Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/23

 

 

 

 

 

 

 

Н.Б нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Билгүүн,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхтуяа, С.Сувдаа /онлайнаар/, М.Мэндсүрэн, Ж.Нарантуяа, Ц.Цэцэгмаа,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 08 сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/312 дугаар шийтгэх тогтоолтой Н.Б нарт холбогдох 2034001830256 дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Н.О-,

Э.М-,

Н.Б-,

Т.М-,

Шүүгдэгч Э.М, Н.О, Т.М, Н.Б нар нь бүлэглэж, Т.Мы эзэмшлийн Nissan Pickup загварын 1840 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж 2020 оны 02 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутагт Мэндийн үзүүр гэх газраас иргэн Б.Сүх-Эрдэнийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж 5.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/312 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч нарыг Монголмууд Нямын О, Боржигон Энхбаярын М, Монголмууд Нямын Б, Хиад Тулгын М нарыг бусдыг малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М, Н.Б, Т.М нарыг тус бүрийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар, шүүгдэгч Н.Оыг 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М, Н.Б, Т.М нарт тус бүр оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг, шүүгдэгч Н.От оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Мд өмнөх Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Мы эзэмшлийн эзэмшлийн 6 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн 1840 УНЭ улсын дугаартай Nissan Pickup маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт оруулж,

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг, иргэний хариуцагч Б.Цэдэвээгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисон болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Сувдаа давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч яллагдагч Н.Б, Н.О нар нь бүлэглэн 2020 оны 02 дүгээр сарын 09-ны өдрөөс 02 дүгээр сарын 10-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын За.гдал 4 дугаар багийн нутаг Мэндийн үзүүр гэх газраас иргэн Б. Сүх-эрдэнэний өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж 5.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Яллагдагч Н.Б, Н.О нар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг.

Анхан шатны шүүх тодорхойлох хэсэгтээ: Шүүгдэгч нарын согтуугаар, бүлэглэн, машин механизм ашиглан бусдын өмчлөлийн эрхэд халдаж бусдын хөрөнгөнд 5.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэлд нь хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйл эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал 1.Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ. 1.1 бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж онц харгис аргаар, 1.2 энэ хуулийн тусгай ангийн бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн 1.3 нийтэд аюултай аргаар үйлдсэн, 1.4 өөр гэмт хэргийг нуух далдлах хялбарчлах зорилгоор үйлдсэн, 1.5 албан үүргээ гүйцэтгэж олон нийтийн үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хохирогч түүний ойр дотны хүний эсрэг үйлдсэн, 1.6 хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн, 1.7 Онц байдал гамшиг аюулт үзэгдэл нийтийн эмх замбараагүй байдлыг далимдуулж үйлдсэн, 1.8 гэм буруугаа хүлээж хохиролоо төлөх үүрэг хүлээсэн хүн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй. Энэ 8 заалтыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож хариуцлага хүлээлгэхийг хуульчилсан.

Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно. Шүүх хүндрүүлэх нөхцөл болгож 3 зүйл зааснаас 1.2..эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол хүндрүүлэх үндэслэл болно. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж дүгнэлт хийж хорих ял оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Яллагдагч Н. Б нь Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан. Энэ хугацаанд ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй, тэнсэнгийн хугацаа дууссан, тэнсэнгийн хугацаа дууссанаас ч хойш дахин гэмт хэрэгт холбогдоогүй 3 жил гаруй болсон.Иймд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Яллагдагч Н. О нь урьд нь ямар нэг гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Хохирогч Б.Сүх-Эрдэнэ шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож хохиролоо бүрэн авсан гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн

Иймд яллагдагч Н. Б, Н. О нар нь анх удаа тохиолдолын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирслоо нөхөн төлж хохирол хор уршиг арилсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцооны байдал, хувийн байдал. хохирогч гомдол саналгүй гэж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйл Хорих ял очогдуулахгүйгээр Н. Бг 1 жил 6 сар; Н. Оыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж өнгө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа, М.Мэндсүрэн нар давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Т.Мы хувьд урьд нь 3 удаагийн ял шийтгэлтэй боловч энэ нь одоогийн мөрдөж байгаа хуулиар эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, хэргээ шударгаар хүлээн мэдүүлдэг, ийм хэрэг үйлдсэнээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа байдал, хамгийн түрүүнд хохирлоо төлсөн бөгөөд гэм буруугийн асуудалд маргаангүй, хохирлоо бүрэн төлсөн зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх бүрэн боломжтой байсан, улсын яллагч шүүх хурал дээр хуулийн энэ заалтыг санал болгосон боловч шүүх хүлээж аваагүй байдаг.

Т.Мы ар гэрийн байдал маш хүнд, бие муутай, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй эхнэр болон бага насны хүүхдийн хамт амьдардаг, өөрөө 2012 онд ходоодны шархтай гэж оношлогдож байсан ба одоог хүртэл шарх сайн эдгээгүй байнга гам хийдэг зэргээс гадна тэрээр 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Жаргалант сумын Хаан банкны салбараас 2021 оны 09 дүгээр сарын 02 хүртэл хугацаанд төлж дуусгахаар 1 сая төгрөгний зээл, мөн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Жаргалант суман дахь Төрийн банкны салбараас малчны барьцаат зээлийн гэрээ хийж 24 сарын хугацаатай /2022-03-02-нд дуусах/ жилийн 24 хувийн хүүтэй 15 сая төгрөгний зээл тус тус авсан бөгөөд зээлийн төлөлт хуваарийн дагуу явагдахгүй байгаагаас барьцаанд гавигдсан 5 ханатай гэр, өвөлжөө саравч хураагдаж эхнэр хүүхэд нь орох орон гэргүй болох байдалд хүрээд байгаа болно.

Иймд шүүгдэгч Т.Мы хувийн гачигдалтай байдал мөн энэ хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарч байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг хэрэглэх хуулийн боломж байгаа болон бусад нөхцөлүүдийг давж заалдах шатны шүүх анхааран үзэж түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэх ял болгон хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Э.М давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн холбогдсон гэмт үйлдэлд маш их гэмшиж байна. Мөн байцаалтын шатанд анхнаас хэргээ үнэн зөвөөр мэдүүлж хүлээсэн. Бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан атал шүүгч хэтэрхий яллах талыг барьж улсын яллагчийн заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх санал, мөн өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцлийг ашиглаагүйд машид ихээр гомдож байна” гэжээ.

Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие нь Т.М, Э.М нарын “Алтанд явъя, хүрээд ир” гэсэн худал үгэнд нь итгэж, энэ хэрэгт гар, бие оролцсондоо маш их гэмшиж байна. Өөрийнхөө гэм бурууг ойлгож, өдөр бүр аавыгаа асуух 5 настай ганц хүүгээ өрөвдөж, хүнд өвчнөөр нөхрөө алдаад удаагүй байгаа эгчийгээ сэтгэл санаа болон мөнгө санхүүгийн хямралд давхар оруулж байгаадаа маш их харамсаж байна. Мөн ямар ч хэрэг төвөгт орооцолдож байгаагй гэм зэмгүй байсан төрсөн дүү Н.Оыгаа дагуулан явж, энэ хэрэгт хутгалдуулсандаа гэмшиж байна. Миний бие хохирогч болон өмгөөлөгчийн төлбөрийг төлөхийн тулд хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлсэн. Өнгөрсөн хугацаанд цагдаа, шүүхээр байнга явсаар байгаад тогтвортой ажил төрөл хийж чадаагүй тул өөрийнхөө цагаан хөдөлмөрөөр өр ширээ төлөх боломж олгоно уу гэж төр засгаасаа хичээнгүйлэн гуйж байна. Цаашдаа алдсан алдаагаа давтахгүй, зөв шударгаар хөдөлмөрлөж, хүүтэйгээ элэг бүтэн амьдрах болно.” гэжээ.

Шүүгдэгч Н.О давж заалдах гомдолдоо: “...Миний бие уг хэргийн хамсаатан гэгдэх Т.М, Э.М нарын урьдаас ярилцаж төлөвлөсөн, унаа машин, уяа оосор, хутга мэсээ бэлдчихсэн байсан хулгайн хэргийн урьхинд орж, “Алтанд явъя, хүрээд ир” гэсэн худал үгэнд нь итгэж, уг хэрэгт гар бие оролцсондоо туйлаас харамсаж байна. Энэ тухайгаа Э.М ч анхан шатны шүүх хурал дээр нотлон мэдүүлсэн. Өнгөрсөн 2019 оны 02 сараас хойш өдийг хүртэл өөрийгөө болон эгчийгээ сэтгэл санааны болоод эдийн засгийн гүн хямралд оруулсандаа маш ихээр гэмшиж, гэм буруугаа бие сэтгэлдээ тултал ойлгож, ухаарч байна. Миний бие нь уг хэргийн хохирогчийн болон өмгөөлөгчийн мөнгийг төлөхийн тулд эгчээрээ дамжуулан хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлсэн. Тиймээс намайг уг хэргийн ялаас хэлтрүүлж өөрийнхөө гараар, үнэнч шударгаар хөдөлмөрлөж өрөө төлөх боломж олгоно уу гэж төр засгаасаа чин сэтгэлээсээ гуйж байна. Алдсан алдаагаа давтахгүй цаашид зөв шударгаар амьдрах болно гэж амлаж байна.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Билгүүн гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн оногдуулсан ял нь хуульд заасан, шударга ёсны зарчмын дагуу оногдуулсан байна. Харьцангуй хөнгөн ял оногдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа гаргасан саналдаа: Э.Мийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг байгаа. Тэнсэх боломжтой. Эдгээр хүмүүсийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал хангагдсан учир тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Сувдаа гаргасан саналдаа: Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Шүүгдэгч Н.Б нь өмнө гэмт хэрэг үйлдэж тэнсэн харгалзагдаж байсан. Тэнсэнгийн хугацаанд гэмт хэрэгт холбогдоогүй тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Согтуугаар, машин механизм ашигласан гэж ял шийтгэлийг нь хүндрүүлснийг үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Н.О, Н.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн.Үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Мэндсүрэн гаргасан саналдаа: Т.Мы ахуй байдлын хувьд банкны барьцаанд байсан гэр өвөлжөөгөө хураалгасан. Түүнд оногдуулсан хорих ялыг нь тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа гаргасан саналдаа: Шүүгдэгч Т.Мы хүсэлтээр өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөлөгч М.Мэндсүрэн, Ц.Цэцэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Гэм буруу дээрээ маргадаггүй. Хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү. Хэрэгт хураагдсан машины хувьд өмчлөгч нь Цэдэвээ гэдэг өөр хүн байхад хураахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд автомашины үнийг тэнцүү хувааж шүүгдэгч нараас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Цэцэгмаа гаргасан саналдаа: Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч гомдол саналгүй гэсэн. Т.М нь 2020 онд 15 сая төгрөгийн зээл авсан. Ар гэр ахуй амьдралыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.М, Т.М, Н.Б, Н.О нарт холбогдох эрүүгийн 2034001830256 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Э.М, Н.О, Т.М, Н.Б нар нь бүлэглэж, Т.Мы эзэмшлийн Nissan Pickup маркийн 1840 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж 2020 оны 02 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Мэндийн үзүүр гэх газраас иргэн Б.Сүх-Эрдэнийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж 5 200 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

Хохирогч Б.Сүх-Эрдэнэ /хх-ийн 33-34/, шүүгдэгч Н.О /хх-ийн 37-38, 126/, шүүгдэгч Т.М /хх-ийн 40-41, 144/, шүүгдэгч Н.Б /хх-ийн 45, 138, 155, 211, 216/, шүүгдэгч Э.М /хх-ийн 132/, гэрч Р.Шагдарсүрэн /хх-ийн 48/, гэрч Б.Занданбал /хх-ийн 49-50/, гэрч Т.Дариймаа /хх-ийн 51-52/, гэрч Р.Нарангэрэл /хх-ийн 53-54/ нарын өгсөн мэдүүлгүүд,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-30/, "Хан-Үнэлэмж" ХХК-ны 2020.02.18, 2020.5.07-ны өдрийн үнэлгээний тайлан /хх-ийн 56-59/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүхээс Э.М, Т.М, Н.Б, Н.О нарт оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг шүүх хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэхээр заасан. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 6.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн 18-40 УНЭ улсын дугаартай Nissan Pickup маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь шүүгдэгч Т.М болох иргэний нэхэмжлэгч П.Цэдэвээгийн /1хх-ийн 36 хуудас/ мэдүүлгээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 6 дахь хэсэгт зааснаар хурааж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд хохирогчийн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “ хорих ялыг тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/312 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.М, Н.Б, Н.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа, М.Мэндсүрэн, С.Сувдаа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М, Т.М, Н.Б, Н.О нарын 2020 оны 8 сарын 17-ны өдрөөс 2021 оны 01 сарын 22-ны өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 158 /нэг зуун тавин найм/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулж тооцсугай.

3. Шүүгдэгч Э.М, Т.М, Н.Б, Н.О нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БОЛОРМАА

 

 

     ШҮҮГЧИД                                                    Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ