2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар   2025/ШЦТ/1433

 

 

 

 

 

 2025        05        28                                        2025/ШЦТ/1433

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч М.Цэрэнханд шүүгдэгч П.И /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ит холбогдох эрүүгийн “ххх” дугаартай, ххх индекстэй хэргийг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, ххх  тоотод оршин суудаг гэх,

          - урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

   - Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 618 дугаартай шийтгэх тогтоолоор 650 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан. П.И,

           Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч П.И нь  2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ххх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ххх ойролцоо иргэн Б.Мын эзэмшлийн Айфоне 14 загварын гар утсыг хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                            

           Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

            1.1. Шүүгдэгч П.И нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Мын:…би 2024 оны 5 сарын 03-ны өдөр 18 цаг 20 минутын орчимд ххх төвийн ойролцоо Н, Н гэх 2 найзын хамт ххх гараад явж байгаад ххх орох гээд явж байсан. Би ххх хашаан дотор гарах гээд явж байхдаа гар утсаа баруун гартаа барьсан, явж байгаад ххх хашаанаас гараад ххх өнгөрөөд 2 дахь машин замын уулзвар дээр явж байх үедээ миний гар утас гарт байхгүй байгааг мэдсэн. Би хамгийн сүүлд ххх хашаан дотор гар утсаа баруун гартаа барьсан байж байснаа санаж байна тэгээд найзуудын хамт юм ярьж явж байгаад ххх өнгөрөөд 2 дахь уулзвар дээр зогсож байгаад миний гар утас гарт байхгүй байгааг мэдсэн. Би өөрийн гар утсаа гээсэн эсвэл хулгайд алдсан гэдгээ сайн мэдэхгүй байна. Миний гар утас Iphone 14 загварын үзмэн ягаан өнгөтэй гадуураа тольтой гэртэй гар утас байсан. Би гар утсаа 2023 оны 9 дүгээр сард хувь хүнээс 2,300,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний гар утасны шилэн наалт хөндлөн дундуураа 1 цуурсан байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 6, 8-9 дугаар тал/,

          2.2. Хөрөнгө зуучлалын үнэлгээний "ххх" ХХК-ны 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн СБ1-24-1122 дугаартай "Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 1,775,000 төгрөгөөр үнэлэгдэв" гэсэн дүгнэлт. хх-ийн 22-24 дүгээр тал/

           2.3. Мөрдөгч Б.Цогтбаатарын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон баримт. /хх-ийн 14 дүгээр тал/,

           2.4. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон лавлагаа баримтууд. /хх-ийн 39-47 дугаар тал/

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад дурьдсан нотлох баримтыг шинжлэн судлав. 

          3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан судлуулах зүйлгүй гэв.

            Гэм буруугийн талаар:

           Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.

            Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.

            Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

          Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

            Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

         Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

      Шүүгдэгч П.И 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ххх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ххх ойролцоо иргэн Б.Мын эзэмшлийн Айфоне 14 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 1,775,000 /нэг сая долоон зуун далан таван мянган/ төгрөгийн хохирол бусдад учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

          - хохирогч Б.Мын:…би 2024 оны 5 сарын 03-ны өдөр 18 цаг 20 минутын орчимд ххх худалдааны төвийн ойролцоо Н, Н гэх 2 найзын хамт ххх гараад явж байгаад ххх орох гээд явж байсан. Би ххх хашаан дотор гарах гээд явж байхдаа гар утсаа баруун гартаа барьсан, явж байгаад ххх хашаанаас гараад ххх өнгөрөөд 2 дахь машин замын уулзвар дээр явж байх үедээ миний гар утас гарт байхгүй байгааг мэдсэн. Би хамгийн сүүлд ххх хашаан дотор гар утсаа баруун гартаа барьсан байж байснаа санаж байна тэгээд найзуудын хамт юм ярьж явж байгаад ххх өнгөрөөд 2 дахь уулзвар дээр зогсож байгаад миний гар утас гарт байхгүй байгааг мэдсэн. Би өөрийн гар утсаа гээсэн эсвэл хулгайд алдсан гэдгээ сайн мэдэхгүй байна. Миний гар утас Iphone 14 загварын үзмэн ягаан өнгөтэй гадуураа тольтой гэртэй гар утас байсан. Би гар утсаа 2023 оны 09 сард хувь хүнээс 2,300,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний гар утасны шилэн наалт хөндлөн дундуураа 1 цуурсан байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 6, 8-9 дугаар тал/,

          - Хөрөнгө зуучлалын үнэлгээний "ххх" ХХК-ны 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн СБ1-24-1122 дугаартай "Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 1,775,000 төгрөгөөр үнэлэгдэв" гэсэн дүгнэлт. хх-ийн 22-24 дүгээр тал/

           - Мөрдөгч Б.Цогтбаатарын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон баримт. /хх-ийн 14 дүгээр тал/, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч  эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч нь хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

               Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль  бусаар хулгайлж байгаа П.Иийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “  хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

         Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.Иийг  “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

        Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж П.Ит нийтийн ашиг сонирхолд тустай  ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх үзлээ.

          Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч П.Ит Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоов. 

            Шүүхээс шүүгдэгч П.Иийг эрх зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

         Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

           Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  шинжлэн судлахад  хохирогч Б.Мтай шүүхээс утсаар ярьсан тэмдэглэл, алдсан гар утсаа биетээр бүрэн бүтэн хүлээн авсан, нэхэмжлэх зүйл санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан  байна гэж шүүх үзлээ.

            Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.М нь нэхэжлэх зүйл, санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч П.Ит Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

       2. Шүүгдэгч П.Ит Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ит оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.                    

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.И нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            5. Шүүгдэгч П.И нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.М нь нэхэжлэх зүйл, санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй гэснийг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

            8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ит авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ