2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар    2025/ШЦТ/1424

 

 

 

 

  2025          05       28                                        2025/ШЦТ/1424

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Ц.Чингүүн, шүүгдэгч Г.Г, хохирогч Т.О /өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх  хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гт холбогдох эрүүгийн “ххх” дугаартай, 194/2025/1138/Э индекстэй хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.                                                                                                          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г.Г,

          Холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Г.Гг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ххх  дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "ххх" зочид буудал дотор хохирогч Т.Оийн нүүр хэсэгт нь цохиж, биед нь баруун нүдний зовхи, духанд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас  мэдүүлсэн мэдүүлэг:

    1.1.  Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...тухайн үед би согтууруулах ундаа нэлээн хэрэглэсэн байсан. Болсон явдлыг хальт санаад байдаг. 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэг эмэгтэйтэй танилцаад буудал ороод ганц хоёр пиво уугаад маргааш харина гэсэн чинь  миний түрүүвч алга болсон байсан. Хажуу талын өрөө рүү ороод маргалдаж байх хооронд О эгч орж ирээд би андуураад цохьсон юм шиг байна гэв. 

           1.2. Хохирогч Т.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би ажил дээр байсан. 2 номерын өрөөнд байсан хүмүүс хоорондоо зодолдож байсан. Болиулах гэж ороод цохиулсан. Тэгээд цагдаа дуудсан. Шүүх эмнэлгээр очоод үзүүл гээд үзүүлсэн. 3-4 хоног ажлын чадваргүй болсон. Сэтгэл санааны хувьд ч хэцүү байсан. Тэр үед би гомдолтой байсан. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв. 

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         2.1. Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан 2025 оны 01 дүгээр сарын    02-ны өдрийн тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас. /хх-ийн 5-6 дугаар тал/,

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Оийн:...би ххх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ххх” зочид буудалд ажил дээрээ ирж ээлжээ авахад манай зочид буудлын 2 номер өрөөнд байсан 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүс хоорондоо маргалдаж зодолдож байхаар нь би орж одоо гар гэж хэлсэн чинь хар куртик өмссөн эрэгтэй хүн намайг шууд үгийн зөрүүгүй нүдрүү 1 удаа цохиж унагасан. Би буудлаасаа гарч яваад дэлгүүрлүү орж цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Миний баруун нүд хөхөрсөн, дух хавдсан гэмтэл учирсан. Тухайн хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би эмчилгээний зардал болох 150,000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж авсан, дээр нь тухайн хүн надаас уучлалт гуйсан учир одоо надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг.  /хх-ийн 10-11, 16-17 дугаар тал/,

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Дийн:...2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр буудлын эгч гарч ирээд цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн, тэр залуу нөгөө эмэгтэйгээ цохиод бас буудлын эгчийг цохиод байж байтал цагдаа ороод ирсэн. Тухайн залуу хар өнгийн куртик өмссөн байсан. Тухайн залуу зочид буудлын ажилтан эмэгтэйг нүд рүү нь 1 удаа, дараа нь дух хэсэг рүү 1 удаа цохьсон. Зочид буудлын эгч цагдаа дуудлаа гэж хэлсэн чинь тухайн залуу учир зүггүй шууд нөгөө эмэгтэй болон буудлын эгч хоёрыг цохьсон, тэгээд буудлын эгч газар унасан гэх мэдүүлэг ./ хх-ийн 21-22 дугаар тал/,

           2.4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1696 дугаартай дүгнэлтэд:

1. Т.Оийн биед баруун нүдний зовхи, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.     

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт. / хх-ийн 27-28 дугаар тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч хавтас хэргээс:  яллах дүгнэлтийн хавсралтад нотлох баримтыг шинжлэн судлав. 

          3.2. Шүүгдэгч болон хохирогч нар хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

           Гэм буруугийн талаар:

           Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.

            Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.

            Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

             Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ххх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "ххх" зочид буудал дотор хохирогч Т.Оийн нүүр хэсэгт нь цохиж, биед нь баруун нүдний зовхи, духанд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

          -  гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан 2025 оны 01 дүгээр сарын    02-ны өдрийн тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас. /хх-ийн 5-6 дугаар тал/,

          -  хохирогч Т.Оийн:...би ххх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ххх” зочид буудалд ажил дээрээ ирж ээлжээ авахад манай зочид буудлын 2 номер өрөөнд байсан 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүс хоорондоо маргалдаж зодолдож байхаар нь би орж одоо гар гэж хэлсэн чинь хар куртик өмссөн эрэгтэй хүн намайг шууд үгийн зөрүүгүй нүдрүү 1 удаа цохиж унагасан. Би буудлаасаа гарч яваад дэлгүүрлүү орж цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Миний баруун нүд хөхөрсөн, дух хавдсан гэмтэл учирсан. Тухайн хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би эмчилгээний зардал болох 150,000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж авсан, дээр нь тухайн хүн надаас уучлалт гуйсан учир одоо надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг.  /хх-ийн 10-11, 16-17 дугаар тал/,

          - гэрч Б.Дийн:...2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр буудлын эгч гарч ирээд цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн, тэр залуу нөгөө эмэгтэйгээ цохиод бас буудлын эгчийг цохиод байж байтал цагдаа ороод ирсэн. Тухайн залуу хар өнгийн куртик өмссөн байсан. Тухайн залуу зочид буудлын ажилтан эмэгтэйг нүд рүү нь 1 удаа, дараа нь дух хэсэг рүү 1 удаа цохьсон. Зочид буудлын эгч цагдаа дуудлаа гэж хэлсэн чинь тухайн залуу учир зүггүй шууд нөгөө эмэгтэй болон буудлын эгч хоёрыг цохьсон, тэгээд буудлын эгч газар унасан гэх мэдүүлэг ./ хх-ийн 21-22 дугаар тал/,

           - шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1696 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар тал/, болон хавтас хэрэгт авсагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл,  шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан талаар хохирогч, шүүгдэгч, гэрч нарын аль аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг  зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрсдийн  дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэг шалтгаангүйгээр хохирогч Т.Оийн нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед  нь баруун нүдний зовхи, духанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Г.Гийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

           Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Баянзүрх дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Гийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгчийн буруутай үйдлийн улмаас хохирогчид  хөнгөн хохирол учирсан хэдий ч  хохирогч Т.О нь нэхэмжлэх зүйл санал гомдолгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан  байна гэж шүүх үзлээ.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн  зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

Шүүгдэгч Г.Г, хохирогч Т.О нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

            Шүүгдэгч нь цагдан  хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.О нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй гэснийг тус тус  дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000  /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

          5. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.О нь шүүгдэгч Г.Гаас нэхэмжлэх зүйл санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БАТЖАРГАЛ