Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0373

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т******** Т***** ХХК /РД:*******/

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нарын хооронд үүссэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын нэхэмжлэгчид холбогдох газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.З******, нэхэмжлэлийн төлөөлөгч Б.Б******** түүний өмгөөлөгч О.М*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж********** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Т******** Т***** ХХК нь тус шүүхэд хандан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Т******** Т***** ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/247 дугаар тушаалаар[1] Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний ам нэртэй газар 2.67 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийг таван жилийн хугацаатайгаар авсан.[2]

2.2. Үүний дараа 0170983 дугаар бүхий Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тус компанид олгосон.[3]

2.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зүгээс 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр маргаан бүхий А/79 дугаар тушаалыг[4] гаргасан байх бөгөөд уг тушаалын хавсралтын 59-д Т******** Т***** ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн цуцалж, хүчингүй болгосон.[5]

2.4. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нь маргаан бүхий тушаалыг гаргаж, Т******** Т***** ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэж, мөн газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж тус тус буруутгасан нь үндэслэлгүй, учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2 дахь заалтад зааснаар гурвалсан гэрээ байгуулагдаж хүчин төгөлдөр болсноор газрын зориулалтын дагуу ашиглах, түүнчлэн газрын төлбөр төлөх үүрэг хүлээдэг, тийм атал гурвалсан гэрээг Хан-Уул дүүргийн Засаг даргаас шалтгаалан байгуулаагүй, хүчин төгөлдөр болоогүй байхад нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасныг зөрчсөн гэж байгаа нь хууль бус ... гэх зэргээр маргаж байна.

2.5. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь газар ашиглах эрх олгосон тушаал гарснаас хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон 2017 оноос хойш газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-з/5988 тоот албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох талаар санал ирсэн , тус компанид 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/7593 тоот албан бичгээр маргаан бүхий А/79 дугаартай захирамжийг мэдэгдсэн байхад газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль бус гэх үндэслэлгүй... гэх зэргээр маргаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч О.М********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Т******** Т***** ХХК нь Байгаль Орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалын Т******** Т***** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Тус тушаалын хавсралтын 59 дэх талд нэхэмжлэлтэй холбоотой мэдээлэл байна. Т******** Т***** ХХК нь Байгаль Орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/247 дугаар тушаалын дагуу 01700983 дугаартай газар ашиглах гэрчилгээг анх авсан. Тус газар ашиглах гэрчилгээгээр Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд аялал жуулчлалын зориулалттай 26700 м.кв газрыг ашиглах эрхийг авсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн засаг даргад гурвалсан гэрээ байгуулах хүсэлтийг удаа дараа тавьсан. Тухайлбал 2019 оны 02 дугаар сарын 02-нд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд болон Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.А*******д гурвалсан гэрээ байгуулах хүсэлтийг 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан. Мөн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тус хүсэлтийг дахин гаргасан. Хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн засаг даргад гурвалсан гэрээ байгуулах хүсэлт гаргаад 2021 оны 10 дугаар сард Байгаль Орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаал гарсан гэдгийг мэдсэн. Дээрх дурдсан цаг хугацаанд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хүсэлтийн дагуу гурвалсан гэрээг боловсруулж өгсөн. Тус гэрээг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан. Гэрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Т******** Т***** ХХК гарын үсэг зурсан. Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.А******* огт гарын үсэг зураагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай удирдлагын газрын дарга нь энэ гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулж өгөөгүй. Өөрөөр хэлбэл гурвалсан гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ юм. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 10 дугаар сард ирсэн албан бичгийн дагуу ямар үндэслэлээр сайд тушаал гаргаад Т******** Т***** ХХК компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шалтгаан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан Экологийн цагдаагийн албанаас ирүүлсэн газар ашиглах гэрээ зөрчигдөж нөхцөл байдлыг газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан гурвалсан гэрээ байгуулагдаагүй тохиолдолд газар ашиглагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй, гэрээнд заасан газрын төлбөрийг төлөөгүй, газар ашиглах гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр газар ашиглах гэрээг хүчингүй болгохгүй. Газар ашиглах талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга, газар ашиглагч компанийн хооронд гурвалсан гэрээ албан ёсоор байгуулагдаагүй. Байгуулагдсан хүчин төгөлдөр гурвалсан гэрээ байхгүй учраас газрын төлбөр төлөөгүй үндэслэлээр газар ашиглах гэрээг хүчингүй болгох боломжгүй.

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар газрын төлбөр төлөх зохицуулалтын талаар тусгасан. Гэхдээ газрын төлбөр төлөх зохицуулалт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар зохицуулагдсан. Гэрээ байгуулагдсаны үндсэн дээр төлбөр төлнө. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д Гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших, ашиглах гэж заасан. Гэрээ байгуулагдаагүй учраас Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасны дагуу газрыг зориулалтын дагуу ашиглах үүрэг үүсээгүй. Газрыг зориулалтын дагуу ашиглах үүрэг үүсээгүй байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй. Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан. Тус тогтоолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа тохиолдолд заавал гэрээ байгуулсан байна. Гэрээ байгуулсан үүргээ газар эзэмшигч, газар ашиглагч этгээд зөрчсөн бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл хамаарахыг Улсын Дээд шүүх тайлбарласан. Байгаль Орчин, аялал жуулчлалын сайд огт гэрээ байгуулаагүй, гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад газрыг зориулалтын дагуу ашиглах үүргээ зөрчсөн гэж газар ашиглах эрхийг цуцалж байгаа нь үндэслэлгүй. Эдгээр үндэслэлүүдээр Байгаль Орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалын Т******** Т***** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...

Хариуцагч гурвалсан гэрээ байгуулсан байгуулаагүй үйл баримтын талаар маргахгүй байна гэж ойлголоо. Гурвалсан гэрээ байгуулагдаагүй тохиолдолд газар ашиглагч үүргээ зөрчлөө гээд захиргааны акт гаргах боломжгүй.

Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.9-т Мөн зүйл хэсэгт заасан ноцтой зөрчлийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцож тогтоож уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино гэж заасан. Тус тогтоолын 1.10-т Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй заасан. Мөн зориулалтын дагуу газраа 2 жил ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулагдсанаас хойш гэж заасан байна.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж заасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг болон Улсын дээд шүүхийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлүүдийг тайлбарласнаар гэрээ байгуулагдсанаас хойш газар ашиглах зөрчил гаргах юм бол газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл бүрдэнэ. Хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй байхад гэрээний үүргээ биелүүлээгүй гээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гаргасан нь хууль бус учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн явуулсан албан бичгийг шуудан хүргэгч хаяг дээрээ байхгүй байна гээд буцаасан болохоор нэхэмжлэгч компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарсныг мэдэх боломжгүй байсан бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр албан бичгээ явуулаад дуудахаар нь очиж уулзаад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарсныг мэдсэн. Үүнээс хойш хуульд заасан хугацаагаар тоолоод нэхэмжлэл гаргасан учир хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна үзэх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Байгаль Орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/247 тоот тушаалаар анх Т******** Т***** ХХК нь Түргэний аманд 2.6 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг авсан. Маргаан бүхий захиргааны акт болох А/79 тоот тушаалд олон аж ахуй нэгжүүд хамаарсан. Үүнээс Т******** Т***** ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тухайн тушаалын үндэслэл хэсэгт заагдсан хэд хэдэн албан бичгүүд байдаг. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс хийсэн шалгалтын үр дүнд гарсан албан бичиг, Байгаль Орчин, аялал жуулчлалын яамны салбар байгууллага болох Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны санал хүргүүлэх албан бичгийг тус тус үндэслэсэн. Цагдаагийн Ерөнхий газрын албан бичиг нь гэмт хэрэгтэй холбоотой нөхцөл байдлыг шалгах зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд шалгалт хийж тус шалгалтаас гэмт хэрэгтэй холбоотой хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгаж эхэлсэн. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль болон Газрын тухай хууль заасан нөхцөл байдлыг зөрчиж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг газар ашиглах эрхийг олгодог төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль Орчин, аялал жуулчлалын яаманд мэдээллийг хүргүүлэх байдлаар тухайн албан бичгийг хүргүүлсэн.

Тус албан бичгийн 164-т Т******** Т***** ХХК багтана. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны чиг үүрэг нь дархан цаазат хамгаалалтын газарт байршдаг иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар ашиглалт, газрыг төлөвлөлттэй холбоотой нөхцөл байдалд хяналт шалгалт хийдэг төрийн захиргааны байгууллага юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 , 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах саналыг яаманд хүргүүлсэн. Тус саналын хавсралтын 59-т Т******** Т***** ХХК багтсан байна. Тус компанийн газар эзэмших эрх авснаасаа хойш 5 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, төлбөр төлөөгүй. Байгаль орчны сайдын 2001 оны Түр журам батлах тушаалын 3.4-т Газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдсоноос хойш газар ашиглах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор гурвалсан гэрээг байгуулах ёстой гэж үүрэг өгсөн. Тусгай хамгаалалттай газар нутаг бол тусгайлсан хуулиар зохицуулагддаг. Газрыг 5 жилийн дотор ашиглана, төлбөрөө төлөх ёстой, газрын зориулалтын дагуу ашиглаж мөн гэрээг 3 сарын дотор байгуулах талаар хуульчилж өгсөн. Нэхэмжлэгч компанийн зүгээс газраа ашиглах гурвалсан гэрээг байгуулаагүй, газрын төлбөрийг төлөөгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээ байгуулагдаагүй учир төлбөр төлөх боломжгүй, гэрээнд заасны дагуу газар ашиглах боломжгүй байсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 02, 03 дугаар сард хүсэлтүүд гаргаад гэрээний 2 тал зөвшөөрөөд гарын үсэг зурсан, тамга тэмдгээ дарсан гэрээний хувь хавтас хэрэгт байгаа. Тус гэрээнд газрын төлбөрт хэдэн төгрөг төлөх, улиралд хэдэн төгрөг төлөх, хаана ямар дансанд төлөх талаар тодорхой зааж өгсөн. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдож гэрчилгээний дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэнээр газрын төлбөр төлөх үүрэг нээгдэж байна.Тус үүргийн хүрээнд газрын төлбөрийг гэрчилгээ олгогдсоноор төлөх ёстой. Төлбөрийн хэмжээ тодорхой байсан гэрээний хоёр тал гэрээнд гарын үсэг зурсан. Жилд 37647000 /Гучин долоон сая зургаан зуун дөчин долоон мянган/ төгрөгийг төлөх ёстой. Маргаан бүхий захиргааны акт хүчингүй болгуулах хугацаанд 3 жил 2 улирлын хугацаанд нийт 131764500 /Нэг зуун гучин нэгэн сая долоон зуун жаран дөрвөн мянга таван зуун/ төгрөгийн төлөх ёстой байсан. Газрыг 5 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, газрын үзлэгээр газар дээр ямар нэгэн хашаа барьж зориулалтын дагуу ашигласан үйл баримт тогтоогдохгүй. Тиймээс тус тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хан-Уул дүүргийн засаг даргад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хүсэлт гаргасан.

Тус хүсэлтийн хүрээнд гэрээ байгуулаагүй гэж тайлбарласан. Тухайн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан тухайн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй тохиолдолд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэгч компани хариу авах, хугацаанд нь шийдвэрлэхгүй бол дээд шатны байгууллага, шүүхэд шийдвэрлүүлээд гэрээгээ хурдан шуурхай байгуулах боломж нь нээлттэй байсан. Анх 2017 онд газар авсан бөгөөд 2 жилийн дараа хүсэлт гаргасан. Энэ нөхцөл байдлуудаас харах юм бол газрын төлбөрөөс зайлсхийсэн, газраа ашиглахаас зайлсхийсэн нөхцөл байдлууд харагдаж байна. Тиймээс захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй. Өмнөх шүүх хурал дээр хөөн хэлэлцэх хугацаа асуудалтай гэдэг байдлаар хүсэлт гаргаад Монгол шуудангаас нотлох баримт гаргуулах болсон. Монгол шуудангаас ирсэн нотлох баримтаар тухайн заасан хаягт хүргэж өгөхөд хаягийн компани байхгүй гэх үндэслэлээр буцаасан. Нэхэмжлэгч компанийн гаргаж өгсөн улсын бүртгэлийн гэрчилгээнд байгаа хаягаар баталгаат шуудангаар буюу Монгол шуудангаар мэдэгдлийг хүргүүлсэн. Улсын бүртгэлийн гэрчилгээнд нь хамгийн сүүлд 2019 онд өөрчлөлт орсон байдлаар Монгол Шуудангийн хаягаар хүргүүлж байгаа хаягтай адилхан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйл Захиргааны акт мэдэгдэх 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэсэн заасны дагуу мэдэгдсэнээ баримтжуулсан нь шуудангаар хүргүүлсэн баримт нь харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно гэж заасан. Тухайн байгууллага хаягаа өөрчилсөн талаар Захиргааны байгууллагад мэдэгдээгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээний албан ёсны хаягаар баталгаат шуудангаар хүргүүлснээ мэдэгдсэнд тооцож байгаа учраас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж нэхэмжлэлийн шаардлага гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагыг буцаах үндэслэлийг хариуцагчийн зүгээс гаргаж байна...

2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гурвалсан гэрээний 2 тал зурсан. Гуравдагч тал болох Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.А*******д гурвалсан гэрээ байгуулах хүсэлтийг 2019 оны 03 дугаар сарын 22-ний өдөр гаргасан боловч албан ёсны хариу аваагүй гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбарласан. Үүнтэй холбоотой нөхцөл байдлаар маргасан үйлдэл байхгүй учир гэрээг албан ёсоор байгуулж төлбөр төлөх, газар ашиглахаас зайлсхийсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Газрын төлбөр хэдэн төгрөг төлөх ёстой байсан бэ гэдгийг нэхэмжлэгчийн зүгээс мэдэж байсан. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар гэрчилгээ олгогдсон өдрөөс хойш төлбөр ёстой үүргийнхээ хүрээнд газрын төлбөрт 131764500 /Нэг зуун гучин нэгэн сая долоон зуун жаран дөрвөн мянга таван зуун/ төгрөгийг огт төлөөгүй байна. Газар ашиглах, гэрээ байгуулахтай холбоотой идэвх санаачилга гаргаагүй, нарийвчилсан, ерөнхий үнэлгээ хийж батлуулаагүй зэрэг нөхцөл байдлууд харагдаж байна. Үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Тушаал гаргахтай холбоотой мэдэгдэх сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу хүргүүлсэн. Т******** Т***** ХХК-ийн хувьд нэхэмжлэгч гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Тухайн компанид 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 453 дугаар албан бичгийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас албан бичгийг тухайн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний өөрийн баталгаат хаягаар хүргүүлсэн. Тухайн нэхэмжлэгч байгууллага хаягаа өөрчилсөнтэй холбоотой шинэчлэлээ хийх үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуульд заасан Т******** Т***** ХХК хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдөрт мэдэгдсэн тооцох учраас тухайн компанид мэдэгдсэн гэж үзэж 30 хоногийн хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан А/79 дугаартай тушаалын Т******** Т***** ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэг. Хариуцагчийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар:

1.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: гээд мөн зүйлийн 40.1.1 дэх заалтад Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр; гэж заажээ.

1.2. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтад газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон;, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: гэжээ.

1.3. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь маргаж буй А/79 дугаартай тушаалыг[6] 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан байх бөгөөд тус тушаалаар Т******** Т***** ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэжээ.

1.4. Тодруулбал, Т******** Т***** ХХК-ийг эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зөрчил гаргасан гэж үзжээ.

1.5. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх зөрчлийн тухайд авч үзэхэд, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна. гээд мөн зүйлийн 37.2 дахь хэсэгт Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана: гээд 37.2.2 дахь заалтад 2/ газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг; гэж зохицуулжээ.

1.6. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах эрх хүчин төгөлдөр байх нэг үндэслэл нь Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулсан байх явдал бөгөөд энэхүү гэрээг байгуулахдаа талууд газрын төлбөр төлөхтэй холбоотой үүргийг тохиролцох, улмаар газар ашиглагч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байхаар заажээ.

1.7. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх зөрчлийн тухайд авч үзэхэд, Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолын 1.10 дахь заалтад Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.

1.8. Мөн зүйл, хэсэгт заасан " зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно. гэж тайлбарлажээ.

1.9. Дээрх тайлбараас авч үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх /ашиглуулах/ гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана.

1.10. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Т******** Т***** ХХК нь Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулах талаар холбогдох эрх бүхий байгууллагуудад, тодруулбал, 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 17/03 тоотоор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд[7], 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/02 тоотоор[8] Хан-Уул дүүргийн Засаг даргад тус тус хүсэлт гаргаж байсан нь тогтоогдож байна.

1.11. Харин дээрх хүсэлтэд Хан-Уул дүүргийн Засаг даргаас албан ёсоор хариу өгч байгаагүй, түүнчлэн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой 2019/134 дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ-нд[9] гарын үсэг зурж, ёсчлон батлаагүй байна.

1.12. Эдгээр үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Т******** Т***** ХХК-ийн зүгээс гурвалсан гэрээг байгуулах талаар идэвхтэй үйлдэл гаргаж байсан боловч гурвалсан гэрээг Хан-Уул дүүргийн Засаг даргын зүгээс батлаагүй, тиймээс гурвалсан гэрээ хүчин төгөлдөр болоогүй байх тул газрын төлбөрийг төлөх үүрэг үүсээгүй, газрыг зориулалтын дагуу ашиглах эрх хууль ёсоор үүсээгүй, улмаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг хэрэглэх эрх зүйн үндэслэл бүрдээгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэх боломжтой.

1.13. Хэдий тийм боловч хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Т******** Т***** ХХК-иас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Б*******өд явуулсан Хүсэлт гаргах нь гэх албан бичгийн доод буланд 2020.05.22-2020/239 тоот гурвалсан гэрээ байгуулав гэх цохолт, гарын үсэгтэй албан бичгээс[10] үзэхэд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой 2019/134 дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ-нээс өөр буюу 2020/239 тоот гурвалсан гэрээг байгуулсан байж болохуйц эргэлзээтэй үйл баримт тогтоогдож байна.

1.14. Тодруулбал, хариуцагчийн зүгээс дээрх үйл баримт буюу 2020/239 тоот гурвалсан гэрээ бодит байдал дээр байгуулагдсан эсэх, байгуулсан бол тэр талаар судлан тогтоохгүйгээр маргаж буй А/79 дугаартай тушаалыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан ... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоох захиргааны байгууллагын үүрэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулах захиргааны байгууллагын үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

1.15. Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-з/5988 тоот албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох талаар санал ирсэн, дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газрын ашиглаагүй, газрын төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй гэх агуулгатай тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

1.16. Иймд шүүх нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжид хамааралгүй буюу 2020.05.22-2020/239 тоот гурвалсан гэрээ байгуулав гэх цохолтын дагуу бодит байдал дээр 2020/239 тоот гурвалсан гэрээ байгуулагдсан эсэхийг судлан тодруулах нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэгт хамааралтай байх тул энэхүү үйл баримтыг тодруулсны эцэст хариуцагчаас дахин шинэ акт гаргах шаардлагатай гэж шүүх үзлээ.

1.17. Шүүхээс хариуцагчид дахин шинэ акт гаргах 3 сарын хугацаа тогтоож өгсөн бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч Т******** Т***** ХХК-ийн газар ашиглах эрхтэй холбоотой дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй А/79 дугаартай тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хүчингүй болох болохыг дурдаж байна.

Хоёр. Холбогдох захиргааны актыг мэдэгдэх хариуцагчийн үүргийн талаар:

2.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ. гэж, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна. гэж зохицуулжээ.

2.2. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа бөгөөд тус тогтоолын 1.11 дэх заалтад Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан "... мэдэгдэнэ ..." гэдэг нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-майл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсныг хэлнэ. гэж тайлбарласан байна.

2.3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 454 тоот албан бичгээр[11] Т******** Т***** ХХК-д газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны акт гарсныг мэдэгдсэн гэх боловч Монгол шуудан ХК-иас тус шүүхэд ирүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 04/406 тоот албан бичгээс[12] үзэхэд тус мэдэгдэл нь Т******** Т***** ХХК-ийн эрх бүхий албан тушаалтанд зохих ёсоор хүргэгдээгүй болох нь тогтоогдож байна.

2.4. Тиймээс хариуцагч нь газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ хуульд заасан журмын дагуу зохих ёсоор мэдэгдсэн гэж үзэхээргүй байгаагаас гадна уг мэдэгдлийг илгээсэн гэх 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

2.5. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хэлсэн нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтад зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй болохыг дурдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.5, 40.1.6 дахь заалт, 40.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан Т******** Т***** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан А/79 дугаартай тушаалын Т******** Т***** ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий А/79 дугаартай тушаалын Т******** Т***** ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ