Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/146

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414002530143 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогт ******* *******,******* регистрийн дугаартай

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орд” караокены урд талд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шөнийн 00 цагийн орчимд бусадтай үүсгэсэн маргааныг таслахаар очсон иргэн *******ын толгойн ар хэсэгт буюу дагз хэсэгт нь өшиглөж, унагаан түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Манай дүү Орд караокены  урд зодуулсан гэж дуудсан.  Очиход 4 залуу байсан дүүгээ 4 залуугаас салгаж хамгаалсан . Нэг залуу араас ирж алгадсан би түүнийг зохиж унагаасан тэгэхэд  машины  толь мөргөж  толгойгоо хагалж 6 оёдол тавиулсан талаар маргааш нь надад хэлсэн өшиглөсөн зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, би хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг төлнө...гэх мэдүүлэг/хх-ийн 109/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Би 2024 оны 04 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн үед эхнэрийн хамт хүн хүргэж өгчхөөд дунд захын замаар ороод Орд караокены урд очих гээд явж байсан чинь нэг хар хувцастай залууг хар хувцастай 20 гаран насны залууг заамдаад хойш нь хашаа руу шахаж боогоод унагаасан чинь хажууд нь байсан тарган туранхай 2 хүүхэн байсны туранхай нь хар хувцастай хүний элэг рүү 2 удаа өшиглөөд авсан чинь хажууд нь байсан 160 гаран см орчим өндөртэй цоохор зузаан куртиктэй тухайн хар хувцастай хашаа руу боолгуулж шахуулсан байсан залуугийн зүүн талын гуянд нь гар хүрэх шиг болохоор нь би гуя руу нь цохиж байна гэж бодоод хажуугаар нь гарах гээд цонхоо онгорхой зөөлхөн явж байсан чинь тухайн хар хувцастай залуу гуяа бариад намайг хутгалчихлаа гээд хэвтээд өгсөн. ...би зогсоод болиоч  та нар хүн аллаа  гээд буугаад очсон чинь намайг тойроод зогсчихсон байснаа намайг хэн цохисныг мэдсэнгүй толгойн арын хэсэг рүү нэг удаа маш хатуу зүйлээр цохиод авахаар нь би эргээд хартал цагаан цамцтай залуу зогсож байхаар нь би яаж байгаа юм гээд алагдаад авсан. ...Миний толгой зүүн талдаа 2 удаа хагарч 5 ширхэг оёдол тавиулсан. Бас миний дух хэсэг шалбарсан. Миний жолооч талын толь хагарсан.....тэр өдөр 00 цагийн үед Шар бүрд дэлгүүр, Орд караоке хоёрын хооронд байдаг нарийн гудамжны тэнд би машинтайгаа явж байсан чинь тэнд хэсэг залуучууд хоорондоо зодоо хийгээд байгаа бололтой зууралдацгаагаад байсан. Тэгэхээр нь би больцгоо та нар гэж хэлээд машинаасаа буусан чинь миний толгой руу нэг юмаар цохисон би толгой манараад өнхрөөд ойчсон, тэгээд босож ирээд цагдаа дуудсан. ... цагаан өнгийн куртиктэй өндөр банди байсан, тэр залуу намайг цохисон, нүүрэн дээрээ мэнгэтэй цагаан куртиктэй залуу байсан. Намайг энэ *******өөс өөр хүн цохиж зодоогүй. Би тэр үед эмчилгээ хийлгэхэд төгрөгийн зардал гаргасан тэрийгээ нэхэмжилж байна. Тэр үед ******* намайг цохиход би унахдаа машины толь шүргээд газар унасан, тэгж унахад машин толь нугарсан байна лээ. Би дараа нь үзсэн чинь хугараагүй эвхэгдсэн байсан.тэр үед манай эхнэрийн халаасалж явсан 70,000 төгрөг алга болсон байсан. Тэгээд дараа нь би машиныхаа суудлын завсраас олсон. Банкны зээл хийх ёстой байсан 400,000 төгрөг нь манай гэрт авдарт байсан гэж манай эхнэр хэлсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 13-14, 82-83, 88/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“..нөхөр бид хоёр таксинд явж байгаад дэлгүүр орчхоод гэр лүүгээ явах гээд Шар бүрд дэлгүүрийн тэнд очсон чинь хэдэн залуучууд зодолдоод байгаа бололтой зууралдаад байсан. Тэгээд манай нөхөр машинаа зогсоогоод буугаад боль гэх шиг болсон чинь нэг нь манай нөхрийг цохих шиг болсон чинь манай нөхөр өнхрөөд ойчсон. Тэгээд би тэр үед айгаад машинаасаа бууж чадаагүй. Би яг цохихыг нь хараагүй манай нөхөр машинаас дөнгөж буугаад л цохиулчихсан. Тэгээд би айж машиндаа сууж байгаад сүүлд нь машинаасаа гарсан. Би яг хэн нь манай нөхрийг цохиж зодсоныг би харанхуйд сайн харж чадаагүй. Намайг зодоогүй...гэх мэдүүлэг/хх-ийн 92/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 219 дугаартай

1.*******ын биед дух, дагзанд шарх, хөмсөгний гол, хамрын нуруунд хугаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т заасан хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.

3.Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварыг тогтмол алдалтанд нөлөөлөхгүй.

4.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт/хх-ийн 45-46/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 5/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 103-106/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 27-28, 38-39, 47-48/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 74-75/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 115/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 116/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 117/, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118/, депозит дансны хуулгууд /хх-ийн 139-143/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орд” караокены урд талд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шөнийн 00 цагийн орчимд бусадтай үүсгэсэн маргааныг таслахаар очсон иргэн *******ын толгойн ар хэсэгт буюу дагз хэсэгт нь өшиглөж, унагаан түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ийн... би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, би хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг төлнө...гэх мэдүүлэг/хх-ийн 109/,

Хохирогч *******ын...та нар хүн аллаа шүү дээ гээд буугаад очсон чинь намайг тойроод зогсчихсон байснаа намайг хэн цохисныг мэдсэнгүй толгойн арын хэсэг рүү нэг удаа маш хатуу зүйлээр цохисон эргээд хартал цагаан цамцтай залуу залуу зогсож байсан, ...Миний толгой зүүн талдаа 2 удаа хагарч 5 ширхэг оёдол тавиулсан...гэх мэдүүлэг/хх-ийн 13-14, 82-83, 88/,

Гэрч *******ийн...нэг нь манай нөхрийг цохих шиг болсон өнхрөөд ойчсон, би яг цохихыг нь хараагүй, нөхөр машинаас дөнгөж буугаад л цохиулчихсан....гэх мэдүүлэг/хх-ийн 92/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн ...*******ын биед дух, дагзанд шарх, хөмсөгний гол, хамрын нуруунд хугаралт гэмтэл тогтоогдлоо...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт/хх-ийн 45-46/,болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т…гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч *******ийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэргийн хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******, хохирогч *******ын биед дух, дагзанд шарх, хөмсөгний гол, хамрын нуруунд хугаралт гэмтэл учруулсан болох нь хэргийн /хх-ийн 45-46/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь хохирогч *******ын толгойн ар хэсэгт цохьсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэнгэж үзнэ, мөн уг ялаа эдэлж дууссан болно.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэнийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч  ******* нь  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 320,000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох баримтыг гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг шаардлагыг хэлэлцэхгүй орхиж,  цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн №25 дугаар... хүний сэтгэцэд учирсан хор, уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай.... тогтоол гаргасан бөгөөд .... хүний сэтгэцэд учирсан хор, уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг 1 дүгээр хавсралтаар баталсан байна.

Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн №25 дугаар хавсралтын...3.6-д ... шинжилгээний байгууллага шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1/ ........гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг ...тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл..ээр хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтан үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэхээр заасан байна.

Хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, түүний биед учирсан гэмтэл үр дагавар  сэтгэцийн эмгэгийн зэрэглэл зэргийг харгалзан  сэтгэцэд учирсан хор уршгийн Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын нэгдүгээр зэрэглэлээр тогтоож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 3,960,000  төгрөгөөр тогтоож,  шүүгдэгч *******өөс 3,960,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******т олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял  оногдуулах...дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувийн байдалтай байна.

Шүүгдэгч *******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар /гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ , хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал  болох Баянхонгор аймгийн  хариуцсан ажилтай, сарын  1,300,000 төгрөгийн цалинтай, шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан, 3 хүүхдийн тэтгэмж сар бүр төлдөг, Хаан банкид цалингийн зээлтэй/, мөн түүний ажил эрхлэлтийн байдал,  прокурорын дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар  хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх  нь зүйтэй байна. 

Шүүгдэгч *******ийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж газар болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээр зорчих буюу Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох буюу / Баянхонгор сумын замын гэрэл дохио гэрэлтүүлэг хариуцсан ажилтнаар ажиллдаг/  түүний ажиллах нөхцөл байдлыг харгалзан тухайн  нутаг дэвсгэрээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч  *******өд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******өд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хохирогч *******ын сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 3,960,000 төгрөгөөр тогтоосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн  511.3, 511.5-д зааснаар шүүгдэгч *******өөс сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу  3,960,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Отгонбаатарт олгосугай.

8. Хохирогч *******ын нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******өд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Ч.БАЙГАЛМАА