| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/1093/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1239 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
хохирогч Б.М,
шүүгдэгч Э.Р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505011330345 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овогт Э-ын Р, Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын мужаан ажилтай, ам бүл 1, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Р нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Б.М-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Шүүгдэгч Э.Р нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Р нь 2025 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, гэр хорооллын гудамжинд *** улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгсэл дотор хамтран амьдрагч Б.М-ийн биед “ээжтэй утсаар ярьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар толгой, нүүр хэсэг нь гараараа болон чулуу зэргээр цохиж, зулайн хуйх, баруун дунд хуруунд шарх, толгой, эрүү, баруун хацар, баруун нүдний дээд доод зовхи, баруун бугалга, баруун шуу, зүүн сарвуунд цус хуралт, баруун хацар, хүзүү, баруун сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
- Хохирогч Б.М-ийн “...Би Р гэх залуутай 2020 оны сүүлд танилцаж үерхэн, ковидын үеэр хамт амьдраад нийт 4 гаран жил хамтран амьдарсан. Гэрлэлтээ батлуулаагүй. Дундаасаа хүүхэдгүй. Хамгийн сүүлд бид хоёр 2024.11.10-ны өдөр салсан. Салахаасаа өмнө би Р-д 10,360,000 төгрөгийн цалингийн зээл аваад 8,000,000 төгрөгөөр Р машин авч унасан. Салсны дараа над руу байнга залгаад цуг амьдаръя, би машинаа зараад тал мөнгийг нь гаргаж өгье гэсэн боловч өгөөгүй. Тэгээд 2025.02.07-ны шөнө 01 цагт намайг гэртээ байхад Р ирээд “ээжтэй яриад өгөөч. Би чамаас хэлснээ хэлж чадахгүй байна. Би танайд унтчихаад явъя” гээд миний биед хүрээд хувцсаа тайлаад унтах гээд байсан. Тэгээд би чамтай баймааргүй байна. Ээжтэй чинь маргааш нөгөөдрөөс яриад өгье. Чи явахгүй бол би цагдаа дуудлаа шүү гэхэд Р миний гар утсыг аваад өгөхгүй байсан. Тэгээд 03 цаг 30 минутад явахгүй байхаар нь хажуу айл руу ороод цагдаа дуудах гээд гэрээсээ гарахад Р миний араас гарч ирээд намайг тэвэрч аваад машиндаа хүчээр суулгаж аваад машиныхаа хаалгыг нь түгжиж аваад хойшоогоо жоохон явж байгаад харанхуй газар зогссон. Тэгээд би эсэргүүцээд хөлөөрөө машины голын толийг нь хөлөөрөө жийгээд хагалсан. Тэгтэл Р уурлаад шууд миний толгой руу, баруун талын хацар, баруун чих рүү цохиод миний ар дагзнаас, тархины баруун талаас их цус гарсан. Тэгээд би аргаа бараад худлаагаасаа миний буруу, одоо болиоч ээ гэхэд Р болиод тамхиа татаад жаахан тайвширсан. Тэгээд над руу чи одоо намайг цагдаад өгдгөөрөө өг, харин миний ээжид битгий хэлээрэй. Одоо миний эрхтнийг хөх гээд өмдөө шувтлахаар нь би “миний толгойноос цус гараад доошоо тонгойж чадахгүй байна” гэхэд машинаасаа салфетка гаргаж ирээд миний цусыг арчиж өгсөн. Тэгээд өмдөө шувтлаад “хэвт, гичий минь” гээд машин дотор миний өмдийг шувтлаад намайг хүчиндсэн. Тэгээд чи угаасаа цагдаад өгөхгүй байна гэж байхгүй, би чамайг ингэсэндээ харамсахгүй, харин миний ээжид хэлбэл би чамайг ална шүү гэсэн. Тэгэхээр нь би цагдаад өгөхгүй, намайг эмнэлэгт хүргэж өг гээд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгээд шинжилгээ өгөөд хамгийн сүүлд би сэтгэл зүйч эмчтэй уулзахад эмч энэ хүнийг чамд өгч явуулахгүй гэхэд Р яваад өгсөн. Маргааш нь би цагдаад дуудлага өгсөн. Миний баруун нүд хөхөрч хавдсан. Баруун шанаа хавдсан. Дээд уруул язарсан, дээд доод уруул хавдсан. Тархи хагарч 6-7 оёдол тавиулсан. Баруун чих хөхөрч хавдсан. 2 гар хөхөрч хавдсан. Зүүн талын ядам, дунд хуруу хавдаж хөдөлж чадахгүй байна. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ0725/3261 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.Б.М-ийн биед зулайн хуйх, баруун дунд хуруунд няцарсан шарх, толгой, эрүү, баруун хацар, баруун нүдний дээд доод зовхи, баруун бугалга, баруун шуу, зүүн сарвуунд цус хуралт, баруун хацар, хүзүү, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн цохих болон үрэх нидрэгдэх үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6.Үтрээ, шулуун гэдэсний арчдас наалдцанд эр бэлгийн эс илрээгүй. 7.BIII бүлгийн цустай байна. 8.ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихомониазын халдваргүй байна...” гэх (хавтаст хэргийн 18-20 дахь тал),
- Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 40-41 дэх тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ЕГ0725/3261 дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Р нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч Б.М-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Шүүгдэгч Э.Р “ээжтэй утсаар ярьсангүй” гэх хохирогч Б.М-ийн толгой, нүүр хэсэг нь гараараа болон чулуу зэргээр цохиж зодсоны улмаас зулайн хуйх, баруун дунд хуруунд няцарсан шарх, толгой, эрүү, баруун хацар, баруун нүдний дээд доод зовхи, баруун бугалга, баруун шуу, зүүн сарвуунд цус хуралт, баруун хацар, хүзүү, баруун сарвуунд зулгаралт гэмтэл учруулсан нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Э.Р, хохирогч Б.М нар нь үерхэж, хамтран амьдарч байсан бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар “...хамтран амьдарч байсан...” буюу гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ...үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ...заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан.
Иймд хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Э.Р-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэх шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Тэгээд над руу чи одоо намайг цагдаад өгдгөөрөө өг, харин миний ээжид битгий хэлээрэй. Одоо миний эрхтнийг хөх гээд өмдөө шувтлахаар нь би “миний толгойноос цус гараад доошоо тонгойж чадахгүй байна” гэхэд машинаасаа салфетка гаргаж ирээд миний цусыг арчиж өгсөн. Тэгээд өмдөө шувтлаад “хэвт, г**** минь” гээд машин дотор миний өмдийг шувтлаад намайг хүчиндсэн...бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орсон. Миний эрхтний дотор дур тавьсан...” гэж мэдүүлэх боловч прокуророос Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд “...хавтаст хэрэгт цугларсан шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, бусад гэрч нарын мэдүүлэг зэргээр хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй байна...” гэж дүгнэлт хийсэн байна.
Түүнчлэн, улсын яллагчаас Э.Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилсан байх тул шүүхээс шүүгдэгч Э.Р-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт дүгнэлт хийсэн болохыг дурдах нь зүйтэй.
1.3. Хохирол, хор уршиг
Хохирогч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 510,000 төгрөгийг, шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэцэд учирсан гэм хорын хохирол тус тус нэхэмжилсэн ба шүүгдэгч Э.Р нь 960,000 төгрөгийн хохирлыг хохирогч Б.М-д төлсөн болох нь хавтаст хэргийн 49-53 дахь талд авагдсан баримтаар тогтоогдож байна.
Шүүх шинжилгээний тухай хуулиар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.
Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч ...танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус зааж тодорхойлсон байна.
Иймд хохирогч Б.М-ийн сэтгэцэд учирсан хохирлыг Шүүх шинжилгээний тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д заасны дагуу шинжээч хүснэгтээр эсхүл дүгнэлтээр тогтоогоогүй байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй юм.
Харин хохирогч Б.М нь өөрийн сэтгэцэд учирсан хохирол болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Э.Р нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Түүнчлэн хохирогч Б.М нь эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь хэрэгт баримтаар авагдсан хэдий ч иргэний нэхэмжлэгчийг тогтоохтой холбоотой ажиллагаа хийгдээгүй байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Э.Р-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн зүгээс хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж торгуулийн ял оноох нь тохиромжтой гэж үзэж байна. Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй...” гэв.
Хохирогч: “...ялын саналыг дэмжиж байна...” гэв.
Шүүгдэгч: “...хэлэх зүйлгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 46 дахь тал), иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 47 дахь тал), иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 48 дахь тал), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 54-62 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Э.Р-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Э.Р-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Р-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Р нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т овогт Э-ын Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Р-д 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Р-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Р нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Р нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.М нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Р-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР