| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 181/2018/02776/И |
| Дугаар | 492 |
| Огноо | 2019-03-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 492
“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Э даргалж, шүүгч Г.Д, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/00135 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Нэтс пропертис” ХХК-ийн хариуцагч Л.Н-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 13 200 000 төгрөг гаргуулах үндсэн, хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэг-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Бид 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ГЭГ 181/80 дугаар газрын эзэмших, ашиглах эрх шилжүүлэхэд зуучлах энгийн эрхийн гэрээ буюу зуучлалын гэрээ байгуулсан. Зуучлуулагч Л.Н-ын эзэмшлийн 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 000493203 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ-4 станцын зүүн талд байрлах 4 000 м.кв аж ахуйн зориулалттай газрыг худалдан авах худалдан авагч олоход зуучлалын үйл ажиллагаа явуулахаар гэрээгээр тохиролцсон. "Нэтс пропертис" ХХК-ийн зуучлагч Д.Ө зуучлалын зүйл болох газрыг П.Б-д худалдан борлуулахаар зуучлалын үйл ажиллагаа явуулж, улмаар худалдан авах саналын хуудас бөглүүлэн Л.Н тай холбож 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зуучлуулагч Л.Н худалдан авагч П.Б-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан 400 000 000 төгрөгөөр газрыг худалдсан. Зуучлалын гэрээний 4.1-д зуучлуулагч нь зуучлагчид 22 000 000 төгрөгийн зуучлалын хөлс төлөхөөр тохиролцож төлбөрийг гэрээний 4.3-т зааснаар төлбөр зуучлуулагчийн дансанд шилжсэн өдөртөө төлөхөөр заасан. Л.Н урьдчилгаа төлбөрөө аваад зуучлалын төлбөрийн 22 000 000 төгрөгийн 50 хувь болох 11 000 000 төгрөгийг төлсөн. Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр худалдан авагч П.Б үлдсэн төлбөрийг төлсөн боловч үлдэгдэл 11 000 000 төгрөгийг төлөөгүй. Газрыг худалдан авсан этгээд сүүлийн төлбөрийг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төлсөн талаар баримт хэрэгт авагдсан. Гэрээний 8.3-т төлбөр төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр заасан тул 2018 оны 8 дугаар сарын 31-нээс хойш нэхэмжлэл гаргах хүртэлх 40 хоног, өдрийн 55 000 төгрөгөөр тооцож, 2 200 000 төгрөг, үлдэгдэл хөлс 11 000 000 төгрөг, нийт 13 200 000 төгрөг гаргуулж өгнө үү. Газрын үнийг 400 000 000 төгрөг байхаар талууд тохиролцож, гэрээний 6.1-д тусгасан. Мөн талуудыг холбох үүргээ бүрэн биелүүлж, газар бусдад шилжсэн тул гэрээний 7.1.3, 7.1.4-т заасан үүргээ биелүүлээгүй, сурталчилгаа хийгээгүй, газрын үнэлгээг хийлгээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Л.Н ын эзэмшлийн 8023/5152 нэгж талбарын дугаар бүхий газрыг иргэн П.Б-д зуучлалын гэрээний дагуу 400 000 000 төгрөгөөр худалдахад зуучилж, зуучлалын гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн. Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.3 дахь хэсэгт заасан зуучлалын хөлс, шагнал гэрээний үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй тухай заалт нь зөвхөн гэрээ хэдий боловч зуучлагчийн тусламжгүйгээр зуучлуулагч өөрөө бусадтай гэрээг байгуулсан тохиолдолд үйлчилнэ. Харин Л.Н ын тухайд манай байгууллагаар зуучлуулж хэлцэл хийгдэж газар эзэмших эрх шилжсэн. Иймд гэрээний хөлс тохиролцсон заалт хууль зөрчөөгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ
Хариуцагч хариу тайлбар болон түүний өмгөөлөгчшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрыг худалдах худалдан авагч олоход зуучлалын үйл ажиллагаа явуулахаар тохирсон боловч нэхэмжлэгч худалдан авагч олж өгөөгүй, өөрсдийн танилцуулж байсан үйлчилгээг үзүүлээгүй, мэргэжлийн байгууллага гэж өөрсдийгөө сурталчилсан боловч тохирсон үйлчилгээг үзүүлээгүй, 400 000 000 төгрөгөөр газрыг худалдаагүй. Надтай байгуулагдсан гэх Газрын эзэмших, ашиглах эрх шилжүүлэхэд зуучлах энгийн эрхийн гэрээ нь хууль бусаар байгуулагдсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.Ө, н.Д нарыг өөрийн байгууллагын зуучлагч гэх боловч энэ талаар баримтхэрэгт гаргаагүй. Анх нэхэмжлэгчтэй н.Д П.Бхудалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар ярилцсан. Мөн гэрээний 7.1.3, 7.1.4-т зааснаар хөрөнгөд үнэлгээ хийх, сурталчилгаа хийх үүрэг хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Хэрэв хөрөнгөд үнэлгээ хийсэн бол илүү үнэ хүрэх боломжтой атал зуучлуулагчийнхаа эсрэг ажиллаж бусдад хөрөнгийг хямд үнээр авах нөхцлийг бүрдүүлж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан гэх газрын эзэмших, ашиглах, эрх шилжүүлэхэд зуучлах энгийн эрхийн гэрээнд гарын үсэг зурсан боловч эрх зүйн мэдлэггүй тул сайн ойлгоогүй. Энэ талаар тайлбарлуулж зөвлөгөө аваагүй бөгөөд санал байсан боловч өөрийн саналыг тусгуулж чадаагүй, тухайн компанийн стандарт гэрээ нь ийм байдаг гэж хэлсэн. Хэт нэг талыг барьсан, надад тулгасан, миний эрхийг зөрчсөн гэрээ болсон. Иргэний хуулийн 410-411 дүгээр зүйлд заасныг баримтлан гэрээ байгуулсан гэжээ. Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.3 дахь хэсэгт "зуучлуулагч нь зуучлагчийн тусламжгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд зуучлагчид хөлс, шагнал олгохоор тохиролцож болно. Худалдах, худалдан авах гэрээ байгуулахад зуучлах бол хөлс, шагналын хэмжээ гэрээний үнийн таван хувиас хэтрэхгүй" гэж заасан. Гэтэл гэрээний 4.1 дэх хэсэгт зуучлалын хөлсийг 5.5 хувь буюу 22 000 000 төгрөг гэсэн нь хууль зөрчсөн хэлцэл юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн газрын эзэмших, ашиглах, эрх шилжүүлэхэд зуучлах энгийн эрхийн гэрээний 4.1 дэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 9 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 4 200 000 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 223 950 төгрөг, хариуцагчийн төлсөн 270 000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, илүү төлсөн 2 050 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагчид олгож, хариуцагчаас 158 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх "... иймд тэрээр үлдэх хөлсийг шаардах эрхтэй тул шүүх гэрээний 4.1-д заасан 5.5 хувийн хэмжээг хуульд нийцүүлэн багасган 5 хувиар тооцож ...” гэж дүгнэн хэргийг шИйдвэрлэсэнд гомдолтой байна. П.Б нь газар худалдан авах хүсэлтэй байгаагаа Д.Ө-д илэрхийлсэн гэх бөгөөд харин үнийн дүнг 450 000 0000 төгрөгөөс 550 000 000 төгрөгийн хооронд байвал болно гэдэг. Гэтэл Д.Ө буюу зуучлалын байгууллага нь миний хөрөнгийг илт үнэгүйдүүлэн 400 000 000 төгрөгөөр худалдан борлуулсанд гомдолтой байдаг. Учир нь олон улсын стандартаар ажилладаг маш сайн үйлчилгээтэй дэлхийн шилдэг зуучлагч гэх байгууллага нь ямар ч үйлчилгээ байхгүй мэргэжлийн гэх ямар ч үйлчилгээ үзүүлээгүй атлаа зуучлалын хөлсөө ямар ч аргаар хамаагүй авч байвал болно гэж хандсанд гомдолтой байна. Мөн байгуулсан гэрээнд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийн төлөө ажиллана боловч миний эрх ашгийг хамгаалах талаар юу ч хийгээгүй, энэ талаар ямар ч баримтгүй, надаас мөнгө авахаар ажилласан. Шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Д.Ө нь өөрөө 450 000 000-550 000 000 төгрөгөөр худалдан авмаар байна гэж захиалга ирсэн байсан гэж хэлсэн. Өмнө нь нэхэмжлэгч компанид ажиллаж байсан ажилтныг гэрчээр асуухдаа тусгаарлаагүйд гомдолтой байна. Гэрч миний эрх ашгийг зөрчсөн талаар хангалттай мэдүүлсэн гэжээ.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “Нэтс пропертис” ХХК нь хариуцагч Л.Н-д холбогдуулан зуучлалын хөлс 11 000 000 төгрөг, алданги 2 200 000 төгрөг, нийт 13 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ./хх1-2/
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 9 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 4 200 000 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч нэхэмжлэгчийг зохих үйлчилгээг үзүүлээгүй, эрх ашгийг зөрчиж хямд үнээр худалдсан, энэ талаар мэдүүлэг авсан гэрчийг тусгаарлаагүй гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан болно.
Эвлэрлийн гэрээнд “хариуцагч 8 000 000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлнө, нэхэмжлэгч 1 000 000 төгрөгөөс татгалзсан, талууд тухайн гэрээний талаар үүнээс өөр маргаангүй болно” гэж заан зохигчид гарын үсгээ зуржээ.
Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгч “Нэтс пропертис” ХХК, хариуцагч Л.Н нарын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаахгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/00135 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Нэтс пропертис” ХХК болон хариуцагч Л.Н нарын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 8 000 000 төгрөгийг төлөх, нэхэмжлэгч 1 000 000 төгрөгөөс татгалзсан тухай эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.Э
ШҮҮГЧИД Г.Д
А.О