| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2022/00432/И |
| Дугаар | 130/ШШ2022/00543 |
| Огноо | 2022-06-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 130/ШШ2022/00543
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, С овогт Т-ийн М /рд:0000000, утас:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар /дарга Б/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэмжийн мөнгө 6313242 /зургаан сая гурван зуун арван гурван мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М нь хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан Тэтгэмжийн мөнгө 6313242 /зургаан сая гурван зуун арван гурван мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1) Б аймгийн Б сумын Засаг даргаар ажиллаж байсан миний бие 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сумын Засаг даргын үүрэгт ажлаас 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр чөлөөлөгдсөн билээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасны дагуу нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй ба тухайн үед сумынхаа Засаг даргын тамгын газрын даргад энэ асуудлаар ярьж хэзээ тэтгэмж гаргаж өгөх вэ гэхэд аймгаас асуугаад судлаад өгнө гээд өдий хүрлээ.
2) Аймгийн төрийн сангийн мэргэжилтэн Маргуланаас 3 удаа утасдаж тэтгэмжээ хэзээ авах талаар асуухад хагас жилээр олгоно гэж байгаад дараа миний бие ажилд орсны дараа та ажилд орчихсон тул олгохгүй гэж хариу өгсөн. Энэ асуудлаар судалгаа хийхэд ажилд орсон ороогүй нь энэ хуулийн заалтад хамаагүй, Засаг даргаас чөлөөлөгдсөн нь үнэн бол энэ хуулийн дагуу нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй гэсэн зөвлөгөөг хуулийн хүмүүсээс авсан. Иймд хууль журмын дагуу уг тэтгэмжийг Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын дарга Б хариу тайлбартаа: 1)М нь сумын Засаг даргаар 2013 оноос 2020 он хүртэл ажиллаж байгаад 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Засаг даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. /2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр/
2) Улс төрийн албан тушаалтан сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөн бол 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах талаар дурдаж, М 6313242 төгрөг нэхэмжилсэн байна. Уг тэтгэмжийг сумын Засаг даргын тамгын газрын дарга миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, М Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн боловч үргэлжлүүлэн сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилогдсон. Сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагч 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах хуулийн зохицуулалт байгаа боловч үргэлжлүүлэн өөр ажил, албан тушаалд томилогдсон бол тэтгэмж олгогдохгүй. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2020, 2021 оны төсөвт сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөн албан хаагчид олгох тэтгэмжийн мөнгө суугаагүй, батлагдан ирж байгаагүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М-ийн хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газаас тэтгэмжийн мөнгө 6313242 /зургаан сая гурван зуун арван гурван мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймгийн Б сумын Засаг даргаар ажиллаж байсан ба 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сумын Засаг даргын үүрэгт ажлаас 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр чөлөөлөгдсөн. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол урьд эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан байх ба Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас уг мөнгийг олгохгүй байна гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь М нь Б аймгийн Б сумын Засаг даргын ажлаас чөлөөлөгдсөн боловч үргэлжлүүлэн сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилогдсон. Сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагчид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах хуулийн зохицуулалт байгаа боловч үргэлжлүүлэн өөр ажил, албан тушаалд томилогдсон бол тэтгэмж олгогдохгүй. Мөн 2020, 2021 оны төсөвт суугаагүй, батлагдан ирж байгаагүй болно гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/732 дугаартай Б сумын Засаг даргаар Мг томилох тухай, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/32 дугаартай Н.Хибатайг Б сумын Засаг даргаар томилох тухай, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/0 дугаартай сумдын Засаг дарга нарын цалинг шинэчлэн тогтоох тухай захирамжуудаар Б аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн М-г Б сумын Засаг даргаар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн томилсон, Б аймгийн Б сумын Засаг даргаар Х-г 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр томилсон захирамж гарсантай холбогдуулан М-г Б сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн, сумдын Засаг дарга нарын цалинг 1052207 төгрөгөөр тогтоосон болох нь тус тус тогтоогджээ.
5. Талууд М нь Б аймгийн Б сумын Засаг даргаар ажиллаж байсан болон сонгуулийн үр дүнгээр уг албан тушаалаас чөлөөлөгдсөн, мөн сумын Засаг даргын цалин 1052207 төгрөг болох талаар маргаагүй байна. Хариуцагчаас тэтгэмжийн мөнгө төсөвт суугаагүй байх тул Засаг даргын тамгын газраас олгох боломжгүй гэж маргажээ.
6. Эрх зүйн үндэслэлийн талаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заажээ. Нэхэмжлэгч М нь Б аймгийн Б сумын Засаг даргын албан тушаалаас ээлжит сонгуулийн дүнд чөлөөлөгдсөн болох нь Б аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/32 дугаартай “Н.Хибатайг Б сумын Засаг даргаар томилох тухай” захирамжаар тогтоогдож байгаа тул хуульд заасан нийгмийн баталгааг эдлэх эрхтэй бөгөөд цалин олгож байсан Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас шаардах эрхтэй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч М нь Засаг даргаас чөлөөлөгдсөний дараа үргэлжлүүлэн сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилогдон ажилласан гэх тайлбар нь хуульд заасан нийгмийн баталгаа эдлэх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй болно. Б аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/50 дугаартай Сумдын Засаг дарга нарын цалинг шинэчлэн тогтоох тухай захирамжаар сумын Засаг даргын цалинг 1052207 төгрөгөөр тогтоосон, хариуцагчаас цалингийн хэмжээнд маргахгүй байгаа тул зургаан сарын тэтгэмжийг дээрх хэмжээгээр тооцоход 6313242 /1052207 х 6 = 6313242/ төгрөг болж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас 6313242 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мэндсүрэнд олгох нь зүйтэй байна.
7. Энэхүү нэхэмжлэл нь тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 115962 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасныг баримтлан Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас 6313242 /зургаан сая гурван зуун арван гурван мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас 115962 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х