Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2022/00546

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч Б.Мангилик, шүүгч А.Жархынгүл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Е . Хаяг:Баян-Өлгий аймаг, Ө сум, 0 дугаар баг, К хороололд оршин суух

Хариуцагч: Н. Хаяг: Баян-Өлгий аймаг, Ө сум 0 дүгээр багт оршин суух

Хариуцагч: А. Хаяг: Баян-Өлгий аймаг, Ө сум 0 дугаар баг, Ховд голд оршин суух

 

Нэхэмжлэлийн шаардлага: Машины сэлбэг, машиныг янзлуулсан хүний ажлын хөлс болон олох байсан орлогын хамт хохиролд нийт 2,180,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Е ,

Хариуцагч Н , А ,

Иргэдийн төлөөлөгч Ө.Е ,

Орчуулагч А.Ахмерей,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Е  нь хариуцагч Н , А  нарт холбогдуулан миний эзэмшлийн 0 БӨҮ улсын дугаартай NISSAN.March маркийн машины янданд тэд санаатайгаар чулуу хийснээс болж машины мотор нь эвдэж, моторт бүтэн ээлж хийлгэсэн тул машины сэлбэг, машиныг янзлуулсан хүний ажлын хөлс болон олох байсан орлогын хамт хохиролд нийт 2,180,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:

1.1 Би  өрх толгойлсон эмэгтэй бөгөөд гэр маань 2017 онд үерт автагдаж улмаар Өлгий сумын 10 дугаар багын Кувейт хороололд 3 хүүхдийн хамт амьдардаг.

1.2 Миний бие өөрийнхөө 0 БӨҮ улсын дугаартай NISSAN March маркийн машинаар таксинд гардаг. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт  хэвтэн эмчлүүлж байсан эгчид  хоол хүргэж өгөхөөр болж 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагт Нэгдсэн эмнэлгийн машины зогсоолд машинаа тавиад хоолоо хүргэж өгч гарч ирэх хооронд миний машины янданд элс, шороо, чулуу хийснээс болж машин асахгүй болж өөр машинаар чирч гэртээ авч ирсэн юм. Н , А  нарын миний машины янданд чулуу хийсэн нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн камерын бичлэгээр танигдаж илрүүлсэн.

1.3 Би 9-16 насны бага насны хүүхдүүдийг асран тэтгэж байгаа өрх толгойлсон эмэгтэй. Хариуцагч нар буруугаа хүлээгээд уучлалт гуйсан бол өөр хэрэг. Би хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас зогсонги байдалд орж 103 хоног такси хийж чадаагүй учраас олох байсан орлогоо өдрийг нь 20000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа. Миний өдрийн орлого хамгийн багадаа 50000-60000 төгрөг байсан. Энэ мөнгөөрөө хүүхдүүдээ асран хамгаалж ирсэн. Миний хариуцагч нараас нэхэмжилж байгаа 2,180,000 төгрөгт запас сэлбэгийн үнэ, засвар хийсэн хүний хөлс, олох байсан орлого орж байгаа. Иймээс хариуцагч нараас 2,180,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч А ын тайлбар, татгалзал:

2.1 2021 оны 10 дугаар сард /өдрийг сайн санахгүй байна/ аймгийн Нэгдсэн эмнэлгийн гадаа таксины зогсоолд зогсож байхад Е  ирж машинаа зогсоогоод дотогшоо орсон. Түүнийг дотогшоо орсны дараа би тоглоод машины яндан дээр жижиг чулуу тавьсан. Хэсэг хугацааны дараа Е  гарч ирэхээр нь таны машины янданд чулуу  байна гэхэд тэр чулууг аваад над руу шидээд яваад өгсөн.

2.2 Хэд хоногийн дараа Е  нь надад ирж уулзаад чи гэрч болоод өг, Н  гэгч залуу таны машины яндан руу чулуу, элс хийсэн гэж хэл, хэрэв тэгж хэлэхгүй бол би чамайг цагдаад өгнө гэсэн. Би тэгэхээр нь би юу гэж худлаа гэрч болох юм вэ? Тийм зүйл огт болоогүй байхад гэж хариулсан. Н  тухайн үед бидний хажууд байгаагүй. Н ын энэ асуудалд оролцоо нь байхгүй. Өвөлжингөө зогсолтгүй такс хийгээд явж байсан. Миний буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учрах ёсгүй.

2.3 Тодорхой хугацаа өнгөрсний дараа намайг цагдаагаас дуудаж Д  гэдэг хэсгийн байцаагч мэдүүлэг авсан. Би болсон асуудлыг үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Уг асуудлын талаар аймаг дахь Цагдаагийн газраас шалгаж миний буруу байхгүй байна гэж үзээд гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч прокурорт гомдол гаргасныг хяналтын прокурор Г хүлээн авч хянаад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 153 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар эрх бүхий албан тушаалтны шийдвэр үндэстэй тул таны гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Тэгээд энэ асуудал хаагдсан.

2.4 Миний хувьд түүний машины янданд элс, шороо, чулуу чихсэн асуудал байхгүй. Тухайн үед Е  нь машинаа асаагаад яваад өгсөн. Машинаа чирч явсан, аймгийн Нэгдсэн эмнэлгийн камерын бичлэгээр тогтоосон гэдэг нь үндэслэлгүй.

2.5 Тэр нэхэмжлэлдээ С гэдэг хүний тодорхойлолтыг хавсаргасан ба тус тодорхойлолтод моторт ачаалал үүссэнээс болж жирэг нь халж, кольц, статр ажиллах боломжгүй болсон тул моторт бүрэн ээлж хийж өгсөн гэжээ. Машины моторт ачаалал үүсэх нь хэвийн үзэгдэл бөгөөд тодорхой хугацааны дараа ээлж хийлгэж байдаг.

2.6 Миний бие түүний машины яндан дээр чулуу тавьснаас болж түүний машинд эвдрэл үүссэн, үүнээс болж засвар хийлгэх шаардлагатай болсныг тогтоосон ямар нэгэн нотлох баримт байхгүй байна.

2.7 Мөн эрх бүхий байгууллагаас шалгаад гомдлыг нь хүлээж авахаас татгалзсан талаар тодорхой дурдсан. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Н ын тайлбар, татгалзал:

3.1 Миний бие Е ийг таньдаг бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн урьд талын зогсоол дээр таксинд хамт гардаг байсан.Тэрнээс эхлэн танина.

3.2 Миний хувьд түүний машины янданд элс, шороо, чулуу хийсэн асуудал байхгүй. Энэ талаар мэдэх зүйлгүй.

3.3 Е  нь намайг яагаад шүүхэд өгөх болсныг ойлгохгүй байна. Танай шүүхээс нэхэмжлэлийн хувийг хүлээн авч, танилцахдаа хавсаргаж өгсөн материал гэрэл, зургуудтай танилцсан. Тэнд миний ямар ч зураг байхгүй байна.

3.4 Е , А  нарын хооронд ямар асуудал болсныг мэдэхгүй. Тухайн үед би тэндээ байгаагүй. Би Суат ХХК-д ажилд ороод нэг жил болж байгаа тул таксинд гарахаа больсон. Иймд Е ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Мухан авто сервис дэлгүүрээс 165,000 төгрөгт сэлбэг авсны зарлагын баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2539 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээ, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, С гэх хүний тодорхойлолт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, фото зураг, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Б ийн 03 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г ийн 153 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 2022.05.13-ны өдрийн Е ийн СД-1 ширхгийг нотлох баримтаар хавсаргах тухай тодорхойлолт зэргийг нэхэмжлэгчээс,

 

5.Хариуцагч А , Н  нараас  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч 2022.05.02-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар зэрэг нотлох баримтуудыг шүүхэд тус тус гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие өөрийнхөө 0 БӨҮ улсын дугаартай NISSAN.March маркийн машинаар таксинд гардаг. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт  хэвтэн эмчлүүлж байсан эгчид  хоол хүргэж өгөхөөр болж 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагт Нэгдсэн эмнэлгийн машины зогсоолд машинаа тавиад хоолоо хүргэж  өгч гарч ирэх хооронд Н , А  нар нь миний машины янданд элс, шороо, чулуу хийснээс машин асахгүй болж өөр машинаар чирч гэртээ авч ирсэн юм.  Н , А  нарын миний машины янданд чулуу чихсэн нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн  камерын бичлэгээр  танигдаж илрүүлсэн. Миний машины янданд тэд санаатайгаар чулуу хийснээс болж машины мотор нь эвдэж, моторт бүрэн ээлж хийлгэсэн тул машины сэлбэг, машиныг янзлуулсан хүний ажлын хөлс, машиныг засах хүртэл олох байсан орлогыг хариуцагч нараас нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

 

3.Хариуцагч А  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд: 2021 оны 10 дугаар сард аймгийн Нэгдсэн эмнэлгийн гадаа таксины зогсоолд зогсож байхад Е  ирж машинаа зогсоогоод дотогшоо орсон. Түүнийг дотогшоо орсны дараа би тоглоод машины яндан дээр жижиг чулуу тавьсан. Хэсэг хугацааны дараа Е  нь гарч ирэхээр нь таны машины янданд чулуу  байна гэхэд тэр чулууг аваад над руу шидээд яваад өгсөн. Уг асуудлын талаар аймаг дахь Цагдаагийн газраас шалгаж миний буруу байхгүй байна гэж үзээд гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч прокурорт гомдол гаргасныг хяналтын прокурор Г хүлээн авч хянаад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 153 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар эрх бүхий албан тушаалтны шийдвэр үндэстэй тул таны гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Миний хувьд түүний машины янданд элс, шороо,чулуу хийсэн асуудал байхгүй. Машинаа чирч явсан, аймгийн Нэгдсэн эмнэлгийн камерын бичлэгээр тогтоосон гэдэг нь үндэслэлгүй. Миний түүний машины яндан дээр чулуу тавьснаас болж түүний машинд эвдрэл үүссэн, үүнээс болж засвар хийлгэх шаардлагатай болсныг тогтоосон ямар нэгэн нотлох баримт байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэв.

 

4.Хариуцагч Н  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн:  Үүнд: Миний хувьд түүний машины янданд элс, шороо, чулуу хийсэн асуудал байхгүй. Энэ талаар мэдэх зүйлгүй. Е , А  нарын хооронд ямар асуудал болсныг мэдэхгүй. Тухайн үед би тэндээ байгаагүй. Би Суат ХХК-д ажилд ороод нэг жил болж байгаа тул таксинд гарахаа больсон. Иймд Е ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус маргажээ.

 

5.Хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр олгосон 0 дугаар техникийн гэрчилгээгээр 0 БӨҮ дугаартай NISSAN.March маркийн автомашины эзэмшигч нэхэмжлэгч Е  байх бөгөөд уг машины моторт ачаалал үүссэнээс болоод жийрэг нь халж кольц статр ажиллах боломжгүй байдлаас болж 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд моторт нь бүтэн ээлж хийж, ажлын хөлсөнд 120,000 төгрөг авсан болох нь С гэх хүний нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор нотлогдож байна.

 

6.Нэхэмжлэгч Е ээс хариуцагч А , Н  нар нь миний машины  янданд элс, шороо, чулуу хийснээс болж машины мотор эвдэрч бүтэн ээлж хийлгэсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж үүнтэй холбогдуулан машины янданд чулуу хийсэн нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн камерын бичлэгээр тогтоосон гэж СД бичлэг 1 ширхэг, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Б ийн 03 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г ийн 153 дугаартай хариу мэдэгдэх хуудас болон фото зураг зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгчээ.

 

7.Нэхэмжлэгч Е ийн эзэмшлийн 0 БӨҮ дугаартай NISSAN.March маркийн автомашины янданд хариуцагч А  чулуу тавьснаас болж нэхэмжлэгчийн машины мотор нь эвдэж түүнд гэм хор учруулсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

7.1 Нэхэмжлэгч Е ээс аймаг дахь Цагдаагийн газарт “үл таних залуу миний машины янданд чулуу чихсэн” гэх гомдол гаргаснаар тус гомдлыг аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн 0 дугаартай материалыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба түүнийг нэхэмжлэгч Е  нь эс зөвшөөрч аймгийн Прокурорын газарт эрх бүхий албан тушаалтны хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох этгээдэд хариуцлага тооцож, хохирлыг барагдуулж өгөх тухай  гаргасан гомдлыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г ийн 153 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хэвээр үлдээж, түүний гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж, уг шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй байхаар шийдвэрлэсэн байна.

7.2.Улмаар уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Е ээс аймгийн Прокурорын ерөнхий прокурорт гомдол гаргаснаар, уг зөрчлийн 0 дугаартай материалыг татаж хяналаа. Тус аймаг дахь Цагдаагийн газрыг Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Х.Д  нь иргэн Е  танаас гаргасан зөрчлийн талаарх гомдлыг хүлээн авч шалгаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн шинжгүй гэсэн үндэслэлээр зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Мөн таны эрх бүхий албан тушаалтын зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу хяналтын прокурор Г нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, уг материалыг хянаад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Уг материалыг хянахад таны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг, А  нь “... би тэр хүний тээврийн хэрэгслийн яндангийн үзүүрт жижиг чулуу тавьж байгаад ирэх үед таны машины янданд чулуу байна гээд үзүүлээд хаясан юм...” гэсэн мэдүүлэг, бусад нотлох баримт болох камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдсон нөхцөл байдлын дагуу зөрчлийн шинжгүй үндэслэлээр эрх бүхий албан тушаалтан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд таны автомашины янданд чулуу хийсний улмаас эвдэрсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, прокурорын шийдвэр нь хуульд нийцэж байна гэж үзээд таны гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөхийн Б ийн 03 дугаартай хариу мэдэгдэх хуудас, камерын СД бичлэг, талуудын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

 

8.Гэм хор учруулснаас учирсан хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг бөгөөд хуулийн гол урьдчилсан нөхцөл болох гэм хор учруулсан тохиолдолд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэж, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үүрэг үүсэх үндэслэлд хамаарах ба нэхэмжлэгч Е  нь хариуцагч А, Н  нарт холбогдуулж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байхаар заасан.

 

9.Харин уг гэм хорын хохирлыг гэм буруутай этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д “бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж тус тус зааснаар арилгах үүрэгтэй байх боловч хариуцагч А  нь нэхэмжлэгчийн эзэмшлийн 0 БӨҮ дугаартай NISSAN.March маркийн автомашины яндааны үзүүрт чулуу тавьснаас болж уг автомашины мотор цохисон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

10.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах урьдчилсан нөхцөл нь гэм буруутай байх, түүний үйлдлээс хохирогч Е ийн машинд гэм хор учруулсан байх буюу хариуцагч А , Н  нарын гэм буруутай үйлдлээс хамаарсан, шалтгаант холбоотой болох урьдчилсан нөхцөл бүрдэж байж нэхэмжлэгч Е  нь гэм хорыг шаардах эрхтэй бөгөөд энэхүү хуульд заасан нөхцөл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул хариуцагч А  нь мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Е ийн эзэмшлийн 0 БӨҮ дугаартай NISSAN.March маркийн автомашины мотор эвдсэнээс болж олох байсан орлого, уг машины сэлбэг, засвар хийсэн хүнийг хөлсийг төлөх үүрэг хүлээхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

11.Нэхэмжлэгч Е  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хариуцагчаар Н ыг тодорхойлж ирүүлсэн боловч хариуцагч Н  нь түүний эзэмшлийн 0 БӨҮ дугаартай NISSAN.March маркийн автомашины янданд чулуу хийсэн гэх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Х.Д  нь иргэн Е ээс гаргасан гомдлыг хүлээн авч шалгахдаа хариуцагч А оос мэдүүлэг авч, нэхэмжлэгчийн тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлын дагуу шалгаж зөрчлийн шинжгүй гэж нэхэмжлэгч Е ийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн хариуцагч Н д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

12.Нэхэмжлэгч Е ээс шүүхэд болон тус аймаг дахь Цагдаагийн газарт хариуцагч А  нь машины янданд чулуу хийснээс болж миний машины мотор эвдсэн гэж аймгийн Нэгдсэн эмнэлгээс авсан камерын бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд харин шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед “Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан эгчид хоол хүргэж өгөхөөр болж 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагт Нэгдсэн эмнэлгийн машины зогсоолд машинаа тавиад хоолоо хүргэж өгч гарч ирэх хооронд миний 0 БӨҮ улсын дугаартай NISSAN.March маркийн тээврийн хэрэгслийн янданд элс, шороо, чулуу хийснээс болж машин асахгүй болж өөр машинаар чирч гэртээ авч ирсэн” гэж мэдүүлдэг боловч тухайн цаг хугацаанд машинаа чирч авч явсан камерын бичлэгээ нотлох баримтаар гаргаж өгөөгүй ба машинаа чирч авч явсан эсэх болон хариуцагч А ын тавьсан гэх чулуунаас машины мотор цохисон эсэх талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч, нотолж чадаагүй.

 

13. Иймд нэхэмжлэгч Е  нь хариуцагч А , Н  нар нь машины янданд чулуу хийснээс болж миний машины мотор эвдсэн гэх тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ.

 

14.Харин иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Е ийн нэхэмжлэл нь үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан боловч дүгнэлтийн үндэслэлээ тайлбарлаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул шүүх хэрэгт байгаа нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Е ийн хариуцагч А , Н  нараас машины сэлбэг, машиныг янзлуулсан хүний ажлын хөлс болон олох байсан орлогын хамт хохиролд нийт 2,180,000 гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.МЕЙРАМБЕК

 

                                                ШҮҮГЧИД                                Б.МАНГИЛИК

 

                                                                                                 А.ЖАРХЫНГҮЛ