| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/1122/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1242 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
улсын яллагч Г.Ариунзул,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405009720215 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
А овогт Б-ийн Б, Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 740 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Х.Х-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны орой Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах Хатан сүлжээ төвийн Б1 давхарт хохирогч Х.Х-тэй маргалдаж баруун бугалга, дал, шуунд нь хайчаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дахь тал),
- Хохирогч Х.Х-ийн “...2024.02.07-ны өдөр би А, О гэдэг найз нарын хамт явж пиво авч байсан. А-ын таньдаг дүү нь Роллер гээд модны 2-т тоглоомын газар байсан. Тэнд дуудахаар нь очсон юм. Бид хэд роллер рүү бүгд орсон. Орохдоо би гуталтайгаа орсон учир гуталтай орохгүй гээд хэрэлдчихээд гараад явсан. Тэгээд гараад байж байтал О гарч ирээд А дотор хүнтэй муудалцаад байна гэхээр нь би дахиад дотор ороход Анартай муудалцсан болов уу гэх хүн над руу дайраад байсан. Тэгэхээр нь би гараад эхнэр нь гэх эмэгтэйтэй хэрэлдэж байхад над руу дайраад байсан ах хүү миний баруун мөр, дал хэсэгт нэг юмаар хэд хэдэн удаа дүрээд авсан. Түүний дараа миний гар өргөж чадахгүй хөндүүртэй цус гоожоод эхэлсэн. Тэр ах намайг хутга шиг зүйлээр 5 удаа дүрээд авсан байсан. Тэгээд би цагдаад дуудан, гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Би гутлаа тайлж орохыг мэдэхгүй гуталтайгаа орсны төлөө хэрэлдсэн. Өөр хэрүүл маргаан болоогүй. Би тухайн хүний биед огт халдаагүй. Би Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд оёдол тавиулсан. Гэрээр эм авч хэрэглэсэн. Баримтууд нь одоо байхгүй. Ойролцоогоор 500,000 төгрөгийн зардал гарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
- Гэрч С.М-ын “...2024.02.07-ны өдрийн 21 цагийн үед нөхөр бид хоёр роллер тоглоомын газраа байж байтал гаднаас үл таних 20 гаран насны залуу, өсвөр насны 3 хүүхэд орж ирсэн. Улмаар тэр 20 гаран насны эрэгтэй нь гартаа лаазтай пиво бариад уусан байдалтай орж ирсэн бөгөөд би тэр үед нь дээр 1 давхарт байсан. Доор маргаан болоод байхаар нь доошоо буутал манай нөхөртэй маргалдаж байсан бөгөөд улмаар шалан дээр пиво асгаад пивоны лааз хэвтэж байсан. Тэгээд тэр залуучууд шатаар дээшээ гарч байсан бөгөөд би “та нар ингэж болохгүй шдээ” гэтэл 20 гаран насны залуу намайг “янхан гичий” гээд доромжлоод байж байхад В1 давхраас манай нөхөр Б.Б гарч ирэн намайг хараагаад байсан эрэгтэйтэй маргалдсан. Улмаар тэр залуу шууд манай нөхөр рүү дайраад цохиод эхэлсэн. Манай нөхөр өөдөөс нь эсэргүүцэл үзүүлсэн. Манай нөхөр 170 см орчим өндөртэй. Нөгөө залуу 180 см өндөртэй том залуу байсан. Тэр хоёр зууралдаад зодолдоод байсан ба том биетэй залуутай хамт явж байсан нэг эрэгтэй салгасан. Тэгтэл манай нөхөр рүү дайрсан эрэгтэйн мөр хэсгээс нь цус гарч байх шиг байсан. Тэгээд тэр хүмүүсийг гаргаад хаалгаа хаасан. Б.Б-н гарт юм барьсан эсэхийг би анзаараагүй. Манай тоглоомын текэн доор улаан өнгийн хайч байдаг. Тухайн хайч болон бахь зэргийг нөхөр маань 4 дугуйт янзлахдаа ашигладаг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2537 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.Х.Х-ийн биед баруун бугалга, дал, шуунд шарх, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (хавтаст хэргийн 33-34 дэх тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2537 дугаартай дүгнэлтээр хохирогч биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч Х.Х-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Шүүгдэгч Б.Б-н хохирогч Х.Х-ийн биед хайчаар хатгасан үйлдэл хохирогчийн баруун бугалга, дал, шуунд шарх, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Б.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Б нь хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.3. Хохирол, хор уршиг
Хохирогч Х.Х нь гэмт хэргийн улмаас биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан ба “...Би Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд оёдол тавиулсан. Гэрээр эм авч хэрэглэсэн. Баримтууд нь одоо байхгүй. Ойролцоогоор 500,000 төгрөгийн зардал гарсан байсан...” гэж мэдүүлсэн байна.
Гэвч хохиролтой холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй, мөн 2025.02.20-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэлээр “...Б-аас сэтгэл санаа болон бие махбодын хохирол болох 2 сая төгрөг авсан нь үнэн. Б хохирлыг бүрэн барагдуулж дууссан. Дахин хохирол нэхэмжлэхгүй...” гэж тэмдэглэсэн байна.
Иймд шүүгдэгч Б.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч цаашид гарах хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. ..” гэв.
Шүүгдэгч: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах (хавтаст хэргийн 63-65 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал), эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хавтаст хэргийн 67 дахь тал), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.16-ны өдрийн 2023/ШЦТ/740 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 69-72 дахь тал), Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 10-01/738 тоот албан бичиг (хавтаст хэргийн 73 дахь тал), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (хавтаст хэргийн 74 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /зэвсгийн чанартай зүйл буюу хайчаар бусдын биед халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр 16-ны өдрийн 2023/ШЦТ/740 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1,300,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн ба уг ялыг бүрэн эдэлсэн болох нь эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 24/387 дугаар тогтоолоор тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн иштэй хайч 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст”-т даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А овогт Б-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн иштэй хайч 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР