Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2022/01792

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2022/01792

Улаанбаатар хот

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Н” ХХК

 

Хариуцагч: Б.М

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2 187 324 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: хариуцагч Б.М.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Хонгорзул.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Хариуцагч нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Б.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 187 324 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 Хариуцагч Б.М нь нэхэмжлэгчтэй 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 304202892 дугаартай зээлийн эрхийн гэрээ байгуулж, 1 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Гэвч зээлийн төлбөрийг төлөөгүй 763 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд түүнийг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгчээс удаа дараа шаардсан.

 

1.2 Иймд Б.М-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 978 330 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1 198 994 төгрөг, хугацаа хожимдуулсан шимтгэл 10 000 төгрөг, нийт 2 187 324 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Зээлийн гэрээг байгуулж, 1 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. 2 сарын төлбөр болох 300 000 төгрөгийг төлсөн. Ковид-19 цар тахлын улмаас зээлийг төлөх боломжгүй болсон. Мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байна. Үндсэн зээлээс 300 000 төгрөгийг нэхэмжлэгч хасаагүй байх бөгөөд үлдэх 700 000 төгрөгийг зөвшөөрч байгаа. Иймд миний эрүүл мэндийн болон Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж хүүг багасгаж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс “Н” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, “Н” ХХК-ийн итгэмжлэл, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн эрхийн гэрээ, зээл хүсэгчийн анкет, “Мобайл зээлийн эрх” хүсэгчийн өргөдөл, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, кредит дансны хуулга, зээлийн хорооны хурлын шийдвэр баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлээс 1 420 000  төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 767 324 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд:

 

2.1 Талууд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 304202892 дугаартай “зээлийн эрхий ” байгуулсан. Гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 1 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 30 хоногийн 5 хувийн хүүтэй, хугацаа хожимдуулсан шимтгэл 10 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.

 

2.2 Нэхэмжлэгч нь зээл 1 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь үндсэн зээл 978 330 төгрөг, хүүгийн төлбөрт 1 198 994 төгрөг, хугацаа хожимдуулсны шимтгэлд 10 000 төгрөг тус тус төлөөгүй.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд: Үндсэн зээлийн төлбөрт 300 000 төгрөг төлсөн. Хүүгийн төлбөр хэт өндөр байх тул ковид-19 цар тахал болон эрүүл мэндийн байдлыг харгалзан багасгах.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Н” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, “Н” ХХК-ийн итгэмжлэл, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн эрхийн гэрээ, зээл хүсэгчийн анкет, “Мобайл зээлийн эрх” хүсэгчийн өргөдөл, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, кредит дансны хуулга, зээлийн хорооны хурлын шийдвэр, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Талуудын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 30420892 дугаартай “зээлийн эрхийн гэрээ” байгуулагдсан байх бөгөөд гэрээний 2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс 1 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 30 хоногийн 5 хувийн хүүтэй, хугацаа хожимдуулсан шимтгэл 10 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, зээл 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагч шилжүүлж авсан нь үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

 

5.1 Зээлийн гэрээний зүйл, нөхцөл, зорилго, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний дагуу 1 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг хүүгийн хамт нэхэмжлэгчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Нэхэмжлэгч гэрээ болон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно.

 

5.2 Гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд талууд хугацааг сунгаагүй байна. Хариуцагч нь гэрээний хугацаанд буюу 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 150 000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 150 000 төгрөг, нийт 300 000 төгрөгийг гэрээний үүрэгт төлсөн болох нь кредит дансны хуулга болон хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.

 

5.3 Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. Талууд гэрээнд хүүгийн хэмжээг 30 хоногийн 5 хувиар тогтоосон байх бөгөөд хүүгийн төлбөр шаардах хэмжээ нь зээлийн гэрээний хугацаанд хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дууссан, талууд гэрээний хугацааг сунгаагүй тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны хүүгийн төлбөрийг шаардах эрхгүй.

 

5.4 Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болохоос гадна Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д “Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно” гэж заажээ. Үүнээс үзвэл, гэрээнд хүүгийн хэмжээг 30 хоногийн 5 хувиар тогтоосон нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон байх тул хариуцагчийн хүсэлт болон дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүх хүүгийн хэмжээг 30 хоногийн 3 хувь болгон багасгаж болохоор байна.

 

5.5 Хариуцагч нь гэрээний хугацаанд нийт 300 000 төгрөг төлсөн байх тул үндсэн зээл 1 000 000 төгрөг, хүүгийн төлбөр 720 000 төгрөг /30 хоногийн 3 хувь буюу 30 000 төгрөг, 24 сарын хүүгийн төлбөр 720 000 төгрөг/, нийт 1 720 000 төгрөгөөс дээрх 300 000 төгрөгийг хасаж, үлдэх 1 420 000 төгрөгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

6. Талууд гэрээний 2 дугаар зүйлд төлбөр тооцооны нөхцөлийг тодорхойлж, гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд зээлийн хугацаа хожимдуулсны шимтгэлд 10 000 төгрөг төлөхөөр заажээ.

 

6.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээнд дээрх хугацаа хожимдуулсны шимтгэлийн шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадахгүй байна.

 

6.2 Нөгөөтээгүүр,  Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж тодорхойлсон байна. Тухайн тохиолдолд гэрээний нэг тал болох барьцаалан зээлдүүлэх газар нь хариуцагчид гэрээний стандарт нөхцөлийг санал болгосон байх бөгөөд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг зөвшөөрөгч талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэжээ. Гэтэл гэрээнд хугацаа хожимдуулсны шимтгэлд 10 000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэлд тооцогдохоор байна. Өөрөөр хэлбэл, гэрээний уг заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөрчсөн байна. Иймд гэрээний дээрх заалт нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хугацаа хожимдуулсны шимтгэлд 10 000 төгрөг шаардах эрхгүй.  

 

7. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж зааснаар зээлийн эрхийн гэрээний бусад заалт нь хүчин төгөлдөр байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 948 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37 670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Б.М-ээс 1 420 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, үлдэх 767 324 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 948 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37 670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                                                                                       

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН