Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2022/00629

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х, Хаяг:Баян-Өлгий аймгийн Т  сумын 0 дугаар багт орших,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг дарга, Хаяг:Баян-Өлгий аймгийн Т  сумын төв,

Нэхэмжлэлийн шаардлага: ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор болох 32163545 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим нар оролцов.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д болон түүний өмгөөлөгч С нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэж, мэдэгдэх хуудаст гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгчээс хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х  нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор болох 32,163,545 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 0 дугаар захирамжаар Т  сумын ЗДТГ-ын даргын ажлын үүргийг хавсран гүйцэтгэж байгаад төрийн албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтыг амжилттай өгч улмаар Т  сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай тушаалаар Т  сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд бүр томилогдсон.

1.2 Гэтэл Т  сумын Засаг дарга Е нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Захирамжийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай" 0 дугаартай захирамжаар Х  намайг Баян-Өлгий аймгийн Т  сумын ЗДТГ-ын даргын албан тушаалаас маань чөлөөлсөн. Ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч миний бие Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаар Төрийн албаны зөвлөл нь 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 0  дугаартай тогтоолоор маргаан бүхий Т  сумын Засаг даргын 2021 оны 0 дугаартай захирамжийг хүчингүй болгосон.

1.3 Хариуцагч Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргаас Төрийн албаны зөвлөлийн хуулийн хүчин төгөлдөр болсон тогтоолыг биелүүлэхийг татгалзсан тул миний бие  Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Төрийн албаны зөвлөл нь өөрийн гаргасан шийдвэрийг биелүүлэх ёстой гэж миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай эцсийн хариу өгсөн.

1.4 Ингээд Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн санаачлагчаар Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 0  дугаар тогтоолын биелэлтийг хангах ажлыг зохион байгуулснаар Т  сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Захирамжийг хүчингүй болгож, Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай" 0 дугаартай захирамжаар Х  намайг Т  сумын ЗДТГ-ын даргын ажлыг үргэлжлүүлэн томилж, дээрх намайг ажлаас чөлөөлсөн тус сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0 дугаартай захирамжийг хүчингүй болгосон.

1.5 Ажил олгогчийн намайг ажлаас чөлөөлсөн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс ажилд томилсон 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг буруутай этгээд болох Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргаас нэхэмжилж байна. Уг хугацааны нөхөн олговор 32,263,545 төгрөг гарч байна. Миний бие Т  сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд томилохоос өмнө Хөдөө аж ахуйн тасгийн даргаар ажиллаж байсан ба уг Тамгын газрын даргын ажлыг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түр хавсран гүйцэтгэж 40% нэмэгдлээр ажиллаж байсан. Харин Тамгын газрын даргаар томилогдоод 15 хоног ажиллаагүй байхад намайг ажлаас маань чөлөөлсөн байсан.

1.6 Иймд Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргаас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 32,163,545 /гучин хоёр сая, нэг зуун жаран гурван мянга, таван зуун дөчин таван/ төгрөг гаргуулан надад олгуулах тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэв.

 

2.Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Досымбекийн тайлбар, татгалзал:

2.1 Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Х ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байсан бөгөөд түүний тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай захиргааны хэргийг удаа дараа хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан юм.

2.2 Харин түүнийг аймгийн Засаг даргаас болон Төрийн албаны зөвлөлийн албан бичгийн дагуу Т  сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд томилсон юм. Х ыг ажлаас чөлөөлсөн шалтгааны хувьд анх ажилд томилогдохдоо нийтийн албанд, нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчил үүсээгүй талаарх Авлигатай тэмцэх газраас авах мэдүүлгийг аваагүй байсан учраас түүнийг томилсон шийдвэрийг холбогдох хуулийн дагуу өмнө нь ажиллаж байсан Засаг дарга чөлөөлсөн байна. Х ын энэхүү зөрчил нь арилсны дараа түүнийг холбогдох байгууллагуудтай хамтран сайн дурын үндсэн дээр томилсон.

2.3 Түүнээс биш Х  нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоогдоогүй, шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа хийгдэж ажилдаа эргэн ороогүй юм. Тус сумын Засаг даргын орлогчийн хувьд Х ыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд томилон шийдвэрлэсэн тул түүнийг эрх ашгийг зөрчөөгүй, түүнтэй холбоотой зөрчил арилсан учраас төрийн албанд дахин томилгоо хийсэн юм.

2.4 Х ыг төрийн албанаас чөлөөлсөн Т  сумын Засаг дарга асан Е ы захирамж одоо ч гэсэн хүчин төгөлдөр байгаа бөгөөд дээд шатны Засаг дарга болон шүүхээс хүчингүй болгоогүй. Тухайн захирамжийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй байна. Иймд Х ын нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 0 дугаартай захирамжийн нотариатаар батлуулсан хуулбар, Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг дарга Х ын 2021-2022 оны цалингийн тооцооны хүснэгт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0 дугаартай тогтоол, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Х аас Я.Сьездэд олгосон итгэмжлэл, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Төрийн албаны зөвлөлийн 0 дугаартай Тогтоолын биелэлт хангуулах тухай албан бичиг, хурлын тэмдэглэл №0 зэргийн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгийн нотлох баримтуудыг хүргүүлэх тухай бичгээр ирүүлсэн 2020.09.17-ны өдрийн Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын 05/10252 дугаар албан бичиг, Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргын 2020 оны 12.09-ний өдрийн 0, 0 дугаартай албан бичгүүд, 2020.12.18-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 41 дугаартай Нэр дэвшүүлж, санал болгох тухай тогтоол, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020.12.18-ны өдрийн 0 дугаартай албан бичиг, Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0 дугаартай Х ыг Засаг даргын тамгын газрын даргаар томилох тухай захирамж, мөн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Захирамжийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай 0 дугаартай захирамж, Х ын 2021.01.18-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шийдвэрлэх газарт гаргасан гомдол, Монгол улс Төрийн албаны зөвлөлийн 2021.03.12-ны өдрийн Тогтоол хүргүүлэх тухай 0, 2021.07.08-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 0 дугаартай албан бичгүүд, Х ын 2021.04.05-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2021.04.30-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн шаардлага, 2021.07.26-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан тухай тайлбар, 2021.07.30-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн шаардлага, 2021.12.07-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага тодруулан, ихэсгэсэн шаардлага, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.07-ны өдрийн 0 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай, мөн шүүхийн 2021.07.21-ний өдрийн Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах тухай 0 дугаартай, мөн шүүхийн 2021.12.16-ны өдрийн 0 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжууд, Х ын 2021.05.10, 2021.06.14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржанд гаргасан гомдол, 2021.05.31-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Мэдэгдэл хүргүүлэх тухай 1-0 дугаартай албан бичиг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.05.31-ний өдрийн 0, 2021.11.24-ний өдрийн 0 дугаартай тогтоолууд, Х ын 2021.08.04-ний өдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдол, 2021.09.06-ны өдрийн нэмэлт тайлбар, 2021.10.20-ны өдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригт гаргасан гомдол, өмгөөлөгч Я.Сьездийн 2021.12.22-ны өдрийн 0 дугаартай Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржанд гаргасан хүсэлт, мөн өдрийн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригт гаргасан гомдол, Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргын тамгын газрын ня-бо М.Айболатын 2022.05.30-ны өдрийн бичсэн тодорхойлолт болон 4, 5 дугаар саруудын цалин олгох хүснэгт, мөн сарын цаг бүртгэлийн маягтууд, 2022.06.16-ны өдрийн тайлбар, Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргын 2020.08.14-ний өдрийн Х ыг түр хавсран гүйцэтгэгчээр томилох тухай 0 дугаартай захирамж, түүний НДД №А 0 нийгмийн даатгалын дэвтэр дэвтэр зэргийн нотариатаар батлуулсан хуулбар зэрэг нотлох баримтуудыг,

 

4.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2/98 дугаар албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар, өмгөөлөгч С тай 2022.06.16-ны өдөр байгуулсан өмгөөллийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргаас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 29,945,966 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ыд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,217,579 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргаар ажиллаж байсан асан Е нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Захирамжийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай" 0 дугаартай захирамжаар намайг Баян-Өлгий аймгийн Т  сумын ЗДТГ-ын даргын албан тушаалаас нь чөлөөлсөн. Ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч Монгол улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаар Төрийн албаны зөвлөл нь 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 0  дугаартай тогтоолоор маргаан бүхий Т  сумын Засаг даргын 2021 оны 0 дугаартай захирамж хууль бус байсан тул хүчингүй болгосон. Улмаар Т  сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Захирамжийг хүчингүй болгож, Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай" 0 дугаар захирамжаар  Т  сумын ЗДТГ-ын даргаар томилсон. Иймээс намайг ажлаас чөлөөлсөн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс ажилд томилсон 2022 оны 4 дүгээр сарын 22-ны хүртэлх  ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг буруутай этгээд болох Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргаас нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

 

3.Хариуцагч тус аймгийн Т  сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Х ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байсан бөгөөд түүний тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай захиргааны хэргийг удаа дараа хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан юм. Х  нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоогдоогүй, шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа хийгдэж ажилдаа эргэн ороогүй юм.  Х ыг төрийн албанаас чөлөөлсөн Т  сумын Засаг дарга асан Е ы захирамж одоо ч гэсэн хүчин төгөлдөр байгаа бөгөөд дээд шатны Засаг дарга болон шүүхээс хүчингүй болгоогүй. Тухайн захирамжийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй гэж маргажээ.

 

4.Маргааны үйл баримтын талаар:

4.1 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Х ыг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргын 0 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн томилсныг мөн Засаг даргын  2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0 дугаартай захирамжаар “тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшигч Х ын хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авилгатай тэмцэх газраас хянаагүй байхад томилсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг Т  сумын ЗДТГазрын даргаар томилсон Засаг даргын 0 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Х ыг Т  сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.

4.2 Уг захирамжийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2-т зааснаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Төрийн албаны зөвлөлийн 0  дугаар тогтоолоор “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дах хэсэгт Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшсэн Х ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх хуульд заасан чиг үүргээ сумын Засаг дарга өөрөө хэрэгжүүлээгүй” гэх үндэслэлээр Х ыг ажлаас чөлөөлсөн ажил олгогч Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0 дугаар захирамжийг хүчингүй болгож, Х ыг Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг тус сумын Засаг дарга Е д даалгаж шийдвэрлэсэн ба уг тогтоолыг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн гишүүний 0 дугаар албан бичгээр Т  сумын Засаг дарга Е д хүргүүлсэн байна.

4.3 Гэтэл ажил олгогч Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргаас дээрх 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Төрийн албаны зөвлөлийн 0  дугаар тогтоолыг  биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Х аас тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргад холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 0  дугаар тогтоолыг биелүүлэхийг болон Х ыг Баян-Өлгий аймгийн Т  сумын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гаргахыг тус сумын Засаг даргад даалгах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 19,867,410 төгрөгийг Т  сумын Засаг даргаас гаргуулах”-ыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гарснаар 2021 оны 12 дугаар сарын 16-ны Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0 дугаартай шүүгчийн захирамжаар “нэхэмжлэгчийн шүүхээс шаардаж буй үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага  болох Төрийн албан зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 0  дугаар тогтоолоор урьдчилан шийдвэрлэгдэж хангагдсан, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх буюу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллах эрх нь сэргээгдсэн байх тул” сэргээгдсэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээс давхар сэргээх, хамгаалах хууль зүйн үндэслэлгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаснаар Захиргааны хэргийг давж заалдах шатны шүүхийн 0 дугаар тогтоолоор уг захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байжээ.

4.4 Улмаар Төрийн албан зөвлөлийн даргын 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 0 дугаар албан бичгээр Төрийн албан зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид тогтоолын биелэлт хангуулахаар шаардсанаар  хариуцагч Баян-Өлгий аймгийн  Т  сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 0  дугаар тогтоолыг биелүүлж, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 0 дугаар захирамжаар дээрх нэхэмжлэгч Х ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилсноор нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроо нэхэмжилсэн байна.

 

5. Хууль зүйн үндэслэлийн талаар:

5.1 Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Х ыг шүүхийн шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоогоогүй тул түүнд ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгох боломжгүй гэж маргаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон үед ажил олгогчийн хүлээх хариуцлагын талаар хуульчилсны 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж зааснаар эрх бүхий байгууллага болох  Төрийн албан зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 0  дугаар тогтоолоор Х ыг ажлаас чөлөөлсөн ажил олгогч Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргын  2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0 дугаар захирамжийг хүчингүй болгож, Х ыг Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг тус сумын Засаг дарга Е д даалгаж шийдвэрлэснийг хариуцагчаас 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 0 дугаар захирамжаар биелүүлсэн тул нэхэмжлэгчээс ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс ажилд томилсон 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх  хугацаа болох 14 сар 26 хоногийн нөхөн олговрыг хариуцагч байгууллагаас нэхэмжлэх эрхтэй байна.

 

5.2 Нэхэмжлэгч Х  нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргаас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 32,163,545 төгрөг нэхэмжилж байгаа боловч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцож олгохоор заасан 8 үндэслэлийн 2.3.5 дахь хэсэгт “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор олгохоор” заасан.

5.3 Гэтэл нэхэмжлэгч Х ыг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргын 0 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн томилсныг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Т  сумын Засаг даргын 0 дугаар захирамжаар хүчингүй болгож, Т  сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн байх тул түүний ажлаас чөлөөлөхөөс өмнөх гурван сарын цалингаар нь дундаж цалин хөлсийг тооцох боломжгүй тул түүний НДД№А 0 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр болон цалин хөлс олгох хүснэгт  тэрээр 2022 оны 5 дугаар сард бүтэн ажиллаж 1976284 төгрөгийн цалин авсан байх тул түүний сарын цалинг 1976284 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

5.4 Харин өдрийн цалинг мөн журмын 2.1.2 дахь хэсэгт “нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж” гаргахаар журамласан байгаа тул нэхэмжлэгч Х ын НДД№А 0 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр болон цалин хөлс олгох хүснэгтэд түүний 2022 оны 04, 05 дугаар сард ажилласан хугацааны цалин хөлс нь бичигдсэн ба уг хугацаагаар тооцоход нэг өдрийн цалин нь 87,615 (564,563+1976284/ 29 а/х) төгрөг байна.

5.5.Иймд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 29,945,966 (/1976284 х 14 сар/+/87,615х 26 хоног/) төгрөг гарч байгаа тул уг мөнгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгч Х ыд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,217,579 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318770 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч Х ыд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 29,945,966 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох  307,680 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргаас гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-т  заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргаас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 29,945,966 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ыд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,217,579 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318770 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч Х ыд олгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Т  сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 307,680 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.ЖАРХЫНГҮЛ