог түргэн ууртай гарт тааралдсанаа авч шиддэг хүн хүүхдүүдийнхээ хажууд ч ёс зүйгүй аашилдаг намайг удаа дараа зодож байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 10-11 дүгээр тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Тын:..би 2024 оны 12 сарын 27-ны өдөр ххх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ххх” ХХК хх төв буюу өөрийн ажил дээрээ байж байтал 10-11 цагийн хооронд манай ажлын 5 давхрын шилэн хаалганы хонх дугарсан би онгойлгохоор очиход Б.О захирлын нөхөр Б.Б гэх хүн байсан. Би Б.О захиралд танай нөхөр ирсэн байна та уулзах уу гэж асуухад Б.О захирал би уулзахгүй гэсэн. Би захирлын нөхөр Б.Б дээр очоод мэндлээд захирал тантай уулзахгүй гэж байна гэсэн чинь Б.Б дуугай наад хаалгаа нээгээдэх би хүүхдийнхээ гадаад паспортыг авмаар байна Б.Отэй уулзаж хүүхдүүдээ авч гадаад гарах гэж байгаа гэсэн зүйлийн талаар яриад орилж хашгичаад хараал хэлээд байсан. Тэгээд захирал Б.Оийн өрөөлүү Б.Б орох гэж хаалгыг нь татаж чангаагаад байсан. Б.О захирал уулзахгүй уулзахаар надруу халдаж зоддог би айж байна гээд хаалга тайлахгүй байсан. Би Б.Бийг та захирал таньтай уулзахгүй гэж байна та хувийн асуудлаа ажлын бус цагаар уулзана уу гэсэн чинь Б.Б чамд хамаагүй гэж хэлээд гарахгүй, холдохгүй байж байгаад захирлын өрөөний хаалгыг өшиглөж цөмөлчихөөд уурлаад та нарыг бүгдийг чинь ажилгүй болгоно гэж янз бүрээр хэлж байгаад гараад явсан. Б.Б нь захирал Б.Оийн өрөөний модон хаалгыг нэг удаа хүчтэй өшиглөсөн тэгсэн чинь хаалганы самбар цөмөрч хугарсан, ухаалаг смарт цоожтой байсан болохоор цоожны таг, баттерей, гэсэн зүйлүүд нь унаад бид нар Б.Бийг явсны дараа ажиллуулж үзэхэд эвдэрсэн байсан. Б.О нь “ххх” ХХК-ын монгол талыг хариуцсан захирал байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19 дүгээр тал/,
2.3. “ххх" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 400,000 төгрөг гэх дүгнэлт. /хх-ийн 120-123 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтаст хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулна гэв.
3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс: хохирол төлсөн тухай баримт, ажлын тодорхойлолт зэрэг 2 хуудас баримтыг шинээр гаргаж өгч байна. Энэ хоёр баримтыг шинжлэн судалъя гэв.
3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.
Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ххх дүүргийн 3 дугаар хороо, “ххх” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг албан өрөөний хаалгыг өшиглөж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Б.Оийн:..би 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ххх дүүргийн 3 дугаар хороонд байрлах өөрийн ажилладаг ххх төвийн 5 давхарт өөрийн албан өрөөндөө байж байсан. Манай нөхөр болох Б.Б нь дайрч орж ирээд намайг хэл амаар доромжилоод дайраад байхаар нь би өөрийн өрөөнийхөө хаалгыг дотор талаас нь хаагаад цоожилчихсон. Тэгсэн чинь Б.Б хаалгаа онгойлго би 2 хүүхэдтэйгээ уулзмаар байна гээд элдэв янзын үгээр хараал хэлээд байсан, намайг хаалга нээхгүй болохоор Б.Б манай албан өрөөний хаалгыг өшиглөөд цөмөлчихсөн. Би цагдаагийн байгууллагад хандсан. Б.Б бид 2 гэрлэлтийн баталгаатай 2010 оноос хойш хамт амьдарч байна. Бид 2 дундаасаа 2 хүүхэдтэй том нь 9 настай, бага нь 6 настай хүүхдүүдтэй. Намайг ажил хийлгэхгүй гэртээ 2 хүүхдээ хараад байлгах гээд байдаг мөн гадуур гаргахгүй найз нөхөдтэй минь уулзуулахгүй байнга өөрийн хяналтандаа байлгаж байнга намайг харддаг болохоор нь би 2 хүүхдээ аваад түрээсийн байранд тусдаа амьдарч байсан. Мөн би Бд зодуулж нуруундаа бэртэл авсан, нуруундаа бэртэл авсан үедээ би Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргаж өгсөн. Энэ хэргээр Б.Бд холбогдох эрүүгийн хэрэг үүссэн байгаа талаар тус цагдаагийн газраас надад мэдэгдсэн би очиж мэдүүлэг өгсөн. Б.Б нь “ххх” ХХК-ын захирал сэтгэл санааны хувьд тогтворгүй гэртээ байхдаа эрүүл ч согтуу ч байсан хараал хэлдэг. Өөдөөс нь үг хэлвэл шууд цохих юм уу зоддог түргэн ууртай гарт тааралдсанаа авч шиддэг хүн хүүхдүүдийнхээ хажууд ч ёс зүйгүй аашилдаг намайг удаа дараа зодож байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 10-11 дүгээр тал/,
- гэрч Т.Тлын:..би 2024 оны 12 сарын 27-ны өдөр ххх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ххх” ХХК ххх төв буюу өөрийн ажил дээрээ байж байтал 10-11 цагийн хооронд манай ажлын 5 давхрын шилэн хаалганы хонх дугарсан би онгойлгохоор очиход Б.О захирлын нөхөр Б.Б гэх хүн байсан. Би Б.О захиралд танай нөхөр ирсэн байна та уулзах уу гэж асуухад Б.О захирал би уулзахгүй гэсэн. Би захирлын нөхөр Б.Б дээр очоод мэндлээд захирал тантай уулзахгүй гэж байна гэсэн чинь Б.Б дуугай наад хаалгаа нээгээдэх би хүүхдийнхээ гадаад паспортыг авмаар байна Б.Отэй уулзаж хүүхдүүдээ авч гадаад гарах гэж байгаа гэсэн зүйлийн талаар яриад орилж хашгичаад хараал хэлээд байсан. Тэгээд захирал Б.Оийн өрөөлүү Б.Б орох гэж хаалгыг нь татаж чангаагаад байсан. Б.О захирал уулзахгүй уулзахаар надруу халдаж зоддог би айж байна гээд хаалга тайлахгүй байсан. Би Б.Бийг та захирал таньтай уулзахгүй гэж байна та хувийн асуудлаа ажлын бус цагаар уулзана уу гэсэн чинь Б.Б чамд хамаагүй гэж хэлээд гарахгүй, холдохгүй байж байгаад захирлын өрөөний хаалгыг өшиглөж цөмөлчихөөд уурлаад та нарыг бүгдийг чинь ажилгүй болгоно гэж янз бүрээр хэлж байгаад гараад явсан. Б.Б нь захирал Б.О өрөөний модон хаалгыг нэг удаа хүчтэй өшиглөсөн тэгсэн чинь хаалганы самбар цөмөрч хугарсан, ухаалаг смарт цоожтой байсан болохоор цоожны таг, баттерей, гэсэн зүйлүүд нь унаад бид нар Б.Бийг явсны дараа ажиллуулж үзэхэд эвдэрсэн байсан. Б.О нь “ххх” ХХК-ын монгол талыг хариуцсан захирал байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19 дүгээр тал/,
- “ххх" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 400,000 төгрөг гэх дүгнэлт. /хх-ийн 120-123 дугаар тал/, болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ бусдад эвдүүлж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хууль бусаар хагалж, гэмтээснийг шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, “ххх” ХХК-ийн үнэлгээ болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Б.Бийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэдэг. Шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэх, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн байцаалтын шатанд цугларсан бүхий л нотлох баримтыг шүүхийн аман хэлэлцүүлгээр шинжлэн, нэг бүрчлэн судалсны үндсэн дээр хэнээс ч хараат бусаар шийдвэрлэдэг.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Бг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас “ххх” ХХК-д 400.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Б.Б нь бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 4000 / дөрвөн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 / дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ