Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

  Нарийн бичгийн дарга: А.Уртнасан

Улсын яллагч: Н.Зулаа

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514000310114 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн ******* ******* регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн ажлын байранд иргэн *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас марган улмаар түүний нүүрэн тус газарт цохиж баруун нүдний дээд, доод, духанд цус хуралт, дух, чамархай, хамрын нуруу, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг/хх-ийн 93-94/,

 Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажилдаа 2-3 хоног очоогүй байж байгаад 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажилдаа очоод ажлын өрөөнд ажлаа цэгцэлж байгаад манай ажлынхан байрлаж ажилладаг гал тогооны өрөө рүү орж гараа угаах гэж ороод гараа угаагаад зогсож байхад тогооч болох ******* намайг угаалгын өрөөнд цэвэрхэн орсонгүй, ариун цэврийн хэрэглэлээ замбараагүй хаялаа гэхэд нь би гараа угааж байхдаа чи хүнээ олж хэлээрэй, би хүний хийсэн цэвэрлэсэн зүйлийг үнэлдэг байгаа шүү гэж хэлэхэд ******* хийж байсан зүйлээ орхиод над дээр ирээд зайл гэж хөөгөөд түрүүлээд намайг гараараа үсдэж аваад бие хэсэгт цохисон, би бас үсдэж аваад хоёулаа газар унаад зууралдаад байж байхад  Буянжаргал орж ирээд бид хоёрыг салгангуут нь би шууд гараад явсан. Гараад явах үед миний араас ******* барилгын янхан минь ээ гээд орилоод байсан. Намайг түрүүлээд хэл амаар доромжилж үсдээд бие хэсэгт цохиход би зөрүүлээд үсдэж хэвлий хэсэгт нь өшиглөсөн. Нүүр хэсэгт хэд хэдэн газар хумсаараа самардаж дух хэсэгт хөхөрч хүзүү хөндүүрлэж өвдсөн. ...би зүгээр гар угаагаад гарах төдий надтай хэрэлдэж надад гэмтэл учруулж хэл амаар доромжлоод ажил дээр нүүр ам хөхөрч хавдаж шарх болсон байхад уучлалт гуйхгүй яваад байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний нүүр хэсэгт 3-4 удаа хумсны шарх, духны бөаруун талд өвдөж хөхөрсөн байсан. Одоо харин арилж зүгээр болсон. ...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18, 21-22/

Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Тухайн өдөр би гал тогооны өрөөний ширээн дээр сууж байхад ******* орж ирж гараа угааж байсан. Тэгэхэд манай тогооч ******* *******г угаалгын өрөө орохдоо цэвэрхэн бие засаж усаа татаж бай гэж шаардлага тавихад ******* нь *******ийг чамд ямар хамаатай юм гэж хэлэхэд ******* нь ******* дээр очоод нэг нэгнийхээ үснээс зулгаагаад байсан. Би босоод гал тогооны өрөө рүү очоод та нар боль гэж хэлээд миний утас дуугараад гараад явсан. Тухайн болсон асуудал гал тогооны өрөөнд болсон. Би болохоор хүлээлгийн ширээн дээр байсан. Ер нь бол тусдаа өрөө байдаг. ...намайг очиход хоёулаа л нэг нэгнийхээ үснээс зулгаасан байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

Гэрчын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Тухайн өдөр би ажил дээрээ хувцсаа сольчхоод агуулахын өрөөнд байж байтал ******* ах орж ирээд гал тогооны өрөөнд *******, ******* нар хоорондоо зодолдоод байна очоод салгаадах гэж хэлсэн. Би яваад очиход нэг нэгнийхээ үснээс зулгаасан байдалтай байхаар нь би дундуур нь ороод *******ийг цааш нь болгоод *******г гадна аваад гарсан. ...******* үс толгой нь арзайсан, нүүр хэсэгт нь 2 газар самардсан байсан. Тэгээд 2 хоногийн дараа ажил дээр очиход *******гийн нүд нь хөхөрч духан дээр нь хавдаад шалбарсан байсан. ...******* бас үс нь арзайсан байдалтай байсан. Сүүлд яваад ороход толгой өвдөж байна гэж байсан. Өөр гэмтэл бол байгаагүй...гэх  мэдүүлэг (хх- ийн 28-29),

Шүүх    шинжилгээний ерөнхий       газрын      Баянхонгор аймгийн шүүхшинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 95 дугаартай

1.*******гийн биед баруун нүдний дээд, доод, духанд цус хуралт, дух, чамархай, хамрын нуруу, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 3.Дээрх гэмтэл нь нийтдээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

 4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт (хх-ийн 46-47),

-  Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 100-103/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54/, депозит дансны хуулга /хх-ийн 54-67/, шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 71/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 72/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 79-83/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн ажлын байранд иргэн *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас марган улмаар түүний нүүрэн тус газарт цохиж баруун нүдний дээд, доод, духанд цус хуралт, дух, чамархай, хамрын нуруу, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ийн... тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг/хх-ийн 93-94/,

Хохирогч *******гийн...******* хийж байсан зүйлээ орхиод над дээр ирээд зайл гэж хөөгөөд түрүүлээд намайг гараараа үсдэж аваад бие хэсэгт цохисон,  би бас үсдэж аваад хоёулаа газарт унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/

Гэрч *******ы..******* нь ******* дээр очоод нэг нэгнийхээ үснээс зулгаагаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

Гэрчын...*******, ******* нар хоорондоо зодолдоод байна очоод салгаадах гэж хэлсэн. Би яваад очиход нэг нэгнийхээ үснээс зулгаасан байдалтай байхаар нь би дундуур нь ороод *******ийг цааш нь болгоод *******г гадна аваад гарсан...гэх  мэдүүлэг (хх- ийн 28-29)

 Шүүх  шинжилгээний ерөнхий    газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №95 дугаартай...*******гийн биед баруун нүдний дээд, доод, духанд цус хуралт, дух, чамархай, хамрын нуруу, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт (хх-ийн 46-47),болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т…гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч *******ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэргийн хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас, хэрүүл маргаан хийж,  *******г нүүрэн тус газарт цохиж, хохирогч *******гийн биед баруун нүдний дээд, доод, духанд цус хуралт, дух, чамархай, хамрын нуруу, эрүүнд зулгаралт гэмтэл учруулсан болох нь хэргийн /хх-ийн 46-47/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн нүүр хэсэгт цохисон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч  ******* нь энэ хэргийн улмаас хохирогч *******д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтгүйгээр 100,000 төгрөгийг өгч хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нар шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан/, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг  төлж барагдуулсан , шүүгдэгчийн хувийн байдал /ХХК-д тогооч ажилтай, сарын 750,000 төгрөгийн цалинтай/,  ажил хөдөлмөр эрхэлдэг байдал,  шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийн дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       Ч.БАЙГАЛМАА