Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/22

 

 

 

 

 

 

С.Нд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ /онлайнаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Саранчимэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр,

Шүүгдэгч С.Н /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/288 дугаар шийтгэх тогтоолтой С.Нд холбогдох 1734002010526 дугаартай 2 хавтас, 412 хуудас бүхий эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С.Н-,

Шүүгдэгч С.Н нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Замт 4 дүгээр багийн “Залаа” гэх газарт “Тоёото Приус” 20 маркийн 33-19 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалтуудыг зөрчсөний улмаас Л.Батмөнхийн жолоодож явсан Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Л.Батмөнхийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/288 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Гярган овгийн Самдангийн Нг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохирооосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нг ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ тус тус авч,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Саранчимэг нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, малчны хөлс 91,170,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Саранчимэг давж заалдах гомдолдоо: “...1. Хэрэгт цугларсан баримт гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд дээрх гэмт хэргийг С.Н бус уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Н.Дашдондог үйлдсэн байх үндэслэл бүхий эргэлзээ байна. Тухайлбал гэрчээр мэдүүлэг өгсөн Э.Ууганбаяр, Н.Саранчимэг, Л.Пунцагдаш, Э.Мөнхчимэг, нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ЭХХШТХуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэн үйлдсэн болох нь тогтоогдоогүй байна.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс тухайн эрүүгийн хэрэгт тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 22.740.000 /хорин хоёр сая долоон зуун дөчин мянга/-н төгрөгийг нотлох баримтын шаардлага хангуулан нэхэмжилсэн бөгөөд шүүхээс дээрх шаардлагыг хангахгүй шийдсэн ба шүүхийн хэлэлцүүлгийн явцад амь хохирогчийн хүүхдүүдийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэсэн ба шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл ЭХХШТХуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан "дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримт байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй" байна. Тодруулбал 22.740.000 төгрөгийн нэхэмжлэпийг хэрхэн үгүйсгэсэн талаараа шийдвэртээ тусгаагүй байна. Шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаау өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Хор уршиг арилаагүй гэж давж заалдах шатны шүүх үзэх юм бол заалтад нь өөрчлөлт оруулаад шийдвэрлэх бүрэн боломжтой. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Саранчимэг гаргасан тайлбартаа: Хэргийг дахин шалгуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан саналдаа: Хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч С.Н гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан байх ба шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв байна.

Шүүгдэгч С.Н нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Замт 4 дүгээр багийн “Залаа” гэх газарт “Тоёото Приус” 20 маркийн 33-19 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалтуудыг зөрчсөний улмаас Л.Батмөнхийн жолоодож явсан Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргаж, Л.Батмөнхийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-5, 6-8, 16-17,18-20/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх-09,10/, тээврийн хэрэгсэл болон мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11,12-13, 14, 15/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-21-22/, Шүүхийн шинжилгээний албаны №134 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-67-70/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №7842,7843,7863,7864,4831,1209 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1-р хавтас хх-71,72, 82-83, 84, 86-93, 247-249/, Төв аймгийн Замын цагдаагийн тасгийн №00000084, 00000023 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1-р хавтас хх-95,194-195/, шинжээч Б.Батгэрэл, С.Мөнхдалай, Э.Дэлгэрхүү нарын мэдүүлэг /1-р хавтас хх-168-169, 170-171, 172-174, 210/, гэрч Н.Дашдондогийн мэдүүлэг /1-р хавтас хх-41-43, 159/, гэрч Э.Ууганбаярын мэдүүлэг /1-р хавтас хх-44-46, 158, 211-212/, С.Нгийн гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд  зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч С.Нгийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, түүний үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлсэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Осол гарах үед автомашиныг С.Н жолоодож явсан болох нь:

- С.Нгийн “би түүнийг мотоциклиос унасных нь дараа тооромзоо гишгэсэн чинь шавар дээр зуурахгүй араас нь очоод мотоциклийг нь мөргөөд жаахан явснаа зогссон. Миний хажууд Дашдондог суугаад, ард талд Ууганбаяр суусан.” гэх мэдүүлэг /хх-39,28/,

- гэрч Н.Дашдондогийн “талийгаач Даюун маркийн мотоцикльтойгоо урд гараад гэрээ заахаар болоод ардаас нь Н өөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ би хажууд нь суугаад, Ууганбаяр ард нь суугаад хөдөлсөн.” гэх мэдүүлэг /хх-41/,

- гэрч Э.Ууганбаярын “талийгаач улаан мотоцикльтой урд гараад ардаас нь Н саарал өнгийн Приус 20 машинтайгаа явсан. Гэнэт талийгаач мотоцикльтойгоо явж байснаа урд муригнаад ойчсон чинь Н тормозоо гишгээд бороотой байсан болохоор тормоз нь барихгүй араас нь очоод мөргөсөн” гэх /хх-44/ мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогджээ. Харин автомашиныг Н.Дашдондог жолоодож яваад осол гаргасан гэх хэргийн үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн  гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас   нотлох баримт хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 22,740,000 төгрөг, малчны хөлс 76,800,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд зааж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн  байна.

Хохирогч тал насанд хүрээгүй 3 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэхдээ хүүхэд тус бүрийг 18 насанд хүрэх хүртэлх хугацаагаар тооцож, нэхэмжлэлийн үнийг тодорхойлон 2019, 2020 оны тэтгэмжийн дэвтрийн хуудсыг хуулбарлан ирүүлсэн байх ба эдгээр баримтад тулгуурлан гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, тэтгэмжийн зөрүүг тооцон гаргах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч тал тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоосон хугацаа, хэмжээ, 2019 оноос өмнөх хугацаанд авсан тэтгэмжийн хэмжээнд хамаарах нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд дээрх үндэслэлээр гэмт хэргийг хэн үйлдсэн нь тогтоогдоогүй, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 22.740.000 төгрөгийг хангаж шийдвэрлээгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/288 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧИД                                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                      Г.БОЛОРМАА