Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2022/01993

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2022/01993

Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т ХХК

 

Хариуцагч: “Ө ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: 385 779 025 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Хонгорзул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Ө” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 385 758 025 төгрөг гаргуулах, нотариатын зардалд 21 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 Т” ХХК нь хариуцагч “Ө” ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 04/20-302 дугаартай зээлийн гэрээ болон 04/20-303 дугаартай барьцааны гэрээ, 04/20-304 дугаартай батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр 304 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй  “Ө” ХХК нь тус банкнаас зээлсэн.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 04/20-303 дугаартай барьцааны гэрээг байгуулсан. Үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2204108579 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар хотхон гудамж, 64 тоот хаягт байршилтай, 339.7 м.кв талбайтай, хувийн орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо хаягт байрлах, амины орон сууц зориулалттай 84 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Э-2204000005 дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан.

 

Зээлийн гэрээний хугацаа нь 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр дуусах боловч хариуцагч “Ө” ХХК нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний 3.2-т заасан үүргээ огт биелүүлээгүй тул банк зээлийн гэрээний 4.1.9-д заасны дагуу гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 304 000 000 төгрөг, үндсэн хүү 81 046 189 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 711 835 төгрөг, нийт 385 758 025 төгрөгийг “Ө” ХХК-иас гаргуулж өгнө үү.

 

1.2. Мөн гэрээний 3.2.15-д заасны дагуу зээл төлүүлэхтэй холбоотой гарсан зардал буюу баримт бичиг нотариатаар гэрчлүүлсэн төлбөрт төлсөн 21 000 төгрөгийг “Өрөгхийц” ХХК-иас гаргуулж өгнө үү.

 

1.3 Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөнөөс зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “Т” ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 04/20-302 дугаартай зээлийн гэрээ болон 04/20-303 дугаартай барьцааны гэрээ, 04/20-304 дугаартай батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр 304 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй  “Т” ХХК-иас зээлсэн. Зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, мөн үлдэх төлбөрийн талаар маргаангүй. Санхүүгийн хүндрэлээс болж зээлийн төлбөрийг төлөх боломжгүй байна.

 

2.1 Талуудын хооронд байгуулагдсан 04/20-303 дугаартай барьцааны гэрээний дагуу “Ө” ХХК нь улсын бүртгэлийн Ү-2204108579 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар хотхон гудамж, 64 тоот хаягт байршилтай, 339.7 м.кв талбайтай, хувийн орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан тул дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс “Т” ХХК-ийн 9016001018 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 20220303809790791763 дугаартай мемориалын баримт, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 04/20-302 дугаартай зээлийн гэрээ болон хавсралт, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 04/20-303 дугаартай барьцааны, 04/20-304 дугаартай батлан даалтын гэрээ, 11-1749942 дугаартай барьцаалбар, “Өрөгхийц” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 109 дугаартай албан бичиг, Санхүүгийн баримтад гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн анкет, П.Ганзоригийн иргэний үнэмлэхийн хуулбар, 000807664 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 000073905 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 0252 дугаартай итгэмжлэл, “Ө” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Ө” ХХК-ийн дүрэм, “Ө” ХХК-ийн зээл, хүүгийн тооцооны хуудас, зээлийн дансны харилцагчийн хуулга баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас шүүхэд баримт гаргаж өгөөгүй. итгэмжлэл баримт гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 304 000 000 төгрөг, үндсэн хүү 81 046 189 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 711 835 төгрөг, баримт бичиг нотариатаар батлуулсны зардалд 21 000 төгрөг, нийт 385 779 025 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд: Зээлийн гэрээний үүрэг болон зардал нийт 385 779 025 төгрөгийг талуудын хооронд байгуулагдсан 04/20-303 дугаартай барьцааны гэрээний дагуу улсын бүртгэлийн Ү-2204108579 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар хотхон гудамж, 64 тоот хаягт байршилтай, 339.7 м.кв талбайтай, хувийн орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Т” ХХК-ийн 9016001018 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 20220303809790791763 дугаартай мемориалын баримт, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 04/20-302 дугаартай зээлийн гэрээ болон хавсралт, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 04/20-303 дугаартай барьцааны, 04/20-304 дугаартай батлан даалтын гэрээ, 11-1749942 дугаартай барьцаалбар, “Ө” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 109 дугаартай албан бичиг, Санхүүгийн баримтад гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн анкет, П.Ганзоригийн иргэний үнэмлэхийн хуулбар, 000807664 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 000073905 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 0252 дугаартай итгэмжлэл, “Ө” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Ө” ХХК-ийн дүрэм, “Ө” ХХК-ийн зээл, хүүгийн тооцооны хуудас, зээлийн дансны харилцагчийн хуулга нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Зээлийн гэрээний үүрэгт 385 758 025 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

5.1 Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 304 000 000 төгрөг, үндсэн хүү 81 046 189 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 711 835 төгрөг гэж тус тус тодорхойлсон бөгөөд гэрээг цуцлах нь шаардлагын үндэслэл болж байна.

 

5.1.1 Талуудын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан 04/20-302 дугаартай зээлийн гэрээгээр зээлдэгч “Ө” ХХК нь хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдаж аван компанийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар 304 000 000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг зээлийн хүүгийн 20 хувь байхаар нэхэмжлэгчээс зээлэхээр харилцан тохиролцсон нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн гэрээгээр тус тус нотлогдож байхаас гадна талууд дээрх зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний дагуу хариуцагч зээл 304 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан үйл баримтын талаар маргаагүй байна.

 

5.1.2 Гэрээний шинж, агуулга, талуудын эрх, үүрэг, гэрээний зүйл зэргээс үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагч нь дээрх гэрээнд заасан нөхцөлийн дагуу нэхэмжлэгчээс 304 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан буюу зээлсэн үйл баримтыг үгүйсгээгүй тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ. 

 

5.1.3 Хариуцагч буюу зээлдэгч “Ө” ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлж эхлэх 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр төлөөгүй, үндсэн хүүгийн төлбөрт 86 832 394 төгрөг төлөхөөс 5 786 204 төгрөг төлсөн, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 725 130 төгрөг төлөхөөс 13 295 төгрөг тус тус төлсөн болох нь зээл, хүүгийн тооцооны хуудсаар нотлогдож байхаас гадна хариуцагч уг үйл баримтыг үгүйсгээгүй. Иймд хариуцагчийг гэрээгээр тохиролцсон хугацаанд зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

5.1.4 Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болохоор байх боловч хариуцагч нь үндсэн хүүгийн төлбөрт 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 999 500 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 4 786 704 төгрөг тус тус төлсөн байгаа нь зээлийн гэрээний 2.2.1-д “зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн тохиолдолд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэсэнд хамаарч байна. Улмаар нэхэмжлэгч гэрээний 4.1.9-д “гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас банканд учруулсан хохирлыг нэхэмжлэх, гэрээг цуцлах, хохирлыг төлүүлэх” гэж заасны дагуу зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө буюу 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай харшлаагүй байна.

 

5.1.5 Иймд хариуцагч дээрх хугацаанд үндсэн зээл 304 000 000 төгрөгөөс төлөлт хийгээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу үндсэн зээл 304 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

5.1.6 Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болох бөгөөд талууд хүүгийн хэмжээг гэрээний 2.1.4-т сарын 1.6 хувь буюу жилийн 19.2 хувь байхаар тохиролцсон. Хариуцагч 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд үндсэн хүүгийн төлбөрт нийт 86 832 394 төгрөг төлөхөөс 5 786 204 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэгч 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн хүүгийн үлдэгдэлд төлбөрт 81 046 189 төгрөгийг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

 

5.1.7 Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг зээлийн хүүгийн 20 хувиар тогтоосон нь хуулийн дээрх зохицуулалтад харшлаагүй байна.

 

5.1.8 Хариуцагч 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 725 130 төгрөг төлөхөөс 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 13 295 төгрөг төлж, үлдэх 711 835 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний хариуцлагад Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 711 835 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

5.2 Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

 

5.2.1 Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан 04/20-303  дугаартай “барьцааны гэрээ”-ээр барьцаалуулагч “Ө” ХХК дээрх зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204108579 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар хотхон гудамж, 64 тоот хаягт байршилтай, 339.7 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөлдөх эд хөрөнгийг, мөн Б.Жагдарсүрэнгээс “Ө” ХХК-д олгосон 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 0252 дугаар итгэмжлэлийн дагуу эрхийн улсын бүртгэлийн Э-2204000005 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 1331000025 дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 84 м.кв талбайтай, амины сууцны зориулалттай газрыг тус тус зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулсан нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон барьцааны гэрээ, 11-1749942 дугаартай барьцаалбараар нотлогдож байхаас гадна талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна. Түүнчлэн, дээрх гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 156.4-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5.2.2 Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4-т зааснаар барьцаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга. Өөрөөр хэлбэл, үндсэн үүргийг гүйцэтгэх боломжгүй тохиолдолд барьцааны эд зүйлээр уг үндсэн үүргийг хангуулна. Түүнчлэн, мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар үндсэн үүрэг буюу зээлийн гэрээний үүрэг болон уг үүргийг хангуулах арга болох барьцаа нь салгаж үл болох эрх тул хариуцагчийн мөнгөн хөрөнгийг төлөх үндсэн үүргийг барьцааны зүйлээр барагдуулах татгалзал үндэслэлгүй байна.

 

5.2.3 Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хариуцагч зээлээгийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйлийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

5.2.4 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан агуулга бүхий тайлбарыг гаргасан боловч нэхэмжлэгчээс түүнд олгосон итгэмжлэлээр эвлэрэх эрхийг олгоогүй байна.

 

6. Нотариатын зардал 21 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

6.1 Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ хариуцагчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал гэж тодорхойлжээ.

 

6.2 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөн зүйлийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.

 

6.3 Хавтаст хэрэгт авагдсан 20220303809790791763 дугаартай мемориалын баримтаар нэхэмжлэгчид Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар 21 000 төгрөгийг хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, 21 000 төгрөгийн нотариатын зардлын талаарх баримт нь уг иргэний хэрэгт нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахад бүрдүүлсэн баримтыг баталгаажуулсан гэж үзэх үйл баримтыг нотолж чадахгүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 21 000 төгрөгийг шаардах эрхгүй.

 

7. Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 086 846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2 156 940 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч “Ө” ХХК-иас 385 758 025 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч “Ө” ХХК төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-0410879 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар хотхон гудамж, 000 тоот хаягт байршилтай, 339.7 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөлдөх эд хөрөнгийг, эрхийн улсын бүртгэлийн Э-2204000005 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 131000025 дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 8 м.кв талбайтай, амины сууцны зориулалттай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 086 846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2 156 940 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.БАЯСГАЛАН