2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1316

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ат холбогдох эрүүгийн 2503000000463 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Б-ны А, Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, МЭ ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 2, эхнэр, эхнэрийн хамт  *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***,  урьд

Налайх дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 25000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Оргил худалдааны төвийн урд замд Toyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож Lexus HS-250 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Үүнд:

- Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, ахлах дэслэгч Б.Б 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Эрх бүхий тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, драгер багажаар үлээлгэж шалгуулсныг баримтжуулсан гэрэл зураг (хавтаст хэргийн 4-6, 14-20 дахь тал),

- Зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (хавтаст хэргийн 7-13 дахь тал),

- “CD” бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 21 дэх тал),

- Иргэний нэхэмжлэгч Б.С-ын “...Lexus HS-250 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний төрсөн эгч Э.Н-ийн автомашин. Би уг машиныг 2021 онд Дарь финанс ББСБ-с 35,000,000 төгрөгөөр худалдаж авсан. ББСБ-с 17,700,000 төгрөг гаргуулсан. Зээлийн гэрээг би өөрийн нэр дээр хийсэн. Угтаа бол уг машин эгчийн эзэмшлийнх байгаа юм. Би эгчдээ 2023 онд бэлэглэсэн. Машинд үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээгээр 470,000 төгрөгийн хохирол учирсан. Ажлын хөлсөнд 48,000 төгрөг гарсан байсан. Буруутай жолооч хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Нийт 520,000 төгрөг өгсөн. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

- Иргэний нэхэмжлэгч Э.Н-ийн “...Тэр өдөр би яармаг руу нөхөр А-г ажил дээрээс нь очиж авах гээд 12 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Оргил худалдааны төвийн урд замд өөрийн эзэмшлийн Lexus HS-250 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод ганцаараа явж байхад миний араас машин мөргөх шиг болсон. Тэгээд буугаад хартал Prius-30 маркийн бүдэг хөх өнгийн машин баруун гар тийш эргээд Оргил худалдааны төвийн хашаа руу ороод цаашаагаа явах гэж байхад нь би араас нь гүйж очиж зогсооход 50 гаран насны жолооч ах согтуу, амнаас нь их хэмжээний архи үнэртэж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний машины хойд гупер зурагдсан байгаа. Би Онцгой үнэлгээ  ХХК-иар үнэлгээ хийлгүүлсэн. 470,000 төгрөгийн хохирол учирсан, ажлын хөлсөнд 48,000 төгрөг гарсан. Миний хохирол 520,000 төгрөгийг бүрэн барагдуулсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

- Гэрч Б.Н-ы “...Б.А бол миний төрсөн ах. Осол гардаг өдрийн маргааш нь над руу утсаар яриад ах нь өчигдөр өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодож яваад хүний машин мөргөсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би та одоо яаж байгаа юм бэ. Өмнө нь эрхээ хасуулаад жолоодох эрхгүй байсан биз дээ. Одоо яах болж байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

- Онцгой үнэлгээ ХХК-ийн №250325003 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайланд “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 470,000 төгрөг...” гэх (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.17-ны өдрийн 2024/ЗШ/2663 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 59-60 дахь тал),

- Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 63 дахь тал) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэж гэмт хэргийн шинжийг заасан.

Тус зүйлийн тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.” гэсэн.

Шүүгдэгч Б.А нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.17-ны өдрийн 2024/ЗШ/2663 дугаартай шийтгэврээр тогтоогдож байх тул түүнийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ.

Мөн зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Эрх бүхий тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, драйгер багажаар үлээлгэж шалгуулсныг баримтжуулсан гэрэл зургаар шүүгдэгч Б.А-ын амьсгал дахь спиртийн агууламж 4.65 промиль байсан нь тогтоогдож байх тул түүнийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.3.      Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдэл хийснээр гэмт хэргийн шинж бүрэн хангагдах хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байхаас гадна иргэний нэхэмжлэгч Э.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53 дахь тал), Налайх дүүргийн шүүхийн 2002.02.25-ны өдрийн 34 дугаартай таслан шийдвэрлэх  тогтоол (хавтаст хэргийн 56-57 дахь тал), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 61-62 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 63 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Б.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /амьсгал дахь спиртийн агууламж 4.65 промиль хэмжээтэй/, шүүгдэгчийн хувийн байдал / урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хохирол төлж барагдуулсан/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.

Шүүгдэгч Б.А-т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдав.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Х овогт Б-ны А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 07 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.А-т мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР