| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/0938/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1238 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1238
хаалттай шүүх хуралдаан тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт М-ын Б-ыг бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Г овогт А-ийн Б-ийг бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, гүйцэтгэгч болон зохион байгуулагчаар оролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
- Өсвөр насны шүүгдэгч Г овогт А-ийн А-ыг бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял,
- Шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3. Өсвөр насны шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 929 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 03 (гурав) сар 21 (хорин нэг) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 02 (хоёр) жил 03 (гурав) сар 21 (хорин нэг) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, А.Б нарт оногдуулсан хорих ялыг тус бүр нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ны цагдан хоригдсон 25 (хорин тав) хоногийг, шүүгдэгч А.Б-ийн цагдан хоригдсон 25 (хорин тав) хоногийг тус бүр эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 8.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.А-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг түүний оршин суугаа газрын хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч А.А нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.Б, М.Б, өсвөр насны шүүгдэгч А.А нар нь бусдад төлөх төлбөргүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч М.Б, А.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Б, А.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, өсвөр насны шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР