Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2022/00542

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн У сумын 4 дүгээр багт оршин суух, С овогт Х-ийн Ө / рд:0000000, утас: 00000000/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн У сумын Засаг дарга /Б/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн У сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн Б/36 дугаартай “Х овогтой Ө-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б-д шүүх хуралдааны товыг шүүхээс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр /баримт №3/ утсаар мэдэгдсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч Б шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн төлөөлөгч Б-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө нь хариуцагч Б аймгийн У сумын Засаг даргад холбогдуулан Б аймгийн У сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн Б/36 дугаартай “Х овогтой Ө-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1) Ө нь Б аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/490 дугаар захирамжаар Б аймгийн У сумын Согоог багийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын албан тушаалд томилогдон одоо хүртэл ажиллаж байна. Б аймгийн У сумын Засаг дарга Б нь албан тушаалд томилогдсон цагаас эхэлж Ө-д удаа дараа сургуулийн захирлын ажлаа өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн.

2) Ө нь тухайн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн цагаас хойш одоо хүртэл сургуулийн ажлыг хэвийн хэмжээнд явуулж ирсэн. Ө нь өнгөрсөн хугацаанд ажлын хариуцлага алдаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл Ө нь ямар ч сахилгын зөрчил гаргаагүй байхад У сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн Б/36 дугаартай захирамжаар “Засаг даргатай байгуулсан гэрээг зөрчиж, Засаг даргатай зөвшилцөөгүй томилгоо хийсэн” гэж өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Ажил олгогчийн маргаан бүхий гэх 2022 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн Б/36 дугаартай захирамж нь бодит байдалд нийцэхгүй, хууль тогтоомжид нийцээгүй, хууль бус эрхийн акт гэж үзэж байна.

Иймд Б аймгийн У сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн “Х овогтой Ө-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/36 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахыг хүсэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ө-ийн Б аймгийн У сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн Б/36 дугаартай “Х овогтой Ө-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүссэн гомдол нь үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ө нь Б аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/490 дугаартай захирамжаар Б аймгийн У сумын Согоог багийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон ба тус ажилд томилогдон ажилласан хугацаанаас эхлэн одоо хүртэл сургуулийн ажлыг хэвийн явуулж ирсэн бөгөөд ямар нэгэн ажлын хариуцлага алдаж, сахилгын зөрчил гаргаагүй байхад У сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн Б/36 дугаартай захирамжаар “Засаг даргатай байгуулсан гэрээг зөрчиж, Засаг даргатай зөвшилцөөгүй томилгоо хийсэн” гэх үндэслэлээр ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль тогтоомжид нийцээгүй, хууль бус эрхийн акт болно гэжээ.

 

3.Шүүхээс хариуцагч Б аймгийн У сумын Засаг даргад 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж өгсөн боловч хариуцагчаас хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Б аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/490 дугаартай Ө-ийг ажилд томилох тухай захирамжаар У сумын Согоог багийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын албан тушаалд Ө-ийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс түр орлон гүйцэтгэгчээр томилсон, Б аймгийн У сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн Б/36 дугаартай “Х овогтой Ө-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар 2021 оны Засаг даргатай байгуулсан гэрээг зөрчиж, Засаг даргатай зөвшилцөөгүй гэрээ хийсэн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Өд өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь тогтоогджээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэлдэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж тайлбарласан ба хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

6.Хууль зүйн үндэслэлийн талаар:  Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно”, 123.2-т “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна”, 123.2.1-т “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах” гэж тус тус заасан байна. Хариуцагч Б аймгийн У сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн Б/36 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудыг үндэслэн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Өд өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан боловч хариуцагчаас гаргасан эрхийн актынхаа үндэслэлийг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Хариуцагч Б аймгийн У сумын Засаг даргад нэхэмжлэгч Ө-ээс гаргасан нэхэмжлэлийн хувийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гардуулж өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор буюу 2022 оны 05 дугаар сарын 18-ний өдөр хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлан өгсөн боловч хариуцагчаас дээрх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд  ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх талаар мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар буюу хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэлээ.

 Хариуцагчийн нэхэмжлэгч Ө-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан эрхийн актад захирал Ө нь “Засаг даргатай байгуулсан гэрээг зөрчиж, Засаг даргатай зөвшилцөөгүй томилгоо хийсэн” үндэслэлийг дурджээ. Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2-т зааснаар сургуулийн захирал багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхэд сумын Засаг даргатай зөвшилцөх тухай зохицуулалт байхгүй байна. Мөн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Ө нь Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн нь тогтоогдоогүй болно. Иймд Ө-ийн Б аймгийн У сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн Б/36 дугаартай  “Х овогтой Ө-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, ажилтны гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан боловч Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдсан болох нь тогтоогдохгүй байгаа тул шүүхэд гомдол гаргасан гэж үзлээ.

7.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ болох 70200 төгрөгөөр тооцож улсын тэмдэгтийн хураамж гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Өийн гомдлыг хангаж, Б аймгийн У сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн Б/36 дугаартай “Х овогтой Ө-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг  хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн У сумын Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х