Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2022/00619

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х. Хаяг:Баян-Өлгий аймаг, Ө сум 0 дугаар баг

 

Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Ш газар, Хаяг: Баян-Өлгий аймаг, Ө сум 0 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийхийг Баян-Өлгий аймаг дахь Ш албанд даалгахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х ,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч  тус байгууллагын ажилтан Б , Э ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Х  нь хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Ш газарт холбогдуулан тус аймгийн Өлгий сумын 0 дугаар багт байрлалтай 90 м.кв талбай бүхий өвлийн сууц, газар, гарааш, зууны байшин зэрэг үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийхийг хариуцагч байгууллагад даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:

1.1 Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дугаар багт оршин суух Х  надаас 20,160,000 төгрөг гаргуулан Х банкны Баян-Өлгий салбарт олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан билээ.

1.2 Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгч энэхүү төлбөрт бидний өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний Ө сумын 0 дугаар багт байрлалтай 858 м.кв өмчлөлийн газартай, 7 өрөө бүхий 90 м.кв өвлийн сууц, гарааш, худаг, хэд хэдэн амбаар, зууны байшинтай бидний хашаа байшинг дуудлага худалдаанд оруулж борлуулан төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэж эд хөрөнгийг А ХХК-ны шинжээчээр үнэлүүлсэн байх ба уг шинжээчийн үнэлгээгээр бидний дээрх эд хөрөнгийг цогцоор нь 60,700,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлангийн хуулбарыг шийдвэр гүйцэтгэгч надад 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гардуулж өгсөн.

1.3 Бидний уг эд хөрөнгө одоогийн зах зээлийн ханшаар 100,000,000 төгрөг байх бөгөөд барилгын бүх материалын үнэ нэмэгдэж аймгийн төвд ойрхон хэсгээс газар олдохоо байсан өнөөгийн нөхцөлд ийнхүү 60,700,000 төгрөгөөр доордуулж үнэлснийг зөвшөөрөхгүй гомдолтой байна.

1.4 Үл хөдлөх хөрөнгийг үнэлэхэд хуульд зааснаар шинжээч тухайн эд хөрөнгөд биечлэн үзлэг хийх,тухайн байшингийн баригдсан материалын судалгаа хийж элэгдэл өртөг тооцон үнэлгээ хийгдэх журамтай билээ.

1.5 Гэтэл үнэлгээ хийсэн Ж гэгч манай өвлийн сууцыг үзэж байгаагүй юм. Харин салбарын мэргэжилтэн гэх М  гэгч очиж манай гэрийн зургийг гаднаас аваад явсан болохоос миний байшингийн шинж, баригдсан материалыг судлах байтугай биднээс асуугаа ч үгүй юм. Үнэлгээчин гэх Ж үнэлгээ хийх объектыг харах байтугай Өлгийд ирж байгаагүй Улаанбаатар хотод оршин суух нэгэн бөгөөд 1800 км зайнаас бүгдийг харж мэдэж байгаа мэтээр үнэлгээ хийж буйд гайхаж байгаагаас гадна түүний энэхүү үйлдэл хууль бус гэж үзнэ.

1.6 Үнэлгээ бодит бус хийсвэрээр хийгдсэн байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ш тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтад ”үнэлгээ тогтоосныг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана” гэж заасны дагуу хуулийн хугацаанд багтаан ийнхүү гомдлоо гаргаж байна.

1.7 Иймд зохих хууль тогтоомжийн дагуу шалган миний Өлгий сумын 02-р багт байрлалтай 858 м.кв өмчлөлийн газартай, 7 өрөө бүхий 90 м.кв өвлийн сууц, гарааш, худаг, хэд хэдэн амбаар, зууны байшинтай бидний хашаа байшинд дахин үнэлгээ хийхийг хариуцагч байгууллагад даалгаж өгөхийг хүсье гэв.

 

2.Баян-Өлгий аймаг дахь Ш газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус байгууллагын ажилтан Б , 8 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Э  нар тайлбар, татгалзал:

2.1 Баян-Өлгий аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаартай шийдвэрээр Х , А.А нараас 21,016,808 төгрөг гаргуулан Х банкны Баян-Өлгий салбарт олгохоор шийдвэрлэсэн.

2.2 Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарснаас хойш төлбөр төлөгч Х , А.А нар нь төлбөрөө өөрөө санаачлаад төлөөгүй. Мөн шүүгчийн захирамжид зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг  даалган шийдвэрлэсэн.

2.3 2017 оны 07 дугаар сарын 18-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. Ш тухай хуульд зааснаар барьцаат хөрөнгө Өлгий сумын 2 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн 0 дугаартай 90м.кв талбайтай хуувийн сууц, 0 улсын дугаартай 858 м.кв талбайтай газрыг урьд ажиллаж байсан шийдвэр гүйцэтгэгч битүүмжлэн хурааж хөрөнгийг үнэлэх явцад цар тахал ковидыг далимдуулж төлбөрөө төлөхгүй хугацаа хожсон байна.Уг шийдвэр гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэгч Э  нь 2021 оны 02 дугаар сараас эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуул нэхэмжлэгч боломжтой хугацаа зөндөө олгосон боломж сайн дураар төлөх санаачилга гаргаагүй.

2.4 Төлбөр төлөгч Х д 2022оны 03 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн 0 дугаартай мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлж хугацаа өгч шийдвэр гүйцэтгэгчийн 0 дугаартай тогтоолоор Х банкны барьцаат хөрөнгө болох Х ын өмчлөлийн Баян-Өлгий аймгийн  Өлгий сумын 2 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн 0 дугаартай 90м.кв талбайтай хуувийн сууц, 0 улсын дугаартай 858 м.кв талбайтай газрын хамт хурааж хугацаа өгсөн.

2.5 Уг хугацаанд ямар нэгэн төлбөр өтлөөгүй бөгөөд төлбөр төлөгч Х  нь цар тахалтай холбоотой орлого байхгүй гэсэн бөгөөд хугацаандаа төлбөр төлөөгүй тул үнийн саналаа бичгээр гаргаж өгнө үү гэхэд үл хөдлөх эд хөрөнгөд 120,000,000 төгрөгөөр үнэлж санал гаргаж өгсөн болно.

2.6 Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хууль болон Ш тухай хуульд зааснаар дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгч Х  төлбөр авагч Х банкны Баян-Өлгий салбараас санал авсан боловч үнэ тохиролцоогүй тул  2022 оны 03дугаар сарын 29-ний өдрийн 0 дугаартай тогтоолоор “А ” ХХК-нийг гүйцэтгэх захирал Ж г шинжээчээр томилон эрх үүргийг танилцуулж үл хөдлөх эд хөрөнгийг бодит үнэлгээ тогтоож өгөхийг даалгасан.

2.7 Дээрх дүгнэлтийг үндэслэн хөрөнгийн үнэлгээний мэргэшсэн байгууллага болох шинжээч “А ” ХХК-нийг гүйцэтгэх захирал Ж н зах зээлийн үнэлгээнд тулгуурлан үл хөдлөх эд хөрөнгийг 60,700,000 төгрөгөөр үнэлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлбөр төлөгч Х ыг байлцуулан шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн ерөнхий байдлыг болон элэгдлийг тооцож нэг бүрчлэн үнэлсэн байгаа.

2.8  Үнэлгээний талаар төлбөр төлөгч Х , төлбөр авагч Х банкны Баян-Өлгий салбарт 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн болно.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Иргэний хууль болон Ш тухай хуульд заасны дагуу хуулийн хүрээнд явагдсан.

2.9 Иймд нэхэмжлэгч Х  нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах үйлдэл гаргаж байгаа нь илт харагдаж байгаа тул Х ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “А ” ХХК-ны №0 дугаартай үнэлгээний тайлангийн хуулбарыг нотлох баримтаар,

 

4.Хариуцагч байгууллагын төлөөлөгч нараас 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Баян-өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 0 дугаар шийдвэр,тус шүүхийн  2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж мөн  2017 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн 0 дугаартай гүйцэтгэх хуудас, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 72 дугаартай мэдэгдэл, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 0 дугаартай тогтоол, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,Төлбөр төлөгч  Х ын тус шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр болон 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн төлбөр төлөгчид утсаар ярьсан тухай тэмдэглэл, 2021 оны  10 дугаар сарын 08-ны өдрийн төлбөр төлөгч Х ын тус газарт гаргасан баталгаа,2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай 0 дугаартай мэдэгдэл, 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Ш газрын ажилтанийн 0 дугаартай тогтоол,  2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 0 дугаартай тогтоол, мөн өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх 0 дугаартай мэдэгдэл, 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,төлбөр төлөгч Х ын 2022.03.14-ний өдөр тус газарт үл хөдлөх эд хөрөнгөө 120,000,000 төгрөгөөр үнэлж байгаа тухай хүсэлт, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь Ш газрын даргын 0 дугаартай Х банкны Баян-Өлгий салбарт үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Х банкны Баян-Өлгий салбарын захирлын төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгийг 50,000,000 төгрөг үнэлүүлэх тухай санал,тус газрын ажилтанийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Шинжээч томилох тухай 08/01 дугаартай тогтоол, шинжээчид эрх,үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тус газрын шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “А ” ХХК-ны №0 дугаартай үнэлгээний тайлан,тайлангийн хавсралт, 2018.04.02-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны даргын “төлөөлөгчийн газар нээх зөвшөөрөл олгох тухай” 0 дугаар тушаал,2018.04.02-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны 0 дугаарт “даатгалын байгууллагын нэгжийн” гэрчилгээ,төлөөлөгчийн газрын гэрчилгээ,  Өлгий сумын 2 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн 0  дугаартай 90 м.кв талбайтай хуувийн сууц, 0 улсын дугаартай 858 м.кв талбайтай газрын хууль ёсны үл хөдлөх гэрчилгээ, 2022.04.25-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Ш газрын даргын төлбөр төлөгч Х , А.А нарт “мэдэгдэл хүргүүлэх тухай” 0 дугаартай албан бичиг, 2022.04.25-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Ш газрын даргын төлбөр авагч Х банкны Баян-Өлгий салбарын захиралд “мэдэгдэл хүргүүлэх тухай” 0 дугаартай албан бичиг зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч аймаг дахь Ш газраас томилсон шинжээч нь Ж гэгч манай өвлийн сууцыг үзэж байгаагүй юм. Харин салбарын мэргэжилтэн гэх М  гэгч очиж манай гэрийн зургийг гаднаас аваад явсан болохоос миний байшингийн шинж, баригдсан материалыг судлах байтугай биднээс асуугаа ч үгүй юм. Үнэлгээчин гэх Ж үнэлгээ хийх объектыг харах байтугай Өлгийд ирж байгаагүй Улаанбаатар хотод оршин суух нэгэн бөгөөд 1800 км зайнаас бүгдийг харж мэдэж байгаа мэтээр үнэлгээ хийж буйд гайхаж байгаагаас гадна түүний энэхүү үйлдэл хууль бус. Үл хөдлөх хөрөнгийг үнэлэхэд хуульд зааснаар шинжээч тухайн эд хөрөнгөд биечлэн үзлэг хийх,тухайн байшингийн баригдсан материалын судалгаа хийж элэгдэл өртөг тооцон үнэлгээ хийгдэж журамтай. Үнэлгээ бодит бус хийсвэрээр хийгдсэн байх тул хүлээн зөвшөөрөхгүй тул уг үл хөдлөх хөрөнгөдөө дахин үнэлгээ хийлгэх хүсэлт байна гэж тайлбарлажээ.

 

3.Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Ш газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , Э  нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хууль болон Ш тухай хуульд зааснаар дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгч Х  төлбөр авагч Х банкны Баян-Өлгий салбараас үнийн талаар санал авсан боловч үнэ тохиролцоогүй тул 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 0 дугаартай тогтоолоор “А ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж г шинжээчээр томилж, эрх үүргийг танилцуулсан. Шинжээч “А ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж н зах зээлийн үнэлгээнд тулгуурлан үл хөдлөх эд хөрөнгийг 60,700,000 төгрөгөөр үнэлсэн. 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төлбөр төлөгч Х ыг байлцуулан шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн ерөнхий байдлыг болон элэгдлийг тооцож нэг бүрчлэн үнэлсэн байгаа. Нэхэмжлэгч Х  нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах үйлдэл гаргаж байгаа нь илт харагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэжээ.

 

4.Маргааны үйл баримтын талаар:

4.1 Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаартай шүүгчийн захирамжаар Х , А нар нь Х банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

4.2 Энэхүү шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч Х , А нар сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагч Х банкны Баян-Өлгий салбарын хүсэлтээр 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 430 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Баян-Өлгий аймаг дахь Ш газрын ажилтанийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №000017020508 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Баян-Өлгий аймаг дахь Ш газраас зээлийн төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.

 

4.3 Нэхэмжлэгч Х оос хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Ш газарт холбогдуулан тус газраас явуулсан, иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулахтай холбоотой, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 08/01 дугаар шинжээч томилох тухай тогтоолын дагуу хийгдсэн А ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн төлбөр төлөгч Х ын өмчлөлийн, Баян-Өлгий аймаг, Өлгий сум 2 дугаар багт байрлах 90 м.кв талбайтай хувийн сууц, Өлгий сум 2 дугаар багт орших 858 м.кв газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 4 дүгээр сарын байдлаар 60,700,000 төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч үнэлгээг дахин гаргуулахаар Ш тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар гомдлоо шүүхэд гаргасан байна.

 

4.4 Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Ш газар нь төлбөр төлөгч болон төлбөр авагч нарын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр №0 тоот болон 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр №0 тоот барьцаат зээлийн гэрээгээр зээл авахдаа барьцаалсан Баян-Өлгий аймаг, Өлгий сум 2 дугаар багт байрлах 90 м.кв талбайтай хувийн сууц, Өлгий сум 2 дугаар багт орших 858 м.кв газар зэрэг үл хөдлөх хөрөнгийн үнийн саналд харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 08/01 дугаар тогтоолоор “А ” ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Ш тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн ба уг үйл ажиллагаанд хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

4.5 Нэхэмжлэгчээс шинжээчээр томилсон “А ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж гэгч маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг биечлэн ирж үзэж байгаагүй, салбарын мэргэжилтэн гэх М  гэгч очиж манай гэрийн зургийг гаднаас аваад явсан болохоос миний байшингийн шинж, баригдсан материалыг судлах байтугай биднээс асуугаа ч үгүй. Үл хөдлөх хөрөнгийг үнэлэхэд хуульд зааснаар шинжээч тухайн эд хөрөнгөд биечлэн үзлэг хийх, тухайн байшингийн баригдсан материалын судалгаа хийж элэгдэл өртөг тооцон үнэлгээ хийгдэх журмыг зөрчсөн гэж маргажээ.

 

4.6 Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 255 дугаартай тушаалын нэг дэх заалтаар даатгалын хохирол үнэлэгч “А ” ХХК-д ...Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Б” ХХК-ийн байранд 1 /нэг/ ...төлөөлөгчийн газар нээх зөвшөөрөл олгож, уг төлөөлөгчийн газрыг    Ө.М  нь “А ” ХХК-нийг төлөөлж гэрээ, хэлцэл хийх, тус компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагаа эрхлэн явуулахаар болсон нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр олгосон Төлөөлөгчийн газрын гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын байгууллагын нэгжийн 233/10-24 дугаартай гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 255 дугаар тушаал зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогджээ.

 

4.7 Шинжээчээр томилогдсон “А ” ХХК-ны тус аймаг дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Ө.М  нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Х , хариуцагч байгууллагын төлөөлөгч шийдвэр гүйцэтгэгч Э  нарыг байлцуулж маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд үзлэг хийж, тэмдэглэл хөтөлж, гадна болон дотор талыг зургаар баталгаажуулж авсан болох нь талуудын тайлбар, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “А ” ХХК-ны 0 дугаартай үнэлгээний тайлангийн 2.1.4-ийн 1-д “захиалагчийн хүсэлтийг хүлээн авсны дараа 2022-04-11-ний өдөр хөрөнгөд үзлэг хэмжилт хийж, ашиглалтын байдалтай танилцсан. Хөрөнгийн холбогдох эрхийн бичиг баримттай мөн тухайн өдөр танилцсан” гэх болон уг тайланд хавсаргасан хөрөнгийн үнэлгээний байдлын зураг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

 

4.8 Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9-д “Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь үйл ажиллагаагаа түүнийг байгуулсан компанийн нэрийн өмнөөс явуулна” гэж зааснаар шинжээчээр томилогдсон “А ” ХХК-ны тус аймаг дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Ө.М  нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд биечлэн очиж танилцаж, үзлэг хийж тэмдэглэл үйлдэж, зургаар баталгаажуулж авсныг үндэслэл болгож шинжээчээс үнэлгээний тайлан гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан, хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно ” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

5.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнэ 100,000,000 төгрөгөөр тогтоогдох байтал шинжээч үндэслэлгүйгээр 60,700,000 төгрөгөөр үнэлсэн гэх үндэслэл бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй ба дээр дурдсанчлан төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээч томилж үнэлүүлэх ажиллагаанд хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийхийг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Ш албанд даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

 

1. Ш тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэг, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х ын үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийхийг хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Ш албанд даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч  Х   нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.ЖАРХЫНГҮЛ