2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1318

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505000250347 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Г-ын Г, Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, *** суманд үхрийн фермэр ажиллуулдаг гэх, ам бүл 4, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд

Төв аймаг дахь сумдын дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 19-.ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Д.П-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Шүүгдэгч Г.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, *** тоотод эхнэр Д.П-тай гэр бүлийн харилцааны талаар шалтаглан маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохиж зүүн доод зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд зовхи, хамарт цус хуралт, эрүүний зүүн буланд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),

- “...нөхөр намайг зодоод гарлаа...” гэх утга бүхий дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8 дахь тал),

- Хохирогч Д.П-ын “...Би өнөөдөр гадуур ажлынхаа холбогдолтой арга хэмжээнд явчхаад гэртээ 21 цагийн орчим гэртээ ирэхэд нөхөр байгаагүй. Тэгээд гэртээ байж байхад гаднаас нөхөр Г орж ирээд өдөржин алга боллоо гээд гараа далайгаад байхаар нь би ажлаар явж байгаад ирлээ гэхэд дэмий тэнэж, гэр орон, хүүхдэдээ цаг гаргасангүй гээд намайг далайгаад байсан. Тэгэхэд нь би “чи цохилоо л доо” гэхэд зүүн хацар, нүүр, шанаа, шилэн хүзүүний ар тал руу гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохиод байхаар нь би өөрийн эгч, хадам аав руугаа залгаад болсон асуудлын талаар хэлэхэд миний утсыг булааж авсан. Тэгээд би цагдаагийн 102 тусгай дугаарт дуудлага өгсөн. Бид албан ёсны гэр бүл. Дундаасаа 2 хүүхэдтэй. Тухайн үед би болон манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бид хоёрыг маргалдаж байхад 8 настай А гэх том хүүхэд цуг байсан. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

- Гэрч Э.М-ын “...Дуудлага мэдээллийг аваад тус хаягт очин дуудлага өгсөн Д.П гэх эмэгтэйтэй уулзахад нөхөр Г.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ гэр бүлийн асуудлаас болоод маргалдаад нүүрэн тус газарт цохиод гараад явсан гэж хэлж байсан. Одоо миний толгой өвдөж байна гэсэн бөгөөд аль талынх нь билээ дээ хацар нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

- Гэрч Д.Т-ын “...Миний дүү Д.П нь Г-тэй гэрлээд 6-7 жил болж байгаа. Гэрлэлтийн баталгаатай. Тэд уг нь эвтэй л байдаг даа. Дундаасаа 2 хүүхэдтэй. Өмнө нь нөхөр нь гар хүрсэн гэж огт хэлж байгаагүй. Ганпүрэв их л төлөв түвшин хүн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 534 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.Д.П-ын биед зүүн доод зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд зовхи, хамарт цус хуралт, эрүүний зүүн буланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

- Шинжээч Э.Б-ын “...Д.П-ын биед тогтоогдсон зүүн доод зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд зовхи, хамарт цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь унахад үүсэхгүй. Эрүүний зүүн буланд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хохирлын зэрэгт хамаарахгүй бөгөөд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохигдох унах зэргийн аль алинд үүсгэгдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

-  Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 39 дэх тал) зэрэг болно.

 Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 534 дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч Д.П-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүгдэгч Г.Г үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хохирогч Д.П-ын  нүүрэн тус хэсэгт гараараа цохиж зодсоны улмаас зүүн доод зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд зовхи, хамарт цус хуралт, эрүүний зүүн буланд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.Г, хохирогч Д.П нар нь гэрлэлтээ батлуулсан бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар “...эхнэр, нөхөр...” буюу гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ...үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ...заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан.

Иймд хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Г.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэх шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

​​​​​​​1.3. Хохирол, хор уршиг

Хохирогч Д.П нь баримтаар хохирол нэхэмжлээгүй ба сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг нөхөн төлүүлэх болон тогтоолгох шаардлагагүй талаарх баримтыг бичгээр гарган өгсөн байх тул шүүгдэгч Г.Г-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч  Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй...” гэв.

Шүүгдэгч: “...хэлэх зүйлгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 55, 70 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 58 дахь тал), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), Төв аймаг Сум дундын 2 дугаар шүүхийн 2009.02.19-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 63-66 дахь тал), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Г.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Г-т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

​​​​​​​​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогт Г-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАР