Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2022/0402

 

 

 

            

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Г***** Н**** Г**** ХХК /РД:*******/       

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Г.В********* нарын хооронд үүссэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.З*****, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Н***********, хариуцагч Г.В********* нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

1.1. Г***** Н**** Г**** ХХК нь тус шүүхэд хандан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Г.В*********ийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Гомдол гаргагч Г***** Н**** Г**** ХХК нь оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг.[1]

2.2.Тус компани нь оёдлын үйлдвэрлэл эрхлэхдээС***** Г****** Д********* ХХК-иас 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал /18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 32 дугаар байрны В1 давхрын 1-7 тоотод байрлах 7 ширхэг автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг зээлээр худалдан авсан.[2]

2.3. Дээрх 7 ширхэг автозогсоолын зориулалтыг өөрчлөн талбайд нь оёдлын цехийн үйл ажиллагаа явуулдаг.

2.4. Ш**** СӨХ-оос 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 21/07 тоот албан бичгээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өргөдөл[3], мөн 32 дугаар байрны оршин суугчдаас Монголын сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлд хандан 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөрС***** Г****** Д********* ХХК-ийн талаар хүсэлт[4], иргэн Г*******, Г**********, Ц******, С******** нараас С***** Г****** Д********* ХХК-д хандан өргөдөл[5] гаргаж байсан.

2.5. Гэхдээ дээрх өргөдөл, хүсэлтүүдийн агуулга ньС***** Г****** Д********* ХХК-ийн үйл ажиллагаатай байсан бөгөөд Г***** Н**** Г**** ХХК-ийн 7 ширхэг автозогсоолын зориулалтыг өөрчилж, оёдлын цех ажиллуулж байгаатай холбоотой агуулга байгаагүй.

2.6. Хариуцагч улсын байцаагч Г.В*********эд 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ш*** СӨХ-оос 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 21/07 тоот албан бичгээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гаргасан өргөдөл цохогдож ирсэн.[6]

2.7. Хариуцагч нь маргаж буй шийтгэлийн хуудсыг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн бөгөөд дугаар нь 0035430.[7]

2.8. Тус шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Г***** Н**** Г**** ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.9 дэх заалтыг зөрчсөн гэж буруутгаж, 5 000 000 төгрөгөөр торгосон.

2.9. Гомдол гаргагчийн зүгээс “... манай компани 7 ширхэг автозогсоолыгС***** Г****** Д********* ХХК-иас зээлээр худалдан авсан, одоогоор тус зогсоолуудын өмчлөгч нь манай компани биш, тийм байхад зөрчлийн хэрэгт холбогдогчоор манай компанийг тогтоосон нь буруу, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад зааснаар бидний худалдан авсан В1 давхар нь барилга байгууламжид хамаарахгүй, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг нь 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүчингүй болсон, улмаар тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно” гэж заасан бөгөөд тухайн өрөөнөөс бусад хэсгийн зориулалтыг өөрчлөхийг хуулиар хориглоогүй байхад үүнийг харгалзахгүйгээр шийтгэлийн хуудас оногдуулсан нь үндэслэлгүй, мөн хуулийн 16, 17 дугаар зүйлүүдэд нийтийн зориулалттай орон сууцанд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх асуудлыг нарийвчлан зохицуулсан бөгөөд 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэлж болохоор байгаа, мөн оёдлын үйл ажиллагаа явуулснаас эрх ашиг нь хохирсон хүн байхгүй, энэ талаар иргэдээс гомдол ирж байгаагүй ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.10. Хариуцагчийн зүгээс “... гомдол гаргагч Г***** Н**** Г**** ХХК нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт “... эзэмшигч барилга ... зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр ... зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.” гэснийг зөрчсөн буюу анх тухайн барилгыг улсын комисс хүлээн авахад автозогсоолын зориулалттай хүлээлгэн өгсөн талбайн зориулалтыг зохих зөвшөөрөлгүй өөрчлөн оёдлын үйл ажиллагаа явуулсан тул Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар шийтгэлийн хуудас гаргасан, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан зүгшрүүлэх, тохируулах хугацаа өнгөрсөн хэдий ч мөн хуулийн 14.6 дахь хэсэгт заасан  хэвийн ашиглалтын хугацаа дуусаагүй байхад энэхүү зөрчлийг гаргаж, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй байсан тул шийтгэлийн хуудас ногдуулсан ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Н********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г***** Н**** Г**** ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын улсын байцаагч Г.В*********эд холбогдуулан түүний гаргасан 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0035430 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд гаргасан.

Г***** Н**** Г**** ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 32 дугаар байрны 1 давхар болон зоорины давхарт үйлдвэрлэл эрхэлж үйл ажиллагаагаа явуулдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн улсын хяналтын байцаагч  Г.В********* нь манай компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 0035430 дугаартай  зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг үйлдэж Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9-т заасан зөрчлийг үйлдсэнд тооцож 5000 нэгжтэй тооцох буюу 5 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан. Үйлдвэрлэл буюу оёдлын үйл ажиллагааг зогсоож зоорины давхрыг буцаан автомашины зогсоолын байдалд оруулахыг даалгаж зөрчлийн үр дагаврыг арилгуулах арга хэмжээ авах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг цуцалсан гэж гаргасан.Уг шийтгэлийн хуудсыг гомдол гаргагчийн зүгээс эс зөвшөөрч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад гомдол гаргасан боловч Шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэж хариу өгсний дагуу шүүхэд гомдол гаргасан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын улсын байцаагч Г.В********* нь зөрчилд шийтгэл ногдуулах шийтгэлийн хуудсаар Г********** ХХК-г Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9-д заасан зөрчлийг үйлдсэнд тооцсон.

Г***** Н**** Г**** ХХК Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 32 дугаар байрны 1 давхрыг тэр чигт нь үйлчилгээний зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгө мөн В1 давхарт байрлах анх баригдахдаа авто зогсоолын зориулалтаар баригдсан бүх авто зогсоолуудыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохС***** Г****** Д********* ХХК-тай зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ньС***** Г****** Д********* ХХК юм.  Г**** ХХК нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг. Иймд Г**** ХХК-г холбогдогчоор татсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчиж байна. Мөн Гэрэлтнаран гэрэл ХХК нь энэ барилгын 1 давхрын 1,2 тоот хаягт байршилтай нийт 239 м.кв талбайтай буюу 1 давхрын хэсгийг үйлдвэрлэл оффис зориулалтаар, В1 давхрыг бүхэлд нь агуулахын зориулалтаар ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байна.

Улсын байцаагч Г.В********* нь Г***** Н**** Г**** ХХК-ийн 1 давхар болон В1 давхрын аль хэсгийн зориулалтыг өөрчилсөн болохыг танилцуулалгүй шийдвэр гаргасан. Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9-д өмчлөгч эзэмшигч нь барилга байгууламжид эвдрэл гэмтэл учруулах зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй үндсэн хийц бүтээц төлөвлөлт зориулалтыг өөрчлөх тухайн барилга байгууламж, байгаль орчин хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн гэж Зөрчлийн тухай хуульд тодорхойлж хуульчилсан. Барилга байгууламж гэдгийг Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар "Барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг хэлнэ гэж заасан. Гэтэл Г***** Н**** Г**** ХХК-ийн агуулахын үйл ажиллагаа явуулж байгаа В1 давхар буюу зоорины давхар нь барилга байгууламж гэсэн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасанд хамаарахгүй. Г***** Н**** Г**** ХХК нь энэхүү орон сууцны барилгын 1 давхар болон В1 давхрыг худалдан авахдаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зорилгоор анх худалдан авсан.

Орон сууцны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Орон сууц төлөвлөх, орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх нийтийн зориулалттай орон сууцны байшингийн зориулалтыг өөрчлөх болон орон сууц ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл орон сууцны зориулалтыг ашиглахтай холбоотой харилцааг Орон сууцны тухай хуулиар зохицуулсан. Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т Нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцны зориулалтыг өөрчлөх, уг сууцыг орон сууцны сангаас хасах, түүнчлэн сууцны төлөвлөлт, үндсэн бүтээц, хийц, инженерийн шугам сүлжээг өөрчлөхөд, тавих шаардлага, зөвшөөрөл олгох хяналт тавих журмыг орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тогтооно гэж хуульчилсан байсныг 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т “Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно” гэж заасан. Техникийн өрөөнөөс бусад зориулалтыг өөрчлөхөд хуулиар хориглоогүй ийнхүү өөрчлөхдөө бусдаас зөвшөөрөл авах шаардлагагүй болгож хуульчилсан. Иймд Орон сууцны тухай  хуулийн зохицуулалтыг харгалзахгүйгээр зөрчил үйлдсэнд тооцсоныг эс зөвшөөрч байна. Мөн Орон сууцны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар баригдсан хэсэгт болон сууцандаа бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр энэ хуулийн 17.1-д зааснаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж болно” гэж хуулиар зөвшөөрсөн. Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д орон сууцны байшинд эрхлэхийг хориглосон үйл ажиллагааны жагсаалтад оёдлын үйл ажиллагаа хамаарахгүй байна.

Г***** Н**** Г**** ХХК-ийн 32 дугаар байрны 1 давхар болон В1 давхарт явуулж байгаа оёдлын үйл ажиллагааг Орон сууцны тухай хуулиар хүлээн зөвшөөрсөн. Авто зогсоолыг Оёдлын үйл ажиллагааг эрхлэх зориулалтаар өөрчлөхөд заавал зөвшөөрөл авдаг байсан хуулийн зохицуулалт 2011 онд хүчингүй болсон байхад шийтгэлийн хуудас үйлдсэн улсын байцаагч харгалзахгүйгээр зөрчилд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын улсын байцаагч Г.В*********ийн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0035430 дугаартай зөрчилд шийтгэл ногдуулах шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

Зөрчлийн хэрэг үүсэхтэй холбоотой процесс удааширсан буюу шүүхээс гомдлыг хүлээн авахаас татгалзсан, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахтай холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэх арга хэмжээ шууд явагдсан буюу компанийн байгууллагын данснаас татсан учраас тус шийдвэр биелэгдсэн. Гомдол гаргагч сайн дураар биелүүлээгүй гэдгийг дурдъя...

2019 онд барилга ашиглалт ороод орон сууц захиалагчид орон сууцандаа ороод 2021 он хүртэл 7 зогсоолоос нэгийг ч худалдаж аваагүй учраас Г****** ХХК худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авсан. Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа 1 жил хугацаа өнгөрсөн.  Баталгаат хугацаа гурван жил гэдэг нь барилгын үндсэн хэсэгтэй холбоотой эвдрэл гэмтэл гарвал барилгыг барьсан С***** Г****** Д********* ХХК хариуцлага хүлээнэ.С***** Г****** Д********* ХХК үүргээ ухамсарлаад шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Гэрэлтнаран гэрэл ХХК нь Орон сууцны тухай хуулиар оёдлын үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байхад үйл ажиллагаагаа зогсоо гээд шийтгэлийн хуудас ногдуулаад байгаа нь хууль бус юм. Гагцхүү техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглосон. Нийтийн орон сууцны байшингийн зориулалтыг өөрчлөхдөө зөвшөөрөл авдаг байсан хуулийн зохицуулалт нь хүчингүй болсон. Барилгын 1 давхар нь угаасаа үйлчилгээний зориулалттай, оёдлын үйлчилгээний  агуулахаар ашиглаж байгаа үйл ажиллагаа нь хууль зөрчөөгүй. Цар тахалтай хүнд хэцүү үед 20 гаруй ажилтныг ажлын байраар хангаад ажлын байр бий болгож байгааг нь дэмжихийн оронд хааж боож болохгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас техникийн өрөөг яах ёстой талаар дэмжиж зөвлөмөөр байна. Авто зогсоолыг зогсоолоор нь байлга гэсэн шаардлага нь хуульд нийцэхгүй байна. Тиймээс гомдлын шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

3.2. Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Г.В********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г***** Н**** Г**** ХХК,С***** Г****** Д********* ХХК-д холбогдох зөрчлийн хэрэг 2021 оны 08 дугаар сарын 16-нд Нийслэлийн прокурорын газрын хяналтан дор шат дараатай нотлох баримтуудыг цуглуулах, холбогдогчоос мэдүүлэг авах, газрын үзлэг шалгалт хийх, тэмдэглэл үйлдэх зэргээр нотлогдсон. Зөрчлийн хэрэгт авагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт 2019 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн 2019/40 дугаартай актаар тухайн нийтийн зориулалттай орон сууцны барилгыг  9 давхар 7 автомашины зогсоолтой 35 айлын хүчин чадалтай улсын комисс хүлээж авсан. Тухайн барилгын ажлын захиалагчС***** Г****** Д********* ХХК тухайн барилга байгууламжийг барихдаа Монгол Улсад мөрдөгдөж байгаа орон сууцны барилгын  зураг төсөл төлөвлөлт норм орон сууцны барилгын айлын хүчин чадлаас хамааруулаад зоорин давхарт 25 хувийн автомашины зогсоол, гадна талд 50 хувийн автомашины зогсоол  заавал байх заалтуудыг мөрдлөг болгож тухайн ажлын зураг төсөл болон улсын комисс барилгын хүлээж авдаг. Орон сууцны барилгын тухай хууль болон Барилгын тухай хуульд өмчлөгч, эзэмшигч нь барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих байгууллагын зөвшөөрөлгүй үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт зэргийг өөрчлөхийг хориглосон байдаг. Гэрэлтнаран гэрэл ХХК-ийн гаргасан зөрчил нь нийтийн зориулалттай орон сууцанд бусад оршин суугчдын хуулиар авто зогсоол өмчлөх эрхийг хязгаарлаж тухайн зоорины давхарт байрлах техникийн өрөө тасалгаа буюу цахилгааны шийд, ус дулаан дамжуулах узелийн өрөөнүүдийг бүхэлд нь хасаж  хана өрж үйлдвэрийн зориулалттай болгож өөрчилсөн байгаа нь нийтийн зориулалттай орон сууцны барилгын  инженерийн шугам сүлжээнд эвдрэл гэмтэл гарах, засвар үйлчилгээ хийх нөхцөлийг хангахгүй нийт оршин суугчдын эрхийг ноцтой зөрчиж байна. Г**** ХХК-ийн захирал н.Гэрэлээс тайлбар мэдүүлэг авсан. Барилгын ажлын захиалагч С***** Г****** Д********* ХХК-иас тайлбар мэдүүлэг авсан. Орон сууцны тухай хуулиар тэсэрч дэлбэрэх бусад төрлийн үйл ажиллагааг холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулж болно гэж зохицуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийтгэл ногдуулсан шийтгэлийн бүрэн барагдуулсан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлтэй байгаа. Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг биелүүлэх шийдвэр гаргуулах шаардлагатай...

Тухайн орон сууцны 7 автомашины зогсоолд 7 үл хөдлөхийн гэрчилгээ гарсан. 1 зогсоол нь 18м.кв. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн  дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд дараах эд хөрөнгө хамаарна” , 15.1.1-д “Орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж заасан.

Г***** Н**** Г**** ХХК-ийн эзэмшиж байгаа зоорины давхар нь өөрийн эзэмшиж байгаа 7 машины зогсоол буюу нийт метр квадратаас илүү дундын өмчлөлийг хувьдаа  ашиглаж байгаа нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн  дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зүйл заалтыг зөрчиж байна. Шинэ санаа сууц өмчлөгчдийн холбооны гомдол, н.Нархандаас авсан тайлбар мэдүүлэгт автомашины зогсоолыг айлууд авах хүсэлтийг удаа дараа сууц өмчлөгчдийн холбоонд тавьсан бөгөөд үйлдвэрийг гаргахаар гарын үсэг цуглуулж байна гэсэн мэдүүлэг өгсөн. Техникийн өрөө нь зоорины давхарт төлөвлөгдсөн. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг техникийн өрөө тасалгаатай бүхэлд нь хашиж зориулалтыг өөрчилж үйлдвэрлэл явуулж байгаа нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн  дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Орон сууцны тухай хууль, Барилгын тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтойгоор зөрчиж байна. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад  зүгшрүүлэх, тохируулах хугацаа 1 жил байна. Нэг жил дууссан тохиолдолд захиалагч, гүйцэтгэгч,  зураг төсөл зохиогч, ашиглагч хамтарсан үзлэг шалгалт хийж тэмдэглэл үйлдэж зөрчлийг арилгуулна. Шинэ санаа сууц өмчлөгчдийн холбооноос С***** Г****** Д********* ХХК-д зүгшрүүлэх, тохируулах хугацааны тэмдэглэл үйлдэх, зөрчил дутагдлаа арилгуулах хүсэлтүүдийг удаа дараа тавьсан боловч тухайн барилгад хууль зөрчсөн үйл ажиллагааг дур мэдэн явуулж нийт оршин суугчдын эрхийг удаа дараа зөрчсөн.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Барилгын тухай хуульд заасан:” гээд мөн зүйлийн 1.9 дэх заалтад “өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, эсхүл тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн ... бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.

2. Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт “Өмчлөгч, эзэмшигч барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.” гэж зохицуулжээ.

3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд аливаа хуулийн этгээд нь Барилгын тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтыг зөрчсөн бол хууль зүйн хариуцлага хэрэгжихээр зохицуулжээ.

4. Хуулийн дээрх хэм хэмжээг дэлгэрэнгүй байдлаар тайлбарлахад субъектын хувьд тухайн барилга байгууламжийн объектыг өмчлөгч, эзэмшигчийн хэн алинд үйлчлэхээр байх бөгөөд зөрчлийн бүрэлдэхүүний хувьд барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, эсхүл зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, эсхүл тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэх гэсэн үйлдлүүдийг хориглохоор заажээ.

5. Хариуцагчийн тайлбар зэргээс үзэхэд хариуцагч улсын байцаагч нь гомдол гаргагч Г***** Н**** Г**** ХХК-ийг Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт “... эзэмшигч ... зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр ... зориулалтыг өөрчлөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж шийтгэлийн хуудас оногдуулсан байна.

6. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд гомдол гаргагч Г***** Н**** Г**** ХХК ньС***** Г****** Д********* ХХК-иас 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал /18062/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 32 дугаар байрны В1 давхрын 1-7 тоотод байрлах 7 ширхэг автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг зээлээр худалдан авсан бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй болох нь тогтоогдож байна.

7. Энэ агуулгаараа гомдол гаргагч Г***** Н**** Г**** ХХК нь тухайн В1 давхарт байрлах 1-7 тоот автозогсоолын талбайн хувьд эзэмшигч этгээд байх бөгөөд эзэмшигч этгээд болохын хувьд Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарах субъект байна гэж шүүх дүгнэлээ.

8. Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарах субъект мөн тул мөн хэсэгт зохицуулсан хориглолт тухайн компанид үйлчлэх нь зүй ёсны гэж үзнэ.

9. Тодруулбал, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга байгууламжийн тодорхой хэсгийн зориулалтыг өөрчлөхийг хориглоно гэж заасан хуулийн зохицуулалтыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.

10. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд тухайн барилгыг A**** ХХК-иас захиалан бариулсан байх бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт”-ийн[8] 2.7-д “Барилга байгууламжийн төлөв байдал: ... зоорийн давхартаа 7 машины гараж, 1-2-р давхартаа үйлчилгээ ...-тэй байна” гэж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/40 дугаартай дүгнэлтийн[9] 3.1-д “... 7 автомашины дулаан зогсоолтой ...” гэж тус тус заасан байгаагаас үзвэл гомдол гаргагч Г***** Н**** Г**** ХХК-ийн эзэмшиж буй оёдлын үйлдвэрлэлийн талбай нь анхнаасаа төлөвлөгдөхдөө автомашины дулаан зогсоол байхаар баригдсан нь тогтоогдож байна.

11. Мөн Г***** Н**** Г**** ХХК  болонС***** Г****** Д********* ХХК-ийн хооронд 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд зоорийн давхрын 1-7 тоот үл хөдлөх хөрөнгийн зориулалтыг “автозогсоол” гэж тухайлан тэмдэглэсэн[10], мөн тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээнд тусгагдсан зориулалт нь бүхэлдээ “автозогсоолын зориулалт”-тай болох нь[11] тогтоогдлоо.

12. Дээрх нөхцөлд гомдол гаргагч Г***** Н**** Г**** ХХК нь барилга байгууламжийн зориулалтыг зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн нь хуульд нийцэхгүй байх тул хариуцагчийн гаргасан маргаж буй шийтгэлийн хуудас үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

13. Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн зүгээс “... Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг нь 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүчингүй болсон, улмаар тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно” гэж заасан бөгөөд тухайн өрөөнөөс бусад хэсгийн зориулалтыг өөрчлөхийг хуулиар хориглоогүй байхад үүнийг харгалзахгүйгээр шийтгэлийн хуудас оногдуулсан нь үндэслэлгүй, мөн хуулийн 16, 17 дугаар зүйлүүдэд нийтийн зориулалттай орон сууцанд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх асуудлыг нарийвчлан зохицуулсан бөгөөд 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэлж болохоор байгаа ...” гэх агуулгаар тайлбар хэлсэн.

14. Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг хууль тогтоогчоос 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болгосон байх боловч Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсгийн зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа нөхцөлд энэ асуудлаар ямар нэг эрх зүйн зохицуулалтгүй болсон гэж үзэх боломжгүй.

15. Мөн хариуцагч маргаж буй шийтгэлийн хуудсыг гаргахдаа гомдол гаргагчийг “техникийн зориулалттай өрөөг өөрчилсөн” гэж буруутгаагүй байх тул Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг хэрэглэх үндэслэлгүй.

16. Орон сууцны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар баригдсан хэсэгт болон сууцандаа бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр энэ хуулийн 17.1-д зааснаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж болно.” гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын норм зөрчсөн, мөн дор дурдсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно: ...” гэж зааснаас үзэхэд хуулийн эдгээр хэм хэмжээнүүдийн үйлчлэх хүрээ нь нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар баригдсан хэсэгт хамааралтай байна.

17. Өөрөөр хэлбэл, маргаж буй шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг зоорийн давхарт байрлах автомашины дулаан зогсоолын зориулалттай хэсэгт зориулалтыг өөрчилж, оёдлын үйлдвэрлэл эрхэлсэн гэж буруутгаж байгаа энэ нөхцөлд Орон сууцны тухай хуулийн 16, 17 дугаар зүйлүүдэд заасан зохицуулалтын үйлчлэх хүрээ хамааралгүй байна гэж шүүх үзлээ.

18. Иймд гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх тайлбар, үндэслэлүүдийг хүлээн авах боломжгүй байна.

19. Мөн гомдол гаргагчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбарласан “... оёдлын үйл ажиллагаа явуулснаас эрх ашиг нь хохирсон хүн байхгүй, энэ талаар иргэдээс гомдол ирж байгаагүй байхад шийтгэлийн хуудас оногдуулсан нь үндэслэлгүй ...” гэх агуулгатай тайлбарыг хүлээж авах боломжгүй.

20. Учир нь, Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасан “... зориулалтыг өөрчлөхийг ... хориглоно” гэх зохицуулалт нь заавал хэн нэгэн гуравдагч этгээд хохирсон байх, эсвэл тэднээс өргөдөл, гомдол гаргасан байхыг шаардахгүйгээр хэрэгжих шинжтэй объектив эрхийн зохицуулалт байгаа болохыг дурдах нь зүйтэй.

21. Хариуцагч улсын байцаагчийн зүгээс тайлбарласан Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан “Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна.” гэх хугацаа нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/40 дугаартай дүгнэлтээс хойш тоолоход 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болсон байх боловч мөн зүйлийн 14.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна.” гэж заасан хэвийн ашиглалтын хугацаа нь маргаж буй шийтгэлийн хуудас гаргах цаг мөчид дуусгавар болоогүй байсан энэ нөхцөлд Г***** Н**** Г**** ХХК нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт зэрэг баримт бичигт “автомашины дулаан зогсоолын зориулалт”-тай талбайн зориулалтыг дур мэдэн өөрчилсөн байгааг зөвтгөх үндэслэл байхгүй байгааг дурдах нь зүйтэй.

22. Иймд гомдол гаргагч Г***** Н**** Г**** ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дэх заалт, Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6, 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Г***** Н**** Г**** ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасныг баримтлан гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

 

 

[1]