Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ

  Улсын яллагч: Н.Мягмарсүрэн

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514000000049 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,******* овогт *******ын *******,******* регистрийн дугаартай

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч З.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэн *******т "идэшний үхэр зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн нөхөр гийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот данс руу 700,000 төгрөгийг,  2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “сүү, аарц, өрмөн тос” зарна” гэж хуурч мөн дээрх дансаар 50,000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 2 удаагийн гүйлгээгээр бусдад нийт 750,000  төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 

Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

2024 оны 08 дугаар сард ******* гэж эмэгтэй нөхрийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын д байдаг, хаягийг нь би тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай нөхөр гийн төрсөн эгч гийнд нөхрийн хамт хонь, үхрийн мах зарахаар ирсэн байсан юм. Тухайн үед бол манай нөхөр нь өөрийнхөө Ochir Lhagwasuren гэх хаягнаас Баянхонгор аймгийн зарын групп дээр зар оруулсан юм. Тэгээд гэсэн дугаарыг тухайн үед тавьсан байсан ба ******* гэх эмэгтэй, нөхрийн хамт ирж үхрийн өрөөл мах авсан ба нөхөр, бид хоёр махыг нь эвдэж өгсөн. Тэр эмэгтэй дараа нь мах хэрэгтэй болбол та хоёр  яръя, та хоёр ч гэсэн мах зарахаар болвол яриарай гэж хэлсэн. Тэгээд хэсэг холбоогүй байж байгаад нөгөө эмэгтэйн дугаарыг хадгалаад авсан байхаар нь тэр дугаараас 2024 оны 09 дүгээр сард бил үү 10 дугаар сард надтай утсаар ярьсан. Тэр эмэгтэй рүү залгаад танайх идэш авах уу гэж асуухад манайх жижгэвтэр үхэр авна гэсэн. Тэгэхээр нь би шүдлэн үхэр зарна гэж хэлэхэд авахаар болсон. Тухайн үед мөнгөний хэрэг гарсан байсан ба тэр эмэгтэй тухайн үед мөнгийг нь өгье гээд байхаар нь сарлагийн шүдлэн үхэр 700.000 төгрөгөөр зарахаар болоод *******  дугаар Хаан банкны нөхрийн дансыг явуулаад 700,000 төгрөг хийсэн. Дараа нь сүү, цагаан идээ авахаар болоод дахиад 51000 төгрөгийг би нэмж авсан ба тухайн үед идэшний цаг болоогүй байсан. Хотоос аав чинь харвачихлаа гээд намайг дуудаад би 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр хот явсан. Намайг хотод байх хугацаанд нөгөө эгч над 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр утсаар залгаад  нөгөө үхрээ янзалж явуулах гэж байна уу гэхээр нь би тухайн үед ийм ажилтай хотод ирсэн байна, өөрөө очиж байгаад янзлаад явуулахгүй бол болохгүй гэж хэлсэн. Манай аав ******* нь харвалт өгөөд Улаанбаатар хотын  3-р эмнэлэгт хагалгаанд ороод хэвтрийн байгаа, би аавыгаа асарч байгаад хотоос 2025 оны 01 дүгээр зарын 21-нээс 22-нд шилжих шөнө аймагт ирсэн юм. Гэтэл тэр эгч өнөөдөр өглөө залгаад мөнгөө яасан би цагдаад өгсөн байгаа  гэж хэлэхээр нь өнөөдөр эгчийн мөнгийг хийсэн байгаа. Тэрнээс би тухайн эмэгтэйг залилах бодол огт байгаагүй, цаг хугацаа нь л ингээд боломжгүй үед таарчихсан. Хэрвээ хот руу аав руу яваагүй байсан бол би гэртээ байх үедээ тэр эмэгтэй үхрийг гаргаад янзлаад өгөөд явуулах байсан юм. Анхнаасаа гаргаад янзалж өгөөд явуулахаар тохиролцсон байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..Би 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд гэртээ фейсбүүкээр ороод байж байтал Баянхонгор аймгийн групп дээр “үхрийн мах зарна ” гэсэн зар байхаар нь тэр дугаараар нь холбогдоод очиж үхрийн сээртэй хаа, өвчүү зэрэг махыг 312,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд би тэр үед мах зарсан эрэгтэй, эмэгтэй хоёр залуу хүнтэй ярьж байтал эмэгтэй нь “намар манайх идэшний үхэр зарна та мах авах бол хэлээрэй” гэсэн. Тэгээд гэсэн дугаарыг нь мах зарна гэж хадгалсан. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Шаргалжуутад 80 жилийн ойн баярт оролцож явж байтал мах зарна гэж хадгалсан дугаараас над руу залгасан. Тэгээд би тэр дуудлагыг автал эмэгтэй хүн  та намар идэшний үхрээ авах уу надад мөнгөний хэрэг гараад байна, одоо мөнгөө авчхаад идэшний цагаар идшийг чинь сайхан янзлаад, гэдэс дотрыг нь цэвэрлээд хажуугаар нь зэрлэг сонгино хийгээд өөриймсөг болгоод явуулъя гэсэн. Харин та эхлээд мөнгөө хийчхээч гэхээр нь би за тэгвэл авъя гэж хариулсан. Тэгээд тухайн үед миний сүлжээ болохгүй байсан чинь нөгөө охин чинь байн байн утасдаад та мөнгөө яаралтай хийгээд өгөөрэй. Бид нар хөдөө явах гээд сүлжээгүй болчих байх гээд утсаар яриад, мессеж бичээд байсан. Тэгээд би маргааш өглөө нь нөхөр Хаан банкны дугаарын данснаас Хаан банкны ******* дугаарын данс руу 700,000 төгрөгийг гэсэн утгатай шилжүүлсэн.  2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нөгөө охины дугаар луу залгасан чинь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би “Сайн уу дүү сайхан намаржиж байна уу  хэзээ наашаа ирэх үү 2024 оны 10 дугаар сарын 20-д гээд хүнсээ авна янзлаад ирээрэй ” гэж мессеж бичсэн. Тэгээд дараа нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр над руу гэсэн дугаараас над руу залгаад “манайх сүү, аарц, өрөм тос бөөний үнээр зарах гэж байна та авах уу” гэхээр нь би ямар үнэтэй юм гэтэл сүү, аарц хоёр кг нь 5,000 төгрөг, өрмөн тос 30,000 та авна гэвэл маргааш аймаг явах унаанд тавиад өгье гэсэн. Тэгэхээр нь би эгч нь сүү аарц хоёроос нь 5,5 килограммыг авъя гээд 50,000 төгрөг өөрийн Хаан банкны дугаарын данснаас Хаан банкны ******* дугаарын данс руу 50,000 төгрөгийг *******ээс сүү аарц гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгээд гэсэн дугаарыг нь аарц сүү, идэш зарах охин гэж утсан дээрээ хадгалсан. Тэгээд маргааш нөгөө дугаар луу залгасан чинь холбогдохгүй байсан. Тэгээд 2 хоногийн дараа залгасан чинь таны махыг шуудайлаад бэлдчихсэн байгаа, сүүг чинь цуг явуулчихъя гэсэн. Тэгээд дахиад утас нь холбогдохгүй болчихсон. Тэгээд 12 сарын дундуур нэг залгасан чинь “манай аавын бие муудаад хотод ирчихсэн байна маргааш нэг шууд манай сумаар явдаг автобус байдаг юм би тэрэнд суугаад сум руугаа явна мах сүүг чинь шуудайлаад бэлдчихсэн байгаа очоод явуулъя” гэсэн. Тэгээд маргааш нь залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд юу болсон гэтэл манай аав харвалт өгөөд 3 дугаар эмнэлэгт сахиж байна гэхээр нь би за чи ерөөсөө худлаа юм байна, миний мөнгийг шилжүүлчих, би эндээс махаа өөрөө авчихъя гэсэн чинь за тэгвэл би утсаараа мөнгөө шилжүүлж чаддаггүй юм. Банк орж байж л шилжүүлдэг юм. Би эмнэлэгт сахиуртай байна, 5 дахь өдөр миний сахиурын ээлж дуусна тэгээд тань руу шилжүүлье гэсэн 5 дахь өдөр нь над руу шилжүүлээгүй. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ярьсан чинь та цагдаад хэлчихсэн юм уу Би нэг хүн дагуулж АТМ ордог юм. Тэр хүн маань ирдэггүй ээ. Би ирэхээр нь тань руу шилжүүлье гээд алга болсон,...Намайг залилсан тэр охиноос мах, сүү, аарцны мөнгө болох 750,000 төгрөгийг нэхэмжилж байна… ******* гэж эмэгтэйн эгч нь над руу утсаар холбогдож байгаад миний дансны дугаарыг аваад 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 300,000 төгрөгийг шилжүүлээд, үлдэгдэл 450,000 төгрөгийг 01 дүгээр сарын 25-ны өдөр гүйцээж өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй байна,...би идшээ асуугаад мессеж явуулдаг байсан мөн түүнээс хойш цас орсон, хүүхэд эмнэлэгт байна, аав харвалт өгсөн гээд шалтаг тоочоод эхлэхээр нь сүүлдээ мөнгөө авахаар болтол алга болсон юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Надтай бол дандаа эхнэр нь утсаар яриад байсан нөхөр нь огт утсаар ярьж байгаагүй. Тухайн эмэгтэй гэсэн дугаартай байснаа дугаараас ярьж эхэлсэн. Дээрх 2 дугаараас өөр дугаараар ярьж байгаагүй. Надад өр нэмж хэлэх зүйл байхгүй, миний хувьд үлдэгдэл мөнгөө авчихвал өөр надад цаашид гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй.. мэдүүлэг /хх-ийн 15-17, 19/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Би тухайн хүнд идэш зарна гэж мөнгө авч байгаагүй. Тухайн мөнгийг манай эхнэр авсан байх гэж бодож байна. Манай эхнэр миний утсыг аваад гарч яваад байдаг байсан. Тэгээд хэн яриад, юу болоод байгаа юм гэхээр чамд хамаагүй гээд хавьтуулдаггүй байсан. Мөн миний Хаан банкны интернэт банкаар ороод гүйлгээ хийгээд байдаг байсан. Миний интернэт банкны нэвтрэх нэр нууц үгийг мэддэг байсан. Аймгаас хүн идэшний үхэр авна гэж хэлээд мөнгө өгчихсөн чинь идэшний үхрээ өгөхгүй алга болчихлоо гэж гомдол ирсэн гээд цагдаа дуудаад байна. Энэ юу болоод байна, чи хүнээс идэшний үхэр өгнө гээд мөнгө авчихсан юм уу гэсэн чинь чамд хамаагүй гэж хэлээд утсаа тасалчихсан. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Манай эхнэр төрийн банкны данс ашигладаг Тэгээд онлайн покер тоглохоор Хаан банкны данс хэрэг болдог болохоор миний Хаан банкны дансаар гүйлгээ хийдэг юм шиг байна лээ...Миний хувьд бол хэн нэгэнтэй яг өвлийн идэш зараад гаргаад янзлаад өгч явуулна гэж ярьж тохиролцсон зүйл бол огт байхгүй харин намайг байхгүй үед эхнэр хүнтэй тэгж ярьсан байна, би ерөөсөө хүнээс мөнгө төгрөг авсныг бол огт мэдээгүй байж байгаад сумын хэсгийн төлөөлөгч дуудахад л мэдсэн. Гэтэл эхнэр ******* хүнээс 750,000 төгрөгийг миний Хаан банкны ******* гэсэн данс руу шилжүүлэн авсан байсан, тухайн мөнгийг бол хэзээ миний данс руу орсныг би огт мэдээгүй. Би бол ямар нэгэн цахим покер, мөрийтэй тоглоом огт тоглодоггүй. Манай эхнэр миний интернет банкийг ашиглаад тоглоод байдаг. Би тэрийг 2023 онд мэдсэн ба боль гээд үгэнд ордоггүй байсан юм. Тухайн мөнгийг хүнээс үхэр өгнө гэж хэлээд авсан байна. Тэр мөнгийг нь тоглоод дууссан байсан. Надад эхнэр 1,500,000 төгрөг алдсан талаараа хэлж байсан зүйл огт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24, 26-28/,

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 09/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-04/, шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39/, шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40/, шүүгдэгч *******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/, депозит дансны хуулгууд /хх-ийн 50-60, 69-99/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 65-66/ дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 100-101/, дансны хуулагд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 102-103/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч З.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэн *******т "идэшний үхэр зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн нөхөр гийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот данс руу 700,000 төгрөгийг,  2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “сүү, аарц, өрмөн тос” зарна” гэж хуурч мөн дээрх дансаар 50,000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 2 удаагийн гүйлгээгээр бусдад нийт 750,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ы... Тухайн үед мөнгөний хэрэг гарсан байсан ба тэр эмэгтэй тухайн үед мөнгийг нь өгье гээд байхаар нь сарлагийн шүдлэн үхэр 700.000 төгрөгөөр зарахаар болоод ******* дугаар Хаан банкны нөхрийн дансыг явуулаад 700,000 төгрөг хийсэн. Дараа нь сүү, цагаан идээ авахаар болоод дахиад 51000 төгрөгийг би нэмж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Хохирогч *******ийн.... ******* нь  идэшний үхэр зарна, сүү, аарц, өрөм тос бөөний үнээр зарна гэж ярьсан,.... нөхөр Хаан банкны дугаарын данснаас Хаан банкны ******* дугаарын данс руу 700,000 төгрөгийг гэсэн утгатай шилжүүлсэн...Өөрийн Ааан банкны дугаарын данснаас Хаан банкны ******* дугаарын данс руу 50,000 төгрөгийг *******ээс сүү аарц гэсэн утгатай шилжүүлсэн... мэдүүлэг /хх-ийн 15-17, 19/,

 Гэрч гийн...миний Хаан банкны интернэт банкаар ороод гүйлгээ хийгээд байдаг байсан. Миний интернэт банкны нэвтрэх нэр нууц үгийг мэддэг байсан. Аймгаас хүн идэшний үхэр авна гэж хэлээд мөнгө өгчихсөн чинь идэшний үхрээ өгөхгүй алга болчихлоо гэж гомдол ирсэн гээд цагдаа дуудаад байна гэтэл эхнэр ******* хүнээс 750,000 төгрөгийг миний хаан банкны ******* гэсэн данс руу шилжүүлэн авсан байсан, ... тэр мөнгийг нь мөрийтэй тоглоом тоглоод дууссан байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 22-24, 26-28/, болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч  *******ыг хуурч,зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн бол ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч *******, гэрч , шүүгдэгч *******ы өөрийнх нь мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул энэ нь дээрх хуулийн нэр томьёонд хамаарч байна.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалж шүүхэд танилцуулсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч *******ээс 750,000 төгрөгийг идэшний үхэр зарна, сүү, аарц, өрөм тос бөөний үнээр зарна гэж авсан бөгөөд уг мөнгөн дүнд идэшний үхэр , сүү, аарц, өрөм тосыг тухайн хугацаанд нь өгөөгүй, уг мөнгөөр мөрийтэй тоглоом тоглосон, улмаар *******  нь эмнэлэгт аавыгаа сахиж байна, хүн дагуулж АТМ ордог, махыг бэлдээд тавьчихсан байгаа, сумаас явдаг автобусад тавина, мөн тодорхой хугацаанд утас нь холбогдохгүй, сураггүй алга болох, хохирогч өөрөө хугацаа тогтоож мөнгийг шилжүүлэх талаар ярьсан боловч уг хугацаандаа мөнгөө хийгээгүй, цагдаагийн байгууллагад хандсаар хохирлын 300,000 төгрөгийг шилжүүлсэн, хохирогч ******* 300,000 төгрөгийг авсан   гэх үйл баримт тогтоогдлоо.

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хороонд шалтгаанд холбоотой ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай үйлдэл юм.

Шүүгдэгч *******, хохирогч ******* нарын хооронд өмнө мах худалдан авч байсан ба  шүүгдэгч ******* нь нөхөр гийн Хаан банкны дансанд байсан 1,500,000  төгрөгөөс мөрийтэй тоглоом тоглосон, уг мөнгийг олохыг тул хохирогч *******ээс идэшний үхэр, сүү, аарц, өрөм тосыг зарна гэж нөхөр гийн Хаан банкны ******* дансаар мөнгө шилжүүлж авсан,  шүүгдэгч ******* нь хохирогч *******т бодитой мэдээлэл өгөхгүйгээр  махыг бэлдсэн шуудайнд хийгээд тавьчихсан байгаа явуулна гэх зэргээр шалтаг тоочин хойшлуулж байгаа үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийн төөрөгдөлд оруулсан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан  шинж хангагдаж байна.

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж хийсэн, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

 Шүүгдэгч ******* хууль бус үйлдлийн улмаас хохирогч *******т бодит хохирол учирсан, уг үйлдэл, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн  зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч *******ийн 750,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар..... Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах... гэх дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр...гэм буруу, хэргийн зүйлчлэл маргахгүй байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна..” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан ...  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг зэргийг харгалзан ялаас чөлөөлж болно... гэж хуульчилсан.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал,/ бага насны 1,6-3 настай 2 хүүхэдтэй, хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах боломжоор хангах, малчин, гэр бүлийн хамт Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суудаг, малчин, 400 толгой малтай, хөдөө мал маллаж амьдардаг ба түүний амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэх, мөн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа /, улсын яллагчийн оногдуулсан зорчих эрхийг   хязгаарлах ялыг эдлүүлэх боломжгүй буюу түүний оршин сууж байгаа газарт үүрэн телефоны сүлжээ барьдаггүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байгаа, түүнчлэн улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан эрүүгийн хариуцлага оногдуулсан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад түүнийг ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгонТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зургаан сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Ч.БАЙГАЛМАА